Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үхлээс үл айсан япон бүсгүйчүүдУншсан7,551

1945 оны 8 дугаар сар. Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг дэлбэрч, ЗХУ болон БНМАУ Японы эсрэг дайнд нэгдэж, Хятадын нутагт цахилгаан дайн хийж, япончууд дайнд ялагдах нь тодорхой болсон тэр үе.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

Японы эзэн хааны цэргүүд, нийт ард түмэн нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүнийхээ төлөө бахархмаар, гайхмаар, уур хүрмээр олон үйлдэл хийж байсан өч төчнөөн түүхүүд бий бөгөөд Хиро Онодагийн 30 жил тэмцсэн (30 жил тушаалдаа үнэнч байсан цэрэг-нийтлэлийг үзнэ үү) болон хүүхдийнхээ, өөрийнхөө амийг хорлон байж эр нөхрөө нэр төртэйгөөр нөгчихөд тусалсан эхнэр... (Камиказе гээчийн тухай хэдэн үг - нийтлэлийг үзнэ үү) зэрэг нь нэг л жишээ билээ.

Энэ удаа дээрхээс дутахгүй бас нэгэн хачирхалтай түүхийг сонирхуулъя.

1945 оны 8 дугаар сар. Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг дэлбэрч, ЗХУ болон БНМАУ Японы эсрэг дайнд нэгдэж, Хятадын нутагт цахилгаан дайн хийж, япончууд дайнд ялагдах нь тодорхой болсон тэр үе.

Тухайн үед Японы мэдэлд байсан Сахалины арлын өмнөд хэсэг дэх Маока (өнөөгийн Холмс хот) хэмээх хотод холбооны нэгэн хэсэг ажиллаж, иргэний болон цэргийн холбоо харилцааг хариуцаж байжээ. Энэ хэсгийн дарга болон техникчид эрэгтэй бол холбоочид нь дан эмэгтэй хүмүүс байсан ба 1945 оны 8-р сард тэнд нийт 12 эмэгтэй ажиллаж байсан гэнэ.

8 дугаар сарын 14 нд Японы эзэн хааны Зэвсэгт хүчний жанжин штабаас үг дуугүй бууж өгөх тушаал гарч энд тэндгүй бужигнаж эхэллээ. 16-ны өдөр Маока хотод байгаа япон эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг эх оронд нь буцаах тушаал ирсэн боловч холбоочин эмэгтэйчүүдгүйгээр цаашдын нүүлгэн шилжүүлэх болон бусад ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл гарах нь тодорхой байв. Холбооны дарга болон холбоочин эмэгтэйчүүд ярилцаж байгаад 10 эмэгтэй, даргатайгаа үлдэхээр болсон ч нэг нь сүүлийн мөчид явахаар болжээ. Ийнхүү есөн бүсгүй эцсээ хүртэл ажиллахаар шийдсэн ба Зөвлөлтийн цэргүүд өнөө маргаашгүй давшин ирж тэднийг олзлох нь ойлгомжтой байлаа.

Харин Япон хүний хувьд, эзэн хааны албатуудын хувьд дайсандаа амьдаар олзлогдоно гэдэг шившиг. (Монголын тагнуулчдад олзлогдсон япон нисгэгчийн хувь заяа хэрхсэн тухай - нийтлэлийг үзнэ үү)

Тэрхүү есөн бүсгүй бол Ватанабэ Тэрү (17 нас), Мицүзаки Мидори (17), Савада Кими (18), Такаширо Ёшико (19), Яшидо Яэко (21), Шига Харуёо (22), Ито Тиэ (22), Такаши Мики (24), Кагая Шигэ (24) нар байсан гэдэг. Тал нь хорь ч хүрээгүй жаахан охид боловч тэд эх орныхоо төлөө, эзэн хааныхаа төлөө эцсээ хүртэл чадах бүхнээ хийсээр байлаа. 20-ны өдөр Зөвлөлтийн флот Маоко хотын боомт руу орж ирлээ. Улаан армийнхан ямар ч эсэргүүцэлгүй болсон хотын харилцаа холбоо, зам тээврийн дэд бүтцийг хамгийн түрүүн хяналтдаа авах үүрэгтэй байсан ба холбооны станцад орж ирэхэд есөн бүсгүйн ихэнх нь үхэж, үлдсэн ганц нэг нь амь тавин тарчилж байв. Энэ байдлыг харсан нэгэн Орос цэрэг өөрийн эрхгүй энгэртээ байсан загалмайгаа барьсаар гүйн гараад залбирч байсан гэдэг бөгөөд бусад цэргүүд нь үзсэн харсандаа цочирдоод юу ч хэлж чадахгүй болсон тухай япончууд ярьдаг юм гэсэн.

Энэ есөн бүсгүй нь үүргээ эцсээ хүртэл биелүүлээд, Зөвлөлтийн цэргүүдийг хотод орж ирэхтэй зэрэгцэн хор ууж үхсэн нь тэр. Тэдэнд аврагдах, дахин олон жил амьд явах боломж дүүрэн байсан ч тэд үхлээс айлгүй энэ айхтар замыг сонгон авсан байна.

Харин холбооны даргын хувьд (явахаар шийдсэн гурван бүсгүй явж амжилгүй даргатайгаа цуг байж) дээрээс өгсөн тушаалын дагуу цагаан туг өргөсөөр Улаан армийн цэргүүдэд бууж өгөн олзлогджээ. Энд сонирхуулж хэлэхэд Зөвлөлтийнхөн Сахалиныг гартаа авсны дараа тэнд байсан Япон иргэдийг, олзлогсдыг нутагтаа буцахад нь ямар ч саад хийгээгүй ба бүр зарим нэг Японы иргэд (тэнд бизнестэй хүмүүс бололтой) үлдэх хүсэлт гаргаж байсан ч япончууд бүгдийг нь татаж авсан байна.

Эдгээр бүсгүйчүүдийн ер бусын үнэнч, шийдэмгий байдал бахархмаар үйл явдал боловч есөн жаахан охины амь нас ингэж утгагүй дууссан гэхээр үнэхээр харамсалтай. Энэ явдлын тухай “Karafuto 1945 Summer Hyosetsu no Mon” гэсэн нэртэй кино хийсэн төдийгүй Хоккайдо дахь Вакканай хотод есөн баатарлаг бүсгүйд зориулсан хөшөө босгож хөшөөн дээр “Ингээд дууслаа. Хагацъя даа... хагацъя” гэсэн утгатай бичиг байдаг аж. 17-хон настай холбоочин охин Ватанабэ Тэрү ийнхүү хэлсээр амьсгал хураасан юм гэнэ лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]