Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сэтгүүлзүйн оргилд гарсан луйварчидУншсан4,255

Америкийн сэтгүүл зүй тэр чигээрээ бужигнан шуугьж, луйварчин хүүхний бүх шагналыг хурааж авснаар энэ явдал дууссан бөгөөд Жанет Кук гэдэг хүн дахиж олны өмнө гараагүй юм гэнэ лээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Сэтгүүлзүй гэдэг бол аливаа нэгэн болсон үйл явдлын тухай бодит мэдээлэл өгдгөөрөө уран зохиолоос ялгаатай гэдэг. Гэтэл энэ хоёр тусдаа мэргэжлийг хооронд нь хольж хутган байж амжилтад хүрч, алдар хүндийн оргилд гарсан олон хүмүүс байдаг бөгөөд ийм замаар яваад баригдаж шившиглэгдсэн нь ч бас цөөнгүй. Тэдгээр луйварчдын төлөөлөгч болсон зарим нэг хүний тухай сонирхуулахад...

 

Жанет Кук.

“1980-аад оны үе. Америкийн хар арьст 8 настай Жимми хэмээх хүүгийн амьдрал гэдэг ёстой там болжээ. Ээж нь хар тамхичин, ээжийнх нь найз залуу ч бас хар тамхичин. Ийм хүмүүсийн хажууд өссөн Жимми таван наснаасаа эхлэн бас хар тамхинд донтсон байна.

Энэ хүү хичээл сургуульд явна гэж бараг байхгүйтэй адил ба ганцхан математикийн хичээлд л очих гэж яардаг нь гудамжинд хар тамхи зардаг болох хүсэлтэй нь холбоотой гэнэ. Насанд хүрээд хүссэн мэргэжлээрээ ажиллах буюу мансууруулах бодисоо зарахад зөвхөн энэ хичээл хэрэгтэй гэсэн учраас тэрээр математикийн хичээлийг шамдан суралцдаг байлаа...”

Жанет Кукийн бичсэн энэ баримтат сурвалжлагыг уншсан хүн болгон л нулимс унагамаар эмгэнэлтэй бөгөөд тэрээр энэ нийтлэлийнхээ төлөө Пулитцерын шагнал хүртжээ. Пулитцерын шагнал гэдэг бол сэтгүүлч хүний хувьд Олимпын алтан медаль, агуу их алдар хүнд. Магадгүй энэ том шагнал авахад нь Жанетын арьсны өнгө ч нөлөөлсөн байж болох ба хар арьст хүн сэтгүүл зүйн хамгийн том шагнал авсан анхны тохиолдол нь энэ байжээ.

Америк байтугай дэлхий дахиныг шимшрүүлсэн энэ нийтлэлийн дараа олон хүн Жиммид туслахыг хүсэн, нэр хаягийг ил болгохыг хүссэн захидал газар бүрээс ирж байсан боловч Washington Post  болон Жанет нар нь эх сурвалжаа нуух эрхтэй хуулийн заалтаар шалтгаалан хүүгийн тухай ямар ч мэдээлэл өгөхгүй байлаа. Гэсэн ч Жанетын нэр хүнд мандсаар, энд тэндгүй ярилцлага өгч, өөрийнх нь тухай бахдан шагширсан янз бүрийн нийтлэлүүд цуварсаар.

Гэтэл хэрэгт дуртай нөхдүүд Жанетын төрсөн нутаг орон, сурч өссөн түүх нь бодит байдалтай нийцэхгүй, илүү гоёж чимсэн байхыг олж илрүүлэн Post сэтгүүлд дуулгасны дараа сэтгүүл өөрөө энэ явдлыг шалгаж үзэхэд Жанетын бичсэн бүх зүйл нь ердөө л өөрийнх зохион бичсэн “уран зохиол” байжээ.

Америкийн сэтгүүлзүй тэр чигээрээ бужигнан шуугьж, луйварчин хүүхний бүх шагналыг хурааж авснаар энэ явдал дууссан бөгөөд Жанет Кук гэдэг хүн дахиж олны өмнө гараагүй юм гэнэ лээ.

 

 Стивен Гласс

Жанет Кук ганцхан нийтлэлээр алдаршсан бол түүний залгамжлагч гэж болох Стивен Гласс гээч эр нь харин үй түмэн зохиол бичиж нэр гарч байсан юм. Гласс нь The New Republic сэтгүүлд 1995-1998 онуудад ажиллахдаа  нийт 31 нийтлэл бичсэн ба сүүлд хийсэн шалгалтын явцад эдгээрийн 27 нь хуурамч зүйл болохыг тогтоож байжээ. Гэхдээ тэр тэр чигээрээ хуурамч юм бичих нь бага буюу бодит тоо баримт дээр тулгуурлан” явж өгдөг” нөхөр байв.

Ичимхий ч гэмээр даруухан, хамт ажилладаг хүмүүстээ аяга кофе хийгээд өгөх сэтгэлтэй энэ залууд бүгд л сайнаар хандана. Бичиж байгаа зүйл нь ч мундаг сэдэв хөндсөн байх ба Лас Вегасын том казиногийн будлианы тухай, НАСА-гийн шинэ хөлөг сөнөж дэлбэрэх боломжтой тухай, зочид буудлын жижиг бааранд нэгэн эмэгтэйг хүчиндсэн тухай... дандаа л аймшигтай хурц зүйлүүд байна.

Глассын хамгийн их амжилт олсон нийтлэл нь Hack Heaven бөгөөд үүндээ 15 настай нэгэн авьяаслаг хүүгийн тухай, тэр хүү хакер хийж асар их мөнгө олж байгаа, түүнд дээрэмдүүлсэн Jukt Micronics компани нь хүүгийн авьяасыг биширсэндээ энэ хүүхдийг ажилд авсан тухай байлаа.

Харин сэтгүүлийн редактороор шинээр томилогдсон Чарьлз Лэйн энэхүү ер бусын гэмээр түүхийг өөрийн биеэр шалгаж эхэлсэн байна. Дээр дурдсан компанийн сайтыг хартал тун ч энгийн жижиг мэдээлэл байсан ба утсаар нь холбогдож үзэхэд залуухан захирал нь тэрхүү нийтлэлд бичсэн явдлууд нь бодит зүйл гээд л утсаа салгажээ. Үнэндээ энэ захирал гээч нь Глассын бага дүү байсан ба вебсайт нь ч Глассын яаран сандран хийсэн “уран бүтээл” төдий зүйл байсан гэнэ.

Редактор шалгалтаа зогсоолгүй Глассын нийтлэлд бичигдсэн газруудаар явж үзэхэд зарим байгууллага нь огт байдаггүй, өөр нэг хэсэг нь үйл явдал болсон үед ажиллаагүй байсан... зэрэг зүйлүүд илэрсний дараа луйварчин эр бууж өгөн, хамаг булайгаа тоочсон гэдэг. Энэ явдал нь Америкийн сэтгүүлзүйд бас нэг томоохон  шуугиан тарьсан бөгөөд урьд өмнө сэтгүүлч хүн хэдэн жилийн турш хуурамч юм бичиж байсан тохиолдол огт илэрч байгаагүй юм гэнэ лээ.

 

Стивен Глассын луйврын тухай Shattered Glass гэсэн нэртэй кино бий.

Америкийн болон бусад улс орны сэтгүүл зүйд иймэрхүү луйвар олон тоогоор гарч, илрүүлж, хуурамч нийтлэлийн эсрэг тэмцсээр байгаа ба ийм юм хийсэн хүмүүсийн нэр төрийг шороотой хутгаж, хэн ч биш болгодог байх ёстой гэж үздэг юм байна.

Хүний нэр төрд санаатайгаар халдаж, худал үнэн мэдээллийг хаа сайгүй тавьж, энэ явдлаараа алдаршин “томордог”, үүний эсрэг тэмцлийг “Дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүйг хаан боомилж байна” гэсэн үгээр зөвтгөдөг тогтолцоо бүхий улс орны хувьд дээрх явдлууд их л сургамжтай зүйл мэт санагдана.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]