Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтийн онгоцыг барьцаалсан хийгээд эрэлхэг орос охины түүхУншсан67,462

Туркийн шүүх аавд нь 8 жил, хүүд нь 2 жилийн ял оноосон ба 4 жил бололгүй аав нь суллагдаж, эцэг хүү хоёр тэр даруй Туркаас Өмнөд Америк, тэндээсээ АНУ-д очжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

ЗХУ-д онгоц хулгайлж, зорчигчдыг нь барьцаанд авсан анхны тохиолдол 1970 оны 10-р сарын 15-нд болсон юм. Урьд өмнө иймэрхүү үйл явдал болж байгаагүй улс орон болохоор тэр үү, зорчигчдын ачаа хэрэгсэл болон бусад зүйлийг хянах шалгах ямарваа нэг арга хэмжээ авдаггүй, онгоцонд орох хүнийг шалгах гэж байдаггүй, нийтийн тээврийн автобусанд орж байгаа юм шиг чөлөөтэй ордог цаг үе байжээ. Энэ байдлыг далимдуулан хоёр хүн буу, тэсрэх бөмбөг биедээ нуун Батумын нисэх буудлаас Сухуми чиглэлд нисэх онгоцонд суужээ. Нислэг ердөө 30 минут үргэлжлэх богино зайных бөгөөд онгоцонд нийт 46 зорчигч, үүнээс 17 нь эмэгтэй, нэг хүүхэд, багийн гишүүн 5 хүн байв.

Нислэг эхлээд дөнгөж 3-4 минут болж байх үед нэгэн зорчигч үйлчлэгч бүсгүйг дуудан захидал бололтой зүйл өгөөд нисгэгчид яаралтай дамжуулахыг шаардлаа. 19 настай үйлчлэгч охин Надежда энэ хүний хачин байдлыг хараад хэсэгхэн зуур эргэлзэн зогсож байснаа гэнэт эргэн нисгэгчийн бүхээг чиглэн явж байснаа “Анхаар онгоц булаах гэж байна” гэж хашхиран бүхээгийн хаалгыг хаагаад өөрөө ч хаалгаа хамгаалах мэт зогсжээ. Нисэх багийнхныг энэ дээрэмчний гарт оруулвал онгоцон дахь бүх хүн тэдний гарт орох болно гэдгийг гадаадад болж байсан олон явдлаас мэдэх болсон үйлчлэгч сайн ойлгож байлаа.

Захидал өгсөн хүн гар буу гарган нисэгчийн бүхээг рүү харайх үед Надя “буутай байна шүү” гэж хашхираад нисэх багийнхныг ямар ч үнээр хамаагүй хамгаалах гэж хаалган дээр хаан зогссон хэвээр байлаа. Буутай хүн Надяг хэд хэд өгчилгөж, түлхсэн ч өнөөх нь эсэргүүцэн орилон хашхирсаар, хаалга алдлан хааж зогссоор.

Буун дуу гарч сум Надягийн хөлийг онов. Надя сөхрөн унасан ч хаалга хаасан хэвээр. Дээрэмчин Надягийн хоолойг базан толгой руу тулган буудах гэхэд охин эсэргүүцэн тэмцэж гарыг нь цохиж чадсан учир хий буудаж, сум онгоцны дээврийг нэвт цохин гарсан байна. Надя унасан ч хаалгаа хаасан чигээрээ, гараараа, хөлөөрөө эсэргүүцэн тэмцсээр.

Надягийн хамгийн анхны хашхирахыг сонсоод, дараа нь нисэх багийн үүдний орчимд болж байгаа явдлын чимээгээр бүхнийг ойлгосон нисэгч нь дээрэмчин этгээдийг буунаас нь салгах, тэнцвэрийг нь алдуулах гэж онгоцоороо огцом маневр хийж эхэлжээ. Гэсэн ч дээрэмчин эр буугаа алдсангүй.

Онгоцонд байсан хүмүүс нь  үйлчлэгч хашхиран гүйж, өөр нэг эр буу гарган түүний араас хөөхийг хараад айж балмагдсан ч дөрвөн хүн маш хурдан сэхээ орж суудлын бэхэлгээгээ тайлан босоход өөр нэг залуухан эр гэнэт босож ирэн тэдгээр хүмүүсийн өөдөөс тайрсан буу гарган толгой дээгүүр нь буудаж зогсоолоо. Дээрэмчний хамтрагч нь болох энэ залуухан хүүхэд цувныхаа энгэрийг ярахад биеэс нь дүүжилсэн олон гар бөмбөг харагдсан байна. Дээрэмчид яахаас буцахгүй болсон хүмүүс гэдэг нь ойлгомжтой...

Энэ үед Надя охин орилж чарлан, нөгөө дээрэмчнийг гараар урж, цохиж, зулгааж бүх чадлаараа эсэргүүцэн хаалгаа хамгаалсаар байлаа. Дээрэмчин эр энэ удаа охинд тулгаж байгаад гохоо дарахад Надя огцом чимээгүй болж, аажуухан бүх бие нь сулран амьсгал хураалаа. Энэ бүх үйл явдал ганц минут ч хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн ба цорын ганц хамгаалагч Надя байхгүй болсон учир одоо дээрэмчдэд нисэх багийнхныг гартаа оруулахад ямар ч саад үлдсэнгүй.

Нисэх багийнхан онгоцоо ийш тийш шидэн байх үедээ Надягийн дууг сонсож, эсэргүүцэн тэмцсээр байгааг  мэдэж байсан боловч харин өөрсдөө төв рүү онгоц дотор юу болж байгааг мэдээлэх аргагүй байлаа. Нисгэгч онгоцоо тэгшлэн чимээ чагнах тэр агшинд дахин буун дуу гарч Надя дуугарахаа больсон ба тэр үед л холбоочин холбооны хэрэгслээ барьж авч чадлаа. Яаран сандран холбоогоо сэргээх гэж оролдож байхад нь дахин хэд хэдэн буун дуу гарч холбоочин залуу унаж, онгоцны дарга нуруундаа хүнд шархадлаа. Хоёрдугаар нисгэгч Шавидзе мөн шархдаж хэсэгхэн зуур ухаан балартсан боловч эргэн сэргэхдээ онгоцны ахмад онгоцоо ямар нэг хэмжээгээр залж чадаж байгааг, тэрээр нуруунаас нь урсах цусыг бага хэмжээгээр ч гэсэн тогтоох гэж суудлынхаа түшлэгийг чадлаараа налан байгааг, Надя, холбоочин залуу бүгд хөдөлгөөнгүй болж нисгэгчийн бүхээг дотор хаа сайгүй цус бялдсан байхыг, хоёр дээрэмчин зогсоо зайгүй “Турк руу” гэж хашхиран, буугаараа чичлэн занаж байгааг анзаарсан байна. Удалгүй онгоцны ахмад ч ухаан алдаж эхлэхэд Шавидзе удирдлагыг гартаа авч Турк чиглэн нислээ.

Туркт газардсан Зөвлөлтийн онгоцыг шалгахад аав, хүү болох 46 настай Пранас болон 15 настай Альгирдас Бразинскас гэсэн хүмүүс энэ онгоцыг барьцаалж авсан байсан бөгөөд онгоцонд нийт 24 удаа буудаж, нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн хүнд шархдсан байв. Онгоцоо хамгаалан эцсээ хүртэл тэмцсэн Надежда Курченко тэр амиа алдсан хүн нь байлаа.

Туркийн засаг захиргаа хоёр террористыг баривчилсан боловч Зөвлөлтийн талд хүлээлгэж өгөлгүй өөрийн нутаг дээр шүүхээр болсон байна. Харин зорчигчид болон шархадсан нисэх багийнханд яаралтай тусламж үзүүлж байх үедээ Туркт үлдэж болох тухай, зөвхөн хүсэлт гаргахад л дэмжинэ, Туркаар дамжин гадаадын өөр бусад улсад улс төрийн орогнол гуйж болно гэж сануулж байсан гэдэг. Гэсэн ч хоёр дээрэмчнээс бусад нь бүгд нутаг орондоо буцна гэж мэдэгджээ.

Туркийн шүүхээр орох болсон аав хүү хоёр дэлхийн хэвлэл мэдээллийн од болж тэдний шүүх хурлын тухай, мөрдөн байцаалтын тухай нэр хүндтэй томоохон сонинууд бүгд мэдээлж, тайлбар дүгнэлт хийж байлаа. АНУ-ын зарим байгууллага онцгой идэвхтэй ажиллаж байсан ба аав хүү хоёрыг ЗХУ-д буцаан өгүүлэхгүйн тулд АНУ-ын төлөөлөгчийн танхимын гишүүд, сенатчид оролцсон бүрэлдэхүүнтэй баг Туркт шахалт үзүүлж байжээ.

Эцэг хүү нар хоёр захад нь

Одоо онгоц хулгайлж, цэл залуу бүсгүйг хороосон аав хүү хоёр нь террорист, алуурчин гэхээсээ илүү Зөвлөлт системийн эсрэг тэмцэгч, “Литовын эсэргүүцэгч хүч” хэмээх нууц байгууллагын төлөөлөгч болж хувирсан ба онгоц дотор Зөвлөлтийн тусгай албаны хоёр хүнтэй аргагүйн эрхэнд буудалцаж өөрсдийгөө хамгаалсан түүх ярьж эхлэв.

Туркийн шүүх аавд нь 8 жил, хүүд нь 2 жилийн ял оноосон ба 4 жил бололгүй аав нь суллагдаж, эцэг хүү хоёр тэр даруй Туркаас Өмнөд Америк, тэндээсээ АНУ-д очжээ. 1983 онд энэ хоёр АНУ-ын иргэн болоход нь ЗХУ улс гэмт хэрэгтнүүдийг буцаан өгөхийг олон удаа шаардсан ч Америкийн тал “Эдгээр хүмүүсийн улс төрийн орогнол хүссэн өргөдлийг хүлээж авалгүй буцаасан, АНУ-д оруулаагүй” гэсэн хариу өгсөн байдаг. Үнэндээ тэд өөр нэр авч Калифорни мужийн Санта-Моника хэмээх хотод амьдарч байсан ба тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг үе үе сонин сэтгүүлд өөрсдийн баатарлаг явдлын тухай давс хужиртай яриа өгч мөнгө олно. Нэгэн удаагийн ярилцлагаар эцэг Бразинскасаас залуухан үйлчлэгч бүсгүйг хөнөөсөн явдлынх нь тухай асуухад “Г**ий чинь миний замд саад болоод байсан юм" гэж огт зовсон шинжгүй хариулж байжээ.

2002 онд “Эрх чөлөөний төлөө тэмцэгч"-ийн нэг болсон эцэг Бразинскас үгүй боллоо. Тэрээр өнөөх хүүтэйгээ муудалцаж, 46 настай хүү нь 77 настай аавынхаа толгойг туухайгаар 8 удаа цохиж хөнөөсөн байв. Хэвлэлийнхэн ч эдгээр хүмүүс Зөвлөлтийн онгоц хулгайлсан нөхөд болохыг дор нь мэдэж бас нэг бяцхан шуугиулаад авалгүй яахав.

Аавыгаа хөнөөсөн онгоц барьцаалагч эрд 16 жилийн хорих ял оноосон гэх ба одоо энэ хүн хаана юу хийж яваа нь, амьд эсэх тодорхойгүй, бодвол шоронгоос гараад хорвоогийн тоос хөдөлгөж байгаа байлгүй.

Харин алуурчдын эсрэг тэмцэж амиа алдсан Надежда Курченкогийн дурсгалд зориулж ЗХУ-ын олон хотод түүний нэрэмжит гудамж, талбай, хөшөө бий болсон ба жил бүр зохиогддог гүйлтийн том тэмцээнийг мөн Курченкогийн нэрээр нэрлэсэн төдийгүй 1970 онд нээн илрүүлсэн нэгэн сүүлт одод Надягийн нэрийг өгч мөнхжүүлсэн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]