Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хааны ордонд амьдрах ньУншсан1,413

Хааны ордон гэдэг бол байнга л үй түмэн хүн амьтан шуугьж байдаг газар. Версаль мэтийн ордон нь хэдий аварга том ч тэр олон хүнийг багтаах шингээх боломжгүй байлаа.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Бидний сонирхон үзэх дуртай түүхийн сэдэвтэй кинонуудад дундад зууны үеийн Европын хааны ордон гэж жигтэйхэн сайхан, тансаг харш шилтгээн гардаг. Хана туургыг нь энд тэндгүй алтдаж зостсон, тааз дээвэрт нь дэлхийн хамгийн шилдэг зураачдын агуу бүтээлүүдийг буулгасан, энд тэндгүй шил толь болж, гоё ганган гэж жигтэйхэн хүмүүс өөд өөдөөсөө харан мишээн, бараг л бүжих аятай сүртэйхэн мэндчилгээ хийнэ.

Энэ бол бидний кино болон ном зохиол дээрээс уншдаг хардаг зүйл. Харин бодит байдал дээрээ тэнд тун ч хэцүүхэн амьдрал өрнөдөг байсан бөгөөд энэ орднуудад хэрхэн амьдарч байсан тухайгаа бичиж үлдээсэн хүмүүсийн олон тэмдэглэл байдаг. Эндээс Францын Версаль дахь хааны ордны амьдралын тухай сонирхуулах ба Дюма болон бусад нөхдийн бичсэн роман, зохиол дээр гардаг амьдралтай харьцуулахад хэр зөрүүтэй байгааг өөрсдөө тунгаана биз ээ.

Хааны ордонд амьдрах нь

Хааны ордон гэдэг бол байнга л үй түмэн хүн амьтан шуугиж байдаг газар. Версаль мэтийн ордон нь хэдий аварга том ч тэр олон хүнийг багтаах шингээх боломжгүй байлаа.

Хаан болон хатан, ах дүү, ойрын найз нөхөд нь хамгийн том, хамгийн шилдэг өрөөнүүдийг эзэмших бол харин бусад өрөөнүүд нь ордны амьдралыг хэвийн явуулах хүмүүс, даамал, зарц, аягачин шивэгчин нарын амьдрах байр. Гэхдээ хамгийн их орон зай эзэлдэг хүмүүс бол хаанд шадарлаж ойртох санаатай байгаа янз бүрийн язгуур угсаатай нөхөд, хөдөө гадаанаас ирсэн тайж нар, тухайн үед төрийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаалтнууд зэрэг бужигнасан олон “амьтад” байв. Эдгээр хүмүүс нь ядаж нэг зарцтай, зарим нь 10-аар тоологдох гарын зарц, хатан, тэдний зарц зардас гээд явж өгнө. Хааны ойрхон байж анхааралд өртөхийн тулд тэдэнд бага зэргийн тух алдах явдал бол юу ч биш байлаа. Харин тэр бага зэргийн тух алдах гэдэг нь юу байв.

Хааны хатны ихээхэн сайн найз язгууртан гаралтай бүсгүйчүүд ордонд амьдрахаар болжээ. Тэдэнд арайчүү гэж нэг өрөө гаргаж өгсөн нь ердөө л дөрвүүлээ зэрэгцэж хэвтээд хөлөө бүтэн сунгаж болох хэмжээтэй байж. Ямарваа нэг сав шүүгээ, хувцас хунар хадгалах орон зай гэж юу ч байсангүй.

Гүнгийн хатан дю Менд тусалж үйлчилж байсан мадам де Сталль (үйлчилж байсан хүн нь ч бас тайж гаралтай байгаа биз) ордны тухай бичихдээ “Миний амьдрах ёстой нүхийг хараад ёстой гайхна гэдэг боллоо. Энэ бол ердөө нэг жижигхэн агуулах төдий сав байсан ба маш намхан учир би дотор нь бөхийхгүйгээр зогсох боломжгүй байв. Тэр өрөөгөө олж очих гэж харанхуй гудамжаар тэмтчин явж байж олж очсоныг хэлээд ч яахав. Цонх сав, агаар сэлгэх юм гэж байхгүй учир амьсгалахад хэцүү болох нь энүүхэнд бөгөөд зуух байхгүй учир (камен) хөлдөж үхэх шахна. Тэр өрөөнд дөрвөн хүн амьдрах ч ганцхан хөнжилтэй байсныг яана. Ийм нөхцөлд хоорондоо муудалцах, хэн нэгнийгээ ад үзэж хөөж явуулан бага ч гэсэн зай завсартай болох гэсэн тэмцэл байнга үргэлжилнэ.” 

Засвар

Хааны ордонд ирж байгаа хүмүүс, явж байгаа хүмүүс гэдэг бол тасралтгүй үргэлжлэх усны урсгал мэт. Учир нь Версаль бол таны гэр орон биш харин хэсэгхэн зуур хоног төөрүүлж байх байр сав төдий билээ. Харин хаанд ойртох гэсэн, өөрийн баян тарганыг үзүүлэх гэсэн нөхөд олж авсан жижиг том өрөөнийхөө байр байдлыг сайжруулах гэж оролдох нь ойлгомжтой. Тэнд ч нэг өрөө янзлах гэж баахан юм авчирч овоолсон, энд ч нэг өрөө янзлах гэж баахан эвдэж сүйдэлсэн юм гаргаж хаясан... Энэ ордон дотор тасралтгүй засвар явагдана. Хэзээ ч дуусахгүй мэт.

Энэ их засвараас болж ордон даяар нил тоос. Яаж ч цэвэрлээд дуусахгүй их засвараас болж саяхан арчсан хааны толь зүсээ харахад ч хэцүүхэн болж тоосонд дарагдсан байх нь ердийн л нэг зүйл байлаа. Мөн дээр нь засвар хийнэ гэдэг ямар их дуу шуутай зүйл байдаг билээ? Ордон дотор нэг биш нэлээд олон газар засвар хийж байдаг гэж бодоход Версаль дотор амьдарна гэдэг ч  дээ...

Халаалт

Тухайн үед өвөл цагийн халаалт гэдэг нь зөвхөн камен зуух байлаа. Гэтэл өрөө болгонд энэ зуух байхгүй учир зарим өрөөнд хүн тогтохын аргагүй хүйтэн болж хоосорно. Харин ийм зуухтай өрөөнүүдэд бас өөрийн гэсэн бэрхшээл байлаа. Энэ нь утаа май. Муухан хийсэн утаа сорох яндан нь олигтой ажиллахгүй учир байнга л цэвэрлэж янзалж байх ёстой байлаа. Дээр нь тэр том яндангаар нь зун цагт борооны ус үер адил урсан орж ирж үнэт модон шалыг гэмтээх нь зөндөө.

Хүйтэн, харанхуй, тоостой, дуу чимээ ихтэй, утаа майд угаартаж байж суухад хэцүү энэ ордны нэг өрөөнд арай чүү гэж унтан зүүрмэглэж эхэлтэл гэнэт толгой дээгүүр янз бүрийн бөөс хорхой явж сэрээх нь байх л зүйл бөгөөд харх биш байсанд нь баярлаад эргээд л унтана...

Хааны ордонд амьдрах гэдэг их хэцүү санагдаж байна уу? Энэ бол юу ч биш. Ордон дахь ариун цэврийн өрөө гэдэг аймшигтай гэхэд ч багадах асуудал нь тусдаа ярих зүйл билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]