Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Эртний Түрэгийн үеийн археологийн гайхамшигт олдвор, дурсгалуудУншсан3,896

Монголын түрүү дундад зууныг заримдаа "Түрэг угсаатны ноёрхлын үе" гэж нэрлэдэг билээ. Энэ үед эртний түрэг, уйгур, кыргыз гэх гурван угсаатан бие биеэ халан Монгол нутагт төр улсаа байгуулан ноёрхон байсан түүхтэй.

Монголын түрүү дундад зууныг заримдаа "Түрэг угсаатны ноёрхлын үе" гэж нэрлэдэг билээ. Энэ үед эртний түрэг, уйгур, кыргыз гэх гурван угсаатан бие биеэ халан Монгол нутагт төр улсаа байгуулан ноёрхон байсан түүхтэй. Нийтдээ бараг 400 жилийн энэ түүхэн үе Монголын дундад үеийн түүхэнд чухал байр суурь эзлэх төдийгүй Монголчуудын соёл иргэншил бүрэлдэн тогтоход ч багагүй үүрэг гүйцэтгэсэн нь илэрхий. Түрэгүүд нь Төв Азид эрт цагаас оршин нутагласаар ирсэн, түүх соёл, угсаа гарлаараа Монголчууд, тэдний өвөг дээдэстэй ойрын холбоотой нүүдэлчин гаралтай ард түмэн юм. Мөн түрэг, Монгол хэлээр ярилцагч ард түмнүүд олон зуун жилийн турш тасралтгүй зэрэгцэн оршиж, заримдаа нэгэн улсын бүрэлдэхүүнд багтаж ирсэн түүхтэй билээ. Түүнчлэн тухайн цаг үед Монголчуудын өвөг дээдэс нирунчууд болон татарууд урьдын хэвээр Монголын төв ба зүүн хэсгээр амьдарсаар байсан нь бичгийн болон археологийн сурвалжаар нотлогдсоор байна.

Эртний түрэгийн жирийн иргэдийн тахилын онгон

Мөн Түрэгийн гол цөм болсон ашина аймаг нь Монгол сяньби гаралтай байсныг нэрт дорно дахин судлаач Л.Н.Гумилев түүх ба хэл шинжлэлийн үүднээс батлан бичсэн байдгийг анхааран үзэх нь зүйтэй. Сүүлийн үеийн судалгааны чиг хандлагаас харахад эртний түрэгүүдийг харь угсаатан хэмээн ялган үзэх биш харин эртний Монголчуудын нэгэн бүлэг бөгөөд харь хэлт теле буюу огуз аймгуудын дунд уусан шингэсэн боловч тэднийг ноёлон захирч байсан хүчирхэг үндэстэн хэмээн тодорхойлох явдал дэлгэрсээр байна. Иймээс эртний түрэгүүдийг Монголчуудын угсаа гарлын судалгаанаас ангид үзэж салгах нь буруу бөгөөд даяар их Монгол үндэстний нэгэн салбар хэмээн үзэх боломжтой.

Түрэг угсаатанд холбогдох археологийн эд өлгийн дурсгалт зүйл гэвэл, юуны өмнө хаад ноёд, жирийн иргэдэд зориулсан тахил тайлгын онгон, тэдгээрийн бүрэлдэхүүнд багтах хүн чулуу, адгуус амьтны дүрс, руни бичээст пайлуур хөшөө, уран барилгын холбогдолт дурсгал, хад чулуу болон бусад эд зүйлд сийлбэрлэн гаргасан элдэв зураг, их бага бичээсийн зүйлс, нас барагсдыг оршуулсан булш зэрэг зүйлс орж байна.

Чойрын хүн чулуу ба руни бичээс (Чойр сум, Говь-Сүмбэр аймаг)

Эртний Түрэгийн оршуулгын зан үйлийн үндсэн хэлбэр нь морьтой оршуулга юм. Эртний Түрэгийн соёл иргэншлийн тархалтын хүрээнд морьтой оршуулга түгээмэл тохиолддог. Одоогоор малтан судлаад байгаад VI-X зууны 200 гаруй морьтой оршуулгаас зуу орчмыг нь Саян-Алтай буюу ОХУ-ын Алтай, Тува, Алтайн хязгаарын нутагт, үлдэхийг нь Монгол, Шинжаан, Дундад Азид судласан байна. Энэхүү арвин их хэрэглэгдэхүүн эртний Түрэгийн соёлын хөгжлийн үндсэн үе шатуудыг тодруулахад гол тулгуур болдог ажээ. Монголд одоогоор 30 орчим морьтой оршуулга илэрч судлагдсан бөгөөд жил бүр нэмэгдсээр байна.

Эртний түрэгүүд нас барагсдаа булшлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулж хойд насных нь зам мөрийг засах зорилгоор тахил тайлгын тусгай онгоныг байгуулдаг байжээ. Эдгээр онгон нь тухайн нас барсан хүний язгуур угсаа, зэрэг дэвээс шалтгаалан их, бага янз бүрийн хэмжээтэй байхаас гадна гадна бүтэц зохион байгуулалтаараа чулуун шороон далантай гэхчилэн энгийн даруугаас нүсэр том зэргээр эрс ялгаатай байсан байна. Угсаа сурвалжит язгууртны онгоныг үйлдэхдээ өнгөлж засаад хээ угалз гарган чимэглэсэн дөрвөн хавтангаар хашлага босгож үүний зүүн өмнө нь бодитой уран хийц бүхий хүн чулуу тавьж, олон зэл чулуу цувуулсан байдаг.

Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс (Эрдэнэ сум, Төв аймаг)

Харин Түрэг улсын төрд онцгой гавьяа байгуулсан цэргийн жанжин, түшмэд, төрийн их хаадын онгоныг шавар хэрэм, усан шуудуугаар хүрээлэн тахилын сүм голд нь босгоод шадар бараа бологсод, зарц үйлчлэгчдийн хөрөг дүрс, арслан, хонь зэрэг амьтдын чулуун дүрс тавьж олны анхаарал татахуйц бараа сүр ихтэй тансаг үзэмжтэйгээр цогцлоон босгодог байжээ. Эдгээрт байх балбал хэмээх зэл чулууны тоо хэдэн зуу, зарим тохиолдолд мянгад ч хүрэх ба цуварсан уртын хэмжээ нь 2-3 км-т хүрнэ.

Дорнод Түрэгийн хаад, язгууртанд зориулан босгосон тахил шүтээний ийм асар том байгууламжууд зөвхөн Монгол орны төв нутаг Орхон, Туулын сав газраар голлон байрлажээ. Эдгээрийн тоонд Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдамд буй дөрвөн том онгон, Налайхын орчим буй Тоньюкук сайдын, Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Их хөшөөт буюу Куль-Чурын онгон, Өвөрхангай аймгийн Уянга суманд буй Онгийн голын, Булганы Баян-Агт, Архангайн Хайрхан сумдын зааг дахь Шивээт Улааны дурсгал, Булганы Сайхан сумын нутагт буй Могойн шинэ усны дурсгал буюу Моюнчур хааны тахилгын онгон зэргийг дурдаж болно.

Билгэ хааны онгоноос илэрсэн мөнгөн буга (Хашаат сум, Архангай аймаг)

Монгол орны нутагт элбэг тохиолддог археологийн дурсгалын нэг өвөрмөц төрөл бол хүн чулуун хөшөө юм. Эртний Түрэгийн хүн чулуун хөшөө ганцаараа байх нь үгүй заавал тахилын онгон буюу чулуун хашлаганы цогцолборын бүрэлдэхүүнд багтаж оршдог. Түрэгийн хүн чулууд Монгол болон хил залгаа ОХУ-ын Тува, Алтай, БНХАУ-ын Шинжаан мөн Казахстан, Кыргызстаны нутагт элбэг тархжээ. Хүн чулуу ба тахилын онгоны тархалтаас харахад Монгол нутагт эртний Түрэгийн соёл иргэншлийн төв байсан нь илэрхий харагддаг. Одоогоор манай улсын нутагт баттай баримтжуулсан Түрэгийн үеийн хүн чулууд 500 орчим байна.

Монгол нутаг хадны зургийн хувьд дэлхийд гайхагдах арвин баялаг өвтэй боловч эртний Түрэгийн үеийн хадны зураг археологийн судалгаанд харьцангуй цөөн судлагдаад байна. Тэдгээрийн дотроос хамгийн их олонд танигдсан нь Ховд, Баян-Өлгий аймгийн заагт байх Цамбагарав уулын Ханан хадны морьтон баатруудын дүрс билээ. Харин 1990-ээд оны дунд үеэс Монгол Алтайн бүс нутагт хадны зургийн томоохон судалгааны ажил хийгдэж энэ үеийн зургууд олноороо илрэн олдсон байдаг. 1994-2004 онд Д.Цэвээндорж, В.Д.Кубарев, Э.Якобсон нарын Баян-Өлгий аймагт явуулсан судалгаагаар энэ үед холбогдох олон арван хадны зураг дүрслэлийг илрүүлж он цагийг тогтоосон бол 2004 онд (Ц.Төрбат) нар Цэнгэл сумын нутагт явуулсан хайгуулын ажлын үр дүнд Түрэгийн үед холбогдох зарим нэгэн хадны зургийг илрүүлжээ. Монгол нутагт байх Түрэгийн үеийн хадны зургийг хоёр үндсэн хэлбэрээр бүтээжээ. Нэгдэх нь, маш нарийн зураасаар сийлсэн зургууд бөгөөд харьцангуй ховорт тооцогддог бол, хоёрдахь буюу уламжлалт маягаар бүх талбайгаар нь цохиж сийлсэн зургууд илүү олон тоотой тохиолддог. Түрэгийн үеийн хадны зургийн ерөнхий төлөв нь агнуурын сэдэв зонхилдог болох нь илэрхий байна. Үүний зэрэгцээ дайн тулааны сэдэвтэй зургууд ч тохиолддог байна. Ихэнх зургууд нь нэг талаар ан гөрөөний тухай бодит түүхийг хүүрнэн өгүүлэхээс гадна ан агнуурын зан үйлийн үүднээс дом шившлэгийн зорилгоор бүтээсэн байж болох талтай.

Шивээт хайрханы түрэгийн үеийн хадны зураг (Цэнгэл сум, Баян-Өлгий аймаг)
 
Билгэ хааны онгоноос илэрсэн алтан титэм (Хашаат сум, Архангай аймаг)
 
Сыргалийн хүн чулуу (Цэнгэл сум, Баян-Өлгий аймаг)
 
Куль-Тегиний гэрэлт хөшөө (Хашаат сум, Архангай аймаг)
 
Билгэ хааны тахилын онгон (Хашаат сум, Архангай аймаг)

Доктор Ц.Төрбат

НЭМЭЛТ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Борт багийн үзүүр гялан хэмээх газраас Түрэгийн үеийн хадны булш олдсон юм. Ховд аймгийн музейн хээрийн судалгааны баг 2015 оны аравдугаар сард орон нутгийн иргэдийн мэдээллийн дагуу бүртгэн баримтжуулан ажилласнаар энэхүү булшийг олсон.

Эндээс эмээл, хазар, шавар ваар, модон аяга, дөрвөн янзын дээл, эсгийнд боосон хатмал шарил, олбог, өөр дээрээс нь хөл сийлэн гаргасан модон аяга, тэвш, төмөр тогоо, бүтэн морь, зүлдлэн авсан дөрвөн шийр, хонины улаан хоолой багалзуур бүхий толгойтой бүтэн арьс, эсгий богцонд хонины ууц, ямааны годонгийн яс, аяганы ширэн уут, эсгийн богц олдсон байна. Уг археологийн авран хамгаалах малтлагын багт ХИС-ийн Түүх, Эрх зүйн тэнхмийн эрхлэгч доктор Г.Пүрэвдорж, доктор Ч.Мөнхбаяр, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн, БМС Б.Сүхбаатар, Жолооч Б.Батжин, Мөнххайрхан сумын Соёлын төвийн ажилтан н.Сэмбэдорж нар багтан ажиллажээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 10. 17:50
Зочин

Ene saihan yumnuudaa tegeed hadgalj hamgaalj chaddiim bolov uu?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]