Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уулчид осолдсон газарт 1963 онд 40 гаруй зорчигчтой онгоц осолдож байжээУншсан72,251

Бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уулчдад тохиосон эмгэнэлт явдлыг бичиж байгаа тул бид үйл явдлын мэдээллээс татгалзаж, түүх өгүүлэхээр шийдлээ.

Отгонтэнгэр ууланд уулчид осолдсон явдал монголчуудыг эмгэнэн гашуудахад хүргэв. Бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уулчдад тохиосон эмгэнэлт явдлыг бичиж байгаа тул бид нийтлэлийн бодлогоо дагаж үйл явдлын мэдээллээс татгалзаж, түүх өгүүлэхээр шийдлээ.

 

...Галын хаан, голомт сахигч”, “Этүгэн”, “Анхны эх газар”

 

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний ойр орчны уулсыг оролцуулсан 955 км2 талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байгаа бөгөөд 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгон дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон.

Энэ ууланд Монголын уулчид 1955 оноос авирч эхэлсэн. Харин 2003 оноос хойш оргил хэсгийн мөнх цас, мөсийг хамгаалах шалтгаанаар, мөнхүү төрийн тахилгат хайрхан тул оргилд авирахыг хориглосон билээ.

 

Отгонтэнгэр уулын ноён оргил Очирваань хайрхан нь далайн түвшнээс дээш 4008 метрийн өндөрт өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш хэсэг нь мөнх цастай юм. Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхныг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг гэдэг. Иймээс ч Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн монголчууд эртнээс хүндэтгэн нэрлэсэн бизээ. Зүүн бэлд нь баруун өмнө зүг рүү харсан аварга том яст мэлхийн хэлбэртэй хад бий. Түүнийг “Мэлхий хад” гэдэг бөгөөд Очирваань хайрхныг хамгаалан оршдог домогтой ажээ.

Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад Монголын газар нутаг бүхэлдээ усан дор оршин байсан гэдэг. Тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн анхдагч уулсын нэг мөн бөлгөө. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан дороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдсан байдаг.

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг хэмээн судлаачид тайлбарласан нь ч дээрхтэй холбогдох мэт.

Тиймээс ч монголчууд энэ хайрхнаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба 6-8-р зуунд Монголын нутагт байсан түргүүд хүртэл тахидаг байсан тухай хожмын сурвалжид бий. Монголчуудын амьдралд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй, байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр ирсэн тул Очирваань хайрхан бөө мөргөлийн ч онгон шүтээн, бурхан шашны ч шүтээн байх нь аргагүй юм.

Тодруулбал эртний Монголд бөөгийн шүтлэгээр Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байсан бол бурхны шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” хэмээн хүндлэн биширч иржээ.

Эртнээс “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй уулаа 1911 онд харийн эрхшээлээс салж, төр улсаа тунхаглахдаа Богд гэгээнтэн жил бүр ламын шашны ёсоор тахилгыг сэргээж байгаад хувьсгал гарснаар мартагдсан. Гэсэн ч Монголыг даасан хайрхан хэмээн сэтгэлдээ тээн зуун гол, зуун уулыг давуулан идээ будаа, цайныхаа дээжийг өргөн амь амьдралаа даатган хишиг буян хүсдэг уламжлал монгол түмний дунд тасраагүй билээ.

 

Уулчид осолдсон газарт 1963 онд 40 гаруй зорчигчтой онгоц осолдож байжээ

 

Монголын иргэний агаарын тээврийн түүхнээ 1963, 1983, 1993 онд яагаад ч юм 10 жилийн давтамжтай онгоцны осол гарч байсан нь бий.

Түүний нэг нь 1963 онд Улаанбаатраас Завханы Улиастай-Ховдын  чиглэлд нисч байсан МИАТ-ийн Ил-14 онгоц битүү манантай таарч Отгонтэнгэрийн уулын оргилын зүүн талыг мөргөн унасан осол юм. Онгоцонд багцаагаар 40 гаран зорчигч байсан ба нэг ч хүн амьд үлдээгүй аж.

1958 оны байдлаар БНМАУ нь 14 Ан-2 онгоц, 7 Ил-14, нийт 21 онгоцтой болсон байлаа. Аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлж байсан. Долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байв. 1963 оны Отгонтэнгэрийн осол нь тийм л дотоодын нислэгүүдийн нэг байв.

Онгоц Завханд буугаад цаашаа Ховд руу ниссэн боловч аймгийн төвөөс багахан холдоод л үүлэнд орж баримжаа алдан Отгонтэнгэр хайрхныг мөргөж сүйрсэн байна. Осол болсон газар нь одоо уулчид осолдсон газартай тун ойролцоо. Нэг ч хүн амьд гараагүй онгоцны ослын сэг саяхан болтол хэн ч хөндөөгүй хэвээрээ байсныг уулчид 2004 онд цэвэрлэсэн юм. 69 уулчин энэ ажилд оролцож, 2 өдрийн турш цэвэрлэсэн нь төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыхаа цас мөсийг хайлуулахаас хамгаалсан ач холбогдол бүхий ажил болсон гэдэг.

Тэр үед уулчдын яриагаар осолд өртсөн хүмүүсийн эд хогшил ихээр олдож байж. Түүний дотор тэр үеийн мөнгөн дэвсгэрт, халбага сэрээний хэрэгсэл, алдарт эхийн одон зэрэг олдсон байна. Мөнх цасанд олон жил болсон зүйл огт чанараа алддаггүй агаад хамгийн сонирхолтой нь 1963 оны молоког 2004 онд задлаад уухад хөргөгчинд байсан юм шиг шинэхэн байсан тухай уулчны яриа хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тэд онгоцны сэгийг тэнд нь жижиглэж хөрөөдөөд буулгаж цэвэрлэсэн байна. Учир нь онгоцыг хийдэг металл төмөр нарны тусгалыг ойлгож Отгонтэнгэр хайрхны мөнх цасыг их бага хэмжээгээр хайлуулж байна гэж үзсэн байна. Онгоцны моторыг осолдсон газрын яг хажууд байх ангал руу унагахад ямар ч чимээ гараагүй гэдэг. Тэр ангал нь ч хэдхэн хоногийн өмнө 19 уулчныг 700 метрийн өндрөөс үүрд авч одсон ёроолгүй хадан хавцал аж.

Сэтгүүлч, уулчин Д.Баярням 2004 онд онгоцны ослын сэг цэвэрлэсэн тэр явдлыг хожим дурсан "Завханд буугаад цаашаа Ховд нисч байсан онгоц юм билээ. Тэндээс олдсон алдарт эхийн одонтой холбоотойгоор бид МИАТ-ийн болон Улсын төв архиваас материал шүүж, нэлээд хөөцөлдсөн. Телевизээр хоёр удаа, радиогоор нэг удаа зарласан боловч тэр одонгийн эзэн олдоогүй. 1963 онд Алдарт эхийн хоёрдугаар одон авсан хүн гэхээр бага хүүхэд нь л гэхэд миний үеийнх байх ёстой. Тэр онгоцонд явсан зорчигчдын нэр ус ч үлдээгүй, ерөнхийдөө дөчин хэдэн хүн сууж явсан гэдэг. Нэг ч хүн амьд гараагүй юм билээ. 1963 онд Отгонтэнгэрт осолдсон онгоцноос олдсон алдарт эхийн одон хэнийх байв гээд дахиад хайвал сураг чимээ гарах болов уу гэж заримдаа боддог л юм" хэмээсэн байдаг.

Сэтгэгдэл 23ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 22. 21:38
Зочин

Миний аав ээж 2 тэр онгоцны ослын цэвэрлэгээний үйл ажиллагаанд оролцож явсан даа.

2018, 10 сар 5. 10:34
Зочин

Би 1963 оны зун бага насны хүүхэд байж билээ. Хэдэн өдөр л бороо орж үүл татсан өдрүүд үргэлжилж байхад тэр осол болсон юм билээ. Онгоц шууд ховд орох ёстой байсан боловч агаар муу тул Баянхонгорт хүлээж байгаад Завханы агаар сайн боллоо гэсэн мэдээ аваад ниссэн юм гэдэг. Миний нагац ах уулын спортын олон улсын хэмжээний мастер Г.Найдан тэр үед УБДС-ийн биеийн тамирын ангийн оюутан байсан ба гэнэт дуудаад л онгоцны осол гарсан газар луу хэдэн уулчдаа явуулсан юм байна. Тэгээд тэд нар осолд орсон хүмүүсийн шарилыг ббулгах ажил хийсэн ба буцаж ирэхэд нь шууд Засгийн газрын ордонд хүлээн аваад Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнасан гэдэг. Тэгээд гэртээ очсоны дараа сургууль руугаа очсон чинь шалгалт таслаад алга болсон гэдэг шалтгаанаар хөөчихсөн байжээ. Тэгээд болсон явдлаа яриад шагнал урамшууллаа үзүүлтэл хэн нэг нь дээд газар луу яриад байдлыг мэдсэний дараа бүх хичээлийн шалгалтыг нь онц дүнтэй тавьж өгсөн гэдэг.

2018, 4 сар 18. 23:35
Зочин

Ш.Сүрэнжав нисэх байсан юм гэдэг. Ууж байгаад хоцроод онгоцоо буцаад ир гэж хэл, би заавал сууж явах ёстой том зохиолч нтр гээд тусыг олсонгүй тэгээд за яахав гээд дахиж жаахан ууж байгаад гэртээ иртэл бөөн уйлаан майлаан. Гэтэл суух ёстой байсан онгоц нь осолдож, гэрийхэн нь түүнийг явсан л гэж бодож байтал гэртээ ороод ирж.
Тэгээд яахав амьд гарсан гээд дахиад уусан ...
Гэж уншиж байсан санагдаж байна.

10 сар 3. 18:54
Зочин

haha

2017, 11 сар 25. 3:52
Зочинзочин

Тэр онгоцны нэг нисгэгч нь Хөвсгөл аймгийн Галт сумын хүн байсан гэдэг.

2017, 11 сар 9. 1:31
Зочин

ikh saikhan niitlel boljee

2017, 11 сар 12. 14:57
munkhsaikhan

2004 bish 1999 ond uulchid garch ongotsnii segiig tseverleh bish angal ruu ni unagasan yum. tegehed uruusun gutal, turiivch, moloko geh met zuiluud baisan. gehdee moloko uuj bolohoor baisan gedeg bol hudlaa hetruuleg. yahav zungaarsan tseher nogoon bolson baisan. mun ter ueiin mungun devsgertuud tom dalbagar tugruguud oldoj baisan

2017, 10 сар 31. 19:44
Зочин

Монголчууд хүмүүн болсон цагаас тэнгэрийг эцэг шигээ дээдлэж хөрс газараа эх шигээ хайрлаж ирсэн байгалийн зан үйл буюу эртний бөөгийн зан үйлээр хайрханы дээд их овоонд хэзээч гардагүй зөвхөн хөлийн овоо буюу доод овоонд бүх үйлээ хийж ирсэн уламжлалтай. Харамсалтай нь манжийн нөлөөнд орсон цагаас өдийн хүртэл хөндий хоосон баримал шүтэх үг үгүйлбэр нь огт ойлгохдохгүй хэл авиа уншлага сонсож ирсэний нэг жишээ энэ бөлгөө.

10 сар 3. 8:50
Зочин

үгүйлбэр гэж ямар балуугаа бичээд байнаа. ӨГҮҮЛБЭР биш билүү?

2017, 10 сар 31. 15:54
Зочин

МУУ ЁРЫН УУЛ БАЙНА

2018, 4 сар 9. 21:17
Зочин

тахилагтай уулруу авирч болохгүй

2017, 10 сар 31. 15:01
Зочин

За бас л нөгөө хуучин зуршлаараа монгол хүний хариуцлагыг өөр биет рүү чиглүүлэхээр оролдоод байна уу? Энэ бол явахгүй шүү. 1-рт онгоц сүйрсэн нь багийн экипажийнхны алдаа байсан. Үүнийг нь тухайн үед дараад өнгөрсөн. 2-рт өнөөгийн олон хүний амь нас ч тэр хүмүүсийн өөрсдийнх нь буруутай үйлдлийн үр дүн байсан. Бид ер нь энэ бүх асуудлаа цэгцтэй нэг журманд оруулчих нь зөв байх аа. Уулын тухай асуудал яригдаж байна. Тэр уул нь их л дээр цагт үүсэн шиг, монголчуудын язгуур бэлгэдэлтэй холбоотой юм шиг ойлгогддог. Гэвч өнөөдөр нийт монголчууд энэ хэмжээнд ач холбогдол өгч байгаа эсэх нь эргэлзээтэй. Тийм байлаа гэхэд энэ нь утга учраар дульхан. Байн байсаар жалга болгон л нэг тийм шүтээн хайрхантай болцгоочихсон шүү дээ. Өнөөдөр тахилгатай уулын тоо хэмжээгээ алдсан. Энэ яахав дээ монголчууд бидний л зан байхгүй юу даа. Олигтой үр дүнгүй мөртөө хоосон итгэлийн суурь болсон ийм үзэгдэл манайх шиг мухар сүсэгжсэн нийгэмд л хүчинтэй байдаг. Тэгвэл гадныханд, харьцангуй эрүүл нийгэмд яадаг юм бэ? Тэдгээр нийгмүүдэд бас л иймэрхүү үзэгдэл байна аа. Шүтээн хайрханууд байна. Гол нь тэдгээр хөгжсөн нийгмүүд энэ шүтээнээ давуу тал болгон эдийн засагтаа ашигладаг юм байна. Зүгээр л тахиж тайх биш, мөргөж шүтэх биш. Жишээ нь газар нутгаа алдаршуулдаг. Үүний тулд баримт хэрэгтэй. 1-рт энэ хайрхан хэдий настай юм бэ? Манайхан Отгонтэнгэрээ 3 тэрбум жилийн настай гэх боловч энэ бол зүгээр л цээжээрээ гөрж байгаа хэрэг шүү дээ. Тийм байж ч болно, үгүй ч байж мэднэ. Гол нь үүнийгээ баримтаар тогтоо. Судалгаа хийлгэ л дээ. Нэгэнт гараад ирсэн судалгааны дүн, баримт бидэнд ээлтэй гарвал үүнийгээ ашигладаг байхгүй юу. Үүндээ шинжлэх ухааны нэр томъёо хэрэглэ. "Анхны эх газар мөн бөлгөө" энэ тэр бишээ. Энэ чинь ямар ч үнэмшилгүй. Үүндээ мөнгө зарцуул. Нэгэнт л Алтай, хангай Хэнтий, Хянган, Соён гээд үзэхээр эдэн дундаа үнэхээр л Отгонтэнгэр нь гоочтой байгаа юм бол үүн рүүгээ анхаар. Мөнгө хая. Гол нь судалгаа. Нэгэнт судалгаатай болоод авах юм бол маркетингаа эхлүүл. Яаж жуулчдыг татах

2017, 10 сар 31. 15:15
Зочин

вэ? Одоо ёстой уран үгээ уралдуулах хэрэгтэй. Судалгааны дүн дээрээ суурилж байгаад ёстой хулхин дээр нь цэцэг ургуулаад өг. Нийтээрээ үүнд ач холбогдол өг. Бөлгөө энэ тэрийг чинь тэр үед л хэлнэ шүү дээ. Гадныхан ёстой бөгсөө хавчаад залбиртал нь ухуулаад сурталдаа, рекламдаа өг. Орой дээр нь гарахаар жаахан цас нь хайлчих гээд байгаа юм бол өөр маягаар жуулчдыг татахгүй юу. Ойр орчимд нь байгаа цэвэр уснаас нь савлаад өг. Хуушуурынхаа гуанзыг цэвэр цэмгэрхэн зохион байгуулалттай ярайтал нь байгуулаад өг. Жилийн аль ч улиралд бэлд нь очих автус унааны сүлжээ байгуул. Гол нь зардал нь аль болох хямдхан. Тэнд нь дэд бүтцийг нь шийдээд, зам талбайг нь тохижуулаад өг. Хүний нүд хужирлачих юм юу л байна тэнд нь үзэж харах юмтай болго. Хотел, дэн буудлаа барь. Ганц нэг хөнгөн шингэн хүүхэн аваач тэнд нь. Нутгийн нэг идэвхтэй, бизнесийн ухаантай нөхдүүдийг дайчил. Мөнгө хийх боломжийг нь олго. Аймагтаа үйлдвэрлэдэг бараануудаа зарах лангуу өг. Хамаагүй, үздэг хардаг, бөө удган, нөгөө хутагт хувилгаадын нь үлдэгдэл байвал тэнд нь суурин байлга. Зохих ёсны төлбөртэй үйлчилгээ нээ. 1 доллараар хувь тавиланг нь үзэж өгдөг эмээ сууж байж яагаад болохгүй гэж. Мөнгө олсон бол эмээ татвараа төлнө. 1 доллар олсон бол 1 центийг нь улсад өг л дөө. Сарлаг, тэмээгээ аваад очино нутгийн ардууд. Ингээд өөр юу байж болох вэ, бүх л хувилбараар үз. Жуулчдыг баясган цэнгүүл, хөөргө, элгийг нь ав, сонирхлыг нь тат. Худлаа шаа. Гэхдээ хуурч, луйвардаж болохгүй шүү. Уулынхаа тухай яриад бай. Энд нь мөнгө хийхээр сарын дараа тэгэж үрждэг энэ тэр гээд нэг хадны хонгил ухчихгүй юу. Мөнгөний гахай гэсэн үг. Энэ рүү мөнгө хийхээр хаана очдын бэ гэвэл савдаг нь таалчихдаг юм гэдэг ч юмуу. Бадар хундага руу алт мөнгө чулуудахад нь баримтжуул. Дараа нь шумбагчдыг оруулаад түүлгэ. Хээр хэвтэж байгаа аргалыг нунтаглаад зочид буудалдаа уугиул гээд 50 центээр өгчих ухаан наад захын иргэнээс гарна даа. Гол нь боломжийг нь олгоод өг. Эрх зүйн орчинг нь бүрдүүлээд өг. Уул хайрхан гэж байгаа юм бол бид ингэж

2017, 10 сар 31. 15:24
Зочин

л үр дүнг нь үзнэ үү гэхээс бэлд нь нутаглаад л залбирч шүтээд л, хааяа нэг хотоос бөөн согтуу хөлчүү, сэтгэл хөөрөлтэй амьтас очоод нурж, хөлдөж үхээд байх биш. Гадныхны менежмент ердөө л энэ шүү дээ. Онгоцны буудал дээрээс авахуулаад таньд тоглож өгч байгаа бүхэн зүгээр л шоу байхгүй юу даа. Эцэс төгөсгөлгүй худал хуурмаг зохиол, жүжиг үлгэр. Мөнгийг чинь салгаж авахад дараа нь та сэтгэл ханамжтай үлдэхийн тулд хийгдэж буй харилцаа. Бүх юм хуулийн хүрээнд. Манайхаар бол шударга ёсны дагуу. За нөгөө алдарт Наполеон чинь яг энэ хөтөл дээгүүр армиа түүчээлээд л давсан юм шүү дээ гэдэг ч юмуу. Үнгэн эсэхийг нь хэн магадлах юм бэ? Түүнийг үзээд Наполеоны хувцсыг өмсч үзсэн иргэн сэтгэл ханамж дүүрэн 100 доллар төлж байна. Менежмент гэж үүнийг л хэлээд байгаа юм. Ийм л аргад бид суралцах хэрэгтэй юм. Манайхан болохоор үүнийг бусдыг царайчиллаа гэж ойлгоно. Ийм биш. Инээж байж, худлаа шааж байж, бусдыг царайчилж, маазарч байж мөнгө хийдэг болсон цаг шүү дээ. Гол нь соёлтой. Үйлчилж буй жуулчныхаа түрийвч рүү орчих гээд байхгүйгээр соёлтой үйлчилж мөнгийг нь салгах ухаан.

2018, 10 сар 7. 19:16
Зочин

Та харин сайхан авч байна. Үгүй би зөв гэх гэсэн юм шүү. Мөнгөө яаж далдруулахаа мэдэхээ байчихсан солиотнууд дэлхийгээр нэг тэнэж байхад таны хэлснээр саагаад байхад болохгүй яадын.

2017, 11 сар 4. 5:41
Зочин

mash zuv heljee. mergejiliin gedeg nershil manaid bol master yumuu sgz uguud l boldog baidliig bolih heregtei. delhiin uulchid mergeshihiin tuld suraltsdag nariin shalgalt neleed heden jiliin tursh avdag manaid bol 1,2 uuland garaad master uguud nj bolomgui bnaa. hariutslaga undurtei sport shuu dee.

2017, 11 сар 2. 15:34
ЗочинБямбаа

Ха ха ха яааг үнэээн.Чи үүнийгээ нэг пост болгоод оруулаадхаач.Эсвэл надтай холбогдоод миний чат руу шидчихээч.Миний утас 96450366 шүү

9 сар 25. 0:41
Зочин

Та нар цааш нь шэйр хийхгүй юү. Зүгээр л санаа байхгүй юу. Болмоор л байгаа биз дээ.

2017, 10 сар 31. 13:17
Зочин

СҮМБЭР УУЛ ГЭЖ НЭРЛЭДЭГ БАЙЖ. ТЭГЭХЭЭР ҮЛГЭР ДОМОГТ ГАРДАГ СҮМБЭР УУЛЫГ ДОВ БАЙХАД ГЭДЭГ ҮНЭН АЖЭЭ.

2017, 10 сар 31. 5:06
Зочин

тэр үед аав маань аврах эрэн хаах үйл ажилгаанд оролцож байсан дурсамжаа яридаг юм Дорж генерал өөрөө удирдаж цэргийн албан хаагчид оролцож 10 уулаа гэдэг байхаа уг ажиллагаанд оролцсон хүмүүст Засгийн газрын хүндэт жуух гэдэг зүйлээр урамшуулж байсан байдаг юм маш хүнд нөхцөлд ямарч хамгаалах хэрэгслэл үгүй цэвэр залуу насаарай эх орны даалгавар заавал биелүүл гэдэг тушаалтай оролцож байснаа ав минь дурсан ярьдаг юм

2017, 10 сар 30. 21:33
Зочин

Aldart exiin odon seriin dugaar bdaguimuu? Odongiin seriin dugaaraar n xen gdg eejid ogj bsan gedegeer n xaij boldog bmaariin

2017, 10 сар 31. 9:17
Зочин

60 гаруй жилийн өмнө гэж бодохоор архивт байсан баримтуудыг аль хэдийн устгасан гэсэн үг.

10 сар 5. 17:27
Зочин

ИЛ-14 онгоцны нисгэгч нь Лувсандагва, 2-р нисгэгч нь Баасай гэж хүн байсан юм даа, зайлуул. Хоюулаа Цэргийн ерөнхий сургуулийн нисэхийн курс төгссөн залуухан офицер байсныг мэднээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]