Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ч.Санжаадамба өнжих үү, Н.Батсуурь өнжих үү?Уншсан9,136

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр, наадам ойртсон энэ мөчүүдэд Монголын Үндэсний бөхийн холбоо тойрсон асуудлууд шийдэгдэж өгдөггүй, хэл амтай, янз бүрийн яриа хөөрөө тасрахгүй байгаа юм байх.

Нийтлэлч Г.Ваанчиг бичиж байна.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр, наадам ойртсон энэ мөчүүдэд Монголын Үндэсний бөхийн холбоо тойрсон асуудлууд шийдэгдэж өгдөггүй, хэл амтай, янз бүрийн яриа хөөрөө тасрахгүй байгаа юм байх.  Улсын аварга Ч.Санжаадамба Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хурал дээр ч хэлсэн, түүнээс хойш ч байнга санал гаргаж бөхчүүдийн допингийн асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлж байгаа. Саяхан бүр допингийн асуудалтай бөхчүүдийнхээ асуудлыг шийдэхгүй бол энэ наадамд зодоглохгүй гэж хэлж, ярьж буй бичлэг нь сошиалд өргөн тархаж байна. Харин үүнтэй холбогдуулаад Монголын Үндэсний бөхийн холбооноос тоймтой мэдэгдэл, шийдэл хариу өгч байгаа юм алга. Явж явж энэ жилийн наадмыг хоёр аваргын нэг нь өнжиж таарах нь уу дээ л гэмээр. Н.Батсуурь аваргын барилдах эрхийг хассан байгаа гээд өнжөөх нь үү, допингийн асуудлаа шийдсэнгүй гээд Ч.Санжаадамба аварга шарандаа 100 жилийн ойгоо зодоглолгүй өнгөрөөх үү?

Ер нь хаанаас нь ч харсан Ч.Санжаадамба аваргын ч зөв юм. Монголын үндэсний уламжлал, өв соёлыг тээж явдаг соёл, спортын хосолмол энэ сайхан зүйлээ цааш нь үргэлжлүүлж зөв зохистой хадгалж явахыг хүсвэл допингийн асуудалд хатуу хандахаас өөр аргагүй. Тэрнээс жалга довоороо талцаж хуваагдаад биесээ өмөөрөөд яаж ийгээд цаг хугацааг өнгөрөөгөөд байвал нэгэнт л спорт юм чинь цааш цаашдаа энэ байдал хөмөрсөн тогоон доторх цөөн хэдэн жин ихтэй бөхчүүдийн шоу-тоглолт болж хувирна. 

Тиймээс л цааш нь тээж хөгжүүлж, спорт талаас нь ч олны хүртээл болгохыг хүсч байвал допингтой эвлэрэх арга байхгүй билээ. Сүүлийн жилүүдэд энэ асуудал үнэхээр хурцаар тавигдаж байгааг түмэн олон мэднэ. Яг ид үедээ барилдаж байгаа, гэхдээ бас ч гэж төрийн наадмын түрүүгээ нэмж цолоо ахиулах боломж жил ирэх бүр хомсдож байгаа Улсын аварга цолтой бөхийн хувьд бөхийн бугшмал асуудал дээр ингэж зоригтой дуугарч байгаа нь нэг талаараа аргагүй ч юм, нөгөө талаараа дуу хоолойгоо ард түмэндээ хүргэж байгаад нь бид баярлах ч ёстой юм.

Ч.Санжаадамбыг ойлгох хэрэгтэй, цаашлаад Н.Батсуурь аваргыг ч ойлгох хэрэгтэй. Аль аль нь л төрийн наадмын түрүүгээ ахиулж, даян аварга, дархан аварга болохын төлөө цаг мөч бүртэй уралдаж байгаа энэ цагийн бөхчүүдийн манлай бөхөс билээ. Ч.Санжаадамба аваргын хувьд үнэхээр мөнчгөрөөрөө зүтгээд, хөдөлмөрөө зориулж барилдахад нь хэн нэгэн өрсөлдөгч нь допинг шахуулчихаад авч шидчихээд байвал үнэхээр юу гэлтэй билээ. Н.Батсуурь аваргын хувьд ч гэсэн допингийн асуудал нь ил болоход хэвлэлийн бага хурал хийж үнэхээр гомдолтой байгаагаа илэрхийлсэн, нэг ёсондоо буруу санаатны элдвийн санаархалд өртчихсөн гэдгээ хэлсэн дээ.

Монголчууд ч гэсэн хоёр сайхан аваргаа хоёуланг нь л 100 жилийн ойн төрийн наадамдаа зодоглохыг нь харах хүсэлтэй байгаа. Гэвч хүсэхэд хясна гэгчээр энэ хоёр аварга маань яаж ч болдоггүй, ямар ч шийдэлд хүрэхэд хэцүү асуудалд орчихжээ. Тэглээ гээд допингтой гэгдэх нэг нь барилдаж, нөгөөх нь зодоглоод өнгөрөх үү, эсрэгээрээ шударга ёс шаардаж байгаа аварга нь эсэргүүцэлдээ үнэнч зогсож наадмыг өнгөрөөх үү.

Харамсалтай л юм.

Тиймээс л Үндэсний бөхийн холбоо тал тохой татахгүй, жалга дов харахгүйгээр маш сайхан шударгаар шийдэж, төрийн наадмаа цааш цаашид нь будлиангүй сайхан явуулахын төлөө зоригтой шийдэл гаргамаар байгааг хэлэх юун. Түмэн олон үзэгчид чинь хүлээж суугаа.

Ингээд эцэст нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус "Их Эе" хурал дээр үг хэлсэн хоёр аваргын байр суурийг онцлоё.

Ч.Санжаадамба аварга "Цэцдийн  зөвлөлийн тэргүүний асуудал яриад байгаа юм уу, допингийнхаа асуудлыг ярь л даа. Том том юм яриад байдаг бөхчүүд гарч ирж энэ асуудлаа ярь л даа. Тэгээд л энд тэнд буланд таарахаараа том том юм яриад байдаг. Тийм л сүрхий юм бол бусдынхаа өмнө гарч ирээд энэ асуудлаа ярь л даа. Яагаад чимээгүй суугаад байгаа юм. Энэ Үндэсний бөхийн холбоог баталгаатай гээд сонгочихлоо. Өмнө нь юм хийж байсан гээд сонгож, үлдээлээ. Тэгээд яг одоо юу хийх юм. Допингийн асуудлаа яг яаж шийдэх юм. Энд тэнд таарахаараа л допинг хэрэглэх буруу гээд л мундаг мундаг юм яриад байдаг. Одоо үзэл бодлоо хэлээч. Допингийн асуудлаар ярина гэчихээд л шал өөр, Үндэсний бөхийн холбооны дотоод асуудлын юм яриад явчихна.  Гол тулгамдаж байгаа асуудлаа ярь л даа”.

С.Мөнхбат аварга “Улсын цолтой бусад бөхчүүд маань энэ хуралдаа идэвхтэй оролцмоор байна. Хоёр, гурваараа жиг жуг гээд яриад байгаа хэрнээ Санжаадамба аварга шиг өөрийн үзэл бодлоо илэрхийлж ярих шаардлага та бүхэнд байгаа шүү. Монгол үндэсний бөхийн ирээдүй 20 жилээр ухарч, хойшилсон гэж би хувьдаа бодож байна. Өнөөдөр Монгол улсад хүүхдээ ирээдүйн бөх болгоно гэж байгаа айлууд цөөрч байна. Үндэсний бөхийг үзэж дэмждэг үзэгчдийн тоо багассан байна. Ирээдүйд өөрийн хөдөлмөрийг үр хүүхэддээ болон ач гучдаа үнэлүүлэх гэж байгаа бол энэ асуудалд сэтгэл гаргаж оролцоосой гэж уриалж байна. Та бүгд өнөөдөр, маргаашийг ялгахгүйгээр дүмбийсэн байдалтай сууж байгаад харамсалтай байна. Бөхийн төлөө амьдрал, бүх зүйлээ зориулж явчихаад дуу хоолойгоо хүргэхгүй байгаад сэтгэл эмзэглэж байна” гэлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]