Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Just Cause” ажиллагаа буюу рок хөгжмөөр генералыг барьсан ньУншсан3,438

1977 онд Панам болон АНУ-ын хооронд болсон хэлэлцээний үр дүнгээр Панам улс нь уг хоолойг эзэмших 65%-ийн эрхтэй болсон төдийгүй 2000 он гэхэд 100 хувь өөрийн мэдэлд авахаар болжээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Панамын хоолойн ач холбогдлыг хэтрүүлж үнэлэх боломж бараг байхгүй гэж хэлж болох байх.  Санхүү эдийн засгийн, геополитикийн, цэрэг стратегийн... Газрын зураг дээр энэ хоолойг хаана байгааг харахад л эдгээр зүйлс ойлгомжтой биз ээ.

1977 онд Панам болон АНУ-ын хооронд болсон хэлэлцээний үр дүнгээр Панам улс нь уг хоолойг эзэмших 65%-ийн эрхтэй болсон төдийгүй 2000 он гэхэд 100 хувь өөрийн мэдэлд авахаар болжээ. АНУ нь өөрийн бүрэн мэдэлд байсан энэ хоолойг Панамчуудад шилжүүлж өгөхөөс өөр аргагүй байсан ба дэлхий дахины шаардлага үүнд ихээхэн нөлөөлсөн гэдэг. Гэхдээ өөр бусад арга замаар (техникийн, эдийн засгийн, улс төрийн нөлөөгөөр г.м.) уг хоолойг мэдэлдээ байлгаж чадна гэж тэд тооцож байсан бололтой.

Харин Панамын ерөнхийлөгч Торрихосо өөр бодолтой байжээ. Угаасаа Америкчуудад итгэдэггүй энэ хүн уг хоолойг улсынхаа бүрэн мэдэлд авсны дараа гаднын өөр улсуудын тусламж авахаар бэлдэж ажиллаж байсан нь Америкчуудад огт таалагдсангүй. Энэ ерөнхийлөгчийн амь насанд хэд хэдэн удаа халдсан боловч амжилт олж байгаагүй ба нэгэн удаа гадаадад айлчлал хийж байх хооронд нь Панамд бөөн жагсаал цуглаан, буу зэвсэг болсон байна. Америкчууд Торрихосод буцаж ирээгүй нь дээр гэж сануулж байсан боловч ерөнхийлөгч эх орондоо эргэн ирэхэд ард түмэн тэр чигээрээ шахам угтан авч, төрийн эргэлт бүтэлгүй болжээ. Энэ угталтыг генерал Норьега гээч зохион байгуулж байсныг нэг хэлэх хэрэгтэй.

Ингээд 1981 онд Омар Торрихос нь онгоцны ослоор амь үрэгдлээ. Онгоц техникийн хувьд ямар ч асуудалгүй, цаг агаар маш тааламжтай нөхцөлд болсон энэ ослыг Америкчуудын хийсэн үйлдэл гэж нутгийнхан үздэг бөгөөд зөвхөн 1981 онд латин Америкийн гурван улсын ерөнхийлөгч учир битүүлгээр амиа алдсан юм гэнэ лээ.

Торрихосын оронд Родригес ерөнхийлөгч болсон боловч үнэндээ генерал Норьега засгийн эрх барьж эхэллээ. Өмнөх ерөнхийлөгчөөс илүү дайсагнасан үзэл бодолтой энэ нөхөртэй Америкчууд ёсорхоод байлгүй шууд тулган шаардаж эхэлжээ.

“Генерал Норьега бол хар тамхины наймаачин, дарангуйлагч, ардчиллыг нухчин дарагч...”гэх зэргээр цоллож, хэрвээ албан тушаалаасаа сайн дураараа буувал энэ бүх хэргийг нь хэрэгсэхгүй орхиж болно гэсэн мессеж өгсөн ч генерал хүлээж авсангүй төдийгүй АНУ болон Панам нь дайны байдалд байгаа улсууд гэж мэдэгдсэн байна.  Америк болон Панамын хоорондын харилцаа дээд зэргээр хурцадлаа.

Тухайн үед Панамын хоолойн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилготой АНУ-ын 13 000 цэрэг гэрээний дагуу энд байрладаг байж. Гадаадын цэрэг нутагт нь байгаад хэн дуртай байдаг билээ, янз бүрийн зөрчил маргаан тасарна гэж үгүй.

1989 оны 12-р сарын 16 ны өдөр Америкийн цэргүүд бүхий нэгэн суудлын машин Панамын цэргийн анги нэгтгэл рүү давхиад орчхож. Үнэндээ бол төөрч будлисан хүмүүс байсан бололтой. Панамын цэргийн ангийн харуул энэ машин руу буудсаны улмаас 3 хүн хүнд хөнгөн шархдаж, нэг хүн амиа алджээ.

Бараг тэр даруй АНУ-ын нэгдсэн штабын дарга Колин Пауэлл (НҮБ-ийн индэр дээр хуурамч химийн бодис бүхий хуруу шил барин Саддамыг муулж байсан нөгөөх мөн) нь ерөнхийлөгч Бушын өрөөнд давхин ирж болсон явдлын тухай дуулгаад, “зарим нэг хүмүүсийг сайн хашрааж өгөх боломжтой үе” ирснийг мэдэгдсэн байна.

Панамын арми (PDF) энэ үед 14 000 цэрэгтэй, 29 БТР, 12 эргийн харуулын хөлөг онгоц, 28 хөнгөн нисэх онгоцтой байсан бол Америкчууд Панам дахь 13 000 цэргээс гадна 7000 “рейнжерүүд” болон “далайн хав” авчрахаар боллоо.

Америкчуудын зэвсэг техник гэж аймаар. Өч төчнөөн шинэхэн хуягт машин Хамви (Хаммер гэж нэрээр алдаршсан), LAV-25 БТР-үүд, дайралтын нисдэг тэрэг Апач, сөнөөгч бөмбөгдөгч F-15, сөнөөгч F-16, радио холбооны дайн хийх зориулалттай “Авакс”... бүр шив шинэ stealth-“үл үзэгдэгч” бөмбөгдөгч F-117!

 

“Just Cause” ажиллагаа эхэлсэн нь

1989 оны 12-р сарын 20 нд Америкчууд дайрч эхэллээ. Хоёр ширхэг F-117  нь шөнийн цагаар Панамын нутагт орж ирэн цэргүүдийн байрлал дээр нь хоёр 900-кг-ийн бөмбөг хаясан боловч (лазерын туягаар онилдог Mark 84 агаарын бөмбөг) байгаа оносонгүй. Гэхдээ энэ том амьтан 200-300 метрийн зайд дэлбэрэхэд Панамчууд сүрдсэн нь ойлгомжтой бөгөөд залгаад “ганшип” (дайралтын онгоц болгож өөрчилсөн их буу бүхий тээврийн онгоц), 2 Апач нисдэг тэрэгнүүд агаараас эсэргүүцэх системийг нь балбаж эхэлжээ.

Энэ бүхний дараа тээврийн C-130-аас рейнжерүүд шүхрээр үсэрч эхэлсэн ба хамгийн түрүүнд шахам үсэрсэн хурандаа Кернан гээч нь цахилгааны шугам дээр бууж орооцолдсоноос болж тухайн орчин цахилгаангүй , таг харанхуй болжээ. Хурандаа эсэн мэнд буусан боловч 30-аад цэрэг шүхрээр үсрэх үед янз бүрээр гэмтэж, нэг цэрэг амиа алдсан байна. Бас десантчидад зориулсан цөөнгүй тооны мотоцикл болон жип машинууд газар бяц унасан гэнэ. Америкчууд дайрч Панамчууд ширүүн эсэргүүцэж 5 цаг гаруй тулалдсан боловч хүчинд автаж эхэлжээ.

Үүнтэй зэрэгцэн Америкийн 3 батальон цэргүүд “Шеридиан” танкууд, нисдэг тэрэгний дэмжлэгтэйгээр Панам хотод байрлах PDF-ийн төв штаб руу дайрлаа. Штаб хамгаалж байсан цөөхөн цэргүүд гурван цаг гаруй эсэргүүцсэн боловч тэднийг “Апач”-аас харвасан хэт цэцэн тусгалтай  “Хеллфайр” пуужингууд нам дарсан байна.

Америкчууд энэ мэт байдлаар олон цэгүүдэд гэнэт цохилт өгч, Панамчууд хариу эсэргүүцсээр ганцхан өдрийн дотор Америкийн 19 цэргийг алж, 100 гаруйг шархдуулсан бол Панамчуудын хохирол нь 53 цэрэг алуулж, мөн төдий тооны хүн шархаджээ. 20 ны өдөр Панамын цэргүүд ерөнхий удирдлагагүй болсноор хамаг хэрэг дууслаа.

 

Рок хөгжмийн ач холбогдол

Америкчуудын заналт дайсан генерал Норьега дайснаасаа зугтан эхлээд сургуулийн байшинд, дараа нь эмнэлэг, ресторанд амь хорогдож байгаад Ватиканы элчин сайдын яаманд орж чадсан байна. Үүнээс илүү сайн хамгаалалт хаа байхав гэмээр. Гэтэл Америкчууд бол Америкчууд. Тэд юмны учир начир олохдоо гаргуун хүмүүс. Америкийн цэргийн ангийн хэдэн том машин Ватиканы элчин сайдын яамны ойролцоо ирж зогсон янз бүрийн дуу гарагч, өсгөгч угсарч эхэллээ. Удалгүй энэ “цагаан хоолойгоор” хүнд рок дуунууд хадаж эхэлсэн ба ихэнхдээ л Black Sabbath, Iron Maiden, AC/DC болон KISS… хамтлагийн дуунууд явна. Бас заримдаа Битлз, Шер, Чаз Берри, Жимми Хендрикс...

...it's been a hard day's night...

Өдөр шөнөгүй хангинах энэ айхтар рок дуунуудыг Норьега юу, Ватиканы нунцынхан (элчин сайдын яамныхан) уу... удаан тэвчиж чадаагүй учир генерал маань удалгүй гараа өргөсөөр гарч ирсэн гэдэг.

1992 онд энэ нөхөрт 40 жилийн хорих ял өгөөд, 2017 онд Францын шоронд шилжүүлж, тэндээсээ Панамын шоронд шилжүүлж явсаар саяхан нүд аньсан юм гэнэ лээ.

АНУ Панамын хоорондох зөрчилдөөнийг Америкчууд ийнхүү өөртөө ашигтайгаар шийдсэн ба үүнд нь Рок хөгжим тун чухал үүрэг гүйцэтгэсэн тухай түүх энэ буюу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]