Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

645 кг чулуу өргөсөн улсын арсланУншсан12,109

Тэрбээр Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг, Цагаан ус хэмээх газар 1888 онд төржээ.

Монгол бөхийн түүхэнд олон зуун килограмм хад, чулууг огт ажралгүй өргөж явсан бяр хүч тэнхлүүн аварга, арслангууд олон бий. Тухайлбал, Г.Дэмүүл арслан 380 килограмм, М.Гомбодорж заан 320 килограмм, Увсын Ө.Тулгаа заан 156 килограмм...

Халхын хүчит эр “босоо” хэмээх С.Шагдар 645 килограмм чулуу өргөж явсан нь өнөө цагийн бидэнд үлгэр, домог мэт сонсогдох нь лавтай. Сосорын Шагдар буюу олноо “Босоо” Шагдар гэж алдаршсан энэ их хүчтэн өндөр нуруутай, зузаан цээжтэй тоймгүй их бяртай бөх байсан гэдэг. 100, 200 биш 645 килограмм чулуу өргөсөн гэж бодохоор эгэлгүй их бяртай байсан байж таарна аа даа. С.Шагдарын биеийн өндөр нь  хоёр метр орчим байсан гэж намтарт нь бий. Түүний өргөсөн 645кг жинтэй чулуу нь Цагаан-Уул сумын биеийн тамирын талбайд одоо ч бий гэнэ. Тэр чулууг нь аймгийн Арслан цолтой дөрвөн бөх газраас дөнгөж хөндийрүүлээд цааш өргөж чадахгүй байсан гэдэг.

1922-1930 оны xoopoнд Улсын баяр наадамд барилдаж явсан хүчтэнүүдийн дундаас "Босоо" /орон нутгийн том жижиг ямар нэгэн наадамд өвдөг шороодолгүй үлддэг болохоор нь чингэж нэрлэжээ/ хэмээн олноо өргөмжлөгдсөн хоёрхон бөхийн нэг бол арслан С.Шагдар юм. Харин нутаг усныхан нь түүнийг нутгийнхан "Шар гунан арслан" гэж нэрлэдэг байж.  Тэрбээр Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг, Цагаан ус хэмээх газар 1888 онд төржээ.

Түүний аав Сосорынх нутаг усандаа нэлээд чинээлэгдүү айлын нэг байсан бөгөөд хүү, охин хоёртой байв. Шагдарын эцгийн тал бөхийн удамгүй байсан  бөгөөд эхийн талд том биетэй, гартаа бяр тэнхээтэй хүмүүс байсан гэдэг. Нэг өвөл Г.Сосорынх өвлийн идшээ хийж байхад нь нутгийн хэдэн хүн ирж айл сураглахад Шагдарын эмэгтэй дүү нь нэг гартаа барьсан х ө л д ү ү   ү х р и й н   г у я а р тэр зүгт хэмээн зааж байсан гэдэг.

Бие өсгөлүүн тэр багаас барилдаж ноцолдох дуртай байсан бөгөөд овоо тахилгын наадамд барилдаж, бяр тэнхээтэйгээ мэдэж, нутгийн нэртэй бөхийн засуулч Өнөртогтох гэдэг хүнээр барилдах арга мэх заалган, хойш суйлах, харцагадаж дайрах, хав дөрвөлжин барьцнаас баруун гараараа шуудагдах, зүүн хөлөөрөө хавирах зэрэг мэхийг чадамгай сурсан гэдэг.

 Шагдар овоо тахилгын наадамд барилдаж үзүүр түрүүнд тогтмол үлддэг байжээ. Өөрийн төрж  өссөн Дүүрэгч вангийн хошуунынхаа наадамд 19 настайдаа зодоглон түрүүлснээс хойш “босоо” хэмээн алдрыг олноос хүртэж түүгээрээ алдаршжээ. Монгол бөхийн түүхэнд “Босоо” хэмээх алдрыг олноос гуравхан хүртсэн байдаг. Тэдгээр нь С.Шагдар арслан, Б.Банзар арслан, Г.Самдан аварга юм.

Анх 1913 онд Тэсийн хүрээний Майдарын их наадамд ирж барилдаанд Далай Чойнхор вангийн Г.Ванданг орхин түрүүлж байжээ. Улмаар 1924 онд болсон уул тайлгын сүүлийн наадамд Арвайхээрийн Бандид унаж үзүүрлэсэн бол тэр жилийнхээ цэргийн наадамд Хан Хэнтийн "босоо" Самдангаар арав даван түрүүлж улсын арслан цолыг хүртжээ. 1925 онд 920 бөхөөс Их шөвөгт үлдэж Н.Жамьянд тахим өгчээ. Тэрээр Ардын Төрийн наадамд 1 түрүүлж, 1 удаа Их шөвөгт шалгарч байсан юм.

Түүний тухай домог, хууч яриануудаас онцлон хүргэе

Ж.Дамдины “Монгол бөх” номд түүний талаар домог болон үлдсэн хууч яриануудыг нийтэлсэн байдаг. 

Босоо Шагдарыг ид залуухан явахад нь нутгийн нэгэн цуутай баян Түвшин гэгч түүнд нэрмэл өгч байх зуурт түүгээр оролдон, өөрийн зургаан ханатай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж: "Хэрэв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ" гэх зэргээр д о р о м ж и л с о н д,

Шагдар "Аа тиймүү хө. Чамд бурхан тэнгэрээс зуд турхан, х у л г а й худал, чоно нохой, өвчинд эрсдэх хэдэн мал заяасан байхад түүнд үл эрсдэх хүчин тэнхээг миний ганц биед хүртээсэн юм хө" гэжээ.

"Тэгвэл чи миний энэ гэрийг бүрэн хэрэглэлийн хамтаар энэ чигт нь тэр бурхан тэнгэрийнхээ агуу хүчээр, өөрийн ганц биеэрээ, тэр зүүнтэй харагдаж байгаа дэнж дээр аваачиж тавьсугай. Хэрэв чингэж чадваас би чамайг үнэхээрийн их бяртай хүн юм гэж бодьё. Түүнээс биш хүн хүнээ өргөх, унагаах мэтийг ямар их бяртай гэх вэ" гэх зэргээр ам асууж элдвээр хорыг нь маажсанд, Босоо Шагдар тэсэлгүй гэнэтхэн ухасхийн босож, үүд рүү нь шууд гүйж очоод сэрвээгээрээ тотгыг нь өргөөд, урагшаа зүтгэсэнд шинэхэн сайн хошлон ба оосортой их гэр тэр аяараа шажигнан хөдөлж, хананы нь шийр хатуу газраар зурж, доторхи хогшлынхоо хамт Босоо Шагдарын цээжинд бүхлээрээ чирэгдэн явжээ.

Үүнд сандарч тэвдсэн Түвшин ч бачимдан хашхирч: "Одоо боль, боллоо" гэж Шагдарт хэлсэнд сая цаадах нь арай гэж зогссон нь харин хориод алхам чирч, хонины хашааны өмнө нь аваачиж орхисон байв. Энэ явдал тэр хошуу нутгаар түрхрэн хэлцэгдэж, хошуу нутгаараа Шагдарыг ихэд шагшин гайхсаар үлджээ.

 Өөр нэгэн сонин баримт өгүүлбэл:

 1932 оны баруун хэдэн аймгийн эсэргүү үймээн дэгдсэн жил гэдэг, эсэргүү бослого гарсан хэсэг бүлэг этгээд сарниж эхлэхдээ, нэгэн хэсэг лам, хар нийлсэн эсэргүүчүүл, Эрдэнэ дүүрэгч вангийн хүрээний дэргэд хэзээнээс байдаг хэдэн хятад пүүсний нэгний нь бэхэлсэн том дааман хаалгатай өндөр шавар хэрэм дотор шивээлэн бүгжээ. Тэндээс ийш тийш хамаагүй б у у д а ж, хүмүүсийг ойртуулахгүй байсаар сум дариа дууссан бололтой сүүл сүүлдээ чимээ авиагүй хориглон байхад хэсэг хүмүүс очиж, хэрмийг даван орж хараахан болохгүй тул их дааман хаалгыг э в д э ж орохоор оролдон байжээ. Гэвч захыг нь төмөрлөн бөхөлсөн зузаан банзан далавч бүхий том дааман хаалга тийм ч амар эвдэрч өгөхгүй ядаж цөхөн байтал тэр үеэр тэнд очилцсон босоо Шагдар гэнэт:

 - Алив, та нар холхон байж бай! Би нэг дайраад үзье гээд нэлээд зайтай очиж зогсоход зарим хүмүүс дотроо инээд нь хүрч «Бөх хүн т э н э г гэдэг, үнэн юм даа. Арав гаруй хүн элбээд эвдэж чадаагүй дааман хаалгыг хэмх мөргөх гэж хуц ухна шиг зогсож байх юм!» гэж шивэр авир ярьж байжээ. Гэтэл Шагдар эрчээрээ гүйж очоод, хүчээрээ мөрлөн дайрсанд дааман хаалганы хоёр далавч углуургаараа хуга үсрэн, дуу шуутайгаар цааш унасан гэлцдэг.

  “Тэгж хийморио Нөмрөгийн шороотой хутгахгүй” 

Шар гунан арслан Босоо Шагдар, Хар гунан арслан Ээжин Нанзад хоёр ид барилдаж байхдаа 13 жилийн турш үргэлж хамтдаа явж аймаг, хошуу, овооны наадамд барилддаг байсан бөгөөд Босоо Шагдар нь түрүүлж Ээжин Нанзад нь үзүүрлэдэг байжээ.

 Нэгэн намар Нөмрөгийн (Завханы хошуу) наадамд түрүү үзүүрт хоёулаа үлдээд Хар гунан арслан Ээжин Нанзад нь Шар гунан арслан Босоо Шагдараас “Би түрүүлье, ганц удаа буугаад өгчих” гэж гуйсан байна. Хариу нь маш товч тодорхой “Тэгж хийморио Нөмрөгийн шороотой хутгахгүй”. Ээжин Нанзад нь их л бачимдаж Босоо Шагдараас урьтаж барьц авангуут баруун зүүн талаараа ээлжлэн сэлгэж долоо тонгороод унасан байна. Ээжин Нанзад хожмоо “Тэсийн хүрээний наадамд бас л хоёул түрүү үзүүрт үлдээд 13 удаа тонгороход Шагдарын хамраас ц у с гоожлоо. Тэгэхэд, Шагдар:

-Байз хө, тэнэг нохой хүн с ү й т г э л э э. Очиж мөргө (одоогоор бол туг тойрох) гэсэн юм. Ингэж ганц удаа хаясан нэр зүүсэн” хэмээн хуучилжээ.

 “Гадны олон бөхөөс босоо Шагдараас бусдыг нь бол манай хэд хаячихна”

Ш.Адьшаа, Б.Ерэнтэйн бичсэн “Монгол бөхийн дүрэм” номд дараах хууч яриа бичигдэн үлдсэн байдаг. 

Завханы Завханмандалын М.Бямбаа (1972 оны яриа) “Би 1918 оны морь жилтэй хүн, намайг гарахаас гурван жилийн өмнө манай Цэцэн Сартуулын (Засагт хан аймаг, одоогийн Завханы өмнө талын сумд) хошуу ноён Жалчингомбоцэдэнд ван цол шагнахад дуулиантай том наадам хийсэн юм билээ. Сартуулууд төв Халхын айзам уртын дуу дуулахдаа тааруу, харин бэсрэг уртын дуу их дуулна, найр наадамд баргуудын Бор борын бялзуухайг хадааж өгнө.

Энэ наадамд Сайн ноён ханы Лу гүн өөрөө ирж, барилдах бөх, бас найр эхлүүлэх сайн дуучдыг авчирсан гэдэг. Лу гүн, манай хошуу ноён хоёр их дотно анд байж. Ирсэн дуучид Түмний эх дууг тэнд онцгой сайхан дуулсан гэж хуучцуул ярьдагсан. Газар газраас олон сайн бөх ирж дээ. Тэр үед манай хошуунд Сартуулын Саран толгойт гэж алдаршсан, даншиг наадамд барилдаж улсын цол (1890 оны Даншигт 6 давж начин болсон баримт буй) авсан Урианхай заан, Улиастайн амбан, чуулган жанжны наадамд түрүүлж арслан болсон бага Намсрай, Ховдын амбаны наадмын арслан Бүрэнтөгс заан, шавь Нацаг заан, говийн тэмээ өргөдөг Хар гэх зэрэг гайгүй хэдэн бөх байжээ.

Урианхай заан нь 40 хол гарсан настай, харих тийшээ болчихсон, тэгээд ч Илжгэн ноёны наадамд Хан Хөхийд барилдаж байгаад учраа бөхөө харваж суйлаад ш ө р м ө с и й г нь тасдчихснаас хойш бөхийн үйл хэргээ бүрмөсөн орхиж, Галуутайн хүрээнд лам болж суурьшсан үе таарчээ. Дайчин хиа Ламжав (Хожмоо улсын бага хурлын дарга болсон) тэргүүтэй хошууны түшмэд “Гадны олон бөхөөс босоо Шагдараас бусдыг нь бол манай хэд хаячихна” гэж ноёндоо айлтгасан байна.

Харин Урианхай заан “босоо Шагдарыг ганц удаа бол хаячих хийг нь олж харлаа, сахилаа өгчихөөд барилдъя” гэж их гуйсан гэдэг. Дээр үед лам хүн барилдах ёсгүй тул барилдахдаа багшдаа сахилаа өгч наадамд зодоглодог, дараа нь сахилаа авдаг нарийн дэг жаягтай байсан л даа. Урианхай зааны номын багш нь түүнийг зэмлэж “босоо Шагдарыг хаях бүү хэл өөрөө х э м х э р в э л яана, тэгээд ч тэр хол газраас зорьж ирсэн сайхан хүү (босоо Шагдар 27-той байв) түрүүлэхэд яадаг юм” гээд сахилыг аваагүйгүйгээс тэрбээр уг наадамд барилдалгүй өнжжээ.

Олон хоног наадсаны эцэст түрүү үзүүрт Дүүрэгч вангийн босоо Шагдар, Сартуулын бага Намсрайтай шалгарч барилдсан байна. Бага Намсрай урьд нь босоо Шагдартай хэд хэд таарч барилдаад тувт унасан учраас хуучны хашир бөхчүүд, засуул нь “Явж хав барилдаад хэрэггүй, бариа зөрөөн дээр дөрвөн хөллүүлэхийг бод. Тэгээд босоо Шагдар тахимаа өгвөл тэр биз. Үгүй бол яая гэх вэ, наадмаа алдаж” гэж захиад гаргасан юм билээ. Бага Намсрай дархан хавираагаа хийгээд ухарч татсанд босоо Шагдар хоёр гараараа газар дутуу тулаад босч ирснээ “Танай хошууны сахиус Банданлхам тань түшлээ дээ. За явж мөргө, идээгээ ав” гээд тахимаа өгсөн гэдэг юм.

Тэр наадам үзсэн хүмүүс хожим түрүү, үзүүрийн хоёр бөхийн тухай “Оройн нар нэлээд ташаад ирсэн, сүүлчийн хоёр бөх тавихаар, зүүн баруун засуулчин дээр гаргалаа. Жинд явах гээд олон хоног хагсраасан ат (тэмээ) шиг хоёр амьтан шанам малгай сагсалзуулаад засуулчнаа тойроод хэсэг тэлүүлнэ. Тэгснээ ширээлдэж засуулчнаа ганхуулан хоёр харцаганыхаа махыг шилгээнэ. Ширээлдэхээ болингуут засуулчныхаа эгц ард өвдгөө тулан зогсоод суган доогуур нь бие бие рүүгээ сэм сэмхэн мэт хараачилж байсан нь хангай газрын азарган чоно аятай санагдаж байж билээ” гэж ярьдагсан.

"Чамайг үхрийн нойтон ширийг голоор нь цуу татчих юм бол..."

Түүний тухай бас нэгэн домогт ийн өгүүлжээ. Дүүрэгч Вангийн хошууны "Босоо" Шагдарыг нэгэн удаа хошуу ноён Эрдэнэ дүүрэгч ван:

- Чиний чадлыг нүдээрээ үзэхсэн. Даанч өргөчих том юм энэ хавьд алга даа. Гэхдээ чи үхрийн нойтон ширийг ц у у т а т ч и х а ж чадах уу? гэж асуусанд "босоо" Шагдар:

-Хэрэв цуу татчихвал та юу хайрлахсан бол гэжээ. Хариуд нь ноён:

- Чамайг үхрийн нойтон ширийг голоор нь ц у у татчих юм бол би өндөр борыгоо өгье гэжээ. Тэр цагт Эрдэнэ дүүрэгч ванд алдартай хурдан "Өндөр бор" гэж ажнай байсан тул ноёныхоо энэ үгийг сонсоод Шагдар арслан эргэлзэж,

-Нээрэн үү? гэхэд ноён:

- Яалаа гэж худал ам гарах вэ, үнэн. Чи л цуу татчих гэжээ. "Босоо" Шагдар мөнөөх нас гүйцсэн бүдүүн үхрийн нойтон ширийг хоёр годноос атгаж гэнэт хүчлэн татаад цуу татчихсан гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]