Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталиныг галзууруулах шахсан Букриний десантын ажиллагааУншсан15,628

“Сталин энэ тэнэглэлийн тухай сонсоод итгэж ч чадахгүй байсан” гэж бичиж байсан юм билээ.

"Гитлерийг галзууруулах шахсан десантын ажиллагаа" нэртэй нийтлэлдээ Германы десантчид Крит арлыг эзлэх гэж ямар их хохирол амссан талаар, энэ нь цаашид Германы цэргийн ажиллагааны десантын гүйцэтгэх үүрэгт хэрхэн нөлөөлсөн талаар бичиж байсан билээ. Тэгвэл энэ удаа Зөвлөлтийн нэг том десантын ажиллагаа хэрхэн бүтэлгүйтсэн тухай сонирхуулъя.

Энэ явдал 1943 оны намар болсон юм. 1943 он, тэр тусмаа намар цаг гэдэг бол 1941 онд Зөвлөлтийн армийн баларч байсан тэр цаг үе биш, дайнд эргэлт гаргалаа гэж бодож, үүнийхээ төлөө маш ширүүн цохилт амссан 1942 он ч биш гэдгийг нэг санах хэрэгтэй болов уу. Улаан арми санаачлагыг гартаа авч, байлдаж тулалдаж ялж сурч байсан тэр үед Букриний десант буюу албан ёсны нэрээрээ бол “Днеприйн агаарын десантын операци" явагджээ.

Курскт ялагдаж, Харьковыг аль хэзээний алдсан Германы арми Днепр мөрний эрэгт маш хүчтэй хориглолт бэлдэж эхэлсэн бөгөөд хэрвээ энэ байгалийн маш тохиромжтой газар нутгийг ашиглан Зөвлөлтийн довтолгоог зогсоож чадахгүй бол III Рейхийн цаашдын төлөв байдал, бүр бүх л дайны хувь заяа ч өөрөө эргэх аюултай нөхцөл байдал тулгарсан байна.

Германы арми энэ бэхлэлтээ “Ирвэсийн зурвас” (Panther—Wotan) гэж нэрлэн энэ бэхлэлтийн ачаар Зөвлөлтийн довтолгоог зогсоож, үр дүнд нь дайныг боломжийн хэмжээний буулт хийх замаар зогсоох хөзөр болгон хадгалж үлдэнэ гэж тооцож байв. Москваг эзлэн авах тулалдаанд ялагдаж, Ржевийн махны машинд “Төв” армийн бүлэглэлээ арайхийж авч үлдсэн, Сталинградад Паулюс бууж өгч, 330 000 цэрэг офицероо олзлуулсан, хамгийн сүүлд буюу дайны санаачлагыг авах гэсэн сүүлчийн оролдлого болох Курскийн тулаанд ялагдсан учраас Германы армид энэ “Ирвэсийн зурвас” нь стратегийн хамгийн чухал зүйл болж хувирсан байна. 

Зөвлөлтийн тал ч үүнийг ойлгохын сайнаар ойлгож байсан бөгөөд Германы тэр том бэхлэлтийг тас цохихын тулд бас маш их хүч дайчилж, олон янзын арга чарга хэрэглэж байсан нь агаараас десант буулгах ажиллагаа байв. Энэхүү агаарын десант нь дайсны ар талд бууж, багахан хүчээрээ  Германы энэ том армийн нөөц хүчийг өөр дээрээ татан тулалдаж, Зөвлөлтийн цэргийн гол хүчийг Днепр мөрнийг гатлахад нь дэмжлэг үзүүлэх ёстой байжээ.

Энэ тун ч хэцүү, маш олон цэргийн амь насанд халтай гэмээр үйл ажиллагааг 10 000 гаруй цэрэг бүхий анги нэгтгэл гүйцэтгэх ёстой байсан бөгөөд удирдлагыг илүү уян хатан байлгахын тулд бүгдийг нь нэгтгэж нэг десантын корпус болгон өөрчлөн зохион байгуулсны дараа 10 000 гаран гэж тооцогдож байсан цэргийн хүч нь ердөө 6000 болж хувирсан байна.

Десант буулгах бүс нутаг дээгүүр Зөвлөлтийн тагнуулын онгоц нисэхийг хориглох байдлаар үйл ажиллагаа нууцалж байсан гэдэг нь уг ажиллагаанд ямар их ач холбогдол өгч байсан, бас ямар хачирхалтай байдлаар бэлдэж байсан талаар ихээхэн юм хэлж өгөх биз ээ. Америк, Англи, Германы (бас Зөвлөлтийн) хэдэн сарын турш, бүр жилийн турш бэлдсэн десантын олон ажиллагаа хэрхэн яаж баларч сүйрч байсан тухай олон тохиолдол бий боловч Зөвлөлтийн армийн удирдлага тагнуулын хамгийн сүүлийн үеийн зураггүйгээр,(тагнуулын онгоц нисэж болохгүй учир зураг байхгүй), богинохон хугацаанд зохион байгуулсан цэргийн нэгтгэлээр энэ үүргийг гүйцэтгэж чадна гэж дэндүү эрдсэн байна.

Ингээд Букрины десантын ажиллагаа эхэллээ... Үнэндээ эхлээд сүйд болсон юм ч үгүй гэдэг. Анхны хэсгүүд дайсны ар талд буухаар ниссэний дараа байдал ямар аймшигтай болж байгаа тухай мэдээ аваад дараагийн 2000 гаруй цэргүүдийг огт нисгээгүй байна. Гэтэл энэ үед Днеприйн цаад эрэгт, хоосон газар буух ёстой анхны десантчдын ихэнх нь Германы бүхэл бүтэн таван дивизийн дунд буусан байлаа.

Төлөвлөгөөгөөр бол десантчдыг 600 метрийн өндрөөс шүхрээр хаях ёстой байсан боловч Германы агаараас эсэргүүцэх хүчин Зөвлөлтийн онгоцыг маш хүчтэй ханан галаар угтаж тэдгээр нь ч цэргүүдээ 1500-2000 метрийн өндрөөс хаяхаас өөр аргагүй болсон байна. Ийм өндрөөс хаягдсан цэргүүд ёстой талаар нэг тарж, бутрах нь тодорхой. Агаараас аажуухан бууж байгаа Зөвлөлтийн десантчдыг шатаах сумаар шүхрийг нь буудаж, няц унагаж, газар эсэн мэнд буусныг нь агнах байдлаар германчууд ёстой тоглоомон бай буудаж байгаа мэт юм болж байсан гэдэг. Ядаж байхад Зөвлөлтийн десантчид нөөц шүхэргүй ниссэн бөгөөд бодвол хэн нэг дарга нь олон цэргийг нэг онгоцонд багтаахын тулд ийм “мэргэн” шийдвэр гаргасан бололтой. Дашрамд хэлэхэд энэ ажиллагааг ерөнхийд нь Жуков хянаж, Ватутин хэрэгжүүлсэн гэдгийг нэг хэлэх хэрэгтэй болов уу.

Ийм юм болж байгааг арагшаа мэдээлж чадсан нь ч ёстой гайхамшиг байсан гэхэд болох. Учир нь бүх л холбоочдыг яагаад ч юм тусдаа онгоцонд “чихэх” тушаалтай байсан бөгөөд эхний хэсэгт ниссэн холбоочдын тэр онгоц Германы зенитийн их бууны суманд оногдон унасан байжээ. Амьд үлдсэн холбоочин ч холбоо барих боломжгүй байсан нь холбооны хэрэгсэл нь өөр онгоцоор ирэх ёстой байсантай холбоотой. (Яг Германы десантчид Крит арал дээр шүхрээр буугаад өөр онгоцоор хаях зэвсгээ хайгаад, олоод, бэлтгээд тулалдах ёстой байсантай адил) Гэсэн ч тэдгээр холбоочид ямар нэг аргаар болж байгаа явдлыг эргэн мэдээлж чадсан учраас бүр ч олон хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлж чадсан байна.

Букрины десантчдыг газар буухаас өмнө буудаж эхэлсэн хүмүүс нь хоорондоо оросоор, туркменээр хашхиралдан байсан гэдгийг тэрхүү ажиллагаанд оролцон амьд үлдсэн Зөвлөлтийн олон цэргүүд дараа нь ярьсан байдаг. Тэр тулган буудаж байсан хүмүүс бол сүүлд буюу 90-ээд оны үед бараг баатар болох шахсан урвагч Власовчууд, Туркестаны Ост батальон байсан билээ.

Энэ ажиллагаагаар 4575 десантчин, 580 хайрцаг зэвсэг, хэрэгсэл буулгасан гэдэг боловч десантчдыг Германы ширүүн галаас айсан нисгэгчид нь цаг нь болоогүй байхад олон десантчдыг хаяснаас тэд өөрийнхөө тэргүүн шугам дээр буусан бөгөөд тиймэрхүү нисгэгчид нь эргэн ирээд цэргүүдээ хаана хаясныг газрын зураг дээр заагаад өг гэхэд ч зааж чадахгүй болтлоо айж муурсан юмнууд байсан гэдэг.

Газар буусан цэргүүд харин ёстой эцсээ хүртэл үзэлцэн байсаар ихэнх нь амиа алдаж, цөөхөн хүн амьд үлдсэн нь бараг бүгд олзлогдсон байжээ. Зөвлөлтийн армийн элит болсон десантчид, дайны асар их туршлагатай эдгээр цэргүүд эцсээ хүртэл тулалдан байж дайсны ихээхэн хүчийг өөр дээрээ татаж чадсан нь Улаан арми Днепр мөрнийг гатлахад ихээхэн нөлөө болсон нь дамжиггүй.

Энэ явдлын дараа Сталин “9-р сарын 24-нд болсон явдал нь олон хүний амь насыг дэмий үрсэн хэрэг болсон бөгөөд хэргийн буруутан нь нөхөр Скрипко төдий биш, уг ажиллагааг удирдсан нөхөр Юрьев (Г.Жуковын нууц нэр), Ватутин нар болно...” гэж шууд хэлж байжээ. Сталин ингэж хүний нэрийг шууд цохон хэлж шүүмжилнэ гэдэг нь тэрээр маш их уурлаж, бухимдсаны шинж тэмдэг бөгөөд дараа нь олон түүхчид энэ тухай “Сталин энэ тэнэглэлийн тухай сонсоод итгэж ч чадахгүй байсан” гэж бичиж байсан юм билээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]