Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Освенцимийн хорих лагерьт гарсан эмэгтэйчүүдийн бослогоУншсан27,365

1939 онд Брюссельд болсон олон улсын бүжгийн уралдаанд Польш улсаас ирж оролцсон Франциска Розенберг хэмээх бүсгүй 4-р байр эзэлжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1939 онд Брюссельд болсон олон улсын бүжгийн уралдаанд Польш улсаас ирж оролцсон Франциска Розенберг хэмээх бүсгүй 4-р байр эзэлжээ. Энэ уралдаанд тэрээр зуу зуугаар тоологдох өрсөлдөгч нараа ялан гарч ийм амжилтад хүрсэн бөгөөд түүнийг Польшийн ирээдүйн бүжгийн од гэж үзэж байв. Еврей гаралтай энэ бүсгүй модерн болон сонгодог аль ч төрлийн бүжиг бүжиглэдэг,  маш уян налархай, жижигдүү биетэй бүсгүй байсан бөгөөд Польш төдийгүй Европ даяар сайхан бүсгүйн бүжиглэх эрдэм чадлыг шагшин бахдаж эхэлж байсан гэдэг. Түүнд ирээдүйн сайхан амьдрал, алдар хүнд, нэр нөлөөтэй танил тал гээд хүсч, мөрөөдөж болох бүх л зүйл өмнө нь байсан мэт боловч 9-р сар болж Дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. 

Гитлерийн Германы цахилгаан дайнд Польш улс тусгаар тогтнолоо алдаж, еврейчүүдийг үзэн ядах, доромжлох, дээрэмдэх, алах хядах явдал замбараагаа алдаж, зөвхөн еврейн гетто дотор хоригдон байхаас өөр аргагүй болсон нь тухайн үеийн еврейчүүдийн нийтлэг түүх билээ. Нөхөрт гараад Манн нэртэй болсон байсан бүжигчин маань ч Варшавын геттод  хоригдож амьд үлдэхийн тулд, талхаа олж идэхийн тулд тэндхийн Melody Palace хэмээх кабаре-театрт бүжиглэж эхэлсэн байна. Цагтаа Европыг өмнөө сөхрүүлнэ гэж бодож байсан энэ бүсгүйн хувьд энэ нь дэндүү хэцүү амьдрал байлаа.

1942 онд германчууд Варшавын еврей нарт амьд үлдэх сайхан боломж гаргаж өгч байгаа гэсэн цуу тарсан ба энэ нь хэн нэг еврей хүн нь төвийг сахисан улсын, Гитлерийн Германтай дайны байдалд бус байгаа улс орны иргэн гэдгээ нотолсон баримт үзүүлбэл олзлогдсон Герман цэргээр сольж Герман, Польшоос гаргах тухай байлаа. Ийм бичиг баримт гетто-д байгаа хүмүүст ч тэр, еврей гэдгээ нуун хотын бусад хэсэгт үлдэж чадсан хүмүүст ч байсангүй. Гэхдээ энэ мэдээ хурдан тархсаны дараа еврейчүүд болсон хойно ёстой л болох болохгүй бүхнийг хийж, үнэн худал янз бүрийн бичиг баримт олохоор оролдож эхэллээ. Гэтэл цуу яриаг “Жагев” хэмээх нацистуудтай хамтран ажилладаг урвагч еврейчүүдийн байгууллагаас санаатай тараасан байсан ба амьд үлдэхийн тулд еврейчүүд янз бүрийн шугамаар Швейцарь, өмнөд Америкийн улс орнуудын иргэн болсон баримт бичиг олох гэж хичээж байгааг нууц албад маш анхааралтай ажиглан, Германы эсрэг үйл ажиллагаа явуулж буй еврейн болон бусад нууц байгууллагуудыг, тэдний холбоо сүлбээг чимээгүйхэн илрүүлэн хяналтдаа авах зорилготой байж.

1943 оноос Швейцарь болон Өмнөд Америкийн улс орнуудын иргэн гэдгийг баталсан паспорт энд тэнд бий болж эхэлсэн ба ийм паспортыг авахын тулд дэндүү их мөнгө төлөх ёстой байв. Одоогийн ханшаар бараг 20 мянган ам.доллартай тэнцэх мөнгийг геттод хоригдож байгаа хүмүүс төлж чадахгүй ба зөвхөн онцгой хүмүүс л... Тэдний нэг нь Франциска Манн байв.

Шинэхэн паспорт үр дүнгээ өгч эхэллээ. Франциска Манн шиг ийм паспорт өвөртөлсөн хүмүүсийг эхлээд геттогоос гаргаж тусгай зочид буудалд байрлуулж эхэлсэн нь удаан хүлээсэн эрх чөлөө ойртсоныг хэлэх мэт. Удалгүй тэднийг Германы өмнөд хэсэгт байрлах Бургау лагерьт аваачин хэсэг хугацааны дараа Швейцарийн нутгаар дамжуулан явуулах нь гэсэн яриа гарч хүмүүс юм хумаа бэлдэн байсан тэр нэгэн өдөр бүгдийг нь вокзал руу явахыг шаардсан байна. Нийт 2,5-3 мянган еврейчүүд жагсан явж байхдаа удахгүй Бургуа орно, дараа нь Швейцарь... гэж бараг баяр наадмын байдалтай явж байсан бөгөөд харамсалтай нь тэднийг Бургуа биш аймшигт Освенцим руу авч явж байжээ.

Освенцимийн вокзал дээр еврейчүүдийг Гадаад явдлын яамны ажилтан Франц Хессле гэж өөрийгөө танилцуулсан хүн угтаж авсан нь үнэндээ бол Освенцимийн хорих лагерийн дарга байв. Энэ хүн нь еврейчүүдийг Германаас гарахын тулд зарим нэг хувийн ариун цэвэртэй холбоотой заавал хийх ёстой үзлэгт орох болон бусад зүйл байгааг хэлээд яршиг төвөг болж байгаадаа их санаа зовж байгаагаа дахин дахин хэлэн эелдэг гэж жигтэйхэн байжээ. Гадагшаа гарах гэж яарсан хүмүүс эндээс салж л байвал юу хийхээс буцахгүй байсан тул хувцас хунараа тайл гэснийг нь эхнээсээ биелүүлж халдваргүйжүүлэх ариутгалд ороход бэлэн болсон байлаа. Ариутгал хийх өрөөнд орох үед энэ нь өнөөх алдарт хорт хийн өрөө байсан бөгөөд өрөөний үүдэнд гайхан зогсох шалдан нүцгэн хүмүүсийг нөгөө сайхан ааштай СС-ийн цэргүүд чинь гэнэт бууны бөгсөөр занчин хөөж туун оруулж эхэлжээ. Цаашдаа юу болохыг еврейчүүд дэндүү сайн ойлголоо.

Энэ явдлыг харж, өөрийнхөө ээлжийг хүлээн байсан Франциска Манн зүгээр зогсож байгаад үхэхийг хүссэнгүй.

Залуу, сайхан бүсгүй нь “хурдан тайч” гэсэн Германчуудын хахир тушаалыг харин ч эсрэгээр буюу удаанаар, ер бусын уян налархай хөдөлгөөнөөр... Мэргэжлийн балетчин, уян налархай залуухан бүсгүйн энэ дур булаам хөдөлгөөн нь яваандаа улам бүр тайчих бүжиг болж хувирсаар. СС-ийн залуу офицеруудын нүд одоо Манн бүсгүйгээс салах нь өнгөрсөн байлаа. Хувцсаа нэг нэгээр нь аажуухан энд тэнд унаган бүжиглэсээр бараг нүцгэн болсон бүсгүй нь эргэлдэн бүжиглэсээр гэнэт хамгийн ойрхон байсан унтер-офицер Эммерихийн нүүрэн дээр өөрийн тайлан барьсан өндөр өсгийт гутлынхаа өсгийг зоож орхив. Офицерууд юу болж байгааг ойлгохгүй гайхах тэр хугацаанд Франциска нүүрэндээ гутал зоолгосон Эммерихийн ташаан дахь бууг сугалж аван буудаж эхэлсэн нь Иозеф Шиллингер хэмээх яргачинг хоёр онож, Эммерихийн өвдөгний тойгийг зад татсан байна.

Сүрэг хонь адил өөрсдийг нь хорт хийн өрөөнд хордуулж алахтай эвлэрэн уйлан дуулан байсан эмэгтэйчүүд гэнэт босон Герман цэргүүдэд аль болох хор учруулж байж үхэхээр орилолдон дайрч эхэлсэн гэдэг.

Галт зэвсэгтэй, залуу эрчүүд хичнээн их хохирол хүлээсэн ч өрөөнөөс бүгд гарч чадаад дараа нь тус өрөөний зай завсар болгоноор буугаа шургуулан буудаж эхэлсэн бөгөөд  тэнд байсан бүх хүнийг дуусан дуустал буудсан юм гэдэг. Зарим нэг өөр хувилбараар буюу эмэгтэйчүүдийг хэсэг хэсгээр нь тусгаарлан гаргаж ирэн буудсан гэх мэтийн тэмдэглэсэн юм байх ч ямар ч байсан жижигхэн нэгэн сайхан бүсгүй өөрөөс гарамгүй зориг тэвчээр гарган хорих лагерийн хуягуудын эсрэг ганцаараа тэмцэж эхэлсэн нь харин маргаангүй үнэн юм. Энэ явдлыг бослого гэж нэрлэхэд тохиромжгүй мэт боловч олон арван эмэгтэйчүүд бүрэн зэвсэгтэй цэргүүдийн өөдөөс амь үл хайрлан тэмцсэн явдал нь тэдгээр хөөрхий эмэгтэйчүүдийн хувьд амьдралдаа хийсэн хамгийн том амьд үлдэх броломжгүй тэмцэл нь байлаа. Хэдийгээр Франциска Манн нь урлагийн ертөнцөд од болж амжаагүй ч дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн, фашизмын эсрэг тэмцэгчдийн бэлгэ тэмдэг болсон олон зуун оддын нэг яах аргагүй мөн билээ.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 19. 21:25
Зочин

hhhhhhhhhhhhh

3 сар 9. 23:04
Зочин

ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]