Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

"Баруун хилийн байдал маш хүнд, маргааш явж газар дээр нь удирдаж зохицуул"Уншсан9,887

Ж.Авхиа гуайн болон армийн генерал Б.Дорж гуайн дурдатгалаас хүргэе.

Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан тэр эрхэм Хязгаарын ба Дотоодын цэрэгт алба хааж байхдаа хошууч генерал Б.Доржийн удирдлага дор түүхт баруун хилийн тулгаралтад оролцож явсан юм. Ингээд Ж.Авхиа гуайн болон армийн генерал Б.Дорж гуайн дурдатгалаас History.mn хүргэж байна.


Ж.Авхиа: Баруун хилийн байдал маш хүнд байгаа гэнэ

1946 оны эхээр намайг Хязгаарын ба Дотоодын цэргийн удирдах газрын дарга хошууч генерал Б.Дорж өөрийн бие хамгаалагчаар (адьютант), дараа нь нарийн бичгийн дарга, удалгүй нарийн бичгийн дарга нарын дарга (тасгийн дарга эрхтэй)-аар томилж ажиллуулсан юм. Нарийн бичгийн дарга нарын дарга нь орлогч сайдын гаргадаг бичиг техникийн бүх асуудлыг хариуцдаг бөгөөд бичиг хэргийн аппаратын хүмүүсийг удирдаж ажиллана. Б.Дорж генерал бол олон таван зангүй, төв шударга, ноён нуруу сайтай, сайн хүн байсан юм. Удирдлагад нь байдаг хүмүүст халамж анхаарал тавьдаг, амьдрал ахуйд нь тусалдаг. Б.Дорж гуай анд дуртай сайн бууддаг байлаа. Бас ангийн тэнгэртэй ч хүн байв. 1946 оны дөрөвдүгээр сард Дорноговь аймгийн нутаг дахь Замын-Үүдийн арванхоёрдугаар отрядад хил дээр ажиллаж байхад нэг орой Б.Дорж гуайг яаралтай хотод ир гэсэн маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал дарга хоёрын гарын үсэгтэй дуудлага ирэв. Ер нь Б.Дорж гуайг хөдөө явж байхад ямар нэг дуудлага, үүрэг даалгавар очиход маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал дарга хоёулаа хамтарч гарын үсэг зурсан байдаг юм. Бид хоёр дуудлагыг аваад машинаар шөнөжин явж, маргааш өглөө нь Улаанбаатарт ирсэн юм. Намайг ажил дээр буулгаж орхиод Б.Дорж гуай “Хоёр дарга дээр очиж, ирсэн тухайгаа танилцуулна” гээд явав. Цаг орчмын дараа генерал ажил дээрээ эргэж ирээд дарга нартай уулзлаа. "Баруун хилийн байдал маш хүнд байгаа гэнэ, маргааш яв түүнийг газар дээр нь удирдаж зохицуул гэж үүрэг өглөө" гэв.

Тэр үед онгоц байгаагүй тул машинаар явна. Би жолооч Лувсанбаатарыг дуудаж машин техникээ бэлтгэх, замд хэрэгтэй зүйлүүдийг ав гэж үүрэг болгов. Би өөрөө генералын буу, дуран шаардагдах бүх бичиг баримтын зүйлүүдийг бэлтгэлээ. Генерал хөдөө явахдаа өглөө эрт голдуу 05 цагт явдаг тул бэлэн байгаарай гэж жолоочид хэлэв. Генералаас хэдэн цагт явах вэ гэж асуухад үүрийн 05 цагт явна гэсэн учир жолоочид дамжуулав. Генерал хөдөө явахдаа арав үсэрдэг самозарядный винтов, жижиг автомат буу, дуран, бичгийн цүнх авч явдаг бөгөөд би тэдгээрийг үүрч явдаг юм. Тэр зүйлүүдийгээ мөн авсан болно.

Маргааш өглөө нь 05 цагт Ховд аймаг орохоор гарав. Генерал машинд явахдаа хэзээ ч унтаж үүрэглэдэггүй юм. Хааяа үлгэр домог ярина. Замд явж байгаад "Авхиа чи өөртөө буу авсан уу" гэж надаас асуув. Би аваагүй гэхэд "Байлдах гэж яваа хүн буугүй явж болдог юм уу" гэв. Би маш их сандарч "Ховдын хилийн отрядаас буу авъя" гэхэд дахиж юм хэлээгүй. Ингээд өдөржин, шөнөжин явж Ховдын отряд дээр ирж, дарга Банзрагчтай уулзаж, хилийн байдлын тухай мэдээлэл сонслоо. Энэ үед отрядын зэвсгийн даргатай уулзаж орос винтов, сум авав. Ингээд Даян дангийн даваагаар давж Алтай сум, Бодончийн хөх толгойд төвлөрч байсан хилийн 24 дүгээр отряд орохоор явлаа. Шөнөжин явсаар уг отряд дээр ирж отрядын дарга Ш.Зонров, штабын дарга Д.Цэвэгмид, улс төрийн орлогч Ж.Далхжав нартай уулзаж, хилийн байдалтай танилцаад ирсэн тусгай ангийн дарга ахмад Батсуурь, зэвсгийн дарга дэслэгч Чүлтэмжамцын тодорхой мэдээлэл сонсов.

Хилийн байдал маш хүнд байлаа. Ш.Зонров бол хилийн цэргийн туршлагатай дарга нарын нэг бөгөөд Халх голын отрядын дарга байхдаа хилчин дайчидтайгаа хил зөрчсөн Японы 63 тагнуулыг баривчилж байжээ. Хэлэлцээнд оролцож явсан, Халхын голын хилийн отрядын даргаар ажиллаж байсан хошууч Ш.Зонровыг төв сургуулийн захирал байхад нь баруун хилийн байдал хүндэрсэн тул Бодончийн отрядын даргаар томилж ажиллуулсан нь энэ. Хилийн байдал маш хүнд байсан учир бид нар Уушгийн усанд байгаа ар талын отряд дээр яаралтай очихоор явлаа. Бор цонжийн говиор явахдаа урьд нь 1940 оны 3 дугаар сард хилийн тулгаралтад орж дайсны 200 гаруй цэрэгтэй давуу хүчтэй тулгарч амь үрэгдсэн манай 24 хилчдийн шарил дээр очиж хүндэтгэл үзүүлсэн билээ. Эдгээр амь үрэгдсэн хилчдийн дотор отрядын дарга, комисар, сургагч, орчуулагч, арав гаруй хилчид явсан юм. (Эдгээр хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэхийн тулд шарилыг нь Үенчийн отрядын төвд хожим шилжүүлсэн)

Олон жилийн дараах нэгэн зураг. Зүүн гараас маршал Ю.Цэдэнбал, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав, Батлан хамгаалахын сайд армийн генерал Б.Дорж, хурандаа генерал Жарантайн Авхиа. Батлан хамгаалахын сайд армийн генерал Б.Дорж нэгэн цагт өөрийнхөө адьютант явсан хурандаа генерал Ж.Авхиад сайдын үүргээ хүлээлгэн өгч байгаа үе.

Б.Дорж гуай дагалдах хүмүүсийн хамт 1947 оны 6 сарын 10-нд үүрээр Уушгийн булаг дээр очиход гол төлөв шархдсан цэргүүд, тэдгээрийг эмчилж байсан мэс засалч Дамбийням тэргүүтэй хэд хэдэн эмч нар ажиллаж байв. Маш хүнд шархадсан олон цэрэг офицеруудын амийг аварсан тэдгээр эмч нарын гавьяа зүтгэл мөнхөд дурсагдах болно. Хилийн байдалд тодруулга хийхэд Османы дээрэмчид гоминданы түрэмгий цэргүүдтэй хүчээ нэгтгэсэн тул тэдний хүн хүч, агт морьд, зэвсэг техник хангамж манайхаас хэдэн арав дахин их, өндөр уулын нөхцөлд болон хадан хясаа, хавцалд байлдааны ажиллагаа явуулах туршлагатай, нисэх онгоцны дайралт, бөмбөгдөлтийг эсэргүүцэх арга чадварыг дайсан эзэмшсэн байв. Тагнуулын болон амьд хилийн өгсөн мэдээгээр Османы дээрэмчид гоминданы цэргүүдтэй хүч хавсран Байтаг богдын хавийн нутгийг эзлэн түрэмгийлж, газрыг нь эзэмшээд өөрийн тусгаар муж улсаа байгуулах их санаархалтай байжээ. Бараг өдөр бүр манай хилийн заставуудыг довтолж байв. Б.Дорж генерал отрядын удирдлагатай ярилцаж, үнэлгээ өгөөд хилийн байдал хүнд аюултай байна гэж үзэн, хамт явсан зөвлөх С.Ф.Поповыг Уушгийн булаг дээр орхиж өөрөө Газ-67 машинтайгаа хилийн цэргийн тагнуулын хэлтсийн дарга Х.Цэдэндорж, жолооч Лувсанбаатар болон намайг авч дөрвүүлээ 30 гаруй километрт оршдог Улиастайн застав явахаар зэхэв. Би генералын болон өөрийн буу, зэвсэг галт хэрэгслийг шалгаж бэлэн болгов. Манай заставуудын байрлал маш их манан будантай, хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Генералыг Цэдэндорж гуайн хамт арын суудалд суулгаж өөрөө жолоочийн дэргэд суугаад хөдлөв.

Энэ бол хамгаалалтын зорилготой юм. Хэсэг яваад л зогсож дурандаж харна. Заставын байрлалд ойртож очоод нэг харахад нэг хүн явж байсныг дурандан, тэр нь монгол цэрэг байхад бүгд баярлацгаав. Учир нь бид застав дайсанд эзлэгдсэн гэж бодож явцгаав. Ингээд Уушгийн заставын төв дээр ирэхэд бараг хүнгүй шахам байсан бөгөөд хоёр манааны цэрэг л үлдсэн байжээ. Ардын цэргийн Б.Цэрэнжав даргатай батальоны зарим салбарууд тэнд байсан боловч тэр өдөр Хужиртын голд болж байгаа тулгаралтад оролцохоор цөм явцгаасан байв. Би заставын урд талын толгой дээр нуувч ухаж эхлэв. Эхлээд генералын байрлах нуувч, дараа нь өөрийнхийгөө бэлэн болгов. Мөн тэнд түр байрлаж байсан Батлан хамгаалах яамны тагнуулын хэлтсийн дарга генерал Шагдаржав, хязгаарын цэргийн удирдах газрын тагнуулын хэлтсийн дарга Х.Цэдэндорж нарт нуувч ухаж өгөв. Аз болоход тэр толгойн оройн газрын хөрс шүүтэй байсан учир ухахад хялбар. Энэ толгойн оройд ухсан нуувчуудыг сүүлд шуудуугаар холбосон. Баруун хилийн байлдааны ажиллагааг командлагч генерал Б.Доржийн командын байр болсон эдгээр нуувчууд одоо болтол байдаг. Заставаас орос винтовны сум гурван хайрцаг, ВФС-ийн сум гурван хайрцаг, Ф-1 гэдэг хориглолтын гранат гурван авдрыг нуувчиндаа авчирч тавив. Би гол найдварыг Ф-1 гранатад тавидаг байв. Учир нь түүний устгах чадвар өндөр ба дайснууд толгой өөд авирахад нь уг гранатаар нүүлгэхэд ойртуулахгүй гэж бодсон юм.

Энэ өдөр бол 1947 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байсан юм. Энэ үеэр манай улсын баруун хилийн Байтаг, Хужиртын гол, Уушиг, Бүдүүн, Нарийн харгайтын заставуудыг дайсан давуу хүчээр байнга дайран довтолж, хүн хүчний болон эд материалын ихээхэн хохирол учруулж байв. Мөн манай улсын зарим нэг хэсгийг эзлэн түрэмгийлээд бүр эзэмшиж байв. Зөвхөн нэг жишээ дурдахад, 1947 оны 6 дугаар сарын эхээр гоминданы цэрэг, Османы дээрэмчид 300 гаруй зэвсэгт этгээдүүд манай Хужиртын заставт байсан 40-өөд хүмүүс рүү гэнэт дайрчээ. Отрядын дарга Ш.Зонров хүмүүсээ байлдааны хуваарьт оруулан байлдаж байтал 16 дайчидтайгаа дайсны бүслэлтэд бүрэн оржээ.

Хэдий харанхуй ч дайсан тал талаас нь маш ширүүн галлаж байсан учир тусгай ангийн дарга Батсуурь дайсны суманд далаараа нэвт буудуулан амь үрэгджээ. Бас Ж.Гантогтох бүдүүн гуяараа шархджээ. Ш.Зонров дайсны өөдөөс зай завсаргүй буудаж байтал хажууд нь байсан цэрэг эрсдэв. Энэ үед отрядын улс төрийн орлогч Ж.Даваажав арай хөнгөвтөр шархаджээ.

Дайсан давуу хүчээр ааглан шахсаар Ш.Зонровын дэргэдээс шахуу “Халхын офицер чи, жороо шарга морио өг, бууж өг, хэрэв бууж өгөхгүй бол нүдийг чинь ухна, хамрыг чинь огтолно" гэж хашгирчээ. Тэгэхэд нь "Май, буулгаж авах гэсний шан чинь” гээд гранат шидэхэд хэсэг зуур чимээ аниргүй болжээ. Шөнийн нэг цаг хүртэл чөлөөгүй буудалцаж тулалдсаар гал намжих үед хүмүүсээ бүртгэж үзэхэд таван хүн алагдаж, хоёр хүн шархдаж, есөн хүн эрүүл байжээ. Дайсан ч гэсэн амьд хүч, агт морьд, эд материалын талаар ихээхэн хохирол хүлээжээ. Шөнийн харанхуйд ширүүн бороо орж эхлэхэд бүслэлтээс зугтан гарах шийдвэр гаргав. Яг энэ үеэр аз болж тэнгэр хучсан хар үүлнээс хувингаар асгаж байгаа юм шиг бороо цутгалаа. Ш.Зонров харанхуйд төөрч будлихгүйн тулд хүмүүсээ цуваанд оруулж шинелийн хормойноос нь зуулгаж шархтнуудаа үүрч явав. Тас харанхуй, бороо шаагиж байсан болохоор дайсан тэднийг бүслэлтээс гарч явахыг мэдсэнгүй. Тэд ингэж амь хайргүй тулалдсаар отряддаа эргэж ирсэн юм.

Бид Улиастайн застав дээр дайсны хөдөлгөөн, байдлаас зохих дүгнэлт хийгээд заставын ойролцоох Хужиртын голын эхэнд буй Хүрэн гозгор дээрх манааны хүч бага байсан учир хязгаарын газрын байлдааны хэлтсийн туслах Е.Бямбаагаар удирдуулсан хүч нэмэгдүүлсэн харуулыг нэмж гаргаад Уушгийн застав руу буцав.

Төгсгөл нь: Б.Дорж генерал: Би баярласандаа тэсч чадалгүй цөмийг нь тэврэн авч үнслээ

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]