Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өндөр Гонгор: Ар халхын буян байхад хувхай ясаа худалдаж идэх болоогүйУншсан21,138

Монгол даяар алдаршсан өндөр Гонгорын тухай олон сонин домог бий. Улаанбаатар хотод одоогийн Американ дэнж гэж нэрлэгдэж байгаа энэ дэвсэг дээр Америкийн худалдааны томоохон пүүс ажиллаж байлаа.

Монгол даяар алдаршсан өндөр Гонгорын тухай ам дажсан яриа олон бий. Улаанбаатар хотод одоогийн Американ дэнж гэж нэрлэгдэж байгаа энэ дэвсэг дээр Америкийн худалдааны томоохон пүүс ажиллаж байлаа. Гэтэл тэр үед Да хүрээнд сууж байсан Америкийн худалдааны төлөөлөгч Гонгорыг элдвээр шагшин магтсаныхаа эцэст Богдын шадар ван Мишиг гүнээр дамжуулан гэртээ урьжээ.

Гонгор, Мишиг гүний хамт тэднийд очиход маш найрсгаар хүлээн авч төрийн гийчний байдлаар хүндэтгэн зочлов. Хүмүүс нэлээд халж эхэлсэн үеэр Америкийн төлөөлөгчөөс Гонгор гуайд хандан "Та бол барагдашгүй их буянтай хүн учир манай пүүст дуртай цагтаа ирж өөртөө хэрэглэх алт мөнгө авч бай. Бодвол та миний хэлж байгааг бүрэн зөвшөөрөх биз гэж итгэж байна" гэтэл баахан ам халсан Гонгор гуайн царай хувьсхийж "Би танайхаас алт мөнгө авах шаардлага байхгүй, нөгөө талаар би та нартай адил шунахай худалдаачид биш" гэж ширүүхэн хариулжээ. Гэтэл Мишиг гүн сэтгэл зовсон байртай Гонгорыг аргадан "Та битгий уурла! Энэ хүнтэй төв төвшин харьцах хэрэгтэй. Биднийг ихсийн зэргээр хүндэтгэн дайлж байгаа ийм үед биеэ барих ёстой гэж хэлжээ. Тэдний яриа хэсэг мөчийн турш өөр зүйл рүү эргэж хүмүүсийн ихэнх нь согтож эхлэв. Америк хүн түрүүчийн адил инээмсэглэн "Та над юм санах хэрэггүй. Та бол их юм үзэж, нүд тайлсан хүн гэдгийг би мэдэж байна. Манайхаас хэчнээн ч юм авлаа гэсэн танаас нэхэх учиргүй. Бүр тодорхой хэлбэл энэ насанд чинь танаас өр нэхэж зовоохгүй гэдгийг баттай хэлье" гэхэд Гонгор ёжтойхон инээж "Хэрэв би танай пүүснээс ямар нэг хэмжээгээр алт авах юм бол таны хэлдгээр энэ насанд надаас юу ч авахгүй юм байж. Харин би хойд насандаа танайд өртэй үлдэх хэрэг болж таарах нь ээ. Ер нь би аль ч насандаа өртэй байхыг хүсэхгүй" гэж хариулав.

"Та ч мөн ухаантай хүн юм. Миний бодлыг үндсэнд нь ойлгожээ. Иймд та бид ний нуугүй ил цагаан ярилцах болсон маань надад бүр ч таатай байна. Та энэ хорвоод мөнх амьдрахгүй нь мэдээж. Тэгэхлээр та хэзээ нэгэн цагт таалал төгсөх нь дамжиггүй. Тэр цагт таны ясыг тусгай хэрэгцээнд зориулах гэсэн юм. Тэртэй тэргүй таныг таалал төгсөхөөр танайхан хөдөө хээр зална. Ингэж хий дэмий нохой шувууны хоол болж хумхийн тоос мэт замхрахын оронд эрдэнэт ясаа манай Америк улсад өгөхийг зөвшөөрвөл бид бурхан адил тахина. Тэр ч байтугай таны нэр алдар дэлхийд цууриатаж юу магад" гэсэн үгийн төгсгөлийг дутуу хагас сонсмогцоо Гонгорын уур хилэн бадарч "Ар халхын буян байхад хувхай ясаа худалдаж идэх болоогүй, муу сайн луйварчид манай нутгаас шалавхан зайлцгаа" гээд ухасхийн босож Америк төлөөлөгчийг унатал цохиод гарч оджээ. Энэ тухай Богд эзэн хаанд Мишиг гүн хэлж Гонгорыг дуудуулсан байна.

"Америкийн худалдааны төлөөлөгчийг цохисон явдал миний буруу авч тэр америк хүн хойд насанд минь өртүүлж хувхай ясыг минь алтанд барьцаалж авах гэхээр нь ар Халхын буян байхад хувхай ясаа худалдан идэхэд хүрээгүй, муу сайн луйварчид эндээс зайлцгаа гэж хэлээд нэг сайн хүртүүлсэн минь үнэн билээ" гэж Гонгорыг өчиг өгсөнд Богд онцын зэмлэл хүлээлгэлгүй өнгөрөөжээ.

 ***

Монголд Богд хаант засгийг байгуулах явдлыг зөвшөөрүүлэх, мөнгөн болоод зэр зэвсгийн тусламж гуйхаар тэргүүн сайд Сайн ноён хан Намнансүрэн, дагалдах хүмүүсийн хамт Петербургт очжээ. Олноо өргөгдсөний гуравдугаар оны аравдугаар сарын шинийн нэгэнд Оросын Цагаан хаанд тусламж гуйх бичиг өргөсөн тэр хүмүүсийн бүрэлдэхүүнд өндөр Гонгор оролцсон байна.

Оросын нийслэл Петербургт очсоныхоо дараа сайн ноён хан Намнансүрэн Гонгорыг хоол унд сайнтай тусгай байранд хүндтэй зочны ёсоор суулгаж байсанд "Төрийн хэрэгт оролцоогүй байхад намайг ингэтлээ юунд хүндэтгэдэг билээ" гэсэн бодол Гонгор гуайд үе үе төрдөг байжээ. Гэтэл нэлээд хэд хоносны дараа орой болгон их театрт очих нэгэн ажилтай болжээ. Тэнд тайзан дээр олны өмнө Монгол үндэсний бөх болж зодог шуудаг өмсөж дэлэх буюу Монгол бөхийн зарим мэх хийж үзүүлэх, эсвэл отго жинстэй малгай өмссөн ноён хүний дүрээр хувцаслаж, ялангуяа түүний зан төлөв алхаа гишгээ тэргүүтнийг дүрслэн жүжиглэхэд үзэгчид маш их сонирхон өндөр үнэлж байжээ.

 ***

Хуучин Цэцэн чин вангийн хошууны харьяат одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Тавхай гэдэг хурдан хүн байсан гэнэ. Тавхай залуудаа Номтын өртөөнд улаач хийж байжээ. Нэг өдөр хүрээнээс морин ачаа бүхий түшмэл ирж тун яаруу явахыг шаарджээ.

Тавхай, түшмэлд морь эмээллэн өгч ачааг нь нэг сайн моринд ачиж өөрөө явган явах болсонд түшмэл, алба санаатай саатуулах гэж байна хэмээн уурлахад, Тавхай "Өчүүхэн надад дээд газрын албыг саатуулах санаа огтхон ч үгүй билээ. Та тавтай ундлаад миний хойноос ирээрэй. Би хөдөлж байя" гээд хормойгоо бүсэндээ хавчуулж ачаатай морио хөтлөн гүйж гарчээ. Түшмэл улам уурсан өртөөний ахлагчтай ярилцах гэтэл ахлагч "Түшмэл гуай та улаачаа гүйцэхгүй ч байж мэднэ шүү. Манай Тавхай хааяа нэг явганаар улаа нэхээд ирдэг л хүн. Явъя гэж нэг шийдвэл морьтой хүнээс төдий л хоцрохгүй гүйдэг хүн. Та энэ тухай санаа бүү зов" гэж түшмэлийг тайтгаруулан мордуулжээ.

Түшмэл өртөөнөөс мордонгуутаа цогиулж гарчээ. Газрын дунд хэрд улаачийнхаа барааг нэг харж гүйцэж амжилгүй явсаар дараагийн Бөгтөр хар усны өртөөнд ирээд Тавхайн хурдныг шагшин гайхаж байжээ.

Мөн Тавхайн аль хэр хурдныг шалгах гэж нутгийн сониуч хүмүүс бай мөрий тавьж сорьж уралдаж байсан баримт ч нэлээд байна. Одоогийн Баянжаргалан сумын нутаг Шар дэнж гэдэг газар (5 км орчим газар) Гочоогийн хөх Лувсандандар гэгч хүн мориороо хурдан Тавхайтай уралдаж хоцорчихоод нэгэнт эхэлж ам өгч тохиролцсон учир уг уралдааныг сонирхсон олны өмнө яаж ч чадалгүй нэрэлхсэндээ эмээлтэй морио мөрийд өгч үнэнхүү хурдныг гайхацгааж байжээ. Түүнээс хойш уг явдлын тухай яриа тэр хавьдаа тарж хүн багаасаа гүйж сурна гэдэг сайхан юм даа гэж хүмүүс ярилцдаг байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]