Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Л.Даваажав: "Нэг их том дуутай буугаар хасгууд буудаад, бодвол..."Уншсан12,995

Бүтэн арваннэгэн цагийн тулаанд оролцож байлаа. Цагаан шороо ихтэй газар олон морьтой хүн чинь бөөн тоос манараад л байдаг юм билээ.

Ярилцсан Л.Батцэнгэл


Эх орны баруун хил, Байтаг богдод тулалдаж явсан ахмад дайчин Ламцэрэнгийн Даваажавтай уулзаж хөөрөлдлөө.

-Та Монгол орныхоо баруун хилийг хамгаалалцаж явсан ахмад дайчин. Манай улсын түүхэнд баруун хил дээр болсон үйл явдлыг “Хилийн тулгаралт, байлдаан” гэх мэтээр янз бүрээр нэрлэх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь үгийн эхэнд хэлэхэд төр засаг 1992 оноос эхлээд баруун хилийн тухай огт дуугарахаа больсон. Дандаа л зүүн хил, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны тухай л дуугарцгаах юм. Баруун хязгаарт тулалдаж явсан бидний арван гурван ахмад дайчин хэдэн жилийн өмнө Батлан хамгаалахын сайдад “Баруун хилийн тулгаралтын үнэн бодит байдлыг Монгол Улсын түүхэнд үнэн зөвөөр тусгаж өгөхийг хүссэн өргөдөл” өргөн барьсан ч тоолгүй байсаар одоо гуравхан хүн амьд үлдэж. Тэрчлэн УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаад энэ талаар өргөдөл бичсэн ч огт тоогоогүй. Үгүй, энэ чинь Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга гэхэд л бидэнтэй өнчин ишигний ч дайтай харьцахгүй байна гэдэг мөн ч их хэцүү еэ. Баруун хилийн тулаан, байлдаан гэхээр л ярвайдаг энэ ихэс дээдсийн ааш араншинг хөгшин би үнэндээ огтхон ч ойлгохгүй байсаар хадан гэртээ морилох бололтой. Зүүн хил гэхээр тавин жилээс нь эхлээд л сүртэй тэмдэглээд байдаг. Баруун хил гэхээр огт тоодоггүй нь ямар учиртай юм бол. Тэгшээ, Гиваан, Даваадорж, Жамбаа, Нэхийт, Лхагвадорж, Энхийн Шийлэг, Бадам нарын арван баатар төрсөн баруун хилийн тулгаралт дайныг түүхээс хасаад дурдахаа ч больж эхэлж байгаа нь юу гэсэн үг вэ. Дайнаас л баатар төрдөг болохоос жирийн нэг хилийн зөрчлөөс тийм олон баатар төрөх үү.

-Баруун хил дээр таныг алба хаах үед байдал ямаршуухан байв даа?

-Монгол Улсын газар шороо, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө бид зүтгэж явсан. Тэр үүргээ ч бид бүрэн дүүрэн биелүүлсэн улс. Баруун хил дээр эсрэг талын байнгын хөнөөлийн доор эх орны л үүрэг даалгавраа биелүүлж явсан. Эх орны хүнд даалгавар гэдгийн учир юу вэ гэвэл бид цэрэгт очоод тангараг өргөсөн. Одоогийн “Шударга ажиллана” гэж тангараг өргөдгийн дэргэд бол бидний тангараг “Амь насаа ч хайрлахгүй” гэж дэнчин тавьснаараа онцлог байлаа. Хэрвээ өргөсөн тангаргаа биелүүлэхгүй бол “Эх орны өмнө хуулийн цээрлэл хүлээнэ” гэсэн туйлын дээд ёс суртахуун бидэнд байсан. Цэргийн хээрийн шүүхээр хуулийн дээд хэмжээ авч, жагсаалын өмнө буудуулсан тохиолдол ч зөндөө байдаг юм.

-Тушаал уншаад л та нарын нүдний өмнө шуудхан буудчих уу?

-Ямар ч өчиггүй буудна. Амь насных нь ял хэлтрээд олон жилийн ял авсан хүн ч байгаа. Салаан дарга Дорж гэдэг хүн хоёр зуу гаруй дайсантай тааруутаа цэргээ аваад ухарлаа гэж буруутгагдан буудуулж байсан.

-Та хаанахын анги заставт цэргийн алба хааж байв?

-Баруун хилийн будлиан ихэссэн болохоор Ховдын дөрөвдүгээр морьт дивизьонд алба хаасан даа. Цэргийн карантинд хоёр гурван өдөр морьтой бэлтгэл сургууль хийлгэж байгаад, Ховд аймгийн Булган сумын Булган голын хөвөөнд нэг өдөр тангараг өргүүлээд тэр өдөртөө цааш хил рүү татсан юм. Тэр үед хорьтой хүнийг цэрэгт авдаг байсан. Бүтэн гутал ч өмсөж үзээгүй хөдөөний бүдүүлэг хүүхэд цэрэгт явбал юм үзэж, нүд тайлна гэж бодоо биз дээ. Тангараг өргөсөн цэргүүдээс хамгийн бага нь Ховдын Буянт сумын Буянбат, бид хоёр арван найман настай байлаа. Би 1929 оны хүн. Тэр үед Эрдэнэбүрэн сумаас ахыгаа цэрэгт явахад насаа нэмээд саналаараа цэрэгт явсан хүн. Дотоодыг хамгаалахын харьяанд биднийг өглөө. Биднийг анх хил дээр очиход цэргийн байр байхгүй учир газар ухаж байрлацгаасан. Өдөржин газар ухаад шөнө нь манаандаа гардаг байлаа. Тэнд бид ээлж, амралт байхгүй өдөр шөнийн алинд ч бүрэн зэвсэгтэйгээ байцгаана. 1947 оны намраас 1948 оны хавар хүртэл арван сарын турш л бид ийм байдалтай байсан.

-Хувцас хунараа тайлж ор дэрэнд амарна гэсэн ойлголт байхгүй байв уу?

-Бүрэн зэвсэгтэй, хувцсаа нэг ч тайлахгүй шахуу арван сар болно гэдэг чинь ёстой нэг амьдын там болж байсан. Бөөсөнд баригдах гэж нөхцөл байхгүй. Бага дарга нар аргаа барахдаа цэргүүдийн хувцсыг тайлуулаад цасан дээр гөвүүлэхэд бөөснүүд бор шороо цацчихсан юм шиг бужигнаж өгдөг байлаа. Дөчин найман оны хавар бөөсөн тип гэж аюултай өвчин дэгдлээ. Энэ үеэр маш олон цэрэг нас барсан. Тийм нөхцөлд бид газар нуувчин дотор л амьдарч байлаа. Газар нуувчаа мод банз байхгүй юм чинь голын бургас авчран зулж байгаад шороогоор булчихсан болохоор дээрээс шороо бургиад орж гарах болгонд хаалганы аясаар бөөн шороо л толгой дээр бууна. Баруун хилээ бид ийм л нөхцөл байдалд хамгаалж ирсэн.

-Баруун хил дээр олон дайчин эр амь үрэгдсэн байдаг болов уу?

-Баруун хилийн хямралтай байдал түүхэнд хамгийн олон жил буюу арваад жил үргэлжлэхэд мянгаад удаа халуун тулалдаан болж, зуу гаруй эх оронч хилчдийн алтан амь үрэгдэж, өчнөөн зуун цэрэг эрс шархдан тахир дутуу болсон. Тэндээс эрэлхэг дайчин арван баатар төрсөн. Хилийн тулгаралт, байлдаан гэж зөөллөөд байгаа болохоос Халхын гол, Чөлөөлөх дайнаас ч дутуугүй томоохон үйл явдал баруун хил дээр болсныг өнөөдөр их зөөлчилж түүхчлээд байгаад үнэндээ маш их гайхдаг юм.

-Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын эрэлхэг баатруудын амь үрэгдсэн алдарт Байтагийн нуруунд очиж байсан. Танай анги тэр хавьд байсан юм уу?

-Яг тэрний чинь баруун талд Жамбаа баатрын есдүгээр застав байсан. Тэдний заставын баруун талд манай анги байрлаж байсан.

-Та нар хасгуудтай олон удаа тулалдаж байв уу?

-Ховдын Булганы айлуудын мал хуйг хасаг хуйхуй нар хөөнө. Үргэлж шахуу л хасгуудтай тулалдаж байсан. Мал хулгайлах үед нь хоёр талаас буудалцана. Сүүлд Хятадын гоминдааны дивизээс хүч нэмэгдүүлсэн хасгийн томоохон хэсэгтэй бүтэн арван нэгэн цагийн турш буудалцсан. Тэд биднийг винтов, миномёт, бүр хүнд пулемётоор хүртэл буудаж бидний очсон арваннэгдүгээр заставынхныг их сандаргаж байлаа. Хамт явсан нөхөд минь үхсэн, шархадсан тохиол зөндөө л байдаг юм. Тийм юман дундаас л бид цөөхүүлхнээ ч гэсэн үлдээд л гарсан юм.

-Одоо хэдүүл үлдээд байна?

-Манай ангиас одоо амьд мэнд байгаа нь надтай нийлээд гурвуул л байх шив дээ. Салаа, тасаг, суман, дивизьон гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. Тэр олон салбар нэгтгэлээс л үлдээд байгаа гэхээр бид чинь дэндүү цөөхүүлээ үлдсэн юм биш үү.

-Цэргүүд өлсөж зовох нь аль хэр байв?

-Өлсгөлөнд орсон хүн тураалд хурдан ордог. Цэргүүд өлсгөлөнгөөр нас барах тохиолдол ч их байсан. Халдварт өвчин их гардаг байсан болохоор өлсгөлөнгөөр чухам хэдэн цэрэг бурхан болсныг хэлэхэд хэцүү. Тураалд орсон цэргүүдийг ангиас ялгаад тусдаа нуувчинд хэвтүүлнэ. Хил дээр буун дуу гаргах эрхгүй болохоор нутгийн гүн рүү ангиас цэргүүд дайчилж гөрөөс зээр агнуулж авчран тураалд орсон цэргүүдээ тэжээн тэнхрүүлдэг байсан.

-Таны ярианаас тухайн үед хасгууд зэр зэвсэг сайтай байсан нь анзаарагдаж байна. Хасгийн толгойлогч Оспанд маршал Х.Чойбалсан баахан зэр зэвсэг хүлээлгэж өгснийг та нар тухайн үедээ мэдэж байсан болов уу?

-Сүүлд нь мэдэгдсэн. Зуун мянган винтовыг дөрвөн зуун мянган сумтай, хүнд хөнгөн пулемёт хүлээлгэж өгсөн байдаг юм ш дээ. Бүр хоёр мянган гранатыг биднийг устгаг гэж өгсөн байгаа юм. Үүний цаана ЗХУ-ын цэрэг стратегийн том бодлого байсан байх л даа. Тэр ч байтугай хасгуудад зэр зэвсгийг яаж хэрэглэхийг ч зааж сургасан байдаг. Тэр үед ЗХУ-д Цэргийн сургууль дүүргээд ирсэн Булган аймгийн харьяат С.Зундуй гэдэг хүн оспаныхан дээр очиж зэвсэг яаж хэрэглэх талаар сургууль хийлгэж бүүр зааж өгсөн байдаг юм.

-Зүүн хилийн байлдаан буюу Халхын голын тулаан, Чөлөөлөх дайн бол милитираст Японы эсрэг хийсэн дайн байж. Харин баруун хилийн тулгаралтын тухай ярих гэхээр улс төрийн бодлого байдаг учраас та бүхний үйл хэргийг бүдгэрүүлээд байдаг юм биш байгаа?

-Тийм байх магадлал маш өндөр. Гоминдааны Хятадтай 1945, 1946 онуудад олонтаа тулалдаж байснаа 1947-1949 онд Оспаны хасгуудтай байлдаж эхэлсэн байдаг. Одоо баруун хилийн дайн, байлдааны тухай асуудал хөндөх гэхээр улс төр яригдах гээд байдаг болчихсон байхыг би үгүйсгэхгүй.

-Та цэрэгт байсан газруу­даараа дахин очсон уу. Та нөхдийн бөөсөнд бариу­лан, өвчин зов­лонд шаналан, хөлс цус­тай­гаа холилдон байж хам­гаалсан баруун хилийн нутаг орон сүүлд хил тогтооход арай Хятадын мэдэлд оччихсон юм биш байгаа?

-Би очиж амжаагүй. Уг нь очих санаа их байх юм. Одоо ч нас ахичихлаа даа. Хилийн цаана бидний хамгаалж байсан, байрлаж байсан олон ч газар Хятадын харьяанд очсон гэх юм билээ. Олонбулагийн застав маань одоо л лав бидний үеийн байрлаж байсан газраа байдаггүй. Манай арваннэгдүгээр заставаас Ваанчиг гэж эмч нэлээд яригддагийг та нар сонсоо байлгүй. “Улаан ном”-ын хүн гэж хүртэл дурдагдсан байдаг.

-Яг тулаанд орсон үйл явдлаа яриач?

-Бүтэн арваннэгэн цагийн тулаанд оролцож байлаа. Цагаан шороо ихтэй газар олон морьтой хүн чинь бөөн тоос манараад л байдаг юм билээ. Бид хилийн харуул дээр гурвуул байж байсан. Лав л хоёр гурван зуун хүн байсан байх. Манай ангийн дарга хурандаа Мадриг “Ямар нэгэн тулгаралт болоход буудаж болохгүй. Мэдээ л өгөх ёстой. Хоёр цаг тутамд хэл бариад бай” гэсний дагуу бид дөрөв төвд мэдээгээ өгүүлэхээр нэгийг нь явуулчихаад гурвуулаа үлдсэн. Би тэр гурвыгаа хариуцсан ахлах түрүүч. Орой бүрэнхий болтол хадтай толгойн орой руу хүний хөлийн чимээ гараад, мацаад байгаа нь тодорхой боллоо. Би ч нөгөө хоёртоо “Амьд баригдаж болохгүй. Бадамыг гэхэд халуун төмрөөр хайрч тамлан егүүтгэсэн. Хэрвээ бид баригдах л юм бол тэгж үйлээ үзнэ. Тэгж шаналж байснаас Тэгшээ, Гиваан, Даваадорж гурав шиг ганц ганц гранатаа үлдээж байгаад тэсэрч үхцгээнэ шүү” гэлээ. Толгойн үс арагшаа хуураад явчих шиг санагдсан. Тэгтэл ч чимээ дөхсөөр “Зогс” гэж дохио өгтөл ашгүй манай талын нууц үгийг хэллээ. Тэгэхнээ Мадриг дарга бидэн рүү долоон хүн явуулсан юм байж. Бид шивнэлдэж ярьж байгаад ногоон пуужин буудуут Байтагаа тойрч анги дээрээ очсон. Ангидаа очоод амралт ч байхгүй өглөө арван нэгэн цаг хүртэл буудалцсан. Нэг их том дуутай буугаар хасгууд буудаад. Бодвол миномёт л байсан байх. Дээгүүр сум ульж исгэрээ л хэцүү л байсан.

-Сум тэгж ульж байхад юу бодогдохов?

-“Энэ жил оногдоогүй онд орсон юм. Одоо яг энд тусвал ч амьд үлдэхгүй юм байна даа” гэж бодогдож байсан. Зарим хүн “Би тэдэн хүн алсан” гэж худлаа хөөрлөж л байдаг юм. Ачир дээрээ хэн ч хэдэн хүн буудсанаа мэдэхгүй ш дээ. Зүгээр чиглүүлээд л буудаж байгаа юм чинь тийм баримжаа огтхон ч байхгүй шүү дээ.

-Манайханд тийм хүчтэй миномёт зэрэг зэвсэг байгаагүй юм уу?

-Чухам сайн санахгүй юм. Ямар ч байсан бид өөрсдөө нэг нэг винтовтой, 120 сумтай, хоёр гранаттай л байсан юм даг. Хятадуудыг ухарч явсны дараа Мадриг дарга шалгаж үзээд “Биднийг хоёр зуухан метр газар л бүслээгүй байсан байна. Нэг ёсондоо цагирагт байж. Гэхдээ энэ хятадууд ямар тэнэг юм бэ. Газар ухалгүй урдаа л нэг жаахан газар хад чулуу овоолчихсон байх юм. Тэрэнд чинь сум тусаад ёстой хядаж өгнө шүү дээ” гэж байсан гэдэг. Биднийг бүсэлсэн дайсны тэр хэсгийнхний байсан газар болгонд л нил цус тогтсон байсан юм гэсэн. Хятадууд хүзүүгээ нэвт буудуулсан жороо шарга морь, шархандаа хувин шиг том болчихсон толгойтой нэг хятад хоёроо орхиод буцсан. Тэр хятадыг 24 дүгээр отряд дээр аваачиж эмчилж хүн болголоо л гэсэн. “Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлайн хамаатны хүн байсан гэнэ” гээд шуугьдаг байсан. Бид тэр бүхний нарийн учрыг яаж мэдэх вэ.

-Цэргээс халагдаад хаана ажиллаж амьдрав?

-Ховд аймагтаа, бичиг үсэгт тайлагдсан болохоор Эвлэлийн хороонд нэг хэсэг ажилласан. Сар гаруйн дараа аймгийн даргын нарийн бичгээр гурван жил ажиллаад Хүн эмнэлгийн техникумд элссэн. Төгсөөд Төв аймгийн Баян сум, Жанчивлан рашаан сувилалд ажиллаж байгаад улсад дөчин таван жил ажиллаад тэтгэвэрт гарсан даа. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар тэтгэвэрт гарахаасаа өмнө нэлээд олон жил ажилласан. Ховд аймгийн Буянт сумын Санжаагийн Нямхүүтэй ханилж таван сайхан хүүтэй болсон доо. Одоо ач нар маань төрж өссөөр олуулаа боллоо доо.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]