Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Монгол талаасаа л нэгдүгээр хүн юм даг..."Уншсан18,691

Т.Цэвээнжав жүжигчнийг М.Бадамгарав буюу "Аман хуур"-ын Дарь хөгшинтэй хүмүүс их андуурдаг. Царай зүсний хувьд адилхан мундаг жүжигчид билээ.

..112 ам цагаан шувуу давуу өг

-Чи тэр их даавуугаар яах нь вэ?

-Манай албан газар хэрэгтэй байна

-Эцгийн чинь, чиний алба?

-Галзууралгүй энэ цаасан дээр бич. Сумын докторын газарт 112 ам цагаан даавууны үнэд төчнөөн төгрөг хүлээн авлаа гэж. Бас хүлээлгэн өгсөн Бумаа гэж бич.

-Тэгээд чиний албан тушаал чинь одоо юу юм дээ?

-Юу ч байж магадгүй дээ хө, Монгол талаасаа л нэгдүгээр хүн юм даг...”

Монголын уран сайхны кино СЭРЭЛТ

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай дурсахгүй байхын аргагүй сайхан Монгол хүмүүсийн нэг билээ. Алтан үeийн тeатрын урлагийн нэрт зүтгэлтэн, Цэвээнжав нь 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар малчин Түдэвийн охин болон мэндэлжээ. Тэрээр эхээс долуулаа бөгөөд айлын ууган охин билээ.

Хорин нас хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаад ханьтайгаа тоонот гэрт заяа холбожээ. Түүний нөхрийг Батсундуй гэдэг унаган хотын хүн, Матад суманд цэргийн алба хааж байхдаа Т.Цэвээнжав гуайтай танилцжээ. Батсундуй Матадын Наймдугаар хуягт дивизийн улс төрийн удирдагч, офицер хүн байсан. Тэд танилцсанаасаа хойш 1936 онд нийслэл хотод ирж амьдрах болжээ.

Улаанбаатарт ирээд Т.Цэвээнжав гар үйлдвэрийн артeльд оёдoлчин хийдэг байж. Энэ үеэрээ сайн дурын уран сайхны дугуйланд дуулж, бүжиглэн хаяa жижиг үзэгдэл зэрэгт тоглодог байжээ. 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцаад, Улсын төв тeатрт жүжигчин болжээ. Түүний дүр бүтээх онцлогийн талаар “Биe сэтгэл, үгийн чөлөөт байдлыг бүрэн гаргаж дотоод гадаад чанарыг зөв холбож, уран сэтгэлээр баяжуулан инээдмийн, эмгэнэлт, уянгын, гүн ухааны аль ч дүрийг уран хошин аястай болгодог онцлогтой жүжигчин” гэж үнэлсэн байдаг.

Түүний бүтээсэн дүрүүд ихэвчлэн цайлган сэтгэлтэй, шударга, наргиач зантай эмэгтэйг харуулсан нь олонтаа. Өөрөө ч мөн амьдрал дээрээ тийм хүн байсан гэдгийг үеийн нөхөд нь дурсаж байжээ. Харин түүний хүү Б.Батцэвээн “Миний ээж шулуун шударга зантай, ухаалаг мөртлөө хүүхэд шиг гэнэн цайлган хүн байсан. Хамт ажилладаг байсан хүмүүс нь ч тэгж дурссан байдаг юм. Хэдий урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулж зав, зай муутай байдаг байсан ч хань ижил, үр хүүхэддээ их халамжтай, сайхан хүн байсан даа. Амралтын өдрүүдээр янз бүрийн сайхан хоол хийнэ. Бас их цэвэрлэгээ ч гэсэн хийдэг байв. Маш цэвэрч, нямбай хүн байлаа шүү дээ” хэмээсэн байдаг.

Тайзны дүр

  • 1947 онд А.Корнeйчукийн "Платон Крeчeт" жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг, бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч эмэгтэйн дүрийг бүтээсэн.
  • 1948 онд Д.Намдаг, Ш.Нацагдорж нарын "Залуу үe" жүжгийн багш Оюуны дүрд тоглож, сурган хүмүүжүүлэгч, хүний ажигламтгай, хянуур, шийдэмгий чанарыг сайн үзүүлж чаджээ.
  • 1951 онд Ойдовын "Далан худалч" жүжгийн Пагмын дүрд тоглохдоо охиноо баян пүүсийн өвгөн луухаанд худалдаж, өөртөө ашиг олох гэсэн шуналтай эмэгтэйн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авч байжээ.
  • 1954 онд А.Островскийн "Аянга" жүжгийн гол баатар Кабаниха авгайн дүрд жүжиглэн харанхуй бүдүүлэг Орос орны харгис нь хэтэрсэн нударган баяны дүрийг бүтээсэн бол
  • Дэн И Хэгийн "Буурал бүсгүй" жүжгийн Хуан Муд тоглохдоо хуучинсаг харгис дотуур тамиртай муу санааны хүч ихтэй дүрийг чадварлаг бүтээж шилдэг жүжигчин гэдгээ харуулжээ.
  • 1960 онд Ж.Цэрэнгийн "Будамшуу" инээдэмт жүжгийн Пиглайд тоглож, баяжих нэр алдар олох хүслийн тулам болсон тэнэгдүү, харгис авгайн дүрийг бүтээжээ. Энэ олон дүрд чадварлаг хувирч жүжигчний мөн чанарыг харуулсан тэрээр үзэгчдээс сайшаал магтаал хүртэж, зуун дамжин нэрээ цуурайтуулсан нь аргагүй биз ээ.

Тэрээр театрын жүжигчин байсан болоод тэр үү, кино урлагт цөөн дүр бүтээсэн байдаг. Гэсэн хэдий ч түүний мөнхөлсөн дүрүүд бүгд бидний сэтгэлд тод үлдсэн билээ. Түүн дундаас хамгийн их хүмүүсийн сэтгэлд үлдсэн дүр бол “Сэрэлт” киноны Бумаа. 1957 онд “Сэрэлт” киноны цайлган сэтгэлт Бумаагийн дүрд жүжиглэн, орос эмчийг угтаж байгаа, дэлгүүрээс юм худалдаж авах хэсэг, бичиг заалган, лавлаа Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн тоглолтоороо Бумаагийн дотоод мөн чанарыг тод томруун гаргаж чадсан гэлцдэг. Үүгээр зогсохгүй манай кино урлагт цоо шинэ дүр болсон хэмээн судлаачид үнэлжээ. Сонирхуулхад 1950-иад оны дунд үеэр дэлгэцнээ гарч, олныг шуугиулсан бүтээл “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байжээ. Киноны өгүүлэмж хөдөө орон нутагт ирсэн орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй маарамба нарын өрсөлдөөнөөр хуучны дадал заншил, үзэл бодол, шашны мухар сүсгийн нөлөөг даван туулж, хүмүүсийн сэттэл санаанд эргэлт гарч, сэтгэхүйд нь шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшиж буйг үзүүлэхийг зорьжээ. Хэдийгээр өгүүлэмж нь энгийн мэт боловч зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нар кино зохиолынхоо зохиомжийг нэлээд сонин хэлбэрээр илэрхийлсэн нь хоёр нийгмийн ялгаа, цаг үеийн өнгө төрхийг тодорхойлох гэж оролдсонд оршино.

Т.Цэвээнжав гуайн дэлгэцнээ мөнхөлсөн бусад дүрүүдээс гэвэл 1963 онд  тоглосон “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959 оны "Морьтой ч болоосой" киноны Дондогийн ээж Ханд, 1970 оны "Хүргэн хүү" киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан эх хүний дүрийг бүтээжээ.

“Энэ муу нялх амьтанд л юм үлдээх гэж байгаад эгч нь хөглөчихлөө, дарга аа. Одоо шууд нэгдэлдээ өгчихье” гээд шанагаа барин сандарч гүйх Ханд авгай холбоотой хоёр шараа ууланд нуусан буруугаа тэр дороо хүлээчихнэ. “Өнөөдөр хэний үхрийн ээлж юм бол. Аягүй бол өнөөх нь айл амьтан хэсэж, аяга тагш юм ууж байгаа даа” гэх агшинд хүү нь сарлагаа унаад ирэхэд “Ээ, заяа чинь, ээ заяа чинь” гэсээр угтдаг. Энэ хэсгийг өөрөө нэмж тоглосон нь уг киног улам ч хөгжилтэй, сонирхолтой болгосон гэдэг.

“Т.Цэвээнжав найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдгийг миний найруулсан "Морьтой ч болоосой", "Энэ хүүхнүүд үү", "Хөхөө гэрлэх дөхлөө" зэрэг кинонуудаас харж болно гэж УГЗ, кино найруулагч П.Доржпалам үнэлэн хэлсэн байдаг.

Т.Цэвээнжав жүжигчнийг М.Бадамгарав буюу "Аман хуур"-ын Дарь хөгшинтэй хүмүүс их андуурдаг. Царай зүсний хувьд адилхан мундаг жүжигчид билээ. Тоолбол нас ойролцоо, төөлбөл бие царай төстэй, хийсэн бүтээснээрээ ч ойролцоо ард түмэндээ хүндлэгдсэн хоёр гавьяат болохоор аргагүй ч биз дээ.

Түүний хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1956 онд УДТ-ын 25 жилийн ойгоор Монгол Улсын Гавьят жүжигчин цол олгожээ. Мөн төрийн дээд шагнал “Алтан гадас” одон болон ойн мeдалиудаар шагнасан байдаг. 1999 онд “Зууны мэдээ” сонины газраас явуулсан санал асуулгаар 20 зууны Монголын шилдэг эмэгтэй жүжигчин хэмээх хүндэт өргөмжлөлийн эзнээр нэрт жүжигчин Т.Цэвээнжав гуай шалгарчээ. Тэрээр 58 насалж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг.

2014 онд 20 дугаар зууны манлай эмэгтэй жүжигчний дурсгалд зориулсан хөшөөг төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд нь босгожээ. Тэрбээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон сайхан дүрийг бүтээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]