Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Гэтэл таануус харьсан аваргын шавхрууг ч дийлэхгүй"Уншсан29,511

Тэгснээ “Энэ муу харыг чинь би л тогтоож байсан юм. Гэтэл та нар харьсан аваргын шавхрууг дийлэхгүй” гэж ирээд л түрүүн нөгөө их магтаад байсан шинэхэн арслан Б.Ганбаатараа хүртэл загнах янзтай болсон гэдэг.

ХАРЬСАН АВАРГЫН ШАВХРУУ ДИЙЛЭХГҮЙ

Б.Ганбаатар арслан улсад түрүүлж арслан цол хүртээд гэртээ ойр дотныхоо цөөн хэдэн бөхийг урин цайлжээ. Арсланг долоогийн даваанд авч заан болгосон бараг нутгийн аварга Ж.Мөнхбат хоймор нь ханхайна биз дээ? Цай хоол болох зуур гэрэл зургийн альбом үзэж сууж. Аварга хэсэг хуудас эргүүлж үзсэнээ цааш эргүүлэхээ болиод гацчихав гэнэ. Мөнгөн аягатай ундааны дээж ирэхэд босч Б.Ганбаатарыгаа зад магтаж, баахан яриад нөгөөхөө тогтоочихоод суужээ.

Альбомоо эргүүлэхгүй, мөнөөх л хуудсаа харсаар, зөндөө уджээ. Азаарсан бөхчүүд “Аварга ямар зураг хараа вэ" гэхэд “Бөхийн зураг харж байна” гэж. Бөхчүүд “Наана чинь дүүрэн бөхчүүд бий шүү дээ” гэхэд “Бусдыг нь ямар бөх гэдэг юм гэж” байна гэнэ. Гэтэл тэр эргүүлж болдоггүй хуудас дээр нь Баянаа аваргын хоолой руу Мөөеө аварга мөргөөд зогсчихсон нэг зураг байх юм гэнэ. Аварга түүнийг хараад цааш эргүүлэхээ мартсан хэрэг байж.

Тэгснээ “Энэ муу харыг чинь би л тогтоож байсан юм. Гэтэл та нар харьсан аваргын шавхрууг дийлэхгүй” гэж ирээд л түрүүн нөгөө их магтаад байсан шинэхэн арслан Б.Ганбаатараа хүртэл зад загнах янзтай болсон гэдэг.

РАПОРТ АНДУУРЧ ӨГСӨН НЬ

Улсын цолтой бөхчүүдээс хамгийн бие жижигтэй бэлчээр томтой нэгэн бол улсын начин Ч.Даваадорж билээ. Тэрээр нойр ихтэй нэгэн аж. Цэрэгт байхдаа мань нөхөр нэг удаа төв байрынхаа жижүүрт гарчээ. Шөнө дунд болон өглөө үүрээр дарга нар нь гэнэт эргэдэг учир нөхөр их л болгоомжлон ширээ дэрлэн унтахдаа гаднаас орж ирэх хаалганы бариул өөрийнхөө чих хоёрыг нарийн утсаар уяад унтаж гэнэ. Ухаандаа гаднаас орж ирсэн хүн хаалга татахад Даваадорж начингийн чихэнд уясан утас чангааж нөхөр гозос гэж босоод “тэп” хийтэл рапорт өгөхөөр бодолцож хийсэн арга.

Ингээд дуг нойрондоо дугжирч байтал гэнэтхэн чихийг нь чангааж гэнэ. Мань хүн ч босон харайж ёслоод “Нөхөр ахмадын амрыг эрье. Анги зөрчилгүй тайван хонолоо” гээд л рапорт өгч гартал конторынх нь цэвэрлэгч хүүхэн гайхчихсан зогсож байна гэнэ. Уг нь тэр цэвэрлэгч хүүхэн эрт ирж цэвэрлэгээ хийдэг байж. Түүнийг нь мэдэхгүй байлдагч Даваадорж, дарга ирлээ гэж нойрондоо бодсоноос тэгж “паакталахгүй юу”.

 

УЛСЫН АРСЛАН Ш.САНЖСҮРЭН ГУАЙН ХУУЧ ЯРИА

У/а Ш.Санжсүрэн Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу буюу одоогийн Завхан аймаг Сантмаргаз сумын нутаг Маргаз уулын өвөрт 1909 онд Шагдарын хүү болон төржээ. Хувийн амьдралтай малчин айлын хүүхдийн нэгэн адил бага насаа аав ээжийн гар дээр өсөж хүмүүжин, хонь хурга хариулан байж байгаад 7,8-н нас хүрч тэр үеийн эрдэм номонд суралцан өөрийн нутгийн Галуутайн хүрээнд шавилан сууж шашинын ном үзэн хэдэн жил болоод лам болжээ. Тэрээр 16 наснаасаа эхлэн овоо, хошуу, сум, аймгийн баяр наадамд барилдан үзүүр түрүү авч байлаа. 1935 онд улсын баяр наадамд 720 бөх барилдсанаас 16-д үлдсэн.

1942 оны наадамд 500 бөхийн тоонд орж барилдан үзүүр түрүүнд Хужаа хэмээх Чүлтэмсүрэн арслантай үлдэн түрүүгээ алджээ.. “Би гүйж ороод өргөөд толгой дээрээ гаргаад ирсэн, тэр үед Гандангийн лам нэртэй байсан учир түрүүлж болохгүй байсан, тэгээд би үзүүрлэсэн. Надад харин улсын арслан цол өгсөн дөө” хэмээн тэрээр хуучилсан юм. Тэгээд 1938 онд Завхан аймгийнхаа наадамд барилдаж улсын заан Я.Дорлигт унаж үзүүрлэсэн. Мөн өөрийн нутаг болох Сантмаргаз мөн Сонгино, Түдэвтэй, Улаагчин зэрэг сумуудад түрүүлж үзүүрлэж байлаа.

“Би чинь 16 наснаасаа 60 нас хүртлээ барилдсан нэр зүүж яваад 1971 онд 50 жилийн ойгоор Завхан аймгийнхаа наадмаар зодог тайлж хүүдээ өгсөндөө. Хүү маань барилдаж гавиагүй дээ. Миний хамаатан садангийн Я.Дорж гэж хүү самбо, жудо бөхийн улсын хэд хэдэн удаагийн аварга, цэрэг аймгийн заан цолтой хүү бий дээ. Ингээд хожим санхүүгийн мэргэжил эзэмшин Завхан аймгийн үйлдвэр аж ахуйн байгууллагад нягтлан санхүүгийн ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан даа” гэж хуучилдаг байв. Ерээд оны үед насан өөд болжээ.

 

Эх сурвалж: “Бөх” сонин, Хүчит бөхийн домог хууч яриа

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 12. 16:04
Зочин

Мөөеө аварга сайн бөх ч хамт барилдаж байгаа хүмүүстэйгээ маш таарамж муутай, хүндлэлгүй, монгол эр хүний уужим сайхан ухаан дутсан, бөхийн барилдаанийг спорт урлаг талаас нь салган улстөржүүлж муугаар хэлбэл одоогийн нохой зодооны урлагт шилжүүлех эхлэлийг тавьж ханыг нь босгосон сайнаа саар нь дарсан хүн болсон нь одоо нэгэнт тодорхой болжээ.

10 сар 16. 6:31
Зочин

Chi muu umhii d urvud hutsaarai

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]