Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Даахгүй газар тавибал буцааж гэрт хүргэж өгнө шүү"Уншсан61,931

Гэрийн эзэн бололтой хүн "Чи яасан омогтой шартай хүн бэ, даадаг юм бол наад хөхүүртэй айргаа аваад яв л даа" гэж байна.

 Толгойлогч.мн сайт үндэсний бөхийнхөө алдар цуутай аварга арслангуудын түүх, ард түмнийхээ дунд алдар цуугаа дуурсгасан бөхчүүдийнхээ үлдээсэн домог, хууч яриаг цувралаар хүргэж байгаа билээ.


Шаахайнаас айгаад

Чөлөөтийн бөхчүүд бэлтгэлд гарсан цаг. Бусдыгаа дандаа цочоох мөртөө өөрөө цочдоггүй Д.Мягмарыг нөхөд нь нэг дөнгөхөөр тохирч. Бага жингийн лут бөх О.Энхтайван том жингийн луугар бөх Д.Адъяатөмөрийн том гэгч цагаан шаахайг утсаар оосорлоод Д.Мягмарын орны өмнө тавьчихаад хувцасны шкафанд ороод сууж авч.

Д.Мягмар их цэвэрч хүн тул хувцас хунараа угааж угааж "э-хийм" гэж ирээд л хоолойгоо зассаар орж ирж байна гэнэ. Нөхөд нь гэрлээ унтраачихаад бүгд орондоо орчихсон л унтсан дүр үзүүлээд хүлээж байж. Өрөөнд цонхны гэрэл тусаад бүдэг бараг гэгээтэй гэнэ. Мань эр орныхоо өмнө ирээд л гутлаа тайлахаар бөхийж. Яг энэ агшинд О.Энхтайван гутал оосорлосон хоёр утсаа ээлжээр яг л хүн явж байгаа юм шиг татаж. Хоосон гутал өөдөөс нь алхаад эхэлмэгц Д.Мягмар цочин муухай хашгиран цовхорчээ. Тасалгаа дүүрэн пэр пар инээдэм болсон нь мэдээж.

 

Хавхаар хонь агнасан нь

Төв аймгийн Батсүмбэр сумын ойролцоо Адъяа зааны нэг нутгийн айл Дэчин гуайнд Ж.Мөнхбат аварга, Сосорбарам арслан, Ө.Эрдэнэ-Очир арслан, Адъяа заан нар бэлтгэлд гараад амарч байжээ. Ө.Эрдэнэ-Очир арслан Дэчин гуайн гэрийн хойт энгэрт тарваганд хавх тавьжээ. Үдээс хойхно тэнгэр бүрхээд бороо орох маягтай болж, хавх тавьсан газрын цаад талаас нь Дэчин гуайн хонь гэнэт гараад иржээ.

Ө.Эрдэнэ-Очир арслан морь унаад наанаас нь давхисан чинь очихоос нь өмнө хавх тавьсан газраар хонь нөмрөөд иржээ. Яваад очсон нэг хонь хавханд орсон байна гэнэ. Барьж аваад хавхаа салгасан, хонины хөл нь доголоод байж, гэхдээ хугараагүй байна гэнэ. Дэчин гуай ч давхиад ирлээ гэнэ.

Ө.Эрдэнэ-Очир ч нэлээн зовж, за яав гэж байна гэнэ. Нэг хонь хавханд орох нь оржээ, хөл нь хугараагүй байна гэсэн, Дэчин гуай за яахав, чи хавхдаж идэх гэсэн юм байлгүй, сайн ч эр хонь таарч, доголон хонио ид гэсэнд тэр хонио гаргаж бүгдээр идсэн гэдэг. Ө.Эрдэнэ-Очир арслан ярихдаа "миний буянд хоолтой болсноо мэдэхгүй, Мөнхбат, Сосорбарам, Адъяа хавхаар хонь агналаа гээд надаар их тоглоом хийдэг байж билээ" гэж өнөө хэддээ тунирхсан аястай байдагсан.

 

Зургаан ханатай том гэрийг чирсэн нь

Босоо Шагдарыг ид залуухан явахад нь нутгийн нэгэн цуутай баян Түвшин гэгч түүнд нэрмэл монгол архи өгч байх зуурт түүгээр оролдон, өөрийн зургаан ханатай гоёмсог том сайхан гэрээрээ баярхаж "Хэрэв чи ийм гэртэй бол ганц өөрийн биеэр зөөхөөс өөр яах вэ" гэх зэргээр доромжилсонд,

Шагдар "Аа тийм үү хө. Чамд бурхан тэнгэрээс зуд турхан, хулгай худал, чоно нохой, өвчин тахалд эрсдэх хэдэн мал заяасан байхад түүнд үл эрсдэх хүчин тэнхээг миний ганц биед хүртээсэн юм хө" гэжээ.

"Тэгвэл чи миний энэ гэрийг бүрэн хэрэглэлийн хамтаар энэ чигт нь тэр бурхан тэнгэрийнхээ агуу хүчээр, өөрийн ганц биеэрээ, тэр зүүнтэй харагдаж байгаа дэнж дээр аваачиж тавьсугай. Хэрэв чингэж чадваас би чамайг үнэхээрийн их бяртай хүн юм гэж бодьё. Түүнээс биш хүн хүнээ өргөх, унагаах мэтийг ямар их бяртай гэх вэ" гэх зэргээр ам асууж элдвээр хорыг нь маажсанд, Босоо Шагдар тэсэлгүй гэнэтхэн ухасхийн босож, үүд рүү нь шууд гүйж очоод сэрвээгээрээ тотгыг нь өргөөд, урагшаа зүтгэсэнд шинэхэн сайн хошлон ба оосортой их гэр тэр аяараа шажигнан хөдөлж, хананы нь шийр хатуу газраар зурж, доторхи хогшлынхоо хамт Босоо Шагдарын цээжинд бүхлээрээ чирэгдэн явжээ.

Үүнд сандарч тэвдсэн Түвшин баян ч бачимдан хашхирч "Одоо боль, боллоо" гэж Шагдарт хэлсэнд сая цаадах нь арай гэж зогссон нь харин хориод алхам чирч, хонины хашааны өмнө нь аваачиж орхисон байв. Энэ явдал тэр хошуу нутгаар түрхрэн хэлцэгдэж, хошуу нутгаараа Шагдарыг ихэд шагшин гайхсаар эл яриа нь одоо домог болон үлджээ.

 

Хөхүүр чинь томдоод занг чинь эвдээд байгаа юм байна даа

Г.Дэмүүл арслан нэгэнтээ "Намар нэлээд оройхон Д.Батмөнх гэж жолоочтой хамт хоёр машинтай Өмнөговиос гараад Хужирт орохоор давхиж явлаа. Айраг уумаар санагдаад болдоггүй, Хужиртаас нэлээд урагш хуучин Шанх гэж байсны ойролцоо унага уячихсан, адуутай нэг айл харагдлаа. Очих гэсэн наана нь машин орохооргүй сүрхий жалгатай юм. Тэгэхээр нь алхаад очлоо. 1 км орчим л газар байсан байх. Айлд яваад орсон идээ, цай амсуулчихаад айраг амсуулах янзгүй. Сайхан том хөхүүртэй айраг шуугиад л, ёстой хорхой хүргэж байна. 5 литр айраг худалдана уу? гэсэн дургүй байгаа бололтой "Манайх явуулын хүнд айраг зардаг айл биш" гэж байна. Жаахан дургүй хүрлээ. Эвгүй ч үг хэлсэн биз.

Гэрийн эзэн бололтой хүн "Чи яасан омогтой шартай хүн бэ, даадаг юм бол наад хөхүүртэй айргаа аваад яв л даа" гэж байна. Дургүй хүрч байна гэж хачин, босоод хөхүүрийг нь тайлж аваад шууд үүрээд гарах гэсэн чинь хаалгаар нь багтдаггүй шууд зүтгүүлсээр байгаад гарлаа. Тэр чигтээ алхчихсан. Гэрийн эзэн биднийг дагаад л алхаад байх юм. Тэгснээ гэрийн эзэн "Даахгүй газар тавибал буцааж гэрт хүргэж өгнө шүү" гэж байна. Дуугарсан ч үгүй, яваад л байлаа. Харин нөгөө гүнзгий жалганд орчихоод гарч чаддаггүй, мацсаар арай гэж ирмэгт хүрээд буцаад гулсчих юм. Бараг хумсаа хууртал газар маажиж байж гараад машиныхаа дэргэд тавьж, дээшээ гарангуут шууд татаж гарган аравчнаасаа уялаа. Тэр газраас нэг юм үүрээд авчирсан юм чинь машин дээр гаргах амархан байлгүй яахав. Тэгээд шууд давхичихсан, нөгөө айлын хүмүүс ч зогсоод хоцорлоо.

Нэлээд хол очоод айргаа ёстой 5, 10 литрээр нь уулаа даа. Сайхан ч гэж хачин. Тэгээд яахав замдаа уусаар явсаар аймгийн төв дээр ирлээ. Тэгэхэд Октябрийн баяр болж байсан юм. Найз нөхөд уусаар байгаад 40-н литр айраг л үлдсэн байж билээ. Тэгэхээр лав 200 гаруй литр айраг байсан байх. Дараахан хөхүүрийг нь эвхэж, нэг шил архи, дүүрэн шахуу чихэр, талх боов аваад нөгөө айлдаа очсон чинь хавчиг модон хувинд айргаа эсгэчихсэн их сайхан зантай айраг аягалаад л сүрхий байна. Би хөхүүр, боов, чихрээ өгөхдөө "Танайх чинь хөхүүртэй айрагтай байхдаа хүнд амсуулдаггүй хавчиг савтай болохоор сүрхий өглөгч болох юмаа. Хөхүүр чинь томдоод занг чинь эвдээд байгаа юм байна даа" гэж билээ.

 Эх сурвалж: "Бөх" сонин, Хүчит бөхчүүдтэй холбоотой домог, хууч ярианууд фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]