Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нөхөр Сталин Ираны шахаас зөвшөөрөл гуйсан ньУншсан20,903

Шах гуай Черчиллтэй уулзах хүсэлт гарган тэдний хэлсэн цагт нь Элчин сайдын яам дээр нь очжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

ЗХУ болон Их Британийн цэргүүд Иран улсад дайн зарлан Ираны тухайн үеийн шах (шахинашах) Реза Пехлевиг  суудлаас нь буулгасан тухай "Дөрвөн өдрийн дайн" хэмээх нийтлэлдээ бичиж байсан билээ.

Хэдийгээр энэ шах нь илт Гитлерийн Германы талыг баримталж байсан, түүнийхээ төлөө огцорсон боловч оронд нь хүү нь болох Мохаммед Реза Пехлеви шах болжээ. Магадгүй болгожээ гэж хэлэх ёстой ч байж болох. Шинэ шах тэр даруй л ЗХУ болон Их Британитай шинэ гэрээ байгуулан, Германы эсрэг дайнд нь тус дэм болох үүрэг хүлээж,  бүр Германд дайн зарлах мэтээр  шинэ холбоотнуудынхаа өмнө тал засаж байгаа гэж жигтэйхэн.

Европын нутагт их дайн үргэлжилсээр 1943 он боллоо. Холбоотнууд болох ЗХУ, ИХ Британи, АНУ гэсэн их гурвалын  удирдагч нар уулзалдан Гитлерийн Германы эсрэг цаашид хэрхэн дайтах (2-р фронт нээх талаар), дайны дараах Герман улс ямар байх, Японы эсрэг дайнд ЗХУ оролцох зэрэг олон чухал асуудлаар ярилцахаар тохирч Ираны Тегеранд энэ уулзалтыг хийх болжээ.

Тухайн үеийн Иран улс нь үнэн хэрэгтээ бие даасан тусгаар улс гэхэд хэцүүхэн байдалд байсан бөгөөд өмнө хэлсэн 4 өдрийн дайнаар хамаг эрх мэдлээ де факто алдсан улс байв. Шинэхэн шах ч дэлхий дахинд нэр хүнд олж авч амжаагүй, бараг л тоглоомын улсуудын хаан, ван шиг байсан бөгөөд хамгийн гол нь тэр өөрөө ийм байдалд байгаагаа өөрчлөх ямар нэг зүйл хийлгүй хамаг зүйлд “томчууд”-ын амыг харж байв. Томчууд гэдэг маань их гүрнүүд.

Ингээд их гүрний удирдагч нар Тегеранд ирж дэлхийн ирээдүйн талаар ярилцаж эхэллээ. Уулзалт болж байгаа улс болох Ираны шах маань Их гурвалын удирдагчтай уулзалдаж зураг хөрөг авахуулах нь ойлгомжтой. Харамсалтай нь шах Мохаммед Реза Пехлеви маань өөрөө тэрхүү том гүрний удирдагч нартай уулзах хүсэлт гаргах, тэдний цаг завыг харах хэрэгтэй тийм байдалд хүрсэн байна. 

Шах гуай Черчиллтэй уулзах хүсэлт гарган тэдний хэлсэн цагт нь Элчин сайдын яам дээр нь очжээ. Мань эрийг овоо удаан хүлээлгэж байж Черчилль гарч ирсэн бөгөөд дэлхийн хувь заяаг шийдэж байгаа их хүнд зав чөлөө бага гэдгийг, энэ зэргийн хүлээх мэт нь гайгүй зүйл гэдгийг шах сайн ойлгож байсан бололтой. Болдог юм яг л ёсоороо сайхан болж, уулзалдаж учирч яриа хөөрөө хийлээ.

Рузвельттэй уулзах гэсэн шахын хүсэлтийг америкчууд судалж үзээд өөрсдийн боломжит цагийг хэлж бас л нэг уулзалт боллоо. Их Британийн Элчин сайдын яаманд хүлээснээс арай бага хүлээсэн, уулзалт нь богино хугацааны боловч харилцан найрсаг яриа болж өнгөрсөн... гэх мэт.

Одоо ЗХУ-ын ээлж. ЗХУ-ын Элчин сайдын яамны утас жингэнэн дуугарлаа. Утас авахад Ираны шахын туслах нарын нэг утасдаж байсан бөгөөд тэрээр  “Эрхэм нөхөр Сталин нь хэзээ Ираны шахыг хүлээн авч уулзалт хийж болох бол?” гэх зэргээр маш эелдгээр асуусан байна. Элчин сайд үүнд хариулт хэлж чадалгүй эргээд холбогдох тухай тохирч утсаа тавьжээ.

Удалгүй шахын ордон дахь утас дуугарсан нь ЗХУ-ын Элчин сайдын яамнаас утасдсан хэрэг байлаа. Энэ удаа оросууд ингэж асуужээ. "ЗХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн И.Сталин нь Ираны шах өөрийг нь хэзээ хүлээж авах боломжтойг асуун, уулзалдах хүсэлт гаргаж байгааг хүлээн авна уу" гэсэн утгатай байж.

Иранчууд ч нэлээд зовсон, хамгийн гол нь айсан байдалтайгаар “Уучлаарай бидний хүсэлтийг та бүхэн буруу ойлгосон бололтой. Иран улсын Шах нь нөхөр Сталинтай хэзээ уулзалдах боломжтой талаар түүнээс асууж уулзалдах хүсэлт гаргасан юм” гэжээ.

Хариуд нь: “Үгүй ээ энд буруу ойлгосон зүйл байхгүй. Нөхөр Сталин Ираны шахтай уулзах хүсэлт гаргаж, хэзээ ямар цагт уулзах боломжтойг нь асууж байна“ гэсэн байна. Гайхаж цочирдсон шахын туслах энэ тухай шахад мэдэгдээд эргэж хариу өгье гэснээс өөр юм хэлж чадалгүй яриа дууслаа.

Мэдээж дараа нь шахын тал цагаа хэлж, нөхөр Сталин ч яг тэр цагт нь шахын ордонд очиж уулзсан бөгөөд нэлээд удаан хугацаагаар яриа хөөрөө болсон байна. Сталин энэ үеэр хүлээн авч байгаа орны зочломтгой сайхан байдал, зочин хүн гэрийн эзнийг хэрхэн хүндлэх ёстой тухай нэг биш удаа хэлсэн гэдэг.

Сталин, Мохаммед Реза Пехлеви, Молотов нарын хамт

Зарим хүний бичсэнээр бол (ЗХУ-ын баатар тагнуулч Вартанян зэрэг) Сталин нь Молотов болон Воршиловын хамт шахын ордонд ороход Реза Пехлеви сандлаасаа үсрэн босч гүйн ирээд Сталины өмнө сөхрөн сууж гарыг нь үнсэн хүндлэл үзүүлэх гэж оролдсон ч гэдэг. Сталин өрсөж гараас нь өргөн босгоод өөрөө түрүүлж мэндэлсэн бололтой.

Сталин үнэхээр тусгаар улс орныг хүндэлсэн хэрэг үү, эсвэл улс төрийн цэвэр тооцоо, тоглолт байв уу? Аль аль нь л байсан гэж зарим нэг нь үзэх боловч яг үнэндээ энэхүү хүндлэл, улс төрийн тооцоо гэдэг маань нэг л зүйл мэт санагдана. Ямар ч байсан ялагдаж доройтсон Ираны хааныг ихээхэн доогуур үзэж бараг үл тоосон Черчилль, Рузвелт хоёрыг Сталин нэг сайн давсан шиг бололтой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]