Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэмүүл арслангийн өргөсөн чулууг Д.Ганхуяг арслангийн баг 9 секунд өргөж байвУншсан25,005

Ээжийн талаасаа бөхийн удамтай бөгөөд Махбал хэмээх даншгийн заан цолтой бөх, 1964 онд Өвөрхангай аймгийн наадамд түрүүлсэн Аюушжав гэж бөх байдаг. Өвөө нь мөн барилддаг Сумын заан цолтой байсан.

Бөх сонирхогчдодоо зориулан Улсын арслан Доржпаламын Ганхуягийн талаархи сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1976 онд С.Доржпаламын дөрөв дэх буюу отгон хүү болж мэндэлсэн тэрбээр Улаанбаатар хотод төрж өссөн. Бага нас нь Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хорооллын таван давхар саарал байрнуудын дунд өнгөрчээ. Аав Доржпалам нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, харин ээж Гучин-ус сумын харьяат тул Өвөрхангай нутгаар овоглож зодоглодог.

Ээжийн талаасаа бөхийн удамтай бөгөөд Махбал хэмээх даншгийн заан цолтой бөх, 1964 онд Өвөрхангай аймгийн наадамд түрүүлсэн Аюушжав гэж бөх байдаг. Өвөө нь мөн барилддаг Сумын заан цолтой байсан.

Аав нь бөхөд их дуртай байсан тул аавыгаа дагаад наадамд явж барилддаг байж. Энэ талаар тэрбээр “Засуул, цэцүүд бөхийн тоо гүйцэхгүй болохоор нь цэргийн бакаль олж өмсүүлээд, бүс бүслүүлээд л аманд гаргачихдаг. Өсгөлүүн биетэй болохоор хэрдээ л ноцолдож байгаад унана. Бөх болох дүрээ ингэж л олсон түүхтэй. 16 наснаасаа зодог шуудаг өмсөж, бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Ах нартайгаа телевизээр гарсан спортын тэмцээнийг алгасалгүй үздэг, гэр бүлээрээ спортод дуртай” хэмээжээ.

Тэрбээр 17 насандаа заалны барилдаанд Д.Хадбаатар аваргыг давж байсан гэдэг. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “1993 оны хоёрдугаар сарын 1-нд Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 100 жилийн ойн барилдааны хоёрын даваанд Д.Хадбаатар аваргыг даваад баярлаад гүйж байлаа. Аварга бид хоёр давалцалгүй хамгийн сүүлд үлдээд, аварга элэг бүсээ тайлаад яваад өгсөн. Харих тийшээгээ хандаж байсан ч 17 настай хүүд нүсэр том биетэй л санагдаж байсан нь санаанаас гардаггүй юм. Гурвын даваанд улсын манлай заан Д.Долгорсүрэнг өвдөг шороодуулж мөн ч их урам зориг авсан даа. Томчуудын барилдаанд анх удаагаа өөдтэй барилдсан минь тэр. Хүүхэд байсан болоод ч тэр үү, аз, од байсан болов уу гэж боддог юм. Манай ангийн багш тэр барилдааныг зурагтаар үзсэн юм билээ. Тийм ч айхтар бөх мэддэг хүн биш л дээ. Тэгсэн маргааш нь “Ганхуягийг би тэр том бөхөд даруулж унахвий гэж айж байлаа. Миний хүү битгий тийм том бөхчүүдтэй барилдаж байгаарай” гэж билээ. Өмнө нь зааланд гараад Ерөнхийлөгчийн бөх улсын начин Ж.Чулуун ахад мөн ч олон унаж байлаа” хэмээн дурссан байдаг.

19 насандаа Өвөрхангайн наадамд түрүүлсэн. Энэ талаараа “Аавыгаа дагаад наадамд явж барилддаг байлаа. Харин 1995 онд арслан болдог жил аавын ажил амждаггүй ганцаараа Өвөрхангайн наадмыг зорьсон доо. Аав минь “Миний хүү аймгийн начин болоод ирээрэй гээд л үнсээд үлдсэн”. Олон дэвжээ үзээгүй жаахан хүүхэд цол бодож санаа зовоогүй. Санасан бодсоноо хийгээд тачигнатал үзээд л түрүүлсэн. Сүүлийн даваанд Хужиртын К.Батболд гэж залууг өвдөг шороодуулсан” хэмээжээ.

1996 онд Монгол телевизийн ойн барилдаанд Д.Мөнх-Эрдэнэ арсланд унаж үзүүрлэн, Сүхбат аваргыг хөлд ороход нь давхар ачиж хаяад 21 инчийн өнгөт телевизээр шагнуулж байжээ.

МУБИС-д үндэсний бөхийн дасгалжуулагчийн ангийг шинээр нээж байсан жил элсэн орж, Ардын багш Д.Сэрээтэр, Жамцын Даваажавнараар Үндэсний бөх, олимпийн мөнгөн медальт Ц.Дамдингаар жудо, Гавьяат тамирчин Ч.Дамдиншараваар чөлөөт бөхийн хичээл заалгасан. 1998 онд УБИС-ийн харъяа БТДС-ийг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.

Түүний чөлөөт бөхийн гараа “Хөдөлмөр” нийгэмлэгийн дэвжээнээс эхэлсэн. Аавынхаа зөвлөсний дагуу сургуулийнхаа бөхийн секцэнд хичээллэж, 1998 онд “Хөдөлмөр” нийгэмлэгт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Намширын шавь болсон. “Хөдөлмөр” нийгэмлэгийнхэн гадагшаа тэмцээн, уралдаанд их явдаг байсан бөгөөд Х.Намшир багш нь “Ухарч хожигддог энэ муу бөхчүүдээс, ялагдсан ч хамаагүй урагшилж довтолдог Ганхуягийгаа авч явна” хэмээн тэмцээнд оролцуулахаар болжээ.

Улмаар 1996 онд оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн нь анхны томоохон амжилт. 2009 онд жүдогийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэж дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.  Дэлхийн аваргад Японы бөхийг хожин шөвгийн наймд шалгарсан.

Кураш бөхийн Дэлхийн аварга, Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Самбын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Сонгомол бөх Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Монгол говь” олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер, Сагсан бөмбөгийн Лигийн төвийн тоглогч, Гар бөмбөгийн лигийн тоглогч, Регби Америк хөлбөмбөгийн анхны тоглогч, Жүдогийн дэлхийн аваргын хүнд жингийн шагналт байр гээд тоочоод байвал энэ хүнд олон хэргэм бий. Багаасаа хөлбөмбөг, сагсан бөмбөг, бөхийн чөлөөт, жүдо, самбо бөхийн олон төрлөөр хичээллэж олон улсын болон тив дэлхийн олон удаагийн тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан ОУХМастер цолтой.

Аймгийн арслан цолтой таван жил барилдаад Улсын цол хүртсэн. 2000 онд Д.Цэрэнтогтох аваргаар тав даван начин цол хүртэж, 2002, 2005, 2006 онд начин цолоо баталсан.

32 насандаа гарьд Нямдоржийн Ганбаатараар ес даван түрүүлж, Улсын начин цолтой бөх төрийн баяр наадамдаа түрүүлсэн ховорхон амжилтын тоог нэмсэн.

Хойтон жилийнх нь наадамд найм даван үзүүрлэсэн бөгөөд үзүүр, түрүүний барилдаанд Г.Өсөхбаяр аваргад өвдөг шороодсон түүхтэй. Г.Өсөхбаяр давбал тухайн үеийн дүрмээр даян аварга цол хүртэх хариуцлагатай ач холбогдолтой барилдаан байсан юм.

2000, 2002, 2005, 2006, 2010, 2011 онуудад тус бүр тав даван шөвгөрч байсан тэрээр "АПУ" компани, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р ангид данстай тэрбээр зэвсэгт хүчний хошууч цолтой.

Д.Ганхуяг арслан баруун талтай, зүүн гараараа баруун хөлд тахимдаж харвах, хонгодох, харцагадаж дайрах мэхүүдийг чадамгай хийдэг.

Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд 10 давж сүүлчийн зургаан бөхөд үлдэж байсан.

Монгол Улсын хурц арслан Г.Дэмүүлийн ид залуу насандаа өргөж байсан 380 кг чулууг өргөх тэмцээн Өмнөговь аймгийн Манлай суманд болоход тэмцээнд долоон баг оролцсоноос улсын арслан Д.Ганхуяг, улсын начин Ш.Дарханбат нарын баг 8.55 секундын хугацаанд өргөж, гуравдугаар байрыг эзэлж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]