Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Хүүхэн хутагтыг Гончигдоо нарын чекистүүд лам болж хувирч очоод устгажээУншсан40,023

Харин YIII Богдын үед албан ёсоор бий болсон «Тамгатай хутагт» есхөн билээ. Түүний нэг нь Цэрэннамжилийн Найдансүрэн юм.

Хүүхэн хутагт хэмээн олноо алдаршсан Найдансүрэн, Төвдийн Саж лам Жамъянданзантай хамт татуулсан энэ зураг 1920-иод оных болов уу? Яагаад гэвэл Саж ламыг 1922 оны наймдугаар сарын 15-нд Ерөнхий сайд агсан Д.Бодоотой холбогдуулан Шар хаданд цаазалсан байдаг. Ямар ч атугай халх Монголын төр шашны түүхэнд мөрөө тодоор үлдээсэн энэ хоёр хүнийг дурсахгүй байхын аргагүй. Монголд хутагт хувилгаад тодорч байсан нь эртнийх, олон арваараа ч тоологддог байх. Харин YIII Богдын үед албан ёсоор бий болсон «Тамгатай хутагт» есхөн билээ. 

Түүний нэг нь Цэрэннамжилийн Найдансүрэн юм. Түүний хорин хэдхэн насны амьдралыг нутгийн хөгшчүүлээс сонсч дуулснаа толилуулахад. Тэрбээр: Хан Хэнтий уулын аймгийн мэргэн гүний хошуу, одоогийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт цөөхөн малтай ядуухан айлд 1900-гаад оны үед мэндэлжээ. Эцэг эх хоёр нь хүүгийнхээ цовоо сэргэлэн, авхаалжтайг анзаарч нутгийн нэг ламд шавь оруулжээ. 

Хүү ч гэрээ санаж, оргож боссонгүй тухайн үеийн бурхан шашны ёс дэглэмийг хүндэтгэж хичээнгүйлэн суралцаж, зэгсэн овоо болж байтал Саж лам тэргүүтэй шашны томчууд тэр хийдээр очиж, нутагтаа мэргэн түргэн гэж яригдах болсон Найдансүрэн хүүтэй уулзаж учирчээ. Аливаа юмны хувь төөрөг сонин, бас совинтой байдаг хойно их замын хишиг хүртэх, эрдмийн далайд хөл тавих хувь тавилан ийнхүү эхэлжээ.

Зүүн гар талаас Хүүхэн хутагт, Саж лам Жамъянжав 

Монголын бусад хутагтуудын түүх намтар нэлээд элбэг, ил тод байдаг бол Хүүхэн хутагтын богинохон хугацааны амьдрал их зөрчилтэй, ер нь дурсаж ярих хүн олддоггүй, бичиж тэмдэглэсэн зүйлээр тун ховор байдаг. 

Хэнтий аймгийн музейн эрхлэгч байсан Жүгдэржав гуай 1973 онд ярихдаа: Хүүхэн хутагт Найдансүрэн хосгүй сайхан нуруу туруу тэгш, зүс царай тунгалаг, үг яриа цэгцтэй, зан байдал төлөв төвшин, урлах бүтээх эрдэм төгс ёстой л сайн сайхны шинж бүрдсэн гэмээр хүн байсан. Халхын ноёд, хатдууд хүүхэн хутагтад мөргөж сүсэглэе гэхээсээ илүү түүнийг харж нүд баясгая, танилцаж хөөрөлдөх талдаа илүүтэй татагддаг байсан. 1922 онд Саж ламын хэрэг мандаж, Хүүхэн хутагт баригдаж гэнэ, оргож гэнэ гэсэн цуу гараад сураг тасарсан гэж билээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нэгдэлийн дарга байсан Даваагийн Жамъяндорж гуай хуучлахдаа: Хуучин Өмнөдэлгэрийн төвөөс тав, зургаан км зайтай газар Хүүхэн хутагтын хүрээ гэж байсны туйр одоо бий. Уг нь Ногоон дэнжийн хүрээ гэж байснаа сүүлд 1910-аад онд Хүүхэн хутагтын хүрээ гэж нэрлэгдсэн юм билээ. 

Хүүхэн хутагт алга болж, хүрээ хийдийг тараах, нураах их аянд өртөгдөж давхар тоосго ч үлдээгүй гэдэг. Ах дүүгийн хүмүүс гээд хүмүүс байсан улсын аварга малчин Тамжав (эмэгтэй) гэдэг хүн нэлээд юм хуучилдаг байсан, одоо мэдэх, хэлэх хүн үгүй л болов уу гэв. Харин Саж лам Жамъянданзан бол: Богд Жавзандамба хутагтыг Монголын хаан ширээнд сууж, төр шашны тэргүүн болоход Төвдөөс Богдын торгон цэргийн жанжнаар томилогдон ирсэн хүн. 

Тэрбээр цэргийн эрдэмд боловсорсон төдийгүй, улстөрийн амьдрал, гадаад байдлыг судалсан зэгсэн боловсролтой хүн байсан бололтой. Хятад, Төвдийн ноёд генералуудтай тагнуулын холбоо сүлбээтэй байсан гэдэг шалтгаанаар Данзан, Сүхбаатар нарыг 1921 оны арваннэгдүгээр сард Москвад айлчилж байх хойгуур Улаанбаатар хотод Саж ламыг баривчилсан тухай мэдээг Москвад ДХГ-ын дарга В.Баторун дамжуулсан байдаг. 

Нууцлагдсан сэжиг бүхий хүний товч намтрыг дурьдахад ийм буюу. Хэнтий аймгийн театрын дарга байсан Дамдинсүрэнгийн Хишигжаргал гуай: Хүүхэн хутагт зүгээр нэг хурлын лам ч байгаагүй. Тоорой баньд хулгар Нацаг шиг шилийн сайн эр байгаагүй Богдын засгийн газрын дээд хуралд суудалтай, Мэргэн гүний хошууг захирсан тамгатай, зүүн чигийн ноёдын чуулганыг даргалдаг ийм л цуутай сайхан эр байсан гэдэг. Хүүхэн хутаггад зориулж, Халх Монгол даяар үе дамжин дуулж ирсэн дуу нь гэвэл: 

Бор борын бялзуухай нь

Босгон дээгүүр жиргэж байна шүү

Болзоо нь үгүй Хүүхэн хутагт

Босон суунгаа чилээстэй

Баян баргын адуу нь

Баахан хэцүү манаатай

Балар шугуйн дунд

Байн байн бүгээстэй

Баян баргын адуун нь

Гучин гурван шаргатай л гэнэ

Гучин гурван шаргын

Гурваас бусад нь жороо л гэнэ шүү

Хоёр шөнө нь отлоо доо

Хойтох шөнө нь

Нойр ихтийн гадуур

Наргиуласхийгээд өнгөрлөө

Нохой муутын гадуур

Доргиулс хийгээд өнгөрлөө

Шанхны минь үсийг харвал

Сайхан хүүхэн гэнэ биз

Саадаг нумыг минь харвал

Сайн эр гэнэ биз

Унасан морь минь

Усан тэлмэн жороо доо

Тохсон эмээл минь

Тохой зандан бүүрэгтэй

Барьсан ташуур минь

Барим хэрийн зандан

Дөрөөлсөн дөрөө минь

Дөрвөн лангийн жийжүү. 

1922 оны сүүлчээр До яаманд баригдахын даваан дээр урагшаа оргож гараад 1926 онд Гончигдоо нарын чекистүүд лам болж хувирч очоод устгасанаар ийм нэг дуу хууртай, домогтой төрсөн Хүүхэн хутагтын амьдрал гунигтайхан төгссөн ажгуу.

Эх сурвалж: budda.mn

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]