Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зовлон зовлон учравч жаргалд хувиргадаг ижий, Цөхрөл цөхрөл ирэвч ухааралд уусгадаг ижийУншсан1,562

Ижий минь дурсах тоолонд бурхны хутаг ерөөл, ариун чанараар сэтгэлд буудаг. Ээж минь ерөөсөө амьд цагаан Дарь Эх байлаа. Ээжид минь сүүдэр, муу үйл гэж байгаагүй. Нүгэл бүр ч байгаагүй. Амнаасаа хараал бүү хэл муу үг ч унагадаггүй хүн байлаа. Өглөө болгон ээжий минь

...Орчлонгийн эзэд Олон лусын хаад минь

Орон улсыг минь ивээн тэтгэгч Очирваань бурхан минь

Айх аюул Алив муу өвчингүй

Өргөн түмэн минь Энх тунх Үр хүүхэд минь Эрүүл саруул

Санаа сэтгэлийн шаналал зовлонгүй

Сайн сайхнаар амьдрах Хишиг буян хайрла ...

хэмээн сүсэглэн залбирч цай идээнийхээ дээжийг өргөнө. Энэ мэтээр ээж минь амнаасаа маани, ерөөл, мэгзэм тарни завсаргүй урсгадагсан. Үнээ, хонь саах, цагаан идээгээ боловсруулах аргал түүх гээд ажил бүхнээ амжуулж явахдаа уншилгаа орхино гэж байхгүй.

Ээжийг минь ерөөл мэгзмээ уншихад орчлон хорвоо уужирч, хот айлын орчинд юм бүхэн тайван амгалан болох шиг санагдан сэтгэлд ер бусын энэрэл хайр нэвтрэн орж ирэх шиг болдог сон. Ялангуяа сааль сааж байх үедээ маани мэгзмээ бүр уянгалуулан унших нь ер бусын эрч хүч, энэрэл, гэрэл дулааныг залж ирнэ.

Үнээ, хонь мал маань хүртэл ээжийн уянгалуулан унших номын нөмөр нөөлөгт орох мэт номхон зөөлөн, тайван амгалан болох шиг болно. Сааль сүүний ажлын үед ээж минь дэл сул юм ярьж, элдэвлэхийг ихэд цээрлэнэ. Бид ээжийнхээ тэр аяс намуухан, зөөлөн, бэлгэдэл төгс үйл хөдлөлд нь үг дуугүй автагдана, ёс бэлгэдэлгүй үйл хэрэг гэж ээжид минь байсангүй.

Сав суулга хайш яаш тавих, хутга хайчийг сул задгай орхих, ааваас өрсөж цай идээнд хүрэх, үг өрсөж ярих, муу үг хэлэх, хов зөөх, хазаар ногтыг хөлд хаях, дөрвөлж дундуур байх, таваг хагас засах, зочны өмнөөс зөрж гарах, багана түшиж зогсох, босгон дээр гишгэх бүгд цээртэй. Тэр байтугай ээж минь аавыг босохоос өмнө гэзэг үсээ самнаж, элдэв үнэртэн танартан түрхээгүй ч нэг л гоё цэмцгэр суудаг сан.

Нэг удаа эгчид ээж минь "Эр нөхрөө өглөө босоход арзайж сэгсийсэн юм харагдаж болохгүй. Гэзэгний сэв, муу боолт, чимгээ үзүүлдэггүй юм шүү. Эр хүний хутаг буян харьдаг юм" гэж намуухан захьж байж билээ. Энэ мэтээр ээжийн минь урд үеэсээ өвлөн авсан хатан эрдэнийн ёс нарийн байж дээ.

Өнөөдөр эргэцүүлэн бодоход ээжийн дагаж мөрддөг ёс дэг, цээрлэдэг зүйл ямар ч олон байгаав дээ. Тэр бүхэн нь ёс суртахуун, аж амьдрах ухааны оршил номлол байлаа. Ээж минь

"Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, Өглөөний дулааныг дулаанд бүү бод",

"Зовох цагт тэвчээр, жаргах цагт сэрэмж хэрэгтэй",

"Залхуу айлын хүүхэд, нохой хоёр нь эрх байдаг юм",

"Хожуу унтаж, эрт сэр",

"Сайхан сэтгэлтэй явахад амьдрахад хөнгөн байдаг юм",

"Илүү идэш хор илүү үг шор",

"Унасан мориндоо зөөлөн, ханилсан нөхөртөө ээлтэй яв",

"Айлын гадна савчиж бүү оч, Айлын гаднаас давхиж бүү гар",

"Зөв бодолтой, зөөлөн сэтгэлтэй яв",

"Жаргалд мансуурч, зовлонтонг бүү гомдоо",

"Хүн нэрээ, тогс өдөө",

"Хордвол хоёр хуруу нэмэгддэг юм. Гэхдээ хордох гэдэг чинь хорло гэсэн үг биш үү"

гэх мэтээр бүхэл бүтэн ном товхимол болохоор олон сургаал хайрлана "

Зүйргүй үг байхгүй, зүүдэлгүй дээл байхгүй",

"Юм учиртай, халзан юм зүстэй" гээд л үгийн утга тайлбарлаж, домог хууч зөөлөн дэлгэнэ.

Өнөө бодоход "Молом тойн ээжийнхээ ачийг хариулсан нь", "Ногоон Дарь Эхийн тууж", "Бурхан багш ээжийнхээ захиасыг биелүүлсэн нь", "Цаасан шувууны үлгэр" зэрэг хуучны номын ард түмний дунд дэлгэрсэн аман хувилбаруудыг ярьдаг байж дээ. Заримдаа бусад хүний амьдралаас жишээ татаж сургамж хайрлана.

Нэг хавар Улаанбаатараас Даваагяв гэдэг хараа муутай нэг чавганц ирж "Нутагаа санаад ирлээ. Эндээ л суурьшихаас, нутагтаа ясаа тавихсан" гэж аав ээж хоёрт минь учирлан ярьж сэлхэртсэн хацар дээгүүрээ нулимс бөмбөрүүлэн хэд хонов. Даваагяв гуайд нас үеийн өвөө эмээ нараас өөр нааш гэх ах дүү, амраг садан нутагт нь байсангүй.

Хөөрхий минь, танил хөгшчүүдийнхээ тус дэмээр нэг муу бор гэртэй болж, хэд гурван төгрөгөөр хоёр үнээ худалдан авч урин дулааны улиралд тараг зөөхий долоосон шиг суух боллоо. Ганц хүү нь Дашдорж гэдэг бузгай хүн Улаанбаатар хотын төмөр замд ажилладаг гэж хүмүүс ярина. Бас нэг өргөмөл охин нь бий гэж нэмнэ.

Ээж ярихдаа "Энэ чавганц ганц хүүгээ өсгөх гэж мөн ч их зовсон хүндээ, хөөрхий. Хань нөхөргүй ганц бие болохоор бага залуу наснаасаа хатуу хөтүүг биеэр туулж явсаар ганц хүүгээ дагуулан Улаанбаатар хотруу одсон юм. Элдэв ажил гололгүй хийж явсаар хүүгээ хүний зэрэгт хүргэсэн хүн. Гэвч насныхаа адагт жаргал үзэхгүй явна.

Та нар Даваагяв чавганц нутгаа санаад ингэж явна гэж бодно уу. Сүүлийн жилүүдэд ямар их зовсноо бидэнд ярилгүй та нарт юу гэж сонсгох вэ. Ухаангүй хүү, хатуу бэрийн хар гайгаар гудамжинд хоног төөрүүлж явж шүү дээ. Ээжийгээ их зовоосон хүнийг эцэст нь бурхан шийтгэдэг юм. Аав ээжээ өргөсөн хүний алсын үйл хэрэг нь бүтэмжтэй байдаг" хэмээн сургамжилж билээ.

Хоёр жилийн дараа билүү дээ, Даваагяв гуайн охин нь гэж хот газрын ганган хүүхэн хувийн машинаар ирж хоёр үнээг нь мөнгө болгож өвөртлөөд, муу бор гэрийг нь айлд өгөөд ээжийгээ хот руу авч одох нь тэр. Зарим хүмүүс, Даваагяв чавганц жаргажээ, хөөрхий. Үр хүүхэдтэй хүн сайхан юм" гэж их л олзуурхаж байлаа.

Харин ээж минь, Даваагяв гуай энд байснаасаа илүү жаргалыг эдлэхгүй байхдаа, хөөрхий минь. Ярьж байсан нь үнэн бол хүүхдүүд нь тэгтлээ ухаан суусан нь юу л бол" гэж санаашран сууж билээ.

Нэг их удалгүй намар өвөл өнгөрч хаврын cap дөнгөж гаруут хөөрхий муу Даваагяв гуай хотын гудамжинд хөлдөж үхсэн сураг дуулдах нь тэр. Ээж минь, "Ээ хайран хүн" хэмээн уулга алдаж маани мэгзэм уншиж, зул өргөж "Дашдорж уг нь юм мэдэхээр хүн дээ. Ээжийгээ өргөж чадсангүй. Үхэж байгаа ээж нь яахав маани их уншсан хүн зөв замаа дагаад явчихна. Үлдэж байгаа өөрөө яана дээ" гэж хүүрнэн бас л нэгийг битүүхэн сургамжлан сууж билээ. Энэ мэтчилэн ярьж сургасан амьдралын хүүрнэл олон. Тэр бүхэндээ үр хүүхэд биднийхээ ухааныг тэлдэг байлаа.

... Инээхдээ ижий минь гэгээ татуулдаг байсан

Энхрийлэхдээ ижий минь нар ургуулдаг байсан

Эерүү домог хүүрнэхдээ тэмээ уйлуулдаг байсан

Эвдэрснийг эвлэрүүлэхдээ хад хайлуулдаг байсан

Эрдмийн гэгээ магнайд нь нэвт гийдэг байсан.

Энэрэхүйн ухаан алганд нь мэлмий нээдэг байсан

Эхнэр хүний эрдэм үйлэнд нь тунардаг байсан

Эргээд уулзах тоолонд жаргал ундардаг байсан хэмээн ээжийнхээ тухай эргэцүүлэн бодох тоолонд шүлэг шадлан буух нь чөлөөтэйсэн.

Ээж маань энэчлэнгээр хүнийг хайрлах сэтгэлээр нэвт гийсэн хүн байлаа. Ядарсан зовсон хүнд хичнээн ч удаа үнэн сэтгэлээсээ тусалсан гэхэв ээ. Манайхаар дээрх Даваагяв чавганцаас өгсүүлээд мөлхөж явдаг Өлзийтөмөр, орох оронгүй "өвчит" хэмээгддэг Бандиуш, Самдангийн "Хар", "луйтар" Чойжамцын Батаа, мэлмий муут Равдан гээд ядарсан цөхөрсөн хүмүүс орж гарч, хонож өнжиж байсан нь олон.

Хоол цай хийж өгөх, юмуу цагаан идээгээр дайлж бас өвөрт нь хишигтэй гаргана. Одоо бодоход ээж минь өрх гэрийнхээ амьдралыг хөтлөлцөхийн зэрэгцээ нэг жижигхэн халамжийн төв ажиллуулж байж дээ.

Бид нар дээрх хүмүүсээс элдэвлэн цэрвэх байдал гаргахад, "Хэлж ирдэггүй үйлийн үр гэдэг хэцүү. Хэнд ч юу ч тохиолдож болно. Сайхан сэтгэл гэдэг эргээд сүү болж ирдэг юм" гэж учирладаг сан.

Нэг зун манайхантай айл саахалт явах болсон Гомбогявын Цэдэв гэдэг залуухан эрийн хайрт хань нь таалал төгсөж, гурван сартай нялх охиноо тэврэн үлдэх нь тэр. Мөн өндөр настай эцэг нь хэвтэрт байх. Халуун залуу насандаа ханиасаа хагацсан амьтан ямар өөдтэй байх билээ дээ. Бүхнээс түрүүнд л муу ээж, аав хоёр минь Цэдэв гуайд байдгаараа тусалж нэг л хэсэг хаяандаа авч явав.

Ээж минь нөгөө нялх охиныг гар дээрээ авч үрт хүний халуун сэтгэлээр өрөвдөн хайрлаж, олон шөнийг хагас нойртой үдэж билээ. Уйлах болгонд нь угжаар ямааны сүү хөхүүлж, бас хуурайлан, заримдаа хөөрхий амьтныг хуурч аль хэдийн ширгэсэн мөөмөө хүртэл үлгүүлж, цээжээ эгшээж хонодог сон.

Ээж минь ариун сайхан хайр энэрлээр нялх охинд хандаж байсан нь арав хүрээгүй хонгор насанд минь зүрх сэтгэлд шингэсэн тэр зургаараа өнөө хэрхнээ нүдэнд харагддаг юм. Тийм энэрэнгүй сайхан сэтгэлийг ээжээсээ харж, мэдэрч явсан минь надад хүнийг хайрлаж эрхэмлэн дээдэлж, амьдрахын нигүүлсэнгүй ариун үзлийн үндэс болон бүрэлдсэн билээ.

Хожим хөөрхий муу "Өндөр" хэмээх Цэдэв гуай 70 гарсан үедээ ч гэсэн ээжийн минь ачлал буянг дурсан ярьж "бурхан шиг хүн байлаа даа" хэмээн нулимс цийлэгнүүлж суусан сан. Хүний сэтгэлд арилшгүй ариун сайхнаар нэр мөрөө үлдээж, мөнх бусыг дагасан үедээ ч гэсэн сайн сайхнаар дурсагдана гэдэг амьд явсны хэрэг. Энэ бол ээжий минь гэрэл цацруулсан буяны мөр билээ.

Бас нэг өвөл хаанаас ч ирсэн юм бэ бууны шархтай шар нохой манай өвөлжинөөс хоёр км орчим газар нэг хадны ёроолд босож чадахаа болиод үхлүүлт хэвтэх болов. Ээж минь олж мэдсэн даруйдаа очиж нэг үстэй адсага дэвсэж, бүлээн шөл хоол өгөх нь тэр. Тэгээд өдөр болгон надаар нөгөө нохойд хоол зөөлгөн тэнхрүүлж билээ.

Төдхөн л хөөрхий нөгөө шар нохой сураггүй алга болсон. Амьд амьтан аргаа олоо биз дээ. Ингэж хүн барьж яваваас дотоод гэрэл гэгээ хэрхэн нэмэгддэгийг ээжээс л анх мэдэрсэн хэрэг. Энэ нь угаасаа Монголчуудын ёс суртахууны "цагаан ном"-ын үзэл санаа байсан юм билээ. Монголчуудын уламжлалт мэдлэг гэдэг ингэж өвлөгдөж бас баяжиж байдаг аж. Ээж минь уярал, ухаарлын дундрашгүй далай байж дээ.

Зовлон зовлон учравч жаргалд хувиргадаг ижий

Цөхрөл цөхрөл ирэвч ухааралд уусгадаг ижий

Зүүд хараар эргэхэд гэрлээр тайлдаг ижий

Зүг чиг буруудахад цацлаар засдаг ижий

Зүхэл нэхлийн үзүүрийг мааниар урвуулдаг ижий

Цочирч бахирах айдсыг хөхөөрөө үргээдэг ижий

Зөөлөн зөөлний цаанаас нартай ургадаг ижий

Зөв бүхний чандад бурхантай ханьсдаг ижий ...

Ижийгээ санан дурсаж хэлсэн сургасныг нь эргэцүүлэн бодох тоолонд бодол ухаарал арвижиж, шинэ сэрэл мэдрэмж төрж, амьдралын тухай ойлгоц гүнзгийрдэг.

"Орчлонг гоо сайхан аварна" гэж үг бий. Энэ үгийг ээжийнхээ зааж өвлүүлсэн ёс суртахууны номоор лавшруулж бодоход "Орчлонг ариун сайхан сэтгэл л аварна" гэсэн утгаар буудаг. Учир нь сайхан сэтгэл бол дээд гоо сайхан юм.

Сэтгэлийн гоо сайхнаас л сэтгэлгээний гоо сайхан, урлагийн гоо сайхан, харилцааны гоо сайхан бүгд л үүсэн бүрэлддэг Гоо сайхнаар амьсгалсан тархи толгой илүү ажилладаг бөгөөд бас илүү амарч амгалан, тайван дотоод долгион, энергийн хуримтлал нь байнга арвижиж, элдэв бохирдол хуурамч загварчлал, хуучирсан ойлгоцын системээ арилгаж байдаг номтой.

Ингээд бодохоор ээжийн минь заасан "ном" нь бүхнийг ариусгагч, энерги, эрч хүчийг нэмэгч, чинад утгыг тээгч, аз жаргал, амгалан чанарыг ундруулагч байжээ. Тэр бүх чанараараа сэтгэлийг байнга ховсдож, хайр энэрлээр дүүргэж ирлээ. Товчоор хэлэхэд ээжийн минь сэтгэлийн гоо сайхны өглөг нь буян арвижихын утга юм.

Ээж минь аливаа асуудлыг хорвоод амьдрах насны хоромхон зайгаар авч үздэггүй байсан. Тэрээр аавын минь буддын гүн ухааны нөлөө, өөрийн ухаарал бодролоороо мөнх бусын хууль, хоосон чанар хийгээд үхлийн тухай, хойд урд насны тухай хэр хэмжээндээ айхавтар мэдэрсэн хүн байлаа.

Ээж минь биднийг арай ухаан суух үед "Мөнх юм гэж хаа байх вэ. Мөнх амьдрах юм шиг загнаж болохгүй. Үхэл эрт орой хэзээ нэгэн цагт ирнэ. Үхлээ гээд үйл дуусдаггүй юм. Нүгэл буяныг чинь ялгаад өгдөг бурхан бий" гэх буюу "Бүх юм хэмжээтэй. Хүний буян төдийгүй худгийн ус ч хэмжээтэй. Үхнэ гэдгээ зөв ойлгоогүй хүн үргэлж буруу ажил хийдэг юм." гэж сургамжилна.

Ерөөсөө аав ээж хоёр минь амьдарна гэж хүнд буянтай сайн үйлс хийж, үхэлд биеэ зөв бэлтгээд хойд насны босгыг амар тайван алхахын нэр гэдгийг минийн зүрх сэтгэлд гүн суулгаж өгсөн. Энэ нь аавын минь үзэж судалсан буддын гүн ухаантай салшгүй холбоотой бөгөөд аав ээж хоёрын минь салшгүй мөрдлөг байсан юм.

Улмаар үр хүүхэд биднийх нь ертөнцийг үзэх үзлийн суурь болж өвлөгдсөн хэрэг. Энэ л үзэл бодолдоо үнэнч амьдарч өдий хүрсэндээ аав ээжийнхээ амьдад нь чихийг нь хангинуулж, үхсэн хойно нь ясыг нь өндөлзүүлсэнгүй. Миний үйлс бүхнийг аав ээж минь мөнх амгалангийн орноос харж орчлонд үр хүүхэдтэй амьдарч явсандаа баярлаж суугаа гэж итгэнэм.

Н.Даваадаш /Соёлын гавьяат зүтгэлтэн/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]