Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сирийн сайн дурынхныг бай болохоос хэтрэхгүй шүү хэмээн В.Зеленьский анхааруулавУншсан20,354

ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэсэн дайралтыг явуулж эхэлснээс хойш гурав дахь долоо хоногтоо хоёр талын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна.

History.mn (Tolgoilogch.mn) вэбсайтын редакцаас Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны талаархи мэдээллийг уншигчдадаа тэнцвэртэй хүргэхийн үүднээс ТАСС, Си Эн Эн зэрэг Оросын болон өрнөдийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хамтад нь хүргэж байгаа юм.

ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа хэмээн нэрлэсэн дайралтыг явуулж эхэлснээс хойш гурав дахь долоо хоногтоо хоёр талын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Украины тал Оросын дайралтыг эзлэн түрэмгийлэл хэмээн нэрлэж дэлхийн улс орнуудаас түрэмгийлэгчдийн эсрэг тулалдах сайн дурын дайчдыг хүлээн авахаа зарласан билээ. Үүнээс хойш цөөнгүй үндэстний сайн дурын дайчид Украинд ирж байлдааны ажиллагаанд оролцож эхэлсэн хэмээж буй. Тэгвэл өчигдөр болсон ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хурал дээр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын талд тулалдах гадаадын сайн дурын дайчдыг Украинд илгээх санал гаргасан байна.

Ойрхи Дорнодод 16,000 орчим сайн дурынхан Оросын зэвсэгт хүчинтэй цуг Украинд байлдахад бэлэн байгааг энэ үеэр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгчдөө дуулгажээ. Эдгээр нь голдуу Башар Ассадын длэглэмийг дэмжигч Сирийн дайчид байх магадлалтай. Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг Москвагийн эрх баригчид олон жил тууштай дэмжиж, цэргийн ажиллагаа явуулан дэмжиж байгаа юм.

“Мөнгөний төлөө биш, өөрийн хүслээр Донбассын ард иргэдэд туслахыг хүсэж байгаа хүмүүс байвал тэднийг хүссэн зүйлээр нь хангаж, мөргөлдөөний бүсэд хүргэх хэрэгтэй” гэж Путин Батлан хамгаалахын сайддаа хэлжээ. Энэ үеэр Шойгу олзолж авсан Украин болон өрнөдийн орнуудаас Украинд нийлүүлсэн төрөл бүрийн зэвсгүүдийг Луганск, Донецкийн салан тусгаарлагчдад шилжүүлж өгөх санал гаргасныг нь Путин дэмжсэн байна.

Путины мэдэгдлийн дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский энэ талаар байр сууриа илэрхийлжээ. “Хэрвээ Ассадын дэглэм Украин руу цэрэг илгээхээр шийдсэн бол тэд огт таньж мэдэхгүй газар оронд их бууны сумны бай болохоос хэтрэхгүй шүү” хэмээн тэрээр анхааруулжээ. Одоогоор Сири улсад сайн дурынхан элсүүлж байгаа тухай мэдээлэл ирээгүй байгааг Зеленьский нэмж хэлсэн ч ОХУ-ын туг далбаа Z хэмээх тодотгол бүхий туг далбаа барьсан Сирийн сайн дурын дайчид Украинд тулалдахаа илэрхийлж буй дүрс бичлэг цахимаар тархаад байгаа юм. Украины талд байлдах олон улсын сайн дурынхны тоо мөн 16,000 хүрээд байгааг Зеленьский өмнө нь мэдэгдэж байсан юм.

Саяхан АНУ-ын албаны эх сурвалж Wall Street Journal сэтгүүлд ярихдаа хот доторх тулаанд мэргэшсэн сайн дурынхныг Сирийн талаас илгээх боломжийг Москвагийн эрх баригчид судалж эхэлсэн тухай мэдээлж байлаа. Ажиглагчдын дүгнэж буйгаар Украин дахь байлдааны ажиллагаа сунжирвал олон үндэстний сайн дурын дайчид дайны фронтод тулалдах магадлалтай болж байгаа аж.

ОХУ-ын цэргийн ангиуд Киевээс 25 км-ийн зайд ирсэн гэв

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]