Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Ай хөөрхий Чойбалсан гэгч чи юу, эх чинь манайд бууж уйлж гунихарсаар буцав"Уншсан21,470

Чойбалсан хэдийгээр нутагтаа харьж эхтэйгээ учрахыг маш хүсэх боловч, лам болж хийдэд суух буюу шанзав Осорын зарц болж дарлагдахаас болгоомжилж нутагт харихыг түдгэлзэхээр шийдэв.

Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан ЦЭНДИЙН ДАМДИНСҮРЭН “БҮРЭН ЗОХИОЛ” дэд боть 1998 онд хэвлэгдсэн ба энэхүү номд орсон “Маршал Х.Чойбалсангийн бага нас” хэмээх бүлгийг уншигчдадаа хүргэж байна. Маршал Х.Чойбалсангийн бага насны тухай дурдатгалыг Ц.Дамдинсүрэн гуай дөчөөд онд бичсэн бололтой.

Нэгдүгээр хэсэг: "Жимээ, Шарав нар хэцүү чанга хүмүүс тул Чойбалсан баахан ширвээтэн эмээнэ"

Хоёрдугаар хэсэг: “Огодогийн чоно явж байна, яагаад энд ирэв?“

Гуравдугаар хэсэг: Х.Чойбалсан: Эр хүн долоо дордож найм дээрдэж явдаг юм...


ЗУРГАА

Чойбалсан чавганцдаа хэлсэн ч үгүй, тэднийхээс юу ч авсангүй, дугуйхан нөгөө хоёртой болзсон газар уулзаад гурвуул мөнгө гаргаж хувь нийлүүлэн нэг жодгор майхан авч хүнс төхөөрөн бэлтгээд Амарбаясгалант хийдийг чиглэн бас нэг шинэ аянд явав. Гурвуул хойд зүг хэд хоног явсаар Амарбаясгалант хийдэд хүрч бас хэд хонов. Тус хийдийн газар бас л өнөөх урдын үзсээр ирсэн лүглэгэр хар ноход ба лухгар том лам нараас өөр сонирхолтой юм төдий л үгүй. Гагцхүү хийдийн барилга бат гоёмсог бөгөөд бусад олон хийдээс онцгой үзэгдэнэ. Энэ Амарбаясгалант бол халх Монголчуудыг манж хятадын захиргаанд бөхийлгөж өгсөн өндөр гэгээн гэдэг Лувсандамбийжалцаны гавъяаг тэмдэглэж Манжийн хаанаас түүнд тусгайлан бариулж өгсөн хийд ажээ.

Гурвуул тэндээс буцаж Нийслэл хүрээ рүү явах замд Хуримтын өртөөний дэргэд нэгэн өдөр үдэлж байтал ялимгүй хэргийн учраас хоорондоо хэрэлдэж эхлээд хэрүүл нь даруй зодоон болж гурвуул ноцолдон жодгор майхнаа өмнөөс хойш хоёр анги тасдаж орхиод гурван тийшээ салж одов. Чойбалсан ганцаар явж Хүүхдийн овоо гэдэг газар ирж аянчны буудаг замын гэр болох хэдэн хар гэрийн нэгэнд орвол тэр гэрт хижээл насны эр эм хоёр байна. Тэр хоёр мэндиийг асууж эелдгээр угтан цай идээ өгч дараагаар: “Хүү хаанаас хаашаа явж байна? Аль газрын хүн вэ?” гэж асуувал Чойбалсан нутгаа хэлсэн бөгөөд “Амарбаясгалант очоод Нийслэл хүрээ орохоор явна” гэв.Тэр хоёр түүниий үгийг сонсож:

“Хөөрхий, томоогүй амьтан байна даа. Манай хүүтэй адил юм” гээд нүдний нулиимс унагаана. Чойбалсан ямар ч учрыг олохгүй гайхан цай ууж сууна. Дараа учрыг асууж мэдвэл тэр хоёр Чойбалсантай нас сацуу хүүгээ арваад хоногийн өмнө үхүүлсэн тул ийнхүү гашуудалтай байгаа ажээ. Ийм учраас Чойбалсанг ирэхэд тэр хоёр үхсэн хүүгээ босож ирсэн мэт баясаж аятай хоол өгч дуртайяа хонуулав. Маргааш нь хүйтэн шуургатай байсан тул аргагүй өнжих болов. Ийнхүү хоёр хоносны дараа айлын нохой хуцуулсаар Гэндэн-Яринпил, Балдан-Осор хоёр хүрч ирэв. Гурвуул ярилцаж инээлдэж найрамдаад Чойбалсанг “За одоо хамт явъя” гэж аргадах шаардах зэргээр оролдоно. Чойбалсан хэлэв: “Би та хоёртой хамт явахгүй, энд хоцрох нэгэн хэрэг байна” гэж тэднийг явуулав. Учир нь Чойбалсан, сэтгэлийн зовлонд автсан эр эм хоёрын халамжтай санааг хайхрахгүйгээр орхиж чадахгүй. Юу боловч түр байзная гэж боджээ. Түүнээс хойш бүр тэдний хүн мэт болж хонь малыг хариулах ба гэрийн ажлыг хийх болов. Тэр өвгөн ганц морин тэргээрээ ачаа тээж амьдардаг байсан үүнд Чойбалсан өвгөнийг орлон түүний морин тэргээр Бороо гол дахь орос хятадын худалдаачны юмыг Хүүхдийн овоон дээр авчирч буулгах ба тэндээс тэдний юмыг гэдрэг зөөж Бороо дээр хүргэх зэргээр явахаас гадна тэр эр эм хоёрын түлээ хоол зэргийг бэлтгэж өгөх үүнд тэр хоёр, Чойбалсанд үнэхээр хайртай болж нэг сайн хүүтэй болов гэж ихэд баясна.

Тэнд хэдэн сар болж нэг өдөр Чойбалсан Бороогоос юм ачаад гэртээ иртэл гадна нь нэг тэмээ, хоёр эмээлтэй морь уяатай байна. Гэртээ орвол Хуримтын өртөөний занги гэдэг жинстэй хар хүн хоймор суух ба бас ондоо нэг хүн түүний дараа сууна. Мөнөөх хоёр хөгшин маань их л гунихарсан мэт байтал тэрхүү занги Чойбалсанг үзээд “Өнөөх хүү чинь энэ үү?” гэж гэрийн эзнээс асуув. “Мөн “ гэж тэр дургүйгээр хэлнэ. Чойбалсан ямар ч учрыг гайхаж байтал занги хэлэв: “Энэ хүүг Нийслэл хүрээнд байгаа Цэцэн хан аймгийн суурин жасаанаас түргэн хүргэж ир гэж над бичиг тушаасан болно. За хүү бушуухан яв. Саатаж болохгүй” гэвэл Чойбалсан арга буюу тэдэнд хөтлөгдөн явах болжээ. Мөнөөх эр эм хоёр Чойбалсанг үнсэж “Хайран сайн хүүгээс зуурам салав. Бид хоёр ийм заяагүй амьтад шүү. Хүү минь сайн яваарай. Дараа ирж уулзаж байгаарай” гэж захиж нүдний нулимсыг унагаан уйлцгаана. Чойбалсан сэтгэлийг тайтгаруулах аятай үг хэлж “Сайн сууж байгаарай, дараа заавал ирж уулзана” гэж зайдан тэмээн дээр мордов. Гэтэл зангиас хамт ирсэн хүндээ хэлэх нь: “Энэ хүү оргож магадгүй сайн харгалзаж яваад Цэцэн хан аймгийн суурин жасаанд өг” гэж сэмхэн хэлэхийг Чойбалсан сонсож “Одоо би хүргэгдэхээр болж байгаа хүн байна” гэж сая сэхээрэв. Би хийсэн хэрэг байхгүй байтал яагаад ингэж хүргэгдэх болов гэж эргэлдэн бодовч үйлдсэн хэрэг үгүй тул айх юмгүй гэдэг эрс зориг төрж инээмсэглэн зайдан тэмээг унаж явав. Нааш явсаар Толгойтын давааны ард нэг айлд ирж унтав. Чойбалсан огт ажиггүй залуу хүний нойроор үхширтэл унтжээ.Үүр цаймагц нойр ханаж босож бусдын хамт цай уухад өнөөх хүргэж яваа хүнийг харвал их л ядарсан байдалтай нойрмоглон эвшээлгэж сууна. Чойбалсанг оргох магадгүй гэж сэргийлж шөнө унтсангүйг тааварлан мэдээд дотроо инээмсэглэнэ. Тэндээс хоёул явж, Цэцэн хан аймгийн Жасаанд хүрч ирэв. Мөн аймгийн Жасаанаас Чойбалсанг тусгай хүнээр Гадаад яаманд хүргүүлж хаалгын хүү гэдэг хаалга харгалзагч хүнд тушаан өгөв. Тэндээс нэгэн зарлага хүн түүнийг дагалдуулан Гадаад яамны байшинд оруулж мөн яамны дэс түшмэл Жамбаа тойнтой учруулав. Чойбалсан Жамбаа тойныг урьд үл таних бөгөөд одоо тэр хүнтэй уулзаж үзвэл тарган махлаг биетэй, бор улаан царайтай, хурц гурвалжин нүдтэй ба улаан торгон лам дээл, угалзан хошмогтой хантааз өмссөн ихэмсэг ярвагар хүн байна. Тэр угаас Сан бэйсийн хошууны хүн бөгөөд тус хошууны хүрээнд сууж төвд номд боловсорч гавж болсноос гадна, хэрүүлч, заргач нэртэй хүн учир Сан бэйсийн хошууны хятадтай заргалдсан хэргээр Их хүрээнд ирээд байтал Монгол, нэгэнт хятадаас тусгаарлаж, манж хятадыг орон нутгаас хөөсөн тул түүний заргын хэрэг аяндаа завхарсан үүнд Жамбаа тойн автономийг босгох хэрэгт бага сага оролцож нэр олоод завшааныг тохиолдуулан Гадаад яаманд түшмэл болж суусан ажээ.

Жамбаа тойн Чойбалсанг муухайгаар харж загнан хэлэв: “Чамайг Ялгуусны шанзав Осороос нэхэмжилж бичиг ирүүлсэн. Одоо аян талаар хүргүүлнэ. Эх Хорлоо чинь чамтай уулзахаар Хүрээнд ирээд чамайг эрж олсонгүй харьсан гэнэ билээ. Задарсан тархи хуухай” гэж зандран аашилж арай л банзны хишиг хүртээсэнгүй. Нэгэн зарлага хүнд тушаан өгч: “Үүнийг гэртээ аваачиж сайн харгалзаж бай. Битгий гадагш явуул, оргох магадгүй шүү. Нутгаас аянчин ирмэгц тэдэнд тушааж буцаана” гээд тэр хүний хамт гаргав. Энэ хүн Сан бэйсийн хошууны буурал Шагдар мэргэн гэгч бөгөөд Сан бэйс ноёны хашааг сахиж байжээ. Чойбалсан Шагдарынд очоод хэд хоног болоход гадагш явахыг ер санахгүй, ганцхан эх минь ирээд буцсан гэдгийг Жамбаа тойноос сонссон тул эхийн тухай санаашран суух болов.

Бас Жамбаа тойны үгэнд суврагачин отгийн Чойбалсанг Ялгуусан хутагтын шанзаваас нэхдэг учир юу вэ гэж эргэлзэнэ. Хожим үүний учрыг сонсвол Ялгуусан хутагт гэдэг Сан бэйсийн хошууны нэгэн хувилгаан лам, Богдыг хаан болсноос хойш шар феодалын эрх хөгжсөнийг далимдуулан хээл өгч, тусгай тамгатай хутагт болоод хоёр суврагачин отгийг харъяат шавь болгон захирсан ажээ. Иймийн тул шанзав Осор, Жамбаа тойнтой сүлбэлдэж Чойбалсанг дуудаж буцаагаад, гар хөлийн үзүүрт хэрэглэх зарц болгох гэсэн явуулга байжээ. Чойбалсан энэ удаа түүний нарийн учрыг мэдэхгүй, гагцхүү эх Хорлоо хаагуур эрж байгаад хэдийд яаж буцсаныг мэдэхийг оролдоно. Чойбалсанг харгалзаж байгаа Шагдар томоотой сайн хүн тул Чойбалсанг огт хориглохгүй дураар гадуур явуулдаг болжээ. Чойбалсан явж эхийг сураглавал эхийг мэдэх хүн тохиолдохгүй байлаа. Нэгэн өдөр урьд жилийн өвөлжсөн чавганцын гэрт очтол тэр чавганц “Хүү минь сайн явав уу? Хайчаад ирэв? Эх чинь чамтай уулзахаар Хүрээнд ирээд буцсан гэнэ билээ” гэж хэлбэл Чойбалсан асуув: “Миний эх хаана хэдийд байж байгаад буцсан бол?” гэвэл чавганц хэлэв: “Амбан хааны хорооны зүүн захын хашаанд суух Бүдүүн хүүхэн гэгч айлд эх чинь бууж байгаад явсан гэнэ билээ” гэв.

Чойбалсан явж тэр Бүдүүн хүүхэн гэгчийн хашааг сураглан эрж олоод орвол үнэхээр бор царайтай тарган бүдүүн хөгшин хүүхэн байна. Тэр хүүхэн цай өгч ямар хэргээр явааг асуувал Чойбалсан нэрээ хэлж эхээ сураглав. Тэр хүүхэн дуу алдан: “Ай хөөрхий Чойбалсан хүү гэгч чи юу? Эх чинь чамтай уулзахаар ирж, манай гэрт бууж нэлээд хоног эрж сурж ядаад уйлаад гунихарсаар нутагтаа буцав. Эх чинь чамайг над их захисан, бас гадаад яамны Жамбаа тойнд сонсгосон гэнэ билээ. Одоо бид таниилцав.

Үүнээс хойш манай гэрт ирж хоол унд идэж байгаарай” гэв. Чойбалсан эхийн сургийг сонсоод баахан амсхийвч, эхтэйгээ уулзахыг улам мөрөөдөж заримдаа Шагдарынд унтах, заримдаа Бүдүүн хүүхнийд ирж хоол идэж унтах зэргээр харилцан явах болов.

Энэ үед Чойбалсан 18 нас хүрч 1913 оны намар ойртож байв. Чойбалсан хэдийгээр нутагтаа харьж эхтэйгээ учрахыг маш хүсэх боловч, лам болж хийдэд суух буюу шанзав Осорын зарц болж дарлагдахаас болгоомжилж нутагт харихыг түдгэлзэхээр шийдэв. Гэрээс гарсаар дураар хэсэж нэлээд газар үзсэн ба элдэвт догь болсон боловч сурсан эрдэмгүй байна. Иймд эрдэм сурвал эцэстээ хэрэг болно гэж бодогдож гагцхүү эрдэм сурах аргыг сураглаж байтал сонсвол тэр үед Монгол засгийн газраас эхлэн орос Монгол хэл бичиг заах тусгай сургуулийг консулын дэнж дээр байгуулж Монгол хүүхдиийг сурагчаар авч байгаа гэнэ. Түүнээс ондоо сургууль огт үгүй гэдгийг сонсож тэр сургуульд орохоор шийдэж (мөн сургууль нь одоогийн орос хэвлэлиийн хорооны нэгэн байшинд нээгджээ) тэр сургуулийн газрыг сураглан нэгэн өдөр очоод багш Данчиновтой уулзав. Энэ Данчинов махлаг богино биетэй, бор царайтай, ширвээ хар сахалтай бөгөөд сахлыг бага ургамагц даруй засна. Түүний хар нүдний зөөлөн харцанд хэцүү болгоомжтой байдал бий. Орос Монгол бичиг сайн мэднэ. Монгол дээл ба заримдаа европ хувцас өмсөнө. Хүүхдийг эрдэмд сургахдаа эелдэг, багшлах мэргэжилтэй хүн гэж хэлэлцдэг байжээ. Чойбалсан энэ багштай уулзаж сургуульд орох хүсэлтийг хэлбэл тэр багш хэлэв: “Чиний хүсэлт зөв сайн хэрэг. Сургуульд оруулж болно гэж санаж байна. Гэвч би дангаар мэдэхгүй, тус сургуулийн Монгол захирал Санжмятав захирагч гэгч хүн Гадаад яаманд сууж байдаг. Түүнтэй уулз. Чамайг сургуульд авах тухай би Санжмятавт үүгээр хэлье” гэвэл Чойбалсан маш баярлаж Санжмятав захирагчтай уулзахаар очив. Энэхүү Санжмятав захирагч болбол Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны захирагч бөгөөд Гадаад яамны их эрхтэй түшмэл байжээ. Тэр сургуулийг Гадаад яам эрхэлдэг тул түшмэл Санжмятавыг захирал болгожээ. Захирагч Санжмятавтай Чойбалсан уулзаж өөрийн сургуульд орох хүслийг хэлбэл тэр Чойбалсангийн элдэв байдлыг асууж мэдээд энэхэн тэрхэн гэж хойш түлхсээр хоног өнгөрч сургуульд авахгүй мэт үг хэлэх шахаж байтал гэнэт нэг өдөр шууд сургуульд оруулах болжээ. Учир нь багш Данчиновоос хүчлэн тусалсны улмаас гэнэт авах болжээ. Ийнхүү 1913 оны намар цаг Монгол улсын ганцхан сургууль болох консулын дэнж дэх сургуульд Чойбалсан очиж оров.

Чойбалсан анхдугаар удаа хичээл заалгахаар сургуулийн цэвэрхэн тасалгаанд орж очвол, арваад хүүхэд зэрэглэн, шар будагтай бяцхан сандалд сууж байлаа. Тэдний өмнө цаас тавьж ном бичих ширээ бэлтгэжээ. Шохойгоор бичих том хар модон самбар тасалгааны нэгэн буланд байна. Залуу багш Данчинов хар самбарын дэргэд зогсож, хичээлээ эхлэв. Чойбалсан тэр багшийн заавраар хүүхдийн дэргэдэх нэгэн сул сандал дээр сууж харандаа цаас барьж багшийн заасан үгийг дууриалган зурж эхлэв. Багш Данчинов шинэ сурагч Чойбалсангийн баруун гарт шинэ иштэй үзгийг бариулан өгч хэрхэн хэрэглэж бичих аргыг зааж өгөв. Энэ үзгийн ишийг үзэхэд энгийн будмал нарийхан мод боловч уг чанартаа Чойбалсанд эртний хүссэн эрх жаргалант амьдралыг олгох алтан түлхүүрийн иш байв. Ганц хүнд чөлөөт амьдралыг олгох алтан түлхүүр төдий бус Монголын түмэн ардад чөлөөтэй амьдралыг олгох алтан түлхүүрийн ишийг Чойбалсан баруун гартаа атгав. 

Тавдугаар хэсэг: Х.Чойбалсан Эрхүүгийн сургуульд суралцсан нь

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]