Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамгийн хачирхалтай тоглолтУншсан41,546

Хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдэж байгаа энэ цаг үед уг спорттой холбоотой нэгэн хачирхалтай түүхийг сонирхуулах гэсэн бөгөөд энэ нь зөвхөн хөл бөмбөг төдий биш дэлхийн спортын түүхэн дэх хамгийн ... солиотой тэмцээн болсон билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдэж байгаа  энэ цаг үед уг спорттой холбоотой нэгэн хачирхалтай түүхийг сонирхуулах гэсэн бөгөөд энэ нь зөвхөн хөл бөмбөг төдий биш дэлхийн спортын түүхэн дэх хамгийн ... солиотой тэмцээн болсон билээ.

Юуны өмнө тухайн тоглолт болохын өмнө байдал ямар байсныг заавал тайлбарлах хэрэгтэй бөгөөд энэ нь бас тодорхой цаг авах учир уншигч танаас тэвчээр гаргахыг гуйж байгаа юм шүү.

1994 оны Карибын цомын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн. Группийн тоглолт ид явагдаж байх тэр үед  1-р группийн хувьд байдал нэг иймэрхүү байлаа. Группээс нэг л баг гарах ба Гренадын хувьд Барбадостой тоглох тоглолтод хожих, бүр ганцхан голын зөрүүтэй хожигдоход л бүх зүйл сайхан болох байв. Харин Барбадосын хувьд Гренадыг зөвхөн 2:0, түүнээс дээш тоогоор хожиж байж л группээс гарах байлаа.

Ингээд тоглолт эхэллээ. Зөвхөн ялахын төлөө гарсан Барбадосчууд ээлж дараалан дайрсаар ямар ч байсан 2 гоол оруулж чаджээ. Тэдний зорьсон зорилго нь энэ учир одоо тоогоо хамгаалах хэрэгтэй. Байдал буруугаар эргэсэн учир Гренадын хөл бөмбөгчид галзуурсан мэт дайрч, Барбадосчууд баатарлагаар хамгаалсаар тоглолтын 83 дахь минут болох үед Гренадчууд гоол хийснээр Барбадосын хувьд бүх зүйл дууссан мэт болжээ. Учир нь дахиад 7 минут байгаа боловч Гренада мэтийн багт энэ хугацаанд гоол хийнэ гэдэг бараг бүтэшгүй буюу байдал бишдвэл бүр дахиад гоол алдаж ч болох. Дахиад гоол алдвал тэгээд л дуусаа...байз...яагаад дуусаа гэж...

Одоо тухайн үеийн хөл бөмбөгийн дүрмийн талаар бяцхан танилцуулга хийе.

Тэнцэх гэсэн ойлголтыг үгүй болгохын тулд тэнцэж дууссан тоглолтын дараа нэмэлт цаг сунган тоглуулах ба энэ цагт гоол хийж чадахгүй бол пенальти цохиулж байж хожсон багийг тодруулдаг байлаа. Бас нэг сонирхолтой дүрэм нь нэмэлт цагт гоол оруулсан бол тэрхүү “алтан бөмбөгийг” нэг биш харин 2 гоол гэж тооцох ёстой байв. Нэг ёсондоо хожигдохгүй, аюулгүй тоглох гэсэн элдэв тактикийн тоглолтуудыг цөөлж, хурц уран тоглолт л гаргуулах гэж хийсэн шийдлүүд гэсэн үг.

Барбаодсчууд дайрч эхэлсэн боловч эсрэг талынхаа хаалга руу цохих боломж ч гаргаж чадсангүй. Гренадын баг ёстой таг дүлий хамгаалалт хийж эхэлсэн учраас тэр. Одоо яах вэ? Барбадосын нэгэн хамгаалагч бөмбөг авсны дараа хаалгачтайгаа харилцан дамжуулалцан байх үедээ юм ярьсаар л байлаа. Гренадын хувьд энэ нь сайн зүйл, тоглолтын цаг дуусахад улам л ойртож байгаа юм чинь. Гэнэт нөгөө хаалгачтайгаа ярилцан бөмбөг дамжуулж байсан хамгаалагч гэнэт өөрийн хаалга руу бөмбөгөө өшиглөн гоол хийлээ. Энэ автоголын дараа тоо 2:2.

Гренадынхан жигтэйхэн баярлаж эхэлснээ гэнэт энэ нь юу гэсэн үг болохыг ойлголоо. Хэрвээ энэ хэвээрээ тоглолт дуусвал тэнцэл гэж байхгүй учир 30 минутын нэмэлт цаг...Хэрвээ тэнд гоол алдвал энэ нь 2 голоор тооцох учир...

Одоо Гренадынхан тоглолтыг үндсэн цаг дээр дуусгах гэж дайрч эхэллээ. Гэхдээ ёстой хаашаа хамаагүй дайрна гэдгийг жинхэнэ утгаар нь гаргалаа. Үндсэн цагт, тоглолт нэг гоолын зөрүүтэй дуусах нь л чухал учир хүний хаалганд байна уу өөрийн хаалганд байна уу хамаагүй, гол л хийх хэрэгтэй.

Барбадосчууд тэнэг биш, тэр тусмаа энэ бүх будлианы эхийг тавьсан болохоор Гренадууд нь одоо ямар үйлдэл гаргаж болохыг ойлгож байлаа. Дээр нь шүүгч үндсэн цагийг 4 минутаар сунгахаа мэдэгдсэн гэж байдаг.

Дэлхийн спортын түүхэн дэх хамгийн хачирхалтай цаг үе ирлээ. Гренадын багийнхан өөрийнхөө , бас хүний хаалга руу гоол хийх гэж дайрах бол харин Барбадосчууд нь хоёр хуваагдчихсан өөрийн ч хүний ч хаалгыг хамгаалаад...Барбадосын хаалгач бүр нөгөө багийнхаа хаалган дээр оччихсон зогсож байсан гээд боддоо. Гоол хийх гэж биш харин гоол хийлгэхгүй гэж тэр.

Ийм байдлаар үргэлжилсэн сүүлийн хэдэн минут үзэгч олныг ёстой галзууруулж байсан бөгөөд тэд чухам юу болоод байгааг дор нь ойлголгүй яахав. Цаг дуусч Барбаосчууд нь Гренадын хаалгыг амжилттай хамгаалж чадлаа. Өөрийн хаалгыг бас.

Нэмэлт цаг эхлээд 4 минут өнгөрч байхад Барбадосчууд нэг гоол хийснээр хожиж, группээсээ гарах болсон ба тэдний багийн хөгжөөн дэмжигчид, тоглогчид дасгалжуулагч нар нь дэлхийн аварга болсон юм шиг баярлаж, зарим нэг нь бүр нулимс дусааж байсан юм байх.

 

Харин Гренадын хувьд галзуурахад ганц хуруу дутуу буюу багийн дасгалжуулагч нь “тэнэг дүрэм, тэнэг дүрмийг зохиосон тэнэг амьтан тэр сэтгэцийн эмнэлэгтээ байж байх ёстой... “ гэж хашхиран орилсоор бахардаж унах шахаж байжээ.

Энэ явдлын дараа дүрмийн өөрчлөлт хийж, хэргийн эзэн болсон нэмэлт цагийн гоолыг нэг л гоолоор тооцож байхаар болсноор хөл бөмбөг маань эргэн цэвэршиж, өнөөгийн өнгө төрхөндөө орсон билээ.

 https://www.youtube.com/watch?v=JZlqfhLwBnE

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]