Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мянгуужин буюу Карл Мюнхаузены түүхУншсан3,635

Харин бидний сонирхох тэр Мянгуужин маань эдгээр олон хүмүүсийн хэнээс ч хэд дахин алдартай бөгөөд ургийн бичигт 701 дээр жагсдаг юм байна. Тэр хүн бол Карл Иероним Фридрих фон Мюнхаузен буюу бидний хайртай Мянгуужин.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүүхэд байхдаа Мянгуужингийн адал явдлын тухай уншаагүй, сонсоогүй хүмүүс байхгүй гэж хэлмээр боловч... Ямар ч байсан 70-80-аад оны хүүхдүүд бидний хувьд бичиг үсэг тайлагдаад уншиж байсан хамгийн сайхан үлгэрүүд бол Мянгуужин болон Молла Насреддин байсан юм даг. Дараа нь Робинзон Крузо, Шадар гурван цэрэг, Монте-Кристо гээд үргэлжлэх бөгөөд тэр үеийн хүүхдүүд ер нь л их унших дуртай байж дээ. Хэвтэж ном уншвал нүд муудна бос гэж загнуулдаг байсан бид нар одоо хүүхдүүдээ хэвтэх байтугай толгойгоороо зогсоод ч хамаагүй ганц ном унш гэж гуйгаад ч нэмэр гарахгүй цаг үе болж. Тийм болохоор одоогийн зарим хүүхдүүдийн хувьд Мянгуужин гэдэг маань огт танихгүй нэр байж ч магадгүй юм.

Бидний хувьд үлгэрийн баатар болсон энэ маань бодит хүн, бүр ихээхэн удам судартай хүн байсан юм гэнэ лээ. Монголоор Мянгуужин нэртэй болсон Мюнхаузены (Мюнхгаузен) удам судрыг хайж үзсэн хүмүүсийнхээр бол энэ удмын 1300 хүн байх бөгөөд одоо хүртэл 50-60 хүн энэ нэрийг хадгалан яваа юм байна. Энэ удам 12-р зуунаас эхэлсэн ба 16-р зуунаас янз бүрийн салбарт сайн муугаар нэрээ гаргаж эхэлсэн юм байж. Хилмар фон Мюнхаузен гээч эр дайн байлдаанд ялалт байгуулж өчнөөн төчнөөн цайз цамхгийн эзэн болсон бол Герлаха Адольфа фон Мюнхаузен нь Геттингийн их сургуулийг үндэслэн байгуулсан, Отто фон Мюнхаузен нь нэртэй ботаник, агрономич байсан, цөөнгүй Мянгуужингууд янз бүрийн үед том сайд болж байсан, Беррис фон Мюнхаузен нь Гуравдугаар Рейхийн үед тэргүүн яруу найрагч болж гитлерюгендийн хүүхдүүд түүний шүлгийг хашхиран жагсаж байсан гээд их л олон хүн байх нь. Харин бидний сонирхох тэр Мянгуужин маань эдгээр олон хүмүүсийн хэнээс ч хэд дахин алдартай бөгөөд ургийн бичигт 701 дээр жагсдаг юм байна. Тэр хүн бол Карл Иероним Фридрих фон Мюнхаузен буюу бидний хайртай Мянгуужин.

Энэ “их хүний” тухай, түүний гайхамшигт адал явдлын тухай дэлхий даяар тархахдаа нэр нь янз бүр болон өөрчлөгдсөн бөгөөд бид гэхэд л Мянгуужин гэдэг бол өөр бусад газар Monekhusen, Munchhausen, Monichusen, Monigkusen, Minnighusen гэх мэтээр 80 гаруй хувилбараар ярьж бичдэг билээ.

Мянгуужин маань 1720 онд Германд төрж, нас биед хүрэх үедээ алдар гавьяа олохоор Орос орныг зорьсон байна. Тэнд очоод Орос Туркийн дайнд оролцож янз бүрийн гавьяа байгуулан, цол хэргэм нь бага багаар өссөөр бараг 100 гаруй цэрэг захирсан багахан хэмжээний жанжин болсон гэдэг. (Оросын түүхийн архивт энэ хүнтэй холбоотой бодит явдлын тухай бичсэн 100 гаруй материал байдаг юм байна)

 Цаг явахын хэрээр өсөн дэвжиж байсан энэ эрийн аз хийморь нь 1741 онд буюу Орос оронд төр эргэснээр хазайж эхэлжээ. Хэдэн жилийн турш эргээд хэн ч биш болсон Мянгуужин маань Якобине фон Дунтен хэмээх бүсгүйтэй гэр бүл болсон ба 6 жилийн дараа ротмистер болж, эх нутагтаа их хэмжээний өв хөрөнгө өвлөн авах болсноор эхнэрээ дагуулан буцсан байна. Баян тарган, цатгалан, тайван амьдралд орсон эр нь Орос оронд тохиолдож байсан элдэв явдлаа аяга шар айраг уух үедээ ярин суудаг ганц л ажилтай болж. Мань эр маань ан хийх их дуртай боловч чухам ямар гээч том ан хийж байсан тухай мэдээ баримт ховор. Угаасаа анчин, загасчин нөхдүүдийн яриа гэж хүн авахын аргагүй юм байдаг хойно Мянгуужин маань ч ан аваа ярьж байна гэж “алж өгдөг” байсан бололтой. Энэ нь багадах үед холын зэрлэг Орос оронд тохиолдсон явдлаа ярина...

“Туркийн дайнд их бууны суман дээр гарч нисэн дайсныг тагнасан, тал нь буудуулж алга болсон морь нь ус уугаад ханахгүй байсан, намагт живж байхдаа өөрийнхөө үснээс зулгаан байж өөрийгөө болон морио суга татсан...” гэсэн олон инээдтэй, үлгэрийн түүх нь чухам энэ үед бий болсон гэдэг.

Бяцхан хоолны газар баахан хүмүүс цуглаад Мянгуужингийн адал явдлыг сонсон инээлдэх бөгөөд түүний ярихыг сонсох гэж улам бүр олон хүн ирдэг болжээ. Мань эр ч үүнд урамшиж, ярианы давс ч бага бага нэмэгдсээр байсан ба бүр өөрийнхөө адал явдлын тухай бяцхан ном хүртэл бичсэн бөгөөд нэрээ ихэд нууцалж «М-г-з-н» гэж нэрлэсэн байна. Энэ “тайлахын аргагүй” нууц нэртэй нөхрийн адал явдлын тухай номыг үнэндээ Рудольф Эрих Распе гэдэг хүн бичсэн ба дараа нь буюу 1785 онд Готфрид Август Бюргер гээч эрхэм нэмэн сайжруулж (үнэндээ олон шинэ адал явдал шинээр зохиож), том сайхан ном болгон хэвлүүлжээ. Ном дороо алдаршиж бүх Европ, дараа нь Орос улсад дэлгэрсэн ба бүр сүүлд XX-р зуунд Монгол оронд хүрсэн юм.

Мянгуужин маань харин энэ номыг хэвлэсэнд ихэд дургүйцэж бүр шүүхэд хандсан боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Нутгийн олон нөхдийн өмнө гэм хоргүйгээр, алиа хошин давстай адал явдал ярьдаг байсан хүн маань нэг л мэдэхэд түмэн олны доог тохуу болсон хачин амьтан болж хувирч бүр сүүлдээ тэр чигээрээ түүх болон үлдсэн нь энэ юм.

Мянгуужин 1790 онд өөрийн насны ханиа алджээ. Түүнийг нас барснаас хойш хэдэн жилийн дараа 17 настай охинтой нэг бүл болж амьдарч эхэлсэн боловч энэ бүсгүй түүний амьдралыг там болгож хаясан байна. 75 настай барон 17 настай охины хамтын амьдрал ер нь тийм л байх ёстой байсан болов уу. Шинэхэн эхнэр нь энд тэндгүй янз бүрийн харчуултай жиг ургуулж явсаар хүүхэд гаргасныг Мянгуужин нь өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрсөнгүй. Дахиад л гэр бүл салах тухай шүүх болж мань эрийн хамаг хөрөнгийг үрэн таран хийсэн төдийгүй нөгөө эхнэр нэртэй хүүхэн нь өөр хар хүн даган арилж өгснөөр өвчтэй, хоосорсон, ганц бие өвгөн болон үлджээ.

Гэсэн ч тэрээр хошин зан аашаа тавиагүй юм. Үхэж байх үед нь түүнийг халамжилж байсан эмэгтэй түүнээс хөлийнхөө хоёр хурууг яагаад тайруулсан тухай асуухад  “Оросод хөлдсөн юм” гэхийн оронд “Оросод цагаан баавгайтай зодолдоод хазуулсан юм” гэж хэлж байсан гэдэг.

Бидний хайртай Мянгуужин маань ийм л түүхтэй хүн байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]