БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатарын орос хэлнээс орчуулсан нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
Зураг: Уолли Сантана / AP
Хятадын үндэстний эцэг, удирдагч Мао Зэдуны аюулгүй байдлыг хариуцдаг бүтэц 1949 оны 4-р сард анх гарч иржээ. Иргэний дайны ид үед түүнд дайсан хангалттай олон байсан нь мэдээж. Сибайпо дүүрэгт байрладаг Хятадын Коммунист Намын Төв Хорооны Аюулгүй байдлын ерөнхий газрыг (АБЕГ) Маогийн олон жилийн хамтран зүтгэгч, найз байсан улс төрийн комиссар Ван Дуншинд захирагдаж байсан зургаан хүн удирдаж байв.
Тухайн үед удирдагчийн хувийн аюулгүй байдлыг зуу орчим хүн хангаж байжээ. Албан ёсоор хамгаалагчид нийгмийг аюулаас хамгаалах яамны даргад захирагддаг байсан ч тэднийг сонгох шалгуурыг Мао Зэдун өөрөө биечлэн тогтоожээ. Тэрээр бие хамгаалагчдынхаа эгнээнд зөвхөн залуу, бие бялдрын хувьд хөгжсөн гаднаа өө сэвгүй дайчдыг харахыг хүссэн байна.
Тэд залуу, эрүүл, шийдэмгий залуус байсан. БНХАУ-ын эхний жилүүдэд тэдний нэлээд хэсэг нь бичиг үсэггүй эсвэл хагас бичиг үсэгтэй цэргүүд байв.
Зөвлөлт ба Оросын синологич Юрий Галенович
"Агуу Мао" номноос. Суут ухаантан ба муу санаатан
Удирдагч бусад бүс нутгийн оршин суугчдаас илүү ухаалаг, илүү чадвартай гэж үздэг Зүүн хойд Хятадын уугуул иргэдэд давуу эрх олгосон. Хуучны Манжууд л даа. Тэд эртнээс дайчин төрөл бүрийн зодооны эрдэмд сайн гэж үздэг байв. Хятадын удирдагч өөрийн бие хамгаалагчдад боловсрол олгоход анхаарч оройн цагаар төрөл бүрийн хичээл зааж боловсруулж байв. Гэгээлэг хүмүүс юмыг хийхээсээ өмнө сайтар боддог харин харанхуй боловсролгүй хүмүүс юу ч хийж магадгүй гэж үзжээ.
Мао тэдний суралцахад шаардлагатай бүх зүйлийг өөрийн хөрөнгөөс гаргаж байв. Үүний зэрэгцээ заримдаа удирдагч өөрөө цэргүүдтэй хичээл зааж, биечлэн бэлтгэсэн лекцүүдийг уншиж, улмаар бие хамгаалагчдын дунд эрх мэдлээ бэхжүүлж өөрийгөө хүндлүүлж хайрлуулж байв.
Хятадын Коммунист намын удирдагч Мао Зэдун (төв). 1949 оны зун
Фото: AP
Нэг суурингийн хүмүүс Мао Зэдуныг хамгаалах эрхгүй байв. Хамгийн ихдээ нэг муж орчим байж болно. Энэ нь аюулгүй байдлаас гадна өөр нэг далд утгатай байв. Заримдаа хамгаалагчид баярын үеэр болон амралтаа аваад гэртээ харьдаг байв. Албадаа буцаж ирээд тэд улс орны янз бүрийн бүс нутагт өрнөж буй хэрэг явдал, улс төрийн байдлын талаар удирдагчид тайлагнадаг байв. Эдгээр баримтыг Мао Зэдуны хамгаалагчдын удирдагчид Хятадын нэг эсвэл өөр бүс нутагт хийх айлчлалаа бэлтгэхдээ зайлшгүй анхаарч үзэх болсрн юм. Олон нийтийн санаа бодол хэцүү газар айлчлах нь аюултай.
1950 оны 3-р сард Аюулгүй байдлын ерөнхий газар нь ХКН-ын Аюулгүй байдлын төв товчоо болж өөрчлөгджээ. Тус хэлтэст ажиллах ажилтнуудыг аль хэдийн хатуу сонгон шалгаруулалтын нэмэлт шаардлагуудаар сонгох болжээ. Нэр дэвшигчдийн зөвхөн тариачны гарал үүсэлтэй байх ёстой байжээ. Болосролын хувьд мэдээж тухайн үедээ дунд л боловсрол.
Улс төрийн комиссар Ван Дуншин
1950 оны 9-р сард АБТ-ны офицерууд Мао Зедуны эсрэг хуйвалдааныг илрүүлж чадсан байдаг. 1950 оны 10-р сарын 1-нд Тяньаньмэний талбайд Мао үг хэлэх үеэр түүнийг террористууд гранат харвагчаар алах гэж оролдоод бүтэлгүйтжээ. Хожим тэдний ард барууны тусгай албад байсан нь тогтоогдсон гэж мэдэгдсэн. Гурван жилийн дараа Мао Зэдуны мянга гаруй хүнтэй хувийн хамгаалалтын шинэ тусгай анги буюу "001-р отряд" гарч ирэв. Тэд зөвхөн Хятадын удирдагчийн удирдлага дор ажиллана. Тиймээс удирдагчийн бие хамгаалагчдын бүх үйлдэл одоо түүнээс бүрэн хамааралтай болжээ.
Маогийн оршин суух газар нь Бээжин дэх Хятадын эзэн хаадын эртний гэр болох хориотой хотын баруун талд Жуннанхай хороололд байв. Үүнийг Олон нийтийн аюулгүй байдлын яамны удирдлаган дор тусдаа хүчин хамгаалж байв. Гэсэн хэдий ч удирдагч өөрийн төрөлх Шаошань тосгонд өөрт нь зориулж тусгайлан барьсан өөр нэг өргөөнд байнга зочилдог байв.
Тэнд газарт ухсан усан сан эсвэл хиймэл нуурын ёроолд атомын цохилтод ч үл ажирах хоргодох байр баригдсан бөгөөд цөмийн дайн гарсан тохиолдолд командын пост ч тэнд байсан.
Зөвлөлт ба Оросын синологич Юрий Галенович
"Агуу Мао" номноос. “Суут ухаантан ба муу санаатан"
"Unit 001" дижитал кодыг 1959 онд "3747" болгон өөрчилсөн бөгөөд таван жилийн дараа уг нэгжийг "Unit 8341" гэж нэрлэжээ. Уг тоотой холбоотой хэд хэдэн домог байдаг. Мао Зэдун улс орныг удирдахаас өмнө нэгэн Даоист мэргэн түүнийг 83 жил насалж, Хятадыг 41 жил захирна гэж зөгнөсөн байдаг. Тиймээс энэ тоо гарч иржээ.
Шаошань дахь Мао Зэдуны гэр
Зураг: 維基 小霸王 / Wikimedia
Өөр нэг домгоор бол "8341" тоо нь удирдагчийн 1927 оны Наньчаны бослогын үеэр хэрэглэж байсан дуртай бууны серийн дугаар байв. Цаг хугацаа өнгөрөхөд найман мянга орчим хүнтэй болж эхэлсэн 8341-р ангийн бие хамгаалагчид Хятадын даргыг хамгаалах үндсэн ажлаасаа гадна заримдаа даргын нууц ажлыг гүйцэтгэдэг байжээ. Зарим мэдээллээр бол тэд 1971 онд маршал Лин Бяогийн үхэлд оролцсон байна. Хятадад түүнийг Мао Зэдуныг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүн гэж үздэг байв. Гэвч маршал болон түүний гэр бүлийнхэн гэнэтийн байдлаар Монголд онгоцны ослоор нас барж, удалгүй улс орон даяараа урвагч хэмээн зарлагдсан. Лин Бяогийн нөлөө 8341-р ангид бэхжсэн гэж үзэн түүнийг хороосон ч гэж үздэг.
Маршал Лин Бяо эхнэр хүүхдүүдийнхээ хамт
Зураг: Олон нийтийн газар / Wikimedia
Дараа нь маршалыг эхнэр, хүүгийн хамт Маогийн бие хамгаалагчид буудан хороосны дараа цогцсыг онгоцонд хийж, Монголд онгоцны осол гаргасан гэж үздэг. Зөвлөлтийн КГБ Монголд мөрдлөгө явуулаад онгоц сүйрэх үед зорчигчид амьд зарим нь бүр осол болсны дараа газарт мөлхөж байгаад үхжээ гэж дүгнэсэн. Мэдээжийн хэрэг энэ талаар албан ёсны баталгаа байхгүй. Гэвч маршалыг нас барсны дараа "8341-р анги" дотор байнгын цэвэрлэгээ эхэлсэн бөгөөд энэ үеэр удирдагч өөртөө үнэнч гэдэгт эргэлзэж байсан хамгаалагч нараа буудан хороожээ.
Мао Зэдун ерөнхийдөө сэжигтэй зангаараа алдартай байжээ. Хэрэв тэр аюулгүй байдалд нь бага зэргийн ч гэсэн эргэлзээ байвал ямар ч үед байрлалаа өөрчлөхөд бэлэн байдаг байсан бөгөөд усанд хордох вий гэж айсандаа усан санд хэзээ ч сэлж байсангүй. Урсгал усанд хор тогтохгүй урсаад одно гэж үзээд байнга гол мөрөнд сэлэх болжээ. Түүнээс гадна бүх ажлыг "8341-р отряд"-ын төлөөлөгчдийн заавал хяналтан дор хийх ёстой байв. Мао Зэдун галт тэргээр аялахдаа аюулгүй байдлын үүднээс ямар ч үед чиглэлээ өөрчлөхийг шаардаж болох бөгөөд энэ нь бусад галт тэрэгний хуваарийг шууд тасалдуулж байв. Удирдагчийн галт тэрэг хөдөлж байх үед түүний хүсэлтээр төмөр замыг цэрэг, хууль сахиулах алба хаагчид үргэлж хамгаалж байв. Мао Зэдуны хамгаалагчид түүнийг хамгаалаад зогсохгүй түүнд төрөл бүрээр үйлчилдэг байв. Жишээлбэл: удирдагчын гадуур хувцсыг өмсөхөд нь туслах нь тэдний гол үүрэг байв. Түүний үг хэлэх мөчид бие хамгаалагчид тодорхой мөчид алгаа ташиж, цугларсан үзэгчдэд үлгэр дуурайл үзүүлэх гэх мэт.
Хятадын удирдагчийн амьдралын сүүлийн жилүүдэд хамгаалагчид түүний биеийг мөн нойтон алчуураар арчиж байжээ. Мөн зарим бие хамгаалагчид удирдагчийг хурдан тайвширч, унтахад туслан массаж хийх болжээ.
Бие хамгаалагчид Мао Зэдуны бодол санаа, өөртэй нь ярилцаж байсныг чимээгүйхэн ойлгоно. Энэ ажилд нүүр, биеийн булчин бүрийн хөдөлгөөнийг мэдэрч, ойлгох чадвартай хүмүүсийг сонгосон. Тэд түүний бүх хүслийг шууд ойлгож тэр даруй биелүүлнэ
Зөвлөлт ба Оросын синологич Юрий Галенович
"Агуу Мао" номноос. Суут ухаантан ба муу санаатан"
Энэ хооронд Ван Дунсин тэргүүтэй 8341-р анги Мао Зэдуныг нас барсны дараа хүч чадлаа бүрэн харуулсан. Дараа нь Хятадад эрх мэдлийн төлөөх тэмцэлд Хуа Гуофэн тэргүүтэй "прагматикууд" болон "радикалууд" гэсэн хоёр бүлэг нэгдэж байв. Ван Дуншин эхэндээ “радикалуудыг” дэмжиж байсан ч шийдвэрлэх мөчид өрсөлдөгчийнхөө талд оржээ. Зян Чин болон тус бүлгийн бусад удирдагчдыг 8341-ийн ангид саатуулж, улмаар шоронд илгээсэн. ХКН-ын төв хорооны дарга болсон Хуа Гуофэн талархлын илэрхийлэл болгон Ван Дуншинг орлогчоо болгосон.
Шинэ үед
БНХАУ-ын одоогийн дарга Си Зиньпиний бие хамгаалагчдын ажил нь дэлхий даяарх хамтран ажиллагсдынхаа дунд хамгийн нууцлагдмал ажил гэж тооцогддог. Нийтдээ Хятадын удирдагчийг БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хошууч генерал Ван Шаожунд харьяалагддаг таван мянга орчим хүн хамгаалдаг.
Тэрээр нэгэн цагт Ши Жиньпиний хувийн бие хамгаалагч байсан юм. Мөн 2015 онд Ван Шаожун Хятадын Коммунист намын Аюулгүй байдлын төв товчооны даргаар ирэхээс өмнө Маогийн үеэс уламжлал болон тогтсон энэ хэлтсийн эгнээнд томоохон хэмжээний цэвэрлэгээ хийсэн. Энэ удаагийн цэвэрлэгээ нь 2014 он гэхэд БНХАУ-ын тэргүүний амь насанд халдсан зургаан удаагийн оролдлогын улмаас болсон байна. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин хамгаалагчдынхаа бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. 61889 дүгээр ангийн хуучин ажилчдыг бүс нутагт алба хаахаар цөлжээ. Хятадын удирдагч тус улсын шилдэг тусгай хүчнийхнээс шинэ бие хамгаалагчдыг өөрийн биеэр сонгожээ. Гэсэн хэдий ч тэд хамгийн өндөр түвшний бэлтгэл хийсэн ч 2015 онд дэлхий даяар томоохон дуулиан дэгдээсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Хятадад айлчлах үед Си Зиньпиний бие хамгаалагч нар цөмийн чемодан баригч америк эрийг Хятадын даргад заналхийлж байна гэж үзэн, тодорхойгүй шалтгаанаар замыг нь хааж маргаан үүсгэсэн байдаг.
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин (зүүн талд), АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар. Зураг: Алекс Брэндон / AP
Эцэст нь Ши-гийн бие хамгаалагч Америкийн "цөмийн чемодан"-ыг хариуцагчын эсрэг юу ч хийж чадаагүй билээ. Америкийн хамгаалагчид нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, хэттэрхий сүржин хэрэг явдал хурдан шийдэгджээ. Үүний дараа Хятадын тал Америкаас албан ёсоор уучлалт гуйхад хүрсэн байна. Мөн 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины аюулгүй байдлыг хариуцдаг Холбооны Аюулгүй Байдлын Алба (ФСБ)-ын ажилтан хятад нөхдөдөө туслах үе ч гарч байв. Энэ нь Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин тайзан дээр байх үед болсон юм. Тэрээр зочидтой гар барих гэж байгаад тэнцвэрээ алдаж, унах шахсан байна. Азаар Хятадын удирдагчийг цаг тухайд нь ФСБ-н ажилтан барьж унахаас аварчээ.
2021 онд Ши Жиньпин өөрийн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж эхэлсэн байна. Түүний хамгийн ойрын хамгаалагчдын тоо зургаагаас найман хүн, хоёрдугаар тойргийн хамгаалагчдын тоо 8-аас 12 болж нэмэгдэв. Тэдэнд тавигдах шаардлага ч нэмэгдсэн. Одоо хамгаалагчид нь тусгай хүчинд дор хаяж зургаан жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага бий болжээ.
Үүнээс гадна бие хамгаалагчид дор хаяж найман төрлийн зэвсэг эзэмшиж, хоёр гараараа буудах чадвартай байх ёстой. Үйлчилгээнд тус бүр гурван гар буу, хоёр хутгаар зэвсэглэсэн байдаг. Ши Жин пин хуягт машиндаа суух бүрд найман харуул нөхцөл байдлыг хянаж байдаг. Тэд хоёр эгнээнд машин руу нуруугаараа зогсдог - хаалга бүрт хоёр хүн гэсэн үг.
Ши Жиньпиний бие хамгаалагчид БНХАУ-ын Макаогийн олон улсын нисэх онгоцны буудалд. 2019 оны арванхоёрдугаар сарын 18
Зураг: Жейсон Ли / Ройтерс
Хятадын удирдагчийн өргөөнд хэд хэдэн нисдэг тэрэг хэзээд ч хөөрөхөд бэлэн байдаг бөгөөд нисгэгчгүй нисэх онгоцууд түүний эргэн тойронд эргүүл хийж байдаг. Хятадын удирдагч хүн эх орноо тойрон аялах үед түүний хамгаалалтад тусгай хүчин, пуужингийн цэрэг, Хятадын ардын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, түүнчлэн тус улсын Агаарын болон тэнгисийн цэргийн хүчин дагалддаг. Ши Жиньпиний гадаад айлчлалын үеэр аюулгүй байдлын тусгай арга хэмжээ авах зорилгоор түүний очих газрыг урьдчилан шалгадаг. Тэд бүх арга хэмжээг газар дээр нь сайтар төлөвлөж, Хятадын удирдагчийн очих ёстой барилга байгууламж, газруудын хамгаалалтыг өдөр түвшинд аюулгүй зохион байгуулдаг.
Үүний зэрэгцээ, түүний хамгаалалтын албаны бүх хүчийг үл харгалзан Ши Жиньпин хувийн тусгай онгоц бус төрийн өмчит онгоцоор аялалаа хийдэг.
Үүнийг хийхийн тулд хамгаалалтын ажилчдын хяналтан дор онгоцыг түүний хэрэгцээнд зориулж дахин тоноглодог байна. Ялангуяа угаалгын өрөө, унтлагын өрөө, ажлын өрөө нь салон гэх мэт. Мөн Ши Жиньпиний гадаад айлчлал дуусахад онгоцноос гаргасан бүх тусгай техникийг задалж, ердийн зорчигч тээврийн онгоц болон хувирдаг байна. Аугаа гүрний удирдагч ийм энгийн байх нь тийм ч гайхмаар зүйл бус. Хүчирхэг луу нар эздээ хэдэн үеэрээ хамгаалсаар л.