Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хууль бус явдалд орооцолдож шуугиан дэгдээсэн дипломатуудУншсан1,069

Мөрдөн байцаагчид онлайнаар насанд хүрээгүй хүүхдийн дүрд хувирч хүүхэд хүчирхийлэгч нарыг барьдаг.

Дипломатууд гадаадын оронд улсаа төлөөлж, харилцан ойлголцлын гүүр болдог нэр хүндтэй албан тушаалтнууд юм. Иймээс гадаад орнуудад томилогдсон дипломатууд энгийн хүмүүст мөрөөдөөд ч олдохгүй, бүрэн эрхийг эдэлдэг байна.  Тэр дундаа “дипломат дархлаа” маш алдартай бөгөөд зарим дипломатчид энэхүү давуу эрхээ ашиглаж, гэмт хэрэг үйлддэг нь харамсалтай. 

 

Дипломат эрх дархын ачаар ялаас зугтжээ

Мөрдөн байцаагчид онлайнаар насанд хүрээгүй хүүхдийн дүрд хувирч хүүхэд хүчирхийлэгч нарыг барьдаг. 2005 онд Виржиниа мужийн Бэдфорд хотын шерифын орлогч ийм аргаар “том загас” барьжээ. Тэрбээр 13 настай охины дүрд тоглож, худалдааны төвд нэгэн залуутай уулзах болсон байна. Энэ үеэр шерифийн албаныхан тэр хүнийг баривчлахад сонин тохиолдол болжээ. Учир нь тухайн насанд хүрээгүй иргэнтэй холбоо тогтоохыг санаархагч нь Арабын Нэгдсэн Эмирaт улсын дипломат Салем Ал-Мазруй байлаа.

Ал-Мазруй нэн даруй дипломат өмгөөлөл авах хүсэлт гаргасан тул цагдаагийн албан тушаалтнууд түүнийг хэн болохыг баталгаажуулсны дараа суллахаас өөр аргагүйд хүрчээ. Гэсэн хэдий ч прокурорууд үүнтэй санал нийлсэнгүй, дипломат эрх дархыг нь хүчингүй болгохоор хөөцөлдсөөр байв. Үүнийг Арабын нэгдсэн Эмиратын Элчингээс хүлээн авсангүй. Түүний хэргийг эх орондоо мөрдөнө гэж хэлээд Салем Ал-Мазруйг Америкаас чимээгүйхэн явуулжээ. Хэдий дипломатыг яллаж чадаагүй ч АНУ-ын албан тушаалтнууд түүнийг Америк болон Европт хөл тавихгүй болгожээ.

 

Зарим дипломатуудад хууль үйлчилдэггүйн бас нэгэн жишээ

Дипломатуудын тухай хүмүүсийн хамгийн бага мэддэг нэг зүйл бол бусдыг хууль бус үйлдэлд ашигладаг явдал юм. Зарим орны дипломатууд гэрийн үйлчлэгч нараа эх орноосоо авчраад гадаад паспортыг нь хураан авч, хамгийн бага цалингаар бараг л зарцалдаг гэнэ. Үүгээр ч зогсохгүй дипломат пасспортын дор гадаадад ажил эрхлэхийг хүссэн хүмүүсийг авчирч янз бүрийн ажил эрхлүүлж үүнээсээ хувь болгон ашиг олдог тохиолдол ч их гардаг гэнэ. 2008 онд АНУ-д энэ төрлийн шалгалтаар ийм 42 ажилчдыг олж илрүүлсэн боловч тэдний жинхэнэ тоо нь хамаагүй олон гэж үздэг. Яагаад гэвэл худалдаалагдсан ажилчид нь хязгаарлагдмал хяналттай орчинд ажиллуулж, эрхшээлдээ байлгадаг "ажил олгогчдоосоо" эмээж амьдардаг.

Энэхүү нөхцөл байдлыг хянадаг байгууллага, мөрдөн байцаах байгууллагаас ихэнх улс орнууд энэ асуудлыг ямар нэг хэмжээгээр мэдэж байгаа боловч тоодоггүй гэж үздэг. Эдгээр ажилчдын зарим нь завсарлага, амралт, заримдаа бүр хоол ундгүй долоо хоногт 90 гаруй цагаар ажилладаг энэ асуудал хэдэн арван жил үргэлжилж байна.

2014 онд Энэтхэгийн консулын албан тушаалтан Дэвяни Кобрагэйдийг гэрийн үйлчлэгчдээ виз авахаар худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгасан нь дуулиан тарьсан юм. Гэтэл тэр үед Энэтхэг улс Дэвянийг бүрэн эрхэт дипломат хэмээн нотлохыг оролджээ. Гэсэн хэдий ч АНУ-аас түүнийг шадлгаж, удаа дараагийн ийм хууль бус үйлдэл хийснийг тогтоож чаджээ.

 

Эхнэртээ гар хүрсэн дипломатч

Шүжи Шимокожи нь 1970 оноос хойш Япон улсын дипломат албанд хүчин зүтгэсэн сэхээтэн хүн юм.

Тэрээр 1999 онд Ванкувер хот дахь Японы ерөнхий консулын албыг хашиж байхдаа өөрийнхөө зан авирыг тийм ч дипломат биш гэдгийг бусдад илчилсэн байна. Канадын албаныхан түүнийг маргааны үед эхнэртээ хүч хэрэглэсэн гэсэн шалтгаанаар баривчилсан байна.

Шимокожи нь эхнэрийнхээ нүүр, гарыг хөхөртөл зодсон байсан бөгөөд мөрдөн байцаалтын үед "Эхнэртээ гар хүрнэ гэдэг манай соёлын онцлог тул сүртэй хүлээж авах хэрэггүй" гэж хэлснийг нь хуулийнхан хэвлэлд дэлгэж шуугиулж байжээ. Түүнд хүчирхийлэл үзүүлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч бүрэн эрхийнхээ ачаар хэрэг нь хэрэгсэхгүй болж, ямар ч хариуцлага хүлээлгүйгээр гарч чадсан байна. Харин Японы албаныхан түүнийг зүгээр өнгөрөөсөнгүй, нутагтаа яаралтай буцаж ирэх тушаал өгчээ.

Гэхдээ үйлдсэн хэрэг нь Шимокожийн дипломат замналд бараг нөлөө үзүүлээгүй гэхэд болно. Уучлалт гуйсныхаа дараа тэрээр АНУ-д суух Японы элчин сайдын албанд томилогдсон байна.

 

Дипломатууд байрны түрээсийн төлбөрөө төлөхөөс татгалзвал байрны эзэн нь яаж ч чадахгүй

Тогтвортой, өндөр цалинтай ажил хийдэг түрээслэгч олно гэдэг байрны эздийн ганц мөрөөдөл байдаг. Гэтэл тэр ажил нь түрээслэгчид дипломат дархлаа олгодог бол ажил ярвигтай болно. Хэрэв дипломат хүн түрээсийн төлбөрөө төлөхгүй гэж шийдвэл байрны эзэн нь тэднийг ятгаж чадахгүй л болов уу.

Дипломат дархлаатай тул шүүхийн зарлан дуудах хуудас өгч, байрнаас хөөж болохгүй. Мэдээжийн хэрэг, байрны эзэн тэднийг түрээстэй холбоотойгоор дипломат дархлаагаа хүчингүй болгосон баримт бичгийг гаргуулж  болох боловч энэ нь бас амжилтад хүрэхгүй ажээ. Учир юу гэвэл дипломатууд хүссэн баримт бичигт гарын үсэг зурж болох боловч томилсон улс орон нь албан ёсоор энэхүү эрхийг нь хасахаас бусад тохиолдолд тэд хууль ёсоор дипломат дархлаагаа эдэлсээр байдаг.

Хотын захиргааны дүрмээр ажил хөдөлмөр эрхлэлтийн үндсэн дээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглодог Нью Йорк хотод энэ асуудал их тохиолддог. Хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх нь сайн хэрэг боловч байрны түрээсээ төлөхийг хүсэхгүй байгаа дипломатуудын хувьд асуудалтай. Нью Йорк хот АНУ-ын бусад бүх хотуудтай харьцуулахад дипломат дархан эрхтэй хүмүүс хамгийн их төвлөрдөг хот юм. Иймээс зарим улс орны төлөөлөгчийн газрууд болон элчин сайдын яамд олон арван мянган долларын түрээсийн өртэй төдийгүй төлөх ч  бодолгүй байдаг ажээ.

 

Ferrari хөлөглөсөн Катарын шейх Лос Анжелос хотын гудамжаар уралдав

2017 онд Лос Анжелес хотынхон  "Grand Theft Auto V" видео тоглоом бодит амьдрал дээр биелэхийг үзжээ. Учир нь шарг Ferrari, цагаан Porsche машинууд Беверли Хиллсийн гудамжаар замын гэрэл, тэмдэглэгээг ч үл тоомсорлон орон сууцнуудын дундуур уралдан давхижээ. Хөдөлгүүрээс нь утаа уугисан Ferrari тансаг хорооллын зам дээр зогссоноор уг уралдаан төгсгөл болсон байна.

Энэ хэргийг мөрдөх ажилд хүндрэл гарах нь цагдаа нарт анхнаасаа ойлгомжтой байлаа. Хэдийгээр бичлэгт жолоочийн нүүр царай нь харагдахгүй байсан ч уг машинууд нь Катар улсын хааны гэр бүлийн гишүүн байх магадлалтай баян тансаг машин сонирхогч Шейх Khalid Hamad Al-Thani-тай холбоотой байсан юм. Лавтай нэг машин нь АНУ-д бүртгэлгүй байв. Шейхтэй энэ асуудлаар холбогдсон даруй тэрээр дипломатын дархлаагаа хүчинтэй болгосон нь асуудлыг улам хүндрүүлсэн нь тодорхой.

Тухайн Шейх дипломатын хамгаалалттай эсэхэд цагдаа нар эргэлзэж байсан нь уг хэргийг улам хачирхалтай болгож байгаа юм. Цагдаа нар энэ талаар юу ч хийж чадахгүй, хэрэгт яллах талаар бодож байтал Шейх ч тэр машинууд нь ч тэр хил даваад явчихжээ. Беверли Хиллсийн удирдлагууд тээврийн хэрэгслээр дүрэм журамгүй зорчсон, мөн дипломат дархлаатай хэмээн худал мэдээлсэн хэргээр холбогдсон хүмүүст хэрэг хүлээлгэх гэж байгаа хэмээжээ. Гэхдээ өдий болтол ахиц гараагүйг бодоход тэдний хүчин чармайлт үр дүнгүй болжээ гэхээр байна.

 

Машины хаалгаар дугуйчинг үхэлд хүргэсэн дипломат хүн амины хэргээс мултарчээ

Берлин, 2017 он. Нэгэн хүн орчноо шалгаж харалгүй "Porsche" машиныхаа хаалгыг нээжээ. Энэ нь ирж явсан дугуйчны зам дээр хаалгаа нээснээс түүнийг үхэлд хүргэсэн эмгэнэлт явдалд хүргэсэн байна. Дугуйчин эмнэлэгт хүргэх замд нас баржээ. Ихэнх тохиолдолд ийм хэрэг гарахад мөрдөн байцаалтаар орж, бүр хүний амь хөнөөсөн хэргээр шийтгэхэд хүргэдэг. Гэсэн хэдий ч энэ тохиолдолд жолооч нь дархлаа бүхий Саудын Арабын дипломатч байсан тул түүнийг цагдаагийн газар чөлөөтэй явуулахаас өөр аргагүй болжээ.

Хохирогчийн бэлэвсэн эхнэр, мөн олон тооны дугуйчид хэргийг эсэргүүцэв. Германы албан тушаалтнууд Саудын Элчин сайдын яаманд энэ талаар мэдээлэхэд элчин сайдын яам үхэл болсонд чин сэтгэлийн уучлалт гуйсан хэдий ч тухайн жолоочийн дипломат дархлааг хүчингүй болгохоос илүүтэй Германаас чимээгүйхэн гаргах санаатай байгаа нь тодорхой болжээ. Энэхүү эмгэнэлт явдлаас гарсан нэг сайн зүйл нь Берлинд байрладаг дипломатчид замын хөдөлгөөний зөрчил их гаргадагт анхаарал хандуулсан явдал юм. 

М.Чингүүн

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 23. 20:31
Зочинн

Монголын дипломатчдын хар тамхи тамхины хэргүүдийг бичихгүй яагаав

4 сар 22. 18:35
Зочин

харин тийн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]