Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Энэтхэг улс Хятадын тусламжаас татгалзаж байнаУншсан4,504

Энэтхэг улсыг коронавирусын гурав дахь давалгаа нөмөрч, энэ удаа гурвалсан мутацид орсон вирус нөхцөл байдлыг огцом хүндрүүлээд байгаа.

Энэтхэг улсыг коронавирусын гурав дахь давалгаа нөмөрч, энэ удаа гурвалсан мутацид орсон вирус нөхцөл байдлыг огцом хүндрүүлээд байгаа. ДЭМБ болон олон улсын ажиглагчдын зүгээс Энэтхэг улс сүүлчийн хүчээ шавхан энэхүү мутацид орсон вирустэй тэмцэж, Азийн хүчирхэг гүрний эрүүл мэндийн салбар бүрэн цохилтод орлоо гэсэн таагүй дүгнэлтийг илэрхийлсээр байна. Томоохон улс гүрнүүд ч Энэтхэг дэх байдлыг цочирдон ажиглаж, тусламжийн гараа сунгаж эхэлсэн юм. АНУ, ОХУ, Их Британи, Франц, Герман, Австрали, Ирланд улсууд одоогийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгч, амьсгалын аппарат зэргийг тусламж болгон илгээж эхэлсэн ч нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Өмнөхөн нь Энэтхэг улс ковидыг хяналтдаа авахад ойртлоо гэсэн мэдэгдлийг удаа дараа хийж, тус улс дахь халдварын тархалт ч үүнийг баталж байсан юм. Тэр байтугай Энэтхэгийн Засгийн газар АНУ, ОХУ, БНХАУ-ын нэгэн адил "вакцины дипломат ажиллагаа" хэмээн сүүлийн үед шинэ нэршилтэй болоод буй олон улсын геополитикийн тоглолтод идэвхтэй оролцож эхэлсэн билээ. Нарендра Модигийн Засгийн газар хөрш орнууддаа вакцин бэлэглэснийхээ дараа Персийн булангийн ойрын түнш болох Оман руу 100 мянган тун вакцин илгээсэн, мөн Афганистан руу 500 мянган тун вакцин илгээхээр төлөвлөж, эхний ээлжийн вакцин нь тус улсад очоод байгаа. Никарагуа, Доминикан зэрэг хөгжиж буй бага орнуудад 70-100 мянган тун вакцин хандивлаж, манай Монгол улсад ч 150 мянган тун вакцин илгээгээд амжсан. Улмаар Монголд 1 сая тун вакцин нийлүүлэх гэрээ хэлцлийн асуудал яригдаж эхэлсэн байсан. Саудын Араб, Мьянмар, Бангладеш зэрэг улсууд саяар тоологдох тун вакцин худалдан авах гэрээг Энэтхэгтэй байгуулсан байлаа.

Гэтэл АстраЗенека болон тус улсад үйлдвэрлэж байгаа вакцинд шаардлагатай түүхий эдийн экспортыг АНУ-ын зүгээс бууруулснаар Энэтхэгийн энэхүү идэвхтэй "вакцины дипломат ажиллагаа" зогсонги байдалд орж эхэлсэн. Улмаар Нарендра Модийн Засгийн газар энэ асуудлаар Жо Байдены шинэхэн засаг захиргаатай ойлголцохыг оролдож байсан ч Вашингтон "Нэн тэргүүнд Америкийн ард түмнийг вакцинжуулах" хэрэгтэй гэсэн бодлого дээрээ хатуу зогсож байсан юм. Ингэж явсаар эцэст нь Өмнөд Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далай дахь Хятадын түрэлт, нөлөөг багасгах, тулж зогсоох зорилготой гэж хэлж болох "Дөрвийн бүлэг" дэх эрх ашгаа нэн энэтхэгчүүд Жо Байденаар үнэлүүлж чадсанаар энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж болох юм. Гэтэл вакцин үйлдвэрлэгдэхэд шаардлагатай түүхий эдийн экспорт жигдэрч амжаагүй байтал ийнхүү гурвалсан мутацид орсон коронавирусын шинэ давалгаанд Энэтхэг улс цохиуллаа.

Энэтхэгийн вакцин үйлдвэрлэлийн хэмжээ буурч, хүн амын дархлаажуулалт удааширсан нь энэхүү АНУ-ын зүгээс түүхий эдийн экспортыг царцаасантай ямар нэг сэжмээр холбоотой хэмээн буруутгах байр суурь одоо Энэтхэгийн улс төрд хүчтэй илэрч байгаа аж. Гэсэн ч гадаад талаасаа төдийгүй, дотоод дахь улс төрийн шүүмжлэлд өртөж эхэлсэн (стратегийн түнш орондоо цаг алдаж, туслаагүй хэмээх шүүмжлэл) Жо Байденыг бусад гүрнүүдийн төрийн тэргүүдээс түрүүлж мэдэгдэл хийж, Энэтхэгийн ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлэхээ зарлахад хүргэсэн.

Сүүлийн үед олон улсын мэдээллийн агентлагуудын дүгнэж, цэгнэж эхэлснээр бол Энэтхэгт ковидын хямрал хяналтаас гарч байгаатай холбогдуулан Хятадын удирдагчид тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн явдал. Гэхдээ энэ асуудлын хамгийн сонирхолтой сэдэв нь Хятадын тусламжаас Энэтхэг улс эс үйлдлээрээ татгалзаж байгаа явдал юм.

Шинэ Дели Бээжингийн энэхүү саналыг одоог хүртэл хүлээж аваагүй байгаа нь магадгүй Азийн хоёр гүрний хоорондох харилцан үл итгэх байдал гүн гүнзгий болж хувирсны шинж тэмдэг юм.

Энэтхэг улс 2019 оны сүүл, 2020 оны эхээр коронавирусын анхны дэгдэлт гарсны дараа Хятадын Ухань хотод эм, эмнэлгийн хэрэгслээ илгээсэн анхны улсуудын нэг байсан юм. Гэвч тэр үеэс хойш хоёр талын харилцаа хурдацтай муудаж байгаа нь ихэнхдээ Хималайн нуруунд байрлах хоёр улсын хилийн дагуух асуудлаас болсон гэж болох. Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хоёр улсын хил дээрх хамгийн олон хүний аминд хүрсэн мөргөлдөөн болж, Энэтхэгийн тал дор хаяж 20 хилийн цэргээ алдсан. Хятадууд энэхүү хилчдийн гардан зодооны үеэр дөрвөн цэргээ алдсан гэж дараа нь мэдэгдэж байв.

Хариуд нь QUAD буюу Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой “Дөрвийн бүлэг” (Америк, Австрали, Энэтхэг, Япон гэсэн дөрвөн орон) дэх байр сууриа идэвхжүүлснээр (Трампын засаг захиргааны үед бүр ч идэвхижсэн) бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж буй хүч нөлөөг хазаарлахад гол түнш гэж үздэг Вашингтонтой харилцаа холбоогоо улам өргөжүүлсэн юм.

Энэтхэгийг АНУ-тай илүүтэй ойртож байгааг Хятадын төрийн хэвлэлүүдээр удаа дараа хурцаар шүүмжилж байлаа. "АНУ шиг найдваргүй түнш", "Ашиггүй үедээ ямар ч түншээ хаяхад Нарендра Моди бэлэн байна" гэх мэтээр. Нөхцөл байдал ийм байсан ч Хятадын тал ковидоор далимдуулан Энэтхэгийг талдаа татах гэсэн боловч Бээжингийн оролдлого амжилтгүй болж байна, Энэтхэг Хятадаас бусад томоохон орнуудын тусламжийг найрсгаар хүлээн авч эхэллээ хэмээн олон улсын мэдээллийн агентлагууд уламжилж байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн мягмар гаригт Бээжин "Афганистан, Пакистан, Балба, Шри Ланка, Бангладеш зэрэг Өмнөд Азийн орнуудад зориулагдсан Ковид-19-ийн яаралтай тусламжийн нөөцийг төвлөрүүлж байна" хэмээн мэдэгдсэн юм. Яаралтай тусламжийн нөөц байгуулах асуудлаарх онлайн уулзалтад Энэтхэгийг оролцохыг урьсан боловч нэгдээгүй гэж Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]