Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Далай лам: Эд хөрөнгөөр баян хүн сэтгэл нь хэврэг учир санасандаа хүрч амьдарч чадалгүй нэгэн насыг бардагУншсан7,283

Бусдын тухай бодохгүй, зөвхөн хувиа хичээдэг бол, бид хамгийн түрүүн өөртөө нүгэл үйлдэж буй хэрэг. Буян нүглийн жам ёс ийм. Хүний явдал бол хожим, хэтдээ хариутай байдаг. Тийм ч учраас алив бүхэн ёс зүйтэй байх учиртай.

Тэрбээр орж ирүүтээ гараа өргөн мэндчилж, биднийг ширээнд суухыг уриад, инээмсэглэсэн юм. Ярилцаж суухдаа ер бишийн сайхнаар байнга л инээмсэглэж байсан билээ. Магад ч үгүй тэр л сайхан инээмсэглэлээр бидний яриаг илүү элгэмсэг дотно болгосон. Зочны өрөөнд цахилгаан зуух ажиллаж байгаа ч зөөлөн сэрүүвтэр. Түүний инээмсэглэлд бусдыг басамжилсан, дээрэнгүйн илрэл өчүүхэн ч үзэгдээгүй.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Хөх нуураас холгүй орших Тахцер тосгонд тариачны гэр бүлд модон гахай жил буюу 1935 онд мэлмий гийжээ. Эх эцгээс өгсөн алдар нь Лхамдондов ч дэлхий даяар түүнийг Агваанлувсан Данзанжамц буюу XIV Далай лам гэдгээр нь сайн мэднэ. Гурван настай байхад нь урьдах Далай ламын хойт дүр, Аръяабал бодисадийн хувилгаан болон мэндэлсэн хэмээж Лхаст тодруулан залсан билээ.

Потала сүмд ирснээс хойш гэгээнтэн мэргэдийн соёрхол дор дорнын шашны гүн ухаанд нэвтэрчээ. Далай лам идэр залуудаа буюу 1954 онд Бээжин хотноо заларч Мао Зе Дун, Жоу Энь Лай нартай уулзсан төдийгүй тэр үеэр Хятадад албан ёсны айлчлал хийж байсан Н.С.Хрущевтай богино хугацаагаар боловч уулзаж байсан байна.

Далай лам Хятадад байхдаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн орлогчоор сонгогдсон ч Хятадын төрийн бодлоготой үзэл бодол таараагүйн улмаас 1959 оны хавар цаг дор цаст Хималайн нурууны хамгийн бэрх харгуйгаар давж, Жагарын оронд очсон түүхтэй. Дээрхийн гэгээнтэй Оросын сэтгүүлч Ю.Куликов, О.Битов нарын Цагаан морин жилээр хийсэн нэгэн сонирхолтой хөөрөлдөөнийг Д.Дашшарав ажаагийн хөрвүүлгээр сониныхоо архиваас эшлэн толилуулж байна.

-Ромын папт бараалхсаныхаа нэгэн адил танд хандсан явдал буруу биш байх. Өөрт тань олон цол гуншин байдгийг бид сонссон. "Цагаан лянхуан сахиус", "Цэцэн далай", "Аугаа их гэгээнтэн", "Хамгийг мэдэгч", "Есөн хүслийг тэтгэгч"... Цааш нь дурдаагүйг уучилна буй за. Магадгүй тантай ярилцахдаа хэлэхийг зөвшөөрсөн алдар цол, дээрхийн дотор байгаа гэдэгт итгэнэ.

-Жирийн нэгэн гэлэнтэй санал солилцдогийн адил алдар цол, гуншин дуудалгүй ярьсан ч болно. Чухамдаа Далай лам бол хамгийн сайн гэлэн байх ёстой. Бусад нь яахав. Тэгээд ч Төвд хэлний энэ нэрүүд өөр хэлнээ буулгахад дэндүү гоёмсог, чамин болчихдог юм. Энэ бүхэн эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн түүхтэй билээ. Сайн мэдье гэвэл манай ард түмний шашин мөргөлийн түүхийг судлах нь зүйтэй. Ямар алдар нь надад таатай вэ гэвэл "Есөн хүслийг тэтгэгч". Учир нь хүний амь нас, амь зуулга гэдэг хүсэл бодлоос үүсдэг. Хүний амьдрал жаргалтай ч байж болно. Харин өөрийнхөө амь нас, бусдын өмнө хүлээх үүрэг хоёрын үндсийг марталгүй, хүслээ биелүүлж сурах нь эрхэм зорилго.

-Энэ талаар жаахан тодруулж хэлж өгнө үү?

-Энэ бол Буддын сургаалын анхны жамын ёс, шашны гүн ухааны урьдын түүхийн сурвалжтай юм. Бусдын тухай бодохгүй, зөвхөн хувиа хичээдэг бол, бид хамгийн түрүүн өөртөө нүгэл үйлдэж буй хэрэг. Буян нүглийн жам ёс ийм. Хүний явдал бол хожим, хэтдээ хариутай байдаг. Тийм ч учраас алив бүхэн ёс зүйтэй байх учиртай. Энэхүү жам ёс хэмээгч нь мөнх гэлээ ч хувиран, цаг үеийнхээ өнгө аясыг дагадаг. Хүмүүний үзэл бодол ч хувирдаг шүүдээ.

Мянган жилийн, үгүй ядахнаа зуун жилийн цаана уг гарвалынхаа талаар ч юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн тусын тулд л аж төрвөл болоо. Миний төрсөн нутаг Төвдөд саяхан болтол тийм л байлаа. XX зууны алдаа Төвдийг ч нөмөрсөн. Одоо цагт даяанчлан олноос тасархай орших нь туйлын бэрхшээлтэй болж. Ер нь бүтэхгүй биз.

Буян нүглийн жам ёсыг гадарлах нэг ч хүн ингэхийг буруутгахгүй, Далай лам ч өөрөө... Цаг үеэ мэдэрч аж төрөх нь их учир дутагдалтай байгааг ойлгож, яс үндэс, арьсны өнгөний ялгаа зааг гаргахгүй аль болохоор бүх хүн нэг санаатай, нэгдмэл зорилготой байх нь чухал. Шулуухан хэлэхэд аливааг шилж сонгох бус сэтгэлээ ариусгаж, бүх нийтийн сүсгийг мэдрэх ухамсрыг хөгжүүлэх нь нэн тустай.

-Эрхэм хүндэт ламтан, та зохисгүй асуулт асуулаа гэж битгий бодоорой. Өнөө өглөө юун тухай залбирал үйлдэв дээ?

-Өглөөний уншлага уу. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг, ялангуяа хүмүүн төрөлхтнийг нигүүлсэн хайрлана гэсэн Буддын ёсыг баримталсан ямар ч гэлэн хүний зайлшгүй дагах бичигдээгүй хууль, мөргөлийн үйлдэл уншлага үйлдсэн. Мөргөлийн утга учир бол юмыг хайрлах бодь сэтгэл, туслах чин эрмэлзэлдээ гүн итгэхийн нэр болно.

Тэгэхлээр манай шашны дүрэм журмын ёсоор маани уншиж, мөргөл үйлдэх нь алсдаа хоосон цээжний үгс биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Уншлага мөргөл нь аливаа нэгэн тохиолдлыг үнэмшил итэлтэйгээр оюун санаандаа буулгаж сэтгэхүйг хөгжүүлэх үйлдэл юм. Мөргөл, ид шид хоёр нэг л утгатай зүйл. Ид шидэнд хувирсан тохиолдолд зарим амин тарни цээжээр уншигддаг юм.

-Ид шидийн тухай ч юм уу, итгэл үнэмшлийн хувьд ямар утгаар нь та хэрэглэж байна вэ? Европын орнуудад энэ үг бол зүйрлэл хэмээх утгаар хэрэглэгддэг, загвар болсон. Гэтэл зарим нь нууц шид хэмээн ойлгодог. Харин гурав дахь нь бодохдоо өөр өөрийнхөө явдлыг шинжлэн дүгнэх, дотроо ариусгах арга хэмээдэг. Энэ тухай таны бодол?

-Гурав дахийг нь би зөвшөөрнө. Ид шид хэмээсэн минь өдрийн минь хамгийн чухал хэсэг, үнэнийг хэлэх юм бол тэр л өдрийн үйл явдлын цөм нь байгаа юм. Шинжлэн дүгнэх, ариутган цэвэрлэх үед ямар ч юманд будлихгүй, хийх зүйлдээ бодол төвлөрч, ухаан сэргэдэг. Энэ үед урьдын явдлаа цэгнэж, туулсан мөрөө эргэн харж, хэлсэн үгээ оюун ухаандаа буусан бодлыг шүүн тунгаахуй үйл бүтээл, үг хэлц, санасан санаа яв цав тохирч л байх хэрэгтэй. Энэ бол бурхны сургаалын үндсийн үндэс.

-Ерөнхийдөө таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө эрт 04.00 цагт босдог. 09.30 цаг хүртэл жасаа уншиж, өчигдрөө цэгнэнэ. Дараа нь мөргөлчидтэй уулзана. Ингээд л өдөр бүрийн ажил жигд ундарна. Сүүлийн жилүүдэд олон, цөөн хоногоор Энэтхэгийн өөр нутгууд, хилийн чанадад аялдаг боллоо. Тэгэхдээ орон, цагийн өөрчлөлтийг дагалгүй өдөр бүрийнхээ ёс дэгийг гүйцэтгээд заншчихсан. Бүх цагийн минь ихэнх нь сэтгэлийн сүжигт, шашны мөргөлд хамрагддаг. Үлдсэн цаг нь буяны ажилд зориулагддаг. Энд улс төрийн ажил ч хамаарна. Хүмүүс надад итгэж найдан туслахыг хүсэхээр нь би улс төрд оролцдог.

-Та Францын "Париматч" сэтгүүлийн асуулгаар дэлхийн хамгийн хүндтэй улс төрийн зүтгэлтний тоонд дээгүүр жагссан. Улс төрийн сэдвээр ч та цөөнгүй зүйл айлдсан.

-Саяхан би Чех улсад очлоо. Шинэ Ерөнхийлөгчтэй уулзлаа. Тэр эрхэм бид хоёрт адил юм олон байх шиг санагдсан. Нэг завинд суусан сэлүүрчид шиг л. Тэр маань угтаа чадваргүй хүн шиг л санагдсан даа. (Инээнэ) "Яахын ч аргагүй улс төрийн зүтгэлтэн болсон хүн" гэж сониноос уншсан юм. Би ч гэсэндээ бас л аргагүйдэж улс төрийн зүтгэлтэн болсон хэрэг шүү дээ. Бид хоёулаа анхныхаа хувь тавилангаар биш харин тохиолдсон үйл явдалд хашигдаж л улс төрд орсон. Алив тохиолдолд биеэ магтуулахыг эрмэлздэггүй бидэн шиг хүмүүс улс төрийн хүрээнд орохдоо шинэ уур амьсгалыг буй болгож, улс төрийн шинэ араншинг тогтоодог бололтой дог оо.

-Далай ламын нүдээр харахад буддын шашин гэдэг маань чухам юу юм бэ гэж асууж болох уу?

-Миний ойлголтоор Буддын шашин бол энэрэл нигүүсэл, зөв аж төрөх ёс. Буддын шашны гүн ухаан, түүний үнэнч шавь нарын хувь заяа хоорондоо нарийн шүтэлцээтэй. Бид бурхныг гаднаас биш сэтгэл дотроосоо эрдэг. Хүн өөрөө боловсорсны эцэст замбуулинг өөрчилнө. Тиймээс өнөөгийн үйл явдлаас ирээдүйн төрх бүрэлдэнэ. Биеэ цэвэр авч явбаас энэ насандаа жаргамой. Хойт насандаа ч сайн төрлийг олно. Алив амьтанд туслах боломжтой бол тусалж явцгаа, туслах аргагүй бол хор бүү учруул.

Гол ёс нь хүчирхийлэл, албадлагыг хаа ч цээрлэх учиртай. Ямар ч хүнд сайн, муу шинж буй. Уур хилэн, өөр бусдыг дарамтлах, хүлээцгүй зан, сайхан сэтгэл, хүлээцтэй бодь явдал, хайр, нигүүлсэхүй зэрэг нь хүмүүний төрөлх чанар. Хүмүүнд зан араншингийн сайн сайхан шинжүүд давуутай байдаг гэдэгт би итгэдэг. Тийм биш бол хүмүүс эх дэлхийдээ багтахаа байтал үржих байсан гэж үү.

Биднийг уур цухал биш харин хайр сэтгэл, халамж тодорхойлдог. Би дэндүү хатуу ширүүн засаглалтай, төр засгийн тухай бодлоо. Марксизм, социализм ч анхандаа их сайхан санагдаж л байсан. Гэтэл ангийн тэмцэл гол зорилго нь болсон. Ингэснээр хайр халамжийн оронд үзэн ядалт бүрэлдсэн. Дэндүү хяналт хавчлага бол хүн байгалийн хуулинд, олон түмний нэгдэлд харш үзэгдэл.

Хүмүүс хяналт хавчлагыг дааж, тэсэж чадаагүй. Засаг төр түүн дээр нь бүр их шахалт үзүүлсэн. Гэхдээ түр зуурын гачлан, шахалт үзүүлэх төрийн хүчирхийлэл хэзээ нэгэн цагт мухардаж, эзэддээ эргээд сөргөөр тусдаг. Оросын Өвөр Кавказ, Дундад Азид цус асгаруулсан үйл явдал болсонд би туйлын их харамсаж суудаг. Зөрчилдөөн үүслээ гэхэд цус асгаруулдаг нь тоогүй.

Хөгжингүй гүрнүүд, тэр дотроо АНУ-д материал баялгийн гол үйлдвэрлэл зонхиловч иргэдийн сэтгэл ханамжтай бус, уужуу тайван амьдралаас төсөөрсөн юм шиг санагдсан. Тухайлбал, эд хөрөнгөөр баян хүн жаргалгүй, сэтгэл нь хэврэг учир санасандаа хүрч амьдарч чадалгүй нэгэн насыг бардаг. Жинхэнэ аз жаргалыг хүмүүний сэтгэлийн тэнхээгээр хэмждэг. Эдийн засгийн өсөлт, сэтгэлийн ноён нуруу хоёрыг шинэ үеийн хүмүүс тохируулж чадахаа больсон. Дэлхийд болж буй үймээнийг аль ч талаас нь шийдэх арга хангалттай бий.

-Төвдийн ёс заншлаар XIV-XV зуунд аж төрөн суусан, домогт Гэндэндүвээс эхлэн тоолбол та арван дөрөвдүгээр Далай лам билээ. Бүх дэлхийгээр аялан, олон арван улс оронд зочилж үзсэн анхны Далай лам нь та. Аяллыг та юу гэж ойлгодог нь сонин. Цаг үеийн нөлөө юү, эсвэл өөрийн хүсэл үү?

-Аль аль нь болно. Миний өмнө байсан хүмүүс юугаар явдаг байсан билээ дээ. Сарлаг, морь хоёр л байсан шүү дээ. Өнөөдөр бол би хэдхэн цагийн дотор л дуртай газраа хүрэх боломжтой байна шүү дээ. Харин нисэх онгоц аймшигтай унаа даа. Бас нэгэн учир байна. Энэтхэгт би гучаад жил амьдран суухдаа өөрийгөө цагаачилж байна гэж боддоггүй, харин Энэтхэг орны хүндтэй зочин гэж санадаг.

Уулзалтын арга хэмжээг өргөжүүлсний үр дүнд урилга олноор ирэх болсон. Энэ сайн хэрэг ээ. Яагаад вэ гэвэл орон гүрнээр аялж явахдаа Буддизмын сургаалаас өөрийнхөө ойлгож авсан зүйлээ олон зүйл дээр баталж явсан. Бид бүгд хүмүүс! Ямар ч ястан үндэстэн, шашин мөргөлтэй байх нь хамаагүй, ямар ч үзэл бодлыг баримталдаг байсан ганцхан эв нэгдэлтэй байх нь нэн чухал.

Бусдын төлөө өөрсдийгөө хүмүүжүүлэх ёстойгоо мартаж болохгүй. Энэ бол хамгийн хүндтэй зорилго. Айлчилж, улс гүрнээр зочилж явахдаа энэхүү зорилгыг багахан ч гэсэн шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, олонд тусалж байвал би аялсаар л байх болно.

-Эрхэм хүндэт ламтан! Бид нэгэнт Энэтхэг орны тухай ярилцсаны хувьд нэгэн зүйлийг сонирхож байна. Энэтхэг оронд болж буй хоёр өөр шашинтнуудын хоорондын сөргөлдөөнийг арилгах тусгай комисс байгуулах, түүнийг танаар удирдуулах тухай санал гарсныг сонссон юм байна.

-Иймэрхүү бэрхшээлийг зөв шийдэхэд тус болохыг хичээдэг. Өөр өөр шашинтнуудын дунд сөргөлдөөн байдаг ч намжмал байдлаар зохицуулах нь чухал. Саяхан санваар нэгтэн нөхөд минь надад бараалхан уг асуудлын талаар шүүн хэлэлцсэн. Гэхдээ би ямар ч тусгай хороонд хамаарагдаагүй. Ер нь аливаа хороо, комиссын гадна талаас туслах нь хамгийн хал балгүй хэмээн үэдэг юм.

-Та өөрийнхөө бүх цагийн гуравны нэгийг шашнаас бусад үйлст зориулдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр гадаадын улс орноор аялаагүй зөвхөн эндээ сууж байгаа тохиолдолд улс төрийн өргөн мэдээллийг ямар шугамаар авдаг вэ, хүлээн авагч сонсдог уу?

-Тэгэлгүй яахав, байнга л сонсдог. "Би Би Си"-гийн нэвтрүүлгийг сонсох дуртай. Болсон үйл явдлуудыг хураангуйлан товчилж, хүмүүст хүргэж чаддагийг нь үнэлдэг. "Америкийн дуу хоолой", Москвагийн англи хэлний нэвтрүүлгийг сонсдог. Түүний зэрэгцээ Энэтхэгийн нэр нөлөө бүхий дөрвөн хэвлэлийг уншдаг. Нэг америк нөхөр надад зурагтын өвөрмөц антенн бэлэглэсний ачаар дэлхийн аль ч буланд болж байгаа үйл явдлуудтай халуунаар танилцаж байдаг юм.

-Эрхэм хүндэт ламтан! "Эрдэм номын шаардлагад хамгийн их зохицсон шашин бол Буддизм" гэж Альберт Эйнштейн нэг удаа хэлсэн байдаг. Таны бодлоор энэ ямар санагддаг вэ?

-Буддизмыг бурхны бүтээсэн шашин гэж барууны орнуудад бас өөр нэгэн хүн хэлсэн ч бий. Хамгийг зохион бүтээгчид бол хүн өөрөө л байгаа юм. Харин агуу их бурхан багш ба түүний сургаалыг дагагч өчүүхэн бид бол зөвхөн сурган гэгээрүүлэгчид, сэтгэл ухааны багш нар л болж байгаа хэрэг. Эрт дээрийн буддистуудын номонд бодисын хөдөлгөөний тухай онолын асуудал ч бичигдсэн байдаг.

Буддизм бол өөрөө нэг маягийн шинжлэх ухаан, оюун ухааны ба зан араншингийн талаар юуг яаж баримтлахыг заасан, хүмүүст нэг нэгнээ хайрлахын учрыг таниулсан, хүмүүсийг түүндээ итгэл үнэмшилтэй хандахыг сургасан ертөнцийг үзэх бодит хандлага юм. Нэмж хэлэхэд, барууны онол, дорнын гүн ухааны сэтгэлгээ хоёр агуулга нэг юм.

Барууны орнуудад дэлхий ертөнцийн тухай сургаал, сэтгэл зүй, уураг тархи, бие ухааны нарийн шүтэлцээг тайлбарлан таниулах, Төвд эмнэлгийн арга барилыг өргөнөөр хэрэглэх болсноос л тодорхой байна. Барууны орнуудад буддизмыг хөгжүүлэх арга хэмжээг авч элдэв байгууллага зохион байгуулагдаж, үйл ажиллагаа хэвийн явуулах боллоо. Эмчилгээний болон зурхайн төвүүд, Буддистуудын хүрээлэн ажиллах болсон.

-Та ингэхэд Төвд эмнэлгийн нарийн учрыг сайн мэднэ биз дээ?

-Би эмчилгээний нарийн аргыг мэдэхгүй. Шуудхан хэлэхэд ердөө л анхны мэдэгдэхүүнтэй хүн. Надад залагдсан эмүүдийг яаж хэрэглэхийн тухайд л мэдлэгтэй. Миний мэдэх юм ингээд л дууслаа. Тиймээс эмч нарт ханддаг шигээ надад хандвал хоосон хоцорно. Харин Төвд эмнэлэг эмчилгээний тухай яривал тэр чинь өөрийн гэсэн нарийн дэг журамтай, нарийн онолтой бие даасан шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл тун сайн эрдэм байгаа юм.

-Шившлэг, ид шидийн талаар та ямар ойлголттой вэ?

-Өө, эд чинь маш аюултай үзэгдэл! Тусдаа шинжлэх ухаан болох учир түүнийг нарийн ойлгох л хэрэгтэй. Тун амархан ч хууртагдаж болох талтай.

-Таныг Нобелийн шагналынхаа мөнгийг буяны үйлст хандивласан гэж сонссон юм байна. Харин ямар хэргийн төлөө хандивласнаа ярьж өгөхгүй юү?

-Эн түрүүн зарим улсад болсон цуст аллагад өртөгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд тусламж болгосон юм. Өлсгөлөнг арилгах, томуу өвчнийг эдгээх, ядуучуудад эмнэлгийн тусламж үзүүлэх зорилготой Тереза эхийн удирдаж байсан сайн санааны сан, Коста Рикад оршдог энх тайвны их сургууль, Төвдийн Засгийн газарт нэлээдгүй хөрөнгө хандивласан.

-Төвд орныг "Энх тайвны бүс нутаг" болгох тухай та 1988 онд Страссбургт Европын парламентад хэлсэн үгээ Нобелийн шагнал авахдаа дахин дурдсан байдаг. Энэ талаар тодруулж өгөхгүй юү?

-Энэ бодлыг минь Хятад улс буруушаасанд туйлын их харамсдаг. Гэсэн ч үзэл санаанаасаа няцаагүй. Төвд орон бол "Ертөнцийн цөм" биш ч гэлээ Азийн стратегийн төв билээ. Тэр тусмаа дэлхийн хамгийн олон хүн амтай Хятад, Энэтхэг хоёр гүрнийг холбож байгаа улс орон. Тиймээс ч цэрэг зэвсэггүй, цөмийн байгууламжгүй Төвд орныг л үзэх сэн гэж л хүсдэг. Чухам тэнд л дэлхийн хамгийн сайхан нам гүм, гоо үзэсгэлэнт байгаль цогцолж, дэлхийн мөргөлчид зорин тэмцэх диваажингийн гэрэл гэгээ байгаасай гэж л хүсэж, өдөр бүр залбирдаг.

-Өөрөөр хэлэх юм бол Оросын алдарт зураач, гүн ухаантан Рерихийн оюун ухаандаа дүрсэлсэн Шамбалын орон, Далай ламын "Шамбалын орон зүглэсэн зам" гэсэн номонд гардаг шиг үү?

-Тийм номыг Далай лам бичээгүй. Харин Банчин лам бичсэн гэдэг. Шамбал хэмээгдэгч танигдаагүй, таагдаагүй ямар орон хаана байдгийг би ч мэдэхгүй. Магадгүй түүнийг эрэхийн ч хэрэггүй болов уу. Харин хүмүүсийн хязгааргүй мөрөөдлийн тэнгэр хэвээр байг! Яаж мэдэх билээ, Дэлхий, гариг ертөнцийн аль нэгэн буланд байгаа ч юм бил үү. Бүү мэд. Магадгүй Оросын сансрын нисэгчид түүнийг олчих ч юм бил үү.

-Та ер нь их шогч хүн юм аа даа. Та өөрийнхөө дуртай мэргэн үгээ бидэнд хэлж өгөхгүй юү?

-Би инээх л дуртай. Инээнэ гэдэг хүний сэтгэл дотрыг ариутгадаг, нас уртасгадаг шидэт дасгал. Би та нарт өөрийн унших дуртай нэгэн уншлагынхаа шад мөрөөс сонсгоё. Таалагдаж ч болох шүү дээ.

Арван зүгийн хязгаар арилаагүй үед

Амьтан бүхэн барагдаж мөхөөгүй цагт

Үхэлгүй мөнхийн шидийг надад хайрлаач

Түмэн зовлонгоос бүхнийг аврахыг зөвшөөрөөч!

Эх сурвалж: “Утга Зохиол урлаг” сонин

2014 он

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]