Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Японы тэнгэрт болсон хамгийн том осолУншсан11,673

Япон хүмүүсийн нөр хичээнгүй, ажил төрөлдөө үнэн сэтгэлээсээ ханддаг талаар дэлхий даяар шагшин гайхдаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.


Япон хүмүүсийн нөр хичээнгүй, ажил төрөлдөө үнэн сэтгэлээсээ ханддаг талаар дэлхий даяар шагшин гайхдаг. Гэтэл Японд болсон агаарын хамгийн аймшигтай, хамгийн олон хүний амь эрсэдсэн осол чухамхүү хүний хайхрамжгүй байдал, дүрэм журмыг үл тоосон явдлаас болж гарчээ. Энэ бол 1985 оны 8 дугаар сарын 12-нд болж 520 хүний амь насыг аван одсон нислэг байлаа. 

Токиогийн Ханеда нисэх буудлаас Осака хүрэх  Boeing 747SR-46 онгоц 18 цаг 12 минутад буудлаасаа хөөрсөн бөгөөд энэ нислэг нь ойрын зайн буюу ердөө л 54 минут нисэн зорьсон газраа хүрэх ёстой байв. Нийтдээ 550 хүн багтаах боломжтой болгож янзалсан уг онгоц энэ өдөр 509 зорчигч, 15 багийн гишүүнтэйгээр 49 настай Масами Такахама даргатай, 39 настай Ютака Сасаки гэх хоёрдугаар нисгэгчтэй маш туршлагатай багийн удирдлага дор хөөрсөн байна.

Удалгүй 18 цаг 24 минутад онгоц 7200 метрийн өндөр дэх өөрийн эзлэх эшелонд орох үед гэнэт дэлбэрэлт гэмээр маш хүчтэй чимээ гарч ослын дохионууд хангинаж эхэллээ. Нисгэгч нар онгоцны бин битүү байдал алдагдсаныг л мэдэж байгаагаас өөр мэдэгдэх юу ч байсангүй. Дор нь янз бүрийн системээ шалгахад хоёрдугаар нисгэгч онгоцны гидр-систем огт ажиллахгүй байгааг мэдэгдлээ. Ийм аюултай гэмтэлтэй байгаа онгоцыг шууд буцаан Токиод буулгах гэж онгоцоо эргүүлэх гэтэл чигийн удирдлага ямар ч ажиллагаагүй болсон байв. Газрын диспетчерт ослын дохио явуулж байдлыг мэдэгдсэн бөгөөд чухам юу нь гэмтсэн тухай ямар ч ойлголтгүй байгаагаа мөн дамжуулж.

Онгоцны багийн дарга, 2-р нисгэгч нар ямар ч байсан онгоцоо эргүүлж чадсан боловч онгоц бүх л чиглэлд чичирч, савлаж энэ нь цаг явах тусам улам бүр ихсэж байлаа. Онгоцны зорчигч нарын дунд чухам тийм гэх тэмдэггүй юм болж орилсон чарласан, залбирсан, хараасан, галзуурсан, гэр орныхондоо захиа бичсэн хүмүүс...

Харин хөлгийн баг тэмцсээр байсан бөгөөд тэд удирдлагагүй болсон онгоцоо зөвхөн хөдөлгүүрүүдийн хүчийг ихэсгэх багасгах байдлаар л онгоцоо залсан болж эргүүлсэн бөгөөд  сандарсан газрын диспетчерүүд янз бүрийн ойрхны буудал санал болгож байсан ч уг онгоцны даргад сонгоод байх боломж үнэндээ байсангүй, удирдлагагүй болсон онгоц нь хэзээ мөдгүй унах нь гэмээр байлаа.

Оцуки хотын нисэх буудалд газардах гэсэн анхны бодол нь бүтэлгүйтэж онгоц чиглэлээ авч чадсангүй учир багийнхан бас дахин ер бусын их хүч, авхаалж гаргаж байж дараагийн хэрэгтэй чиглэл рүү онгоцоо эргүүлж чадлаа. 18 цаг 47 минутын үед Такахама нь онгоц удирдлагагүй, өмнөө байгаа уулыг мөргөх нь тодорхой... хэмээн мэдэгдсэн боловч яаж ийж байгаад уулыг давж чадсан байна. Гэвч онгоц одоо улам бүр өндрөө алдсаар...

Уулархаг нутагт онгоц унах нь тодорхой болсон юм шиг боловч хөлгийн баг эцсээ хүртэл тэмцсээр өмнө гарч ирэх уулыг хөдөлгүүрүүдийн хүчийг  янз бүр байдалд оруулах, элдэв хаалт, элероныг (буухад болон янз бүрийн маневр хийхэд дэм болох далавчны деталиуд) ашиглах замаар яаж ийж байгаад тойрч давсаар байсан боловч эцсийн эцэст 18 цаг 56 минутын үед мод шүргэн годройтон модорхог газар унан шатлаа. Энэ бол Токиогоос 112 км-ийн зайтай, 1457 метрийн өндөрт болсон явдал.

Болсон явдлын дараа аврах ангийнхан Америкийн С-130 онгоцноос осол яг хаана болсныг мэдэж аван эхний нисдэг тэргийг гаргажээ. Аврагчид осол болсон газар нь маш уруу учир буух боломжгүй, мөн тухайн газар түймэр гарч байгаа, амьд үлдсэн хүний шинж тэмдэг харагдахгүй байгаа зэргийг тоочин буцан нисжээ.

Ослоос хойш 14 цагийн дараа аврах ангийнхан уг газар ирсэн бөгөөд тэд ямар нэг амьд үлдсэн хүн олох тухай бодоо ч үгүй очсон боловч 4 хүн амьд хэвээр байв. Хэрвээ тэд 14 цагийн дараа биш ядаж 5-6 цагийн дараа ирсэн бол олон хүний амь аварч болох байсныг сүүлд тогтоосон байдаг.

Ослын тухай шуугиан Япон даяар болж Japan Airlines компанийн захирал мөрдөн байцаалт дуусаагүй боловч огцорч байгаа зарласан бол уг компанийн техникийн асуудал хариуцсан захирал Ханеда харакири хийлээ. Компанийн ажилтан нар, тэдний салбаруудыг хохирогчдын ар гэрийнхэн дайрч давшилж, зодож, байр савыг нь гэмтээн сүйтгэх тохиолдол гарсаар.

Хар хайрцаг олдсон тул одоо хамгийн гол асуултын хариу болох онгоц яагаад удирдлагагүй болж унав гэдгийг мэдэх үлдлээ. (Ослын газраас хар хайрцагтай цуг маш олон тооны захидал олсон нь хүмүүсийн санаа сэтгэлд бас их нөлөөлсөн)

1985 оны 8-р сарын 13 нд Японы тэнгисийн цэргийн хөлөг онгоц далайгаас унасан онгоцны сүүлний хэсгийг олсон байна. Энэ нь онгоц агаарт байхдаа сүүл хэсгийн зарим хэсгээ алдаж өндрийн удирдлагагүй болсон байна гэсэн үг.

Мэргэжилтнүүд энэ тасарч унасан сүүлний хэсгийг хараад онгоц яагаад тэр дороо уначихалгүй, бүтэн 30 минут тэмцэж чадсаныг удтал гайхаж, нисгэгчдээр бахархаж байсан гэдэг. Тэдний зүтгэлийн хүчинд ямар ч байсан 4 хүн амьд үлдсэн ба хэрвээ аврагч нар 14 цагийн дараа биш харин...

Онгоцны сүүл хэсэг гэмтсэний учир шалтгааныг тодруулах ажлын явцад зарим нэг зүйл тодорсон байна. 1978 онд уг онгоц нисгэгчийн буруугаас болж буух үедээ сүүлээрээ  газар хүчтэй цохисон бөгөөд үүнээс болж сүүл хэсгийн гермоншпангоут (сүүл хэсгийн битүү бус хэсгийг бүхээгээс зааглах хаалт) их гэмтсэн байж.

Засварыг  Boeing-ийн инженерийн удирдлага дор  Японд хийсэн ба технологийн дагуу бол ийм нөхцөлд  гермошпангоут-ыг гурван бэхэлгээ (өрөмдөж нүхлэн боох) бүхий нэг элементээр  бэхлэх ёстой боловч тэд  хоёр тусдаа элементээр тус бүр гурван бэхэлгээгээр бэхэлж. 

Үүний дараа онгоц олон нислэг хийсэн ба газардах хөөрөх үеийн ачаалал тэрхүү буруу бэхэлгээнүүдэд байнга ачаалал өгөн сулруулсаар байсныг хэн ч мэдсэнгүй. Гайт 1985 оны 8-р сарын 12-нд тэрхүү гермоншпангоут зад үсэрч гидр-системийг гэмтээн, онгоцны их биеэс маш даралттай агаар сүүл хэсэг рүү (гермошпангоут байхгүй болсон учир агаарын даралтыг барих хана үгүй болж  яг л оргилуун дарсны бөглөө суга үсэрдэг тэр зарчмаар ) огцом даралт өгөн зарим хэсгийг нь зад татан салгаж унагасан байна.

Ингэж Японы төдийгүй дэлхийн агаарын тээврийн бас нэг том осол болжээ. Хэрвээ засвар хийхдээ технологийн дүрэм журмаа баримталсан бол, шалгалт үйлчилгээ хийхдээ анхааралтай хянамгай байсан бол, аврагчид ажил төрөлдөө жаахан ч гэсэн хариуцлагатай хандсан, хүнлэг сэтгэл гаргасан  бол... гээд өчнөөн төчнөөн зүйл гарна.  Япон хүний ажилч хичээнгүй, үнэн сэтгэлээсээ ханддаг хандлага энэ удаа хангалтгүй  байсан бололтой.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 28. 15:12
Зочин

аливаа техникт 100% баталгаа өгдөг газар, байгууллага гэж энэ дэлхийд байхгүй юм.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]