Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дөчин дөрвөн насандаа 11 дэх удаагаа түрүүлсэн алдарт аварга Г.ӨсөхбаярУншсан9,783

Эндээс харахад нэг л авцалдаж өгөхгүй байна. 70 гарсан хүн даншиг наадамд 3 давна гэж арай л байж боломгүй юм.

Ардын хувьсгалаас өмнө Сэцэн хан аймаг Халх даяар алдаршсан хүчит бөхчүүдийн өлгий нутаг байв. 1805-1924 онд болсон Халхын Долоон хошуу даншиг, Арван засгийн 114 удаагийн наадмаас энэ аймгийн бөхчүүд 86 түрүү, 88 үзүүр авч (бүрэн бус мэдээгээр), Монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн 13 том аваргын долоог нь төрүүлжээ.

Сэцэн хан аймгийнхан эрт дээр үеэс аав хүү, ах дүү бөхчүүдээрээ алдартай. Даншгийн шонхор Дансран, түүний хүү арслан Гэнэн, түүний хөвгүүд дархан аварга Өсөхбаяр, арслан Өсөхтөр (Түвдэн), Очир заан, түүний хүү Омбой заан, түүний хөвгүүд болох дархан аварга Гэлэгсэнгэ, дархан аварга Дугар, Даншгийн аварга М.Дашрэнцэн (Мөррэнцэн), түүний дүү заан Жунай, Даншгийн заан Самбуу, түүний хүү аварга Чүлтэм, Даншгийн арслан Хас, түүний хүү улсын арслан Өлзийсайхан, түүний хүү улсын арслан Эрдэнэ-Очир, Даншгийн начин, Алтан овооны аварга Н.Ваань, түүний хөвгүүд болох цэрэг, аймгийн арслан Дорждэрэм, аймгийн хурц арслан Намсрай, Даншгийн начин “Жүрвий” хэмээх Х.Лувсандорж, түүний хөвгүүд болох аймгийн арслан Доосүрэн, улсын начин Дашдаваа нарыг дурдаж болно.

Тэдний дундаас Даншгийн шонхор Дансран, түүний хүү арслан Гэнэн, Гэнэн арслангийн аварга, арслан хоёр хүүгийн нэг болох Даншгийн дархан аварга Г.Өсөхбаярын тухай өгүүлье.

Долоон хошуу даншиг наадмын наанадаж 8, цаанадаж 10 түрүүг авсан гэх алдарт аварга Г.Өсөхбаяр нь Төр гэрэлтийн 15-р он буюу 1835 онд Сэцэн хан аймгийн одоогийн Сүхбаатар аймгийн Дархан хан сумын нутагт Даншгийн арслан Гэнэнгийн гэр бүлд мэндэлжээ. Гэнэн арслангийн эцэг нь олон түмэнд Дансран шонхор гэж алдаршсан 1848 оны даншиг 7 хошуу наадамд 8 давж заан цол хүртсэн хүн байсан байна.

Г.Өсөхбаяр аваргын эцэг Д.Гэнэн 1852 оны даншиг наадамд түрүүлснээс гадна 1842, 1844, 1846, 1851 оны арван засгийн наадамд түрүүлж байсан байна. Г.Өсөхбаяр аварга нь ийнхүү удам залгаж төрсөн Монголын бөхчүүдийн cop болсон алдарт аваргуудын нэг юм. 1856 онд анх удаа даншиг наадамд барилдаж Түшээт ханы Дэжид гэгч хүнийг хаяад хоёрын даваанд Мин засгийн Тэший гэдэг хүнд унажээ. Энэ наадамд Өсөхбаяр аваргын өвөг эцэг Дансран заан 3, мөн эцэг Гэнэн арслан 3 давж байжээ. Ийнхүү 3 үеийн бөхчүүд нэг наадамд барилдаж 3-уулаа 1-3 давсан нь тун ховор тохиолдол юм. Түгээмэл элбэгтийн долдугаар он буюу 1857 оны 7 хошуу наадамд Гэнэн арслан 5-ын даваанд хүү Өсөхбаяраа амлан авч тахимаа өгсөн байдаг. Хойшхи даваануудад торолгүй явсаар тэр даншигт Өсөхбаяр 11 давж анх удаа түрүүлсэн байна. Г.Өсөхбаяр аварга нь "20-р зууны их асрын өмнө" номонд тэмдэглэснээр 1857, 1859, 1860, 1861, 1862, 1863, 1864, 1867, 1870, 1874, оны 7 хошуу даншиг наадам мөн 1863, 1864, 1867, 1868, 1870, 1871, 1874 оны 10 засгийн наадамд түрүүлжээ.

Өсөхбаяр аварга нь царай зүс сайхан үзэсгэлэнтэй, багахан шиг хаалгатай гэрт багтахааргүй том биетэй хүн байсан гэдэг. Бадаргуулт төрийн 23-р оны буюу 1897 оны даншиг наадамд үзэх гэж очиход нь 8-р богд түүнийг аваргынхаа барилдахыг үзнэ хэмээн албадан ятгаж барилдуулахдаа түүнд биеэс нь хэмжээ авч хийж өгсөн зодог шуудаг нь тэр үедээ аваргад багтаагүй бөгөөд одоо түүний ах дүү нарт хадгалагдан үлдсэний хэмжээ нь ханцуйны нэг үзүүрээс нөгөө хүртэл 1м 93 см, ар зооны урт нь 50 см, өргөн нь 63 см байжээ. Энэ нь Өсөхбаяр аваргын 62 нас хүрсэн мах булчин нь шуугдсан үеийн багадаад багтаагүй зодог шуудагны хэмжээ бөгөөд эдүгээгийн аварга Хадбаатарын зодог шуудагнаас нэлээд хэмжээгээр хааш хаашаа илүү байсан гэдэг юм. Өсөхбаяр аварга тэр наадамд баридаж тав даваад нутгийн нэг бөхөд бууж өгсөн гэдэг мэдээ байдаг.

Даншиг долоон хошуу болон арван засгийн наадмын онооны бүртгэл дансанд тод бичигдэж үлдсэн наадмын түрүү олны дунд өнөө хүртэл үлдсэн домог мэт хууч яриа бие бялдрын хэмжээг илтгэсэн баримт зэргээс үзэхэд Г.Өсөхбаяр бол Монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн үнэхээр гайхамшигт аварга мөнөөс мөн байна.

Ж.Дамдин гуайн “Монгол бөх” номонд Өсөхбаяр аварга нь Бадаргуултын 13 онд 62 настай байсан гэж бичсэн байна. Энэ байдлаар бол Өсөхбаяр аварга нь 1856 онд 31 настай Даншиг наадамд анх удаа зодоглохоор ирсэн байхнээ. Энэ үед аваргын эцэг Гэнэн арслан дор хаяж 50 гарсан настай байж таарна. Бас энэ наадамд зодоглож гурав давсан Өсөхбаярын өвөг эцэг Дансран наад зах нь 70 гарсан хүн байж таарч байна.

Эндээс харахад нэг л авцалдаж өгөхгүй байна. 70 гарсан хүн даншиг наадамд 3 давна гэж арай л байж боломгүй юм. 1856 оноос урьдах жилүүдэд тасралтгүй шахам барилдаж 1852 оны даншиг наадамд түрүүлж байсан Гэнэн арслан хүүгээ 31 нас хүргэж байж анх удаа даншигт дагуулж ирж барилдуулсан гэдэг бас л байж боломгүй юм. Миний бие Ж.Дамдины “Монгол бөх” номонд Бадаргуулт төрийн 23-р оныг 13 он гэж ташаарсан байж магадгүй гэж үзэж байна. Хэрэв тийм бол Бадаргуулт төрийн 23-р он нь 1897 он байх бөгөөд энэ үед 62-той байсан хүн нь 1835 онд төрсөн байж таарна. Тэгвэл Өсөхбаяр аварга 1856 онд анх даншиг наадамд зодоглохдоо 21 настай байсан байна гэсэн таамаглалыг судлаач нарын сонорт дэвшүүлж байна. Бүрэн засагчийн 13-р он буюу 1879 оны хөх нохой жилд VIII Богдыг залахтай холбогдуулан үйлдсэн даншиг долоон хошуу наадамд 960 бөх барилдсанаас Өсөхбаяр аварга 10 давж түрүүлэв гэж “Монгол бөх” номын 57-р хуудсанд тэмдэглэсэн атал Өсөхбаяр аваргын наадмуудын түрүүнүүдийн жагсаалтад 1879 оны даншигт түрүүлсэн гэж байхгүй байна. 1879 онд даншиг наадам хоёр хийсэн байж болзошгүй юм. Энэ түрүүг оролцуулбал Өсөхбаяр аварга даншиг наадамд 11 түрүүлсэн болж таарах нь. Энэ үед аварга 44 настай байжээ. Долоон хошуу даншиг наадам бол одооны улсын баяр наадмын адил жилд нэг болдог хамгийн том наадам байсан бөгөөд ийм наадамд 44 настай түрүүлж, 62 настай 5 давна гэдэг аваргыг үнэхээр агуу их бөх байсан гэдгийг гэрчилж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]