Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Хүү минь чамд авьяас байна, гэвч монгол хэлийг төгс эзэмших хэрэгтэй"Уншсан48,585

Элсэлтийн комиссын дарга нь жүжгийн зохиолч Э.Оюун гуай байж. Монголоор жаахан хазгай ярьдаг, хачин янзын төрхтэй казах хүү драмын ангид элсэн орох шалгалтаа казах хэл дээр өгсөн гэдэг.

“... Борхон зүрх минь түг түг хийнэ

Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...”

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж хэлсэн нь бий. Маргаангүй үнэн үг. Б.Содном, Д.Батсүх, Д.Цээеэ, Т.Латиф нар цаг үеийн шалгуураар төрөн гарсан шилдгүүд. Хошин шогийн мэдрэмж, түүнийг бусдад түгээх чадвар бол давтагдашгүй ховор зүйл байдаг. Үзэгч түмнээ инээлгэх хувьтай төрсөн алиалагч нар маань 60 нас ч хүрэлгүй, зарим нь алдар гавьяа ч хүртэлгүй хорвоог орхисон нь юутай харамсалтай.

Ингээд бүтээсэн дүр, хөдөлгөөн, алхаа гишгээ нь хүртэл дахин давтагдахааргүй гайхалтай уран бүтээлч болох, 1970-1980 оны үед од болон гялалзаж асан Т.Латиф гуайн тухай өгүүлье.

Алс баруун хязгаар, Ховд аймгийн Булган сум бол домборын аялгуу, бүргэдийн дэвэлттэй нутаг бөгөөд Төлеген, Замир нарын гэрт мэндэлсэн хүү хожмоо хотол олондоо инээд бэлэглэх учиртай нэгэн болох байжээ. Т.Латиф гуай зургадугаар ангид байхдаа онц сурч Унгарт пионерын амралтад явах эрхийн бичгээр шагнуулж, алс Европт хөл тавиад ирсэн түүхтэй. 1963 оны намар Баян-Өлгий аймгийн 10 жилийг төгссөн казах хөвгүүн их хотыг зорин ирж, Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид элсчээ.

Элсэлтийн комиссын дарга нь жүжгийн зохиолч Э.Оюун гуай байж. Монголоор жаахан хазгай ярьдаг, хачин янзын төрхтэй казах хүү драмын ангид элсэн орох шалгалтаа казах хэл дээр өгсөн гэдэг. Э.Оюун гуай пантамимо хийж үзүүлсэн Т.Латифд “Хүү минь чамд авьяас байна. Гэвч Монгол хэлийг төгс эзэмших хэрэгтэй. Үүнийг чамд даалгаад сургуульд элсүүлье” хэмээжээ. Ийнхүү Монголын урлагийнхны дунд “Их хар бурхан” хэмээн алдаршсан Раднаа багшийн ангид Т.Латиф гуай жүжигчин болох цагаан толгойгоо заалгаж эхэлсэн байна.

1967 онд Елмес гэх бүсгүйтэй гэрлэж таван хүүхдийн эцэг эх болжээ.

Түүнийг ангийн найз нөхөд нь дурсан ярихдаа “Оюутан байхдаа их дуу цөөтэй хүүхэд байсан, казах хүүхэд Монгол хэл мэддэггүй байх гэж хоорондоо ярилцдаг байсан. Нэг өдөр ангийнхан нь дуулах болж нэрийг нь мэдэхээс цаашгүй Латифаар дуулуулъя  гэхэд мань хүн казах вальсаа хачин гоё дуулсан” гэж дурсан ярьжээ.

Раднаа багш нь “Би Монгол Улсад жүжигчин бэлдэж байгаа, ийм аялгатай байх юм бол нөхөр минь гуравдугаар курсээс би чамайг шууд хөөнө” гэж байсан гэдэг.

Улмаар ангидаа хамгийн сүүлд үлдэн хэл ярианы дасгалуудаа давтсаар төгсөхдөө Монгол хэлдээ үеийн нөхдөөсөө ч илүү дикцтэй ярьдаг болсон байна. Т.Латиф гуайн оюутан ахуй насны бас нэг сонирхолтой яриа байдаг нь тэрээр чулуугаар  мэргэлдэг байсан гэнэ.

Жүжигчний ангиа төгсөөд Улсын драмын театрт орохдоо Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжгийн “Доголон Дорлиг”-ийн дүрд тоглож. Үүнээс хойш театрын тайзнаа 10 гаруй жүжигт тогложээ. 1971 онд Дамдин найруулагчийн бүтээсэн “Улаан дарцаг” киногоор кино урлагт хөл тавьсан. Залуу нас халгиж, цалгисан авъяас хоёр хамт байхдаа үргэлж шинийг эрэлхийлж бүтээж байдаг гэдэг. Монголын соёл урлагийн түүхэнд түүний нэртэй холбогдсон олон шинэ өнгө гарч ирж Т.Латифгүй, түүний хамтран тоглоогүй үдэшлэг, цэнгүүн гэж үгүй он жилүүд удаан үргэлжилсэн гэдэг.

"Хүний мөр", "Улаан дарцаг", "Амьдралын нахиа" гэх хэдхэн кинонд дүр бүтээсэн ч ямар ч алдартай жүжигчнээс дутахгүй олон (одоогийнхоор) фэнтэй байж, хаа ч явсан хүүхдүүд дагаж гүйлддэг байлаа.

Тэрээр 1973 онд “Соёл-Эрдэнэ” чуулга анхны тоглолтоо хийж байхад хөтөлж  байсан Монголын эстрадын урлагийн анхны хөтлөгчдийн нэг.

Хүний амьдрал хойно асгаж цалгисан амжилт, алдар нэр гэж байхад алдаан дээр нь дөрөөлөхөөр анаж хүлээсэн нэгэн ч байдаг. Монгол Улсын гавъяат цол 37 насандаа  хүртэх гэж явсан Т.Латифын амьдралд нэг л өдөр бараан сүүдэр туссан. Тухайн цаг үеийн мэдээлэл, радио телевизийн улсын төв хорооныхон зусланд болсон нэгэн үдэшлэгт Т.Латифыг урьсан гэдэг. Тоглолт дуусч, жаахан ч халсан байж. Энэ үед гарсан маргаанаас болж театрт байх уу үгүй юу, цаашлаад аавын хаалга татахдаа ч тулсан гэх харамсалтай яриа бий.

Драмын театраас гарсан жилдээ бүтэн жил гаруйн хугацаанд циркт малчнаар ажилласан гэдэг. Ингээд үүрээр эртлэн босож циркийн гадна талыг цэвэрлэдэг байсан гэх. Алтан үеийн жүжигчин Цээеэ гуай тэр үед ид алдаршиж буй алиалагч байв. Портнёр дутаж байх үед нь найруулагчид хоёр, гурван удаа алиалагч болооч гэсэн санал тавихад нь хэдийгээр татгалзсан ч олон удаа ятгасны эцэст Цээеэ гуайтай хамтарч, дараа нь жүжигчин Батсүх сургуулиа төгсөж ирээд хамт ажилласан байдаг. Ингээд алиалагч болох зам нь нээгдсэн жүжигчин Т.Латиф циркийн тайзнаа дүрээ мөнхөлсөн юм.

Алиалагч болох зам мөр нь анхнаасаа л драмын жүжигчин байх үед нь “татаж чангааж” байсныг гэрчлэх нэгэн дурсамж бий. Т.Латиф агсан драмын театрт байхдаа Отелло жүжигт тоглосон тухайгаа ”Нэг удаа Отелло жүжгийн Ягогийн дүрд тоглов оо. Дүрийн шаардлагаар бол үзэгчид намайг үзэн ядаж л суух ёстой юм. Гэтэл намайг тайзанд гарахаар л цөм тачигнатал инээлдэнэ. Бүр хүн алахаар гэтэж явахад хүртэл тэд инээгээд байхыг нь яана. Тоглолтын дараа найруулагч намайг зад загнав. Тэднийг инээлгэхээр ер оролдоогүй, дүрээ бүтээх гэж л чармайсан. Үзэгчид л инээлдээд байх чинь билээ гэж өчлөө. Тэгтэл нэг ахмад жүжигчин “Латиф ер нь драмын жүжигт тохирохгүй юм шиг байна. Энэ бол ерөөсөө байгалиас заяасан алиалагч юм. Латифт хамгийн тохиромжтой нь хошин шог дүр л юм шиг байна” гэсэн байдаг.

Тэрээр Чехийн Копенгагэн, Дани зэрэг олон улс орнуудад очиж тоглолтоо хийжээ. Т.Латиф гуай 45 насандаа МУСТА цол тэмдэг авч нэг жилийн дараа буюу 1990 онд циркийн суудал дүүрэн үзэгчтэй тайлан тоглолтоо хийгээд 1991 онд 46 насандаа өөд болсон билээ. Нэрт алиалагч маань халаасандаа гараа хийгээд “Миний халаасанд гавьяат байна” гэж ярьж байсан гэдэг. Хувь хүний хувьд  цайлган итгэмтгий, тун ч хээнцэр хүн байсан гэдэг. 1991 онд өнгөрөхөд нь хүний нутагт авъяастнаа алдсан найрагч халаглан гашуудахдаа “...бараан захын Эрээн хот бурхангүй юм байлгүй чааваас” гэж халагласан аж.

Г.Бадамцэцэг

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 12 сар 6. 10:58
ЗочинXilchin

Xiliin tseregt Omnogoviin Ovootiin otryadad alba xaaj baix ued tovoos urlagiin brigad GAZ-66 mashintai irvev ee. Bi shalgan deerees xuleej avaad l angiin rotiin bairluu daguulaad ochtol mashinii ariin brezenten aravch soxogdov uu ugui yu neg noxor "Tanaid kavtar /Xural xiixed iltgel tavidag inder gex yum uu daa/ bii yu geed l neg ix sonin noxor asuusan n Latif guai baij bilee. Toglolton dunduur Latif guain nomer exneesee avaxuulaad l duusan duustel xamag amitanii elgiig avch bilee. Suuldee "Minii ongod ulam orj baina" - geed l kavtar luugaa avirsaar barag deer n zogsox shaxuu yum bolson. Durdee orno gedgiig ch uzuulj ogson n sanaanaas gardaggui yum. Aldar ner n arvan zugtee duurssan saixan xun baij dee.

2019, 12 сар 6. 9:38
ЗочиДамба.

1974-75 оны үед юм уудаа.Театрынхан маань аймаг сумдаар их яваа. Хөвсгөл Булган 2-ын олон сумдаар бид хамт явж билээ.Дорж самуун, Сэлэнгэ,Мэнд баяр Латин нар маань бараг хүүхдээрээ шахуу залуу байж дээ.Латин маань өглөө биднийг босоогүй байхад орж ирчхээд л за сайхан амарцгаав уу найзуудаа гээд мэндлэхэд нь л инээд хүрээд тэс ч чаддаггүй байж билээ.Баян Барлаг хоёр гэдэг жүжиг эн дээр ч элэг хөшөөж өгдөг байв даа

2019, 12 сар 8. 18:53
ЗочинEnkhtsetseg

Chehiin kopengagen;Dani ulsuudad toglolt hiine gj yu bicheed bgan be;Dani ulsin niislel kopengagen;chehd tiim hot bdg boloo yu

2019, 12 сар 6. 14:33
Зочин

togloson bichleg ni baidag bol odoonii hvmvvst tavij uguusei

2019, 12 сар 11. 8:04
Dorj

Jinhen hoshin medremjtei nert jujigchin hun.hunii mor kinond 3 pivo uudag nohodiin dur bdag shdee.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]