Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Задгай сансарт гарсан Америкийн анхны астронавтУншсан416

Дараа нь Эд энэ тухай ярихдаа “Хөлөг рүү буцаж орж байсан үе бол миний амьдралын хамгийн гунигтай үе байлаа” гэж хэлсэн байдаг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Хүйтэн дайны үе. АНУ болон ЗХУ гэсэн хоёр сөргөлдөгч улс орнуудын хооронд болж байсан ил далд тэмцэл нь сансар судлалд ихээхэн тодоор илэрч байсан бөгөөд зөвлөлтүүд анхны хиймэл дагуул хөөргөж, хүн анх сансарт гаргаж, анхны эмэгтэй сансрын нисгэгчтэй болж, задгай сансарт түрүүлж гарсан нь америкчуудын хувьд хүндхэн ялагдал байлаа. Америкчууд ч араас нь шил дарж явсан ба 1965 онд Зөвлөлтийн Алексей Леонов задгай сансарт гарснаас хойш хоёр сарын дараа Жеймс Макдивит (James McDivitt) даргатай, Эдвард Уайт (Edward Higgins "Ed" White II)  хөлгийн инженер бүхий бүрэлдэхүүнтэй Gemini 4 хөлөг сансарт хөөрчээ.

Gemini 4 багийнхан

Gemini 4-ийн үндсэн зорилго нь хүн сансарт удаан байх боломж нөхцөлийг судлах явдал буюу америкчуудын саран дээр хүн буулгах их аянд зориулсан мэдээлэл цуглуулах, үүнтэй холбоотой янз бүрийн туршилт хийх явдал байлаа. Үүнээс гадна дөрөв хоногийн энэ нислэгийн үеэр тойрог замд эргэлдэж буй Титан III зөөгч пуужингийн хоёрдугаар угсраатай ойртож, сансарт залгагдах боломжийг судлах бас нэг төлөвлөгөөтэй байв. Харин гурав дахь зорилго нь Эд Уайтыг задгай сансарт гаргах явдал байсан гэдэг.

Ингээд 1965 оны 6-р сарын 3-ны өдөр Канарвелийн хошуунаас Gemini 4 хөөрч, дарааллаараа хамгийн түрүүнд хийх ёстой  Титан III-ын хоёрдугаар угсраатай ойртох ажлаа ихээхэн бэрхшээлтэй тулгаран байж хийлээ. Үүний дараа газраас задгай сансарт гарахыг зөвшөөрлөө гэсэн дохио өгсөн боловч хөлгөөс хэн ч гарсангүй. Хөлгийн дарга Жеймс Макдивит нь задгай сансарт гарах ёстой Эд Уайтыг хэтэрхий их догдолж байна гэж үзсэн учир дахин нэг тойрог хүлээхээр шийдсэн байна.

Америкчуудын хүн задгай сансарт гаргах арга технологи нь Зөвлөлтийнхөөс нэлээд өөр байсан ба Леонов Восход-2-оос гарахдаа хөлөг дэх агаарын даралтыг хэвийн барих зориулалттай тусгай хэсэг-өрөө дамжин байж гарсан бол NASA Уайтыг ил гаргахын тулд хөлгийн бин битүү байдлыг зориудаар задалж байж хийхээр төлвөлсөн байжээ. Ингээд скафандр өмссөн дарга инженер хоёр  хөлгийн хаалтыг онгойлгох гэж бас нэлээд юм болж байж Эд Уайд задгай сансарт гарлаа.

Уайт задгай сансарт

Леонов ил сансарт гарахдаа хамгаалалтын олсноос өөр юмгүй, усанд сэлж байгаа мэт өөрийнхөө хөдөлгөөнөөр л явах гэсэн зүгээ чиглэж байсан бол Эдийн хувьд ийм хамгаалалтын олсноос гадна даралтат хий шахсан тусгай гар буу байв. Хөлгөөс нэлээд холдсоны дараа гох дарахад хий шахагдан гарах байдлаар астронавт маань хөдлөн явах ба орчлон ертөнцөд ингэж тэнэж яваадаа Эд дэндүү их баярласан байсан гэдэг. Төлөвлөсөн цагаас хамаагүй их хугацаагаар задгай сансарт байгааг төвөөс анхааруулж, бас бус хатуу хөтүү үг хэлж байж л мань эрийг буцаж хөлөгт оруулах болжээ. Зарим яриагаар бол хөлгийн дарга Жеймс нь хамгаалалтын олсноос угзарч байж оруулсан юм байх. Дараа нь Эд энэ тухай  ярихдаа “Хөлөг рүү буцаж орж байсан үе бол миний амьдралын хамгийн гунигтай үе байлаа” гэж хэлсэн байдаг.

Хөлгийн бүхээгт эргэж орсны дараа бүхээгийн хаалтыг хаах гээд чадсангүй. Скафандрын агаар дуусаж байгаа ийм үед энэ хаалтыг хааж чадахгүй байна гэдэг нь хамгийн аюултай зүйл учир зааврын дагуу хийх ёстой бүх л аргаа хэрэглэж үзээд болохгүй болохоор нь хоёр астронавт нийлэн  хүчээр зүтгүүлж байж хааж чаджээ. Чухам энэ үед л Эд Уайт өөрийн бээлийгээ задгай сансарт үлдээсэн байна. (Энэ бээлийнээс хойш өөр бусад хэрэгсэл сансарт орхигдон гээгдсэн хэд хэдэн тохиолдол гарч байжээ)

Дөрөв хоногийн турш үргэлжлэх ёстой нислэгийн үеэр өөр элдэв санаа зовоох зүйлгүй хэвийн байсан боловч 48 дахь тойрогт IBM-ийн бүтээсэн хөлгийн компьютер эвдэрсэн ба сонирхолтой нь үүнээс хэдхэн хоногийн өмнө IBM өөрийнх нь бүтээгдэхүүн ямар найдвартай сайн эд болох тухай реклам цацаж, үүндээ NASA тэдний компьютерийг хэрэглэдэг тухай,  яг одоо Gemini 4 хөлөгт хэрэглэж байгаа тухай сурталчилж байжээ. Энэ компьютер эвдэрснээс хөлөг буух үедээ тооцоолсон газраас нэлээд зайтай усанд буусан ба азаар өөр ямар нэг аюултай юм болсонгүй. Ингэж Эд Уайт Америкийн бас нэг баатар болон сансраас эргэж ирсэн билээ.

Apolla 1 багийнхан

Задгай сансарт хөл тавьсан пионерууд болох Леонов, Уайт нар цаашид ч илүү хол зүйл мөрөөдөж тус тусынхаа улс орны сарны хөтөлбөрт хамрагдан ажиллаж байв. Леонов Союз-11 хөлгөөр нисэх ёстой байсан боловч багийн нэг гишүүн өвдсөний улмаас орлон нисэх баг нь энэ хөлгөөр нисэж аймшигт ослоор амь үрэгдсэн тухай Союз-11 хөлгийнхөн амь үрэгдсэн нь нийтлэлдээ бичиж байсныг зарим нэг нь уншсан байх.  Харин задгай сансарт гарсан Америкийн анхны астронавт Эд Уайтад ийм аз таараагүй юм. Тэрээр сарны програмын хүрээнд Аполло-1 хөлгөөр нисэх бэлтгэлийн үеэр харамсалтайгаар амь үрэгдсэн ба энэ тухай Амьдаараа шатсан астронавтууд нийтлэлдээ бичиж байсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]