Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цаазын ял сонсож байсан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч шүүхэд дахин дуудагдавУншсан5,967

Солонгосын хуулиар цэргийн хүн ерөнхийлөгч болох учиргүй тул эхлээд өөртөө цэргийн дээд цол олгоод дараа нь тэтгэвэрт гараад, эргээд ерөнхийлөгч болсон юм. Өөрийн зохиосон шинэ хуулийн тусламжтайгаар дахин ерөнхийлөгчөөр ч сонгогдож байсан.

БНСУ-ын улс төр ээдрээ дүүрэн түүхтэй. Байсхийгээд л Ерөнхийлөгч нараа барьж, ял тулгадаг Өмнөд Солонгост одоо 1980-аад оны үд Ерөнхийлөгч байсан Чон Ду Хваны ээлж ирсэн тухай шуугиж байна. Ерөнхийлөгч асныг иргэдийг доромжилж, гүтгэсэн хэргээр шүүхэд дуудсан ч эдүгээ 88 настай, альцгеймерийн өвчинд нэрвэгдсэн шалтгаанаар шүүхийн нэхэмжлэлийг тоолгүй явсан ч хүч хэрэглэн баривчилна гэсний дараа Кванжу хотын шүүхэд очиж мэдүүлэг өгсөн байна.

Ер дөхсөн өвгөн юуны учир шүүхэд дуудагдав. Ерөнхийлөгч асан Чон Ду Хван “Satan wearing a mask” нэртэй дурсамж номоо саяхан хэвлүүлсэн бөгөөд үүндээ 1980 онд Кванжу хотод болсон иргэдийн бослогыг хүчээр дарсантай холбоотой аймшигт үйл явдлыг хөндөж, босогчдын зохион байгуулагчдын нэг номлогч агсан Чо Чуль Хёныг “хүний арьс нөмөрсөн чөтгөр” гэж нэрлэсэн байна. Үүний хариуд номлогч агсны дүү Чон Ду Хваныг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгсөн нь энэ юм.

Өнгөрсөн зууны 60-аад он гэхэд үгээгүй ядуу байсан Өмнөд Солонгосыг өдгөө хүчирхэг эдийн засагтай улс болсны нууц нь ердөө улс орноо зөв залсан хэдхэн ерөнхийлөгчийн гавъяа гэж ярилцах нь бий. Эдгээр хэдэн ерөнхийлөгчийн нэгд Чон Ду Хваныг оруулах нь бий. Гэсэн ч Чон Ду Хваныг цэргийн хүчээр төрийн эрхийг хууль бусаар авсан, харгис хэрцгий дарангуйлагч байсан гэж үздэг. Түүний эсрэг гарсан Кванжу хотын иргэдийн хөдөлгөөнийг цэргийн хүчээр цус асгаруулан дарсан түүхтэй. Харин энэ түүхээ Ерөнхийлөгч асан номдоо өгүүлэхдээ өөрийгөө зөвтгөж босогчдыг буруутгасан нь ийнхүү төл насандаа хуулийн байгууллагын хаалгыг татахад хүргэжээ. Өнгөрсөн онд бослогыг дарсан нөхцөл байдлыг тогтоох Засгийн газрын тусгай комиссоос цэргийнхэн нисдэг тэргээр жагсаалд оролцогчид руу буудсан гэсэн дүгнэлт гаргасан байдаг. 

Ингээд Ерөнхийлөгч асан Чон Ду Хваны түүхээс өгүүлье.

1931 онд хөдөөгийн тосгонд мэндэлсэн Чон техникийн сургууль төгсч, дараа нь цэргийн академид орсон ба академиа төгсөхдөө л Чон бусдыг удирдан дагуулах авъяастай, уран илтгэгч гэдэг нь илт болсон бөгөөд сонсогчид дарга нарынхаа биш Чоны үгээр явдаг байсан аж. Удалгүй офицер Чоны дэмжигчид армийн бүх давхаргад бий болж, тэр хэрээрээ албан тушаал хурдтай ахиж байв.

Тэрээр 27 настайдаа Америкт хорлон сүйтгэгчид бэлтгэдэг цэргийн сургуулийн тусгай анги дүүргэх үедээ Америкийн тагнуулынхны хараанд орсон байна. Удалгүй сорилтын журмаар Чоныг Вьетнамын дайнд илгээв. Чон хэдийгээр сайн илтгэгч байж бусдыг дагуулах чадвартай байсан ч намхан нуруутай, аймхай нэгэн. Хулчгар хүмүүст байдаг гол муу араншин буюу харгис хэрцгий зан түүнд байсан гэдэг. Вьетнамд очсон Солонгосын цэргийн ангиудаас хамгийн сайн тулалдсан "Цагаан морь" хэмээх нэгтгэл харгис хэрцгийгээрээ нэрд гарч, Чон ч америк эзэддээ үнэнч болохоо харуулж чадлаа.

Вьетнамын дайн дуусч тэрээр Солонгост эргэж ирээд Ерөнхийлөгч Пакын аюулгүй байдлыг хангах газрын даргаар томилогдов. 1979 онд нэгэн хүлээн авалтын үеэр Ерөнхийлөгч Пак өөрийн өргөөндөө бие хамгаалагч нартаа буудуулж алагдсан. Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж байгаа тухай Чон мэдсэн боловч хамгаалах арга хэмжээ аваагүй гэдэг. Америкийн сонинууд тэр үед бичихдээ Пакыг алах шийдвэрийг Америкт аль хэдийнэ гаргасан гэж бичиж байсан нь ч учиртай. 

Аллагын дараа хэргийг мөрдөх багийн ахлагчаар Чон томилогдож, гэмтэн гэх зургаан этгээдийг хаалттай шүүж цаазлаад өнгөрсөн. Түүний дараа Солонгост онцгой байдал тогтоосон ба санал хураалтаар Ерөнхий сайд Цойг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Гэхдээ энэ хүн тоглоомын хүн байсан ба жинхэнэ эрх мэдлийг Чон тэргүүтэй армийнхан гартаа авав.

Тэднийг эсэргүүцэж байсан генералуудыг замаасаа маш түргэн зайлуулсан төдийгүй арванхоёрдугаар сарын дундуур Сөүлд цөмрөн орж генералуудын зөвлөл хуралдаж байсан Батлан хамгаалах яамыг дайран эзлэв. 1980 он гэхэд Чон генерал цол хүртлээ. IV сард тэр Тагнуулын газрын дарга болж бүх эрх мэдлийг атгав. Уг нь хуулиар Тагнуулын газрын дарга нь энгийн хүн байх ёстой ч Чон тагнуулын дарга болмогцоо өөр үзэл бодолтой хүмүүсийг урьд хожид байгаагүйгээр залхаан цээрлүүлж эхэлжээ.

Удалгүй Кванжу хотод Чонг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн хүчээ авч, яваандаа орон даяар иргэдийн жагсаал, цуглаан гарсан ч Тагнуулын газрын даргын тушаалаар Кванжу хотод цус асгаруулав.

Танк, их бууны том хүч Кванжу хот руу оруулж, хаяв. Тавдугаар сарын 20-н гэхэд Чон Засгийн газрыг огцруулж, өөрийн засгийг байгууллаа. Түүний Засгийн газрын 24 гишүүний 14 нь цэргийнхэн байв. Шинэ ерөнхийлөгчийн зарлигаар бослого гарсан хотыг их буугаар буудаж, танкаар дайрч, нисдэг тэргээр десант буулгаж, хоёр мянган иргэнийг хэрцгийлэн алж, зургаан мянган хүнийг шархдуулсан түүхтэй.

Солонгосын хуулиар цэргийн хүн ерөнхийлөгч болох учиргүй тул эхлээд өөртөө цэргийн дээд цол олгоод дараа нь тэтгэвэрт гараад, эргээд ерөнхийлөгч болсон юм. Өөрийн зохиосон шинэ хуулийн тусламжтайгаар дахин ерөнхийлөгчөөр ч сонгогдож байсан.

Хэдийгээр АНУ Чонд эдийн засгийн асар их тусламж өгч байсан ч улс даяар эсэгүүцлийн хөдөлгөөн тасраагүй билээ. Гэхдээ Чоны үед барууны тэр тусмаа Америкийн асар их хөрөнгө мөнгийг эх орондоо татаж, энэ нь эргээд үндэсний эдийн засаг хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн түүхтэй.

Байнгын бослогын дүнд Чон 1987 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад хүрсэн ба түүний хамтран зүтгэгч Ро Тэ Вү Ерөнхийлөгч болсон нь бас л нэг жүжиг байлаа. 90-ээд оны сүүлээр энэ хоёр ерөнхийлөгч хоёулаа шүүхийн өмнө зогсож ард түмний өмнөө үйлдсэн олон гэмт хэргийнхээ төлөө бүх насаараа хорих ял сонсжээ. Тодруулбал 1996 онд түүнийг улсаасаа урвасан, хээл хахууль авсан хэргээр цаазын ял сонсгосон ч Дээд шүүхээс түүний ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилж, жил гаруйн дараа өршөөл үзүүлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]