Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Автай сайн хаанУншсан1,447

Автай сайн хаан Баруун хайрхны шилээр албат иргэдээсээ дагуулж ан гөрөө хөөж яваад өрөөсөн хөл нь хавджээ. Ингэж байтал тэртээ хол гал гялтганаж харагдахад, «Энэ эзгүй цөл, усгүй шилд юун гал байх билээ?» гэж давхилдан очсонд гэзэг үс нь сэгсийсэн муухай царайны хоёр хүн байна гэнэ.

Та нар хаанахын хэн гэгч хаачиж яв аа вэ? гэж загнаад явуулчихжээ.

Тэгээд тэр хоёрын байсан газар түр суутал Автай хааны, хөлийн хавдар намдаж,

— Аа энэ учиртай улс явсан байна. Тэр хоёр хүнийг олж ир гэж зарлиг буулгаад, ойр хавьд эрээд ер олсонгүй. Харин нэг хүн жингэр жингэр хийсэн дуутай жижиг төмөр эд олж ирж. «Энэ юу гэгч, хаана байдаг зүйл вэ, саяын хоёр хүн юун улс вэ» гэж мэргэч төлөгч нараа цуглуулж асуусанд мэдэх хүн огт гарсангүй. Харин энд тэнд явж эргэл мөргөл хийж их тэнэсэн нэг өвгөн «Саяын хоёр хүн бол азар гэдэг, энэ дуутай төмөр бол Баруун зуу гэдэг газар байдаг «хонх» гэдэг юм аа» гэж хариулсан байна. Автай хаан энэ үгийг сонсмогц:

— А би тэр газрыг чинь очиж үзнэ гээд хурдан цагаан морио унаж, хуяг дуулгаа агсаж, Баруун зууд явахаар болов оо. Тэр шөнө Далай лам зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар ирж явна гэж зүүдэллээ. Маргааш өглөө нь лам нараа цуглуулж

— За би урьд шөнө зэр зэвсэг агссан зэлүүд талын баатар, сүмд орж ирж байна гэж зүүдэллээ. Бодвол Халхын галзуу баатар ирж явах шиг байна. Тэр их дүрэмгүй хүн, дураар нь байлгалгүй тун горьгүй. Та нар хэрэггүй, би их сүрдэж байна.

— За та нар Шуурхай хар толгой өнгөрөөд ирвэл таван шар нохойгоо тавиад нэг үзээрэй. Тэд ямар янзтай байх нь вэ? гэж.

Тун удалгүй хурдан цагаан морийг унасан хуяг дуулга агссан баатар шинжийн хүн ирлээ гэж хэл ирж, таван шар нохойгоо тавиадахсан, өмнө хойно нь гарч эрхэлж тоглоод яах ч үгүй байж.

За тэгээд Автай хаан далай ламд хар хадаг барьж мөргөж гэнэ.

— Чи яагаад над хар хадаг барьж мөргөж байгаа билээ гэсэнд

— Би төрийн хар хүн. Ном шашин гэгчийг чинь мэдэхгүй гэжээ.

— За тэгвэл шашин, бурхан шүтээн гэгчийг үз гэж далай лам хэлжээ. Үзэж ирээд ном шашин үзлээ гэж цагаан хадаг барьж мөргөж байна гэнэ.

Автай хаан дараа өдөр нь:

— За би энэ сүм дуган, бурхан шүтээнийг Халхад байгуулна. Над шүтэх бурхан, тахих лам өг гэж хэлжээ.

— Зэр зэвсэг барьсан зэлүүд талын баатар таны авна гэснийг чинь өгнө, өөрөө үзээд ав гэж байна гэнэ.

Тэгээд дуганы дотор сууж байгаа лам нарын нь элэг рүү сэлмээ чиглүүлээд явж, цөм л цочиж гэдрэгээ болж байж. Харин хамгийн арын доод мөрөнд сууж байсан өрөөсөн нүдээ дарж боосон доожоогүй муу банди ажрахгүй сууж байна гэнэ. Тэгэхээр нь Автай хаан:

— За, таньдгаараа муу сохрыгоо аваад явъя гэж.

Тэр банди хэлжээ. «Би очиход очно оо. Энэ дүрээрээ очиж болохгүй. Хойноос чинь төрөл арилжиж очно» гэж хэлжээ.

Бурхны нь мөн л элэг рүү нь сэлмээрээ чичлээд явж. Тэгсэн Гомбо гүр бурхан, жаахан хөдөлж гэнэ. «Энэ нэг жаал амьтай шиг юм уу даа» гээд аваад сугавчилчхаж гэнэ. Ингээд Автай хаан нутагтаа буцаж яваад, Бөгсийн даваа гэдэгт бууж тамхи нэрж суусан ганзагалаатай бурхан нь хэлтийгээд байхаар нь аваад газар тавьчхаад тамхиа татаж дуусаад мордох гэсэн цээж нь өндөгнөөд бөгс нь газар наалдчихсан байна гэнэ. «Дургүй бөгс нь үлдэг, дуртай цээж нь яваг» гээд цээжийг нь тас цавчиж авч ганзагалаад явжээ. Ингээд тэр даваа Бөгсийн даваа нэртэй болсон гэдэг.

За тэгээд сүм дуганаа барьчхаад, Далай лам тэр сарын тэдний өдөр ирж аравнайлж өгнө гэсэн тэр өдөр нь ч яг болж, алга болохоор уур нь хүрч хурдан цагаан морио эмээллэж, хуяг дуулгаа агсаад мордох гэж байтал бороо орох янзтай малгайн чинээ хар үүл гарснаа юу юугүй ойртож ирээд намрын цатгалан адууны хомоолын дайтай халтар арвайгаар бороо орж,

— Аа энэ чинь ингэж аравнайлах байсан юм аа гээд явахаа саатсан гэдэг.

Тэр арвайнаас манай нутагт Насан хувьтай тайжийнд нэг байдаг байсан.

Тэрнээс хойш Автай хаан Баруун Хайрхан гэдэг газар ав хөөж явтал. Тээр баруун дор нь утаа гарч гэнэ. «Энэ юун утаа вэ? үзээд ир» гэж нэг хүн давхиулжээ.

Явсан хүн ч тун удалгүй хүрч ирээд:

— Нэг муухай царайтай хув орог зүстэй хүн гурван чулуу тулаад хар цай чанаж сууна гэж хэлж ирж. Автай хаан:

— Аа тэр хүнтэй уулзана гэж тэр лүү давхилдацгааж.

Тэгсэн Автай хаан мориноос буумагц мөргөж адис авч байна гэнэ. Хар цайнаас нь ууж, хар модон аяганаас нь будаа идэж байх юм гэнэ. «Энэ хаан чинь энэ муухай амьтнаас сэжиглэхгүй, эгээ солиороогүй бололтой билээ» гэж албат нар нь гайхаж байж.

Тэр хув орог хүн хэлж байна гэнэ. «Ханджамц хатныг миний энэ голомт дээр хөнгөрүүлнэ шүү» гэж, Автай ч «За, за» л гэж байх юм гэнэ.

Тэгээд тун удал ч үгүй Түшээт ханы Ханджамц хатан хөл хүнд болж тэр газар хөнгөрүүлэхээр авч очсон сон. Нөгөө газар нь нэг өнжгөө зулзагалаад 8, зүйл өнгийн зулзагатай өөрийнхөө хамт есөн зүйлийн амьтан байж байна гэнэ. Тэрний нь зайлуулаад хөнгөрсөн хүү гарсан гэнэ. Халхын дөрвөн хаанаас бэлэг ирүүлсэн ба Цэцэн ханаас гэгээн цолоо өргөж ган бүстэй өлгий явуулсан гэлцдэг юм. Тэр есөн зүйл гэдэг нь хуучин Илдэн вангийн хошууны нутаг. Сүүлдээ хувираад «Усан зүйл» болсон юм. Өндөр богдыг ингэж мэндэлсэн гэлцдэг. Тэр есөн зүйлийн хавьд үнс шиг жижиг саарал толгой байсан гэдэг. Түүнийг Өндөр богдын живхний үнс гэж ярьдаг байсан.

Тэр газардаа одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутагт л байх даа.

Тайлбар: Автайн сайн (1534—1586) хаан болбоос одоогийн Сэлэнгийн хавиар нутаглаж байсан Онохуй эзэн ноёны хүү бөгөөд 1576—1579 оны хооронд дайн тулаан хийж яваад 1585 онд Далай ламд мандал өргөж, түүнд амласан ёсоор 1586 онд Эрдэнэ зуугийн хийдийг бариулсан байна. Энэ нь Монголд шарын шашин дэлгэрүүлэхэд үүрэг гүйцэтгэсэн учраас Монголын анхны Богд Өндөр гэгээн Занабазар (1635— 1723) ч Автай хааны домогтой холбогдож байна. Уран зохиолын зарим судлагч нарын ажиглалтаар Халхын «Шилэн галзуу баатар хүү» гэсэн тууль ч Автай сайн хааны явдлаас сэдэвлэгдэж гарсан байж магадгүй байна.

 МААЗДБ 201—202 дахь тал.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]