Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Власовыг устга" ажиллагааУншсан20,717

Улаан цэргийн цохилтын 2-р армийн командлагч генерал Андрей Власов Германы талд бууж өгснийг Сталин болон Москва маш эмзгээр хүлээн авч том аюулд тооцсон.

Улаан цэргийн цохилтын 2-р армийн командлагч генерал Андрей Власов Германы талд бууж өгснийг Сталин болон Москва маш эмзгээр хүлээн авч том аюулд тооцсон. Урвасан генерал германчуудын байгуулсан Оросын чөлөөлөх армийн командлагч болсон нь аюулыг улам ч ихэсгэж байв. Гэхдээ Сталин Власовоос бус харин түүний урвалтаас болж Улаан армийн дээд удирдлага барьц алдаж, сандарч, гуйвж дайвах явдал гарсан мэтээр германчууд суртал нэвтрүүлэг хийж байгаагаас илүү их болгоомжилж байжээ. Дайны турш Зөвлөлтийн тусгай алба нь Власовыг устгах гэж олонтоо бүтэлгүйтжээ.

Хэрээ

Цохилтын 2-р арми бүслэгдэж бут цохигдсоны дараа Власов 1942 оны 7-р сарын 12-нд германчуудад бууж өгсөн. Тэрээр германчуудын байгуулсан Оросыг чөлөөлөх хороог тэргүүлж мөн Оросын чөлөөлөх армийн командлагчаар томилогдсон. Ажлаа авсан даруйдаа олзны цэргүүдийн лагераар явж олзлогдсон цэргүүдийг өөрийн жишээг дагахыг уриалж эхэлсэн. Германы суртал нэвтрүүлэгчид ч үүнийг нь өргөн сурталчилж гарав. Ингээд Кремлээс урвагчийг устгах тушаал иржээ. Чекистүүд түүнд “Хэрээ” гэдэг нэр өгчээ. Хэрээг устгаснаар герамнчуудын талд орогсдыг үзэл санааны удирдагчгүй болгож бутаргахаас гадна тэдний бүтэц зохион байгуулалтыг сарниулна хэмээн тооцжээ.

Жиленьков холбоо тогтоосонгүй

“Смерш” бүлэг хамгийн эхэнд Власовын тойрон хүрээлэгчдээс элсүүлэх төлөвлөгөө гаргажээ. Ингээд Оросыг чөлөөлөх хорооны суртал нэвтрүүлгийг хариуцсан генерал Георгий Жиленьковыг сонгож түүнтэй ажиллахаар болжээ Энэ ажлаар хошууч Лев Корчагины удирдсан тусгай бүлгийг Псков хотын орчимд онгоцоор буулгажээ. Тусгай бүлгийн даргад Москвад хоригдож байсан Жиленьковын эхнэрийн бичсэн захидал явсан. Энэ захидлаар дамжуулан гэр бүлийг нь барьцаалах замаар өөрийн талд татан оруулахаар төлөвлөжээ. Тусгай бүлгийнхэн Жиленьковыг “боловсруулах” ажлыг бүтэн жил шахам хийсэн ч ажиллагаа эцсийн эцэст бүтэлгүйтжээ. Жиленьков холбоо тогтоохыг хүсээгүй тул 1944 онд түүнд эчнээгээр цаазаар авах ял оноожээ. Харин ийм ялыг 1943 онд Власовд оноосон.

Аалзны тор

Эхний ажиллагаа бүтэлгүйтсэний дараа Смерш Власовын явж болох, очиж болох хотуудад өөрийн гэх тагнуулын сүлжээг байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Смоленск хотод зөвхөн "Хэрээ"-г устгах үүрэгтэй 22 хүнтэй нууц бүлэг байгуулсан байна. Эзлэгдсэн Беларусь даяар ийм сүлжээг өргөнөөр байгуулав. Зөвхөн Минск хотод нийтдээ 37 хүнтэй дөрвөн ч бүлэг байгуулагджээ. Баруун Беларусьд 55 хүнтэй бүлэг ажиллаж байв. Нийт бүлгүүд "Хэрээ"-ний явах зам маршрутыг гаргах, байрлалыг нь тогтоох хамгаалалтын албыг нь судлах, өөрийн талын хүнээ оруулах эсвэл элсүүлж авах ажиллагаа явуулж байсан. 1943 он гэхэд нийтдээ 200 гаруй тусгай бэлтгэгдсэн нууц ажилтан "Хэрээ"-ний анд оролцож байжээ.

Урвагчийг дэлбэл

Устгах хамгийн боломжит арга нь "Хэрээ"-г ирэх үед нь байшин барилгатай хамт дэлбэлэх төлөвлөгөө байжээ. 1943 оны 5-р сард Баруун фронтын тагнуулын албаныхан "Хэрээ"-г Могилев хотын Первомайской гэдэг эдлэнд хэд хоног амарна гэсэн мэдээлэл авчээ. Тэр даруй хошууч Александр Одинцовын удирдсан бүлэг очиж эдлэнг бүрэн минажүүлсэн ч "Хэрээ" ирсэнгүй. Дараа нь Смоленск хотын дуу бүжгийн театрт орон нутгийн сэхээтнүүдийн өмнө үг хэлнэ гэсэн мэдээлэл иржээ. Театрыг мөн л дэлбэлэхээр бэлдсэн ч хотод ирсэн "Хэрээ" уулзалтаа цуцлаад явжээ. "Хэрээ"-ний араас зөвхөн эзлэгдсэн нутаг дэвсгэрт ангуулчилж байсангүй. Герман болон бусад Европын орнуудад ч нууц ажилтан илгээж байжээ. Смершийн тусгай ажилтан хошууч С.Капустин Германы талд урвасан офицерын дүрээр "Хэрээ"-ний ойрын шадар хошууч-генерал Василий Малышкинтай холбоо тогтоожээ. Хошууч итгэлийг нь олж хүрээлэлд нь нэвтрээд обьектыг боломжит аргаар устгах үүрэг хүлээсэн. Даалгавар биелүүлэх эцсийн хугацааг 1943 оны сүүл гэж заажээ. Гэсэн ч Гестапо С.Капустиныг илрүүлж хороожээ.

Богданов үүрэг биелүүлсэнгүй

1943 оны 6-р сард Смерш аль 1941 онд германчуудын талд орсон бригад командлагч Михайл Богдановыг “боловсруулж” чаджээ. Түүний өмнө "Хэрээ"-г устгаад өөрөө оронд нь Оросыг чөлөөлөх армийн командлалыг авах үүрэг тавьжээ. "Хэрээ"-г хордуулж алахаар хор өгсөн ч Богданов хувийн гал тогоонд нь нэвтэрч чадахгүй байна гэж шалтагласаар энэ төлөвлөгөө баларчээ. Тэгээд ч "Хэрээ"-тэй сүүлийн 20 жил хамт ажиллаж ирсэн бригадын командлагч дотны найзаа хөнөөж чадахгүй гэдгийг Смерш тооцсонгүй. Дайны дараа Богдановыг эх орноосоо урвасан бус харин байлдааны тушаал биелүүлээгүй хэмээн буудан хороосон.

Дайны дараа л

Ийнхүү дайны турш Смерш нь №1 урвагчийг устгах Сталины тушаалыг биелүүлж чадаагүй байна. 1945 онд Прага хотын ойролцоо Оросын чөлөөлөх армийн үлдэгдэл бууж өгсөний дараа Власов англичуудын эзэлсэн Германы нутагт нуугдах гэсэн ч илэрч зугтжээ. Зугтаж явахдаа Чехийн Позьен хотын дэргэд Зөвлөлтийн тагнуулыханд баригдсан. 1946 оны 7-р сарын эцсээр ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны шийдвэрээр Власовт цаазар авах ял оноожээ. 8-р сарын 1-нд түүнийг дүүжлээд чандарлаж, чандрыг нь Донской гэдэг хийдийн туурь руу цацжээ.

Түүх судлаач н.Мөнх-Од

https://www.facebook.com/okoo.munkhod

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]