Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Чи болж л өгвөл элэг бүснээс нь бариад тогтоож барилдаарай, цаашихыг нь өөрөө мэднэ биз”Уншсан14,432

Бидний үеийн бөхчүүд адуу малтай ноцолдоно, дэл сүүл, хөөвөр авах гэж эмнэг адуутай яг ч бөх барилдаж байгаатай адил ноцолдоно шүү дээ.

Монгол Улсын арслан Уламбаярын Мижиддорж нь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, арслангууд дундаас Үндэсний их баяр наадамд хамгийн олон удаа буюу 17 удаа шөвгөрсөн амжилт үзүүлжээ.

-Дэгээдэх мэхээрээ таныг алдартай гэцгээдэг?

-Намайг ганц дэгээнээс өөр мэхгүй юм шиг ойлгодог юм шиг байна лээ. Би залуудаа баруун тонгордог, суйлдаг хоёр айхтар мэхтэй байсан юм. Нас яваад ирэхээр тэр мэх маань хулжиж солигдоод, дэгээ хийж эхэлсэн юм. Би улсын наадамд начин, заан цол авахдаа, арслан цол авахдаа ч дандаа дэгээ хийхгүй шүү дээ. Суйлаа тонгороог хийдэг байсан. 1956 онд заан цол авахдаа Түвдэндорж гуай, Лувсан заан, Авхай начин нарыг суйлах мэхээрээ давсан юм. Сүүлд нь дэгээ хийдэг болсон. Гэхдээ ганцхан дэгээдээд гэдрэг эргэнэ, эгц хойш нь түлхэж дайрна, хөмөрнө, дэгээгээ мултлаад ухраад татах мэхийг хийдэг байлаа. Тэр барьцан дээрээсээ ухарч дэгээгээ мултлаад  гуядчихдаг, баруун талтай барилддаг байсан. Хөдөлгөөн ихтэй залуу байхдаа дайрч ухасхийж сугадаж аваад шигшиж гүйгээд тонгорох, халж байгаад суйлах мэхийг гаргуун хийж байсан даа.

-Таны үеийн бөхчүүдэд багш гэж байхгүй, өөрөө өөрийгөө дасгалжуулдаг байлаа гэдэг. Тонгорох, суйлах мэхийг хэнээс сурсан бэ?

-Манай суманд лаглай Дашдорж, Шаравжамц, Түдэв заан гээд их олон бөх байсан л даа. Миний найз Дашдаваа бид хоёр тэр бөхчүүлийг харж ингэж барилдах юмсан гэж дагаж дуурайн, хоорондоо их барилдана. Хожим цэрэгт татагдаж Дорноговь аймгийн Рашаантын байцаан өнгөрүүлэхэд очсон юм.байцаан өнгөрүүлэхийн дарга Дандар гэдэг хүн намайг бөх болоход их юм сургаж, тус болсон. Өөрөө ч их сүрхий барилддаг хүн байсан л даа. Эхэндээ өгөө аваатай байснаа сүүлдээ даргыгйй давдаг болчихсонд манай цэргүүд, “чи хааяа даргад унаж өгч бай” гэж нууцхан хэлдэг  байлаа. Тэгээд “Чи энд ганц надтай барилдаад бөх болохгүй. Хот орж барилд, чи хэзээ нэг цагт улсын наадамд үзүүр түрүүнд үлдээд хойд индэр дээр дарга нартай гар барьж байх хүн шүү” гэж хэлээд 1954 онд намайг хот руу шилжүүлсэн юм даа. Тэр даргынхаа ачийг л их бодож явдаг.

-Улсын наадамд хамгийн анх 7 удаа түрүүлсэн Б.Түвдэндорж аваргаар заан болсон байдаг. Дархан аваргыг өвдөг шороодуулж байсан бөх ховор байх шүү?

-Түвдэндорж гуай чинь залуудаа мань мэтийн хүнд унах бөх биш байсан. Чухам ард нь гарвал юу юм гэхээс биш. Үнэхээр сүрхий аварга шүү дээ. Би тэр үед 24 настай, Түвдэндорж аварга 36 орчим настай байсан. Насны зөрүү, хөдөлгөөнөөр би хамаагүй илүү байсан байх. Тэгээд ч би биеийн тамираар хичээллэдэг годгоносон амьтан байлаа. Аваргыг суйлж унагачихаад дөрөвт үлдэж Дамдин аваргатай барилдах болсон. Тэгтэл Түвдэндорж гуай ирээд “За, чи баруун хөлийг чинь аваад өргөөд шидчинэ шүү. Чи болж л өгвөл элэг бүснээс нь бариад тогтоож барилдаарай, цаашихыг нь өөрөө мэднэ биз” гэж билээ. Тийм л зан ааш сайхантай хүн байсан юм. Түүнээс өөр тааруухан хүн чанартай бөх бол надад ойччихоод юм зааж өгөх нь байтугай үг хаях байсан биз. Миний урьд үеийн бөхчүүд тийм л ёс суртахуунтай байсан юм.

Монгол Улсын арслангууд 1992 онд: Арын эгнээний зүүн гар талаас улсын арслан П.Дагвасүрэн, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, М.Мөнгөн, Б.Ганбаатар, урд эгнээний зүүн гар талаас улсын арслан Ц.Бадамсэрээжид, С.Оргодол, Б.Жамьяндорж, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Г.Дэмүүл.

-Дархан мэхээ хийгээд ч дийлдэггүй ямар бөх байв. Ямар бөхчүүдтэй олон таарч өвдөг шороодуулж байсан бэ?

-Миний үед олон сайн бөх байсан. Д.Дамдин аварга манлайд зогсчихсон, Ч.Бээжин, Цэрэн аварга, Ц.Бадамсэрээжид, Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам, Д.Жамц, Х.Чойжилсүрэн, Дэмүүл нарын арслангууд араас нь эгнэчихдэг байсан. Энэ бөхчүүдийн тоонд би зүй ёсоор орох байх л даа. Тийм олон айхтар бөхчүүд нэгнийгээ үргэлж хаяна гэж байхгүй, өгөө аваатай л байна. Харин би нэг хүнд их олон ойчсон. Дамдин аваргад би төрийн их наадамд 9 жил унасан хүн дээ. Үнэхээр Дамдин аваргын энд хүрч барилдаагүй, аварга надаас хамаагүй илүү байсан. Хичнээн гайгүй олон мэхтэй, түргэн шаламгай, хүчтэй байсан ч яаж ч чадалгүй уначихна. Тэгэхэд хүмүүс “Чи том биетэй хэрнээ туулай шиг зүрхтэй амьтан, Дамдин чамаас намхан жаахан байхад сайн үзэхгүй” гэдэг байсан юм. Үнэхээр хүч хүрэхгүй байсан учраас тийм олон  унасан хэрэг. Бид хэн нь ч хэнийгээ хаяж мэдэх бяр хүч, мэх тэнцүүхэн байсан. Бидний урьд үе Түвдэндорж, Батсуурь аварга, Цоодол арслан, Дэрэнбор нар нас нь харьж явсан ч айхтар барилддаг бөхчүүл байлаа. Энэ олон хүчит бөхчүүлийн үед улсын цол авчихаар их олон залуучууд хэлмэгдэж өнгөрсөн юм шүү. Би л гэхэд улсын цол авах 9 хүнийг тавын даваанд унагасан байдаг.сайн, залуу байх үедээ өөрөө л үзүүр түрүүнд хүрэхийг бодно шүү дээ. Сагсуурч байгаа юм биш, ид залуу барилдаж байхад тавын даваа гэдэг “юмгүй” санагддаг. Тэгэхээр бид тийм үедээ “Чи цол ав” гээд бууж өгөхийн аргагүй. Ганц би ч биш, энэ бөхчүүд цол авах байсан олон хүнийг дараад өнгөрсөн дөө. Бидний дараа Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёр залгаад гараад ирсэн. Энэ хоёр чинь эгэлгүй сайн бөхчүүд шүү дээ.

-Ц.Бадамсэрээжид, Г.Цоодол, та гээд дээхнэ үеийн бөхчүүд жин багатай байсан учраас хурдан шаламгай хөдөлгөөнтэй, уран барилдаантай байсан байх гэж бодогддог юм?

-Одоо үеийн бөхчүүд маш их жинтэй болж. Уураг янз бүрийн юм идэж уудаг, төв суурин амьдралтай нь холбоотой байдаг юмуу, яагаа ч үгүй айхтар том гүзээтэй болчихсон харагдах юм. Нэг л бүдүүн том гэдэстэй болчихсон нь монгол бөхийн хэлбэр галбир өөрчлөгдөж байгаа юм шиг санагдуулдаг. Жинтэйгээ уялдаад хурдан шаламгай барилдаан, уран мэх гаргахгүй, зууралдаад зогсчихно. Бидний үеийн бөхчүүд адуу малтай ноцолдоно, дэл сүүл, хөөвөр авах гэж эмнэг адуутай яг ч бөх барилдаж байгаатай адил ноцолдоно шүү дээ. Тэгэхээр гарын хурууны үзүүрээс аваад хөлийн хурууны үзүүрээс аваад хөлийн хурууны үзүүр, нүд хүртэл тэр хөдөлнө. Үргэлжийн хөдөлгөөнтэй болохоор илүү махлаад жигтэйхэн цулцайхгүй, шөрмөслөг байдаг.

Амжилт:

    1955 онд 5 давж улсын начин болов

    1956 онд 7 давж улсын заан болжээ

    1957 онд 6 давсан

    1958 онд 5 давсан

    1960 онд 6 давсан

    1961 онд 5 давсан

    1962 онд 6 давсан

    1963 онд 8 давж үзүүрлэн улсын арслан болов

    1964 онд 6 давсан

    1965 онд 6 давсан

    1966 онд 5 давсан

    1967 онд 5 давсан

    1968 онд 6 давсан

    1969 онд 6 давсан

    1972 онд 5 давсан

    1973 онд 5 давсан

    1974 онд 5 давж шөвгөрчээ

Д.Энхтуяа

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]