Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шинжаан Уйгурын нууцлаг "дахин боловсрол олгох төв"-үүдУншсан4,783

Терроризмтай тэмцэхийн тулд Хятадууд Шинжаан Уйгурт эрчимтэй арга хэмжээ авч байгааг Оросын хэвлэлүүд баталдаг.

Нэлээн хэдэн жилийн өмнөөс л олон улсын мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-ын цөлд учир битүүлэг, асар том байгууламжууд Google Earth, сансраас авсан зургуудад илэрсэн тухай уралдан мэдээлж байв. Ямар нэгэн цэргийн байгууламж, цөмийн зэвсгийн туршилтын талбай гээд олон янзаар л таамаглаж байсан ч өнөөг хүртэл бодитой хариулт олдоогүй хэвээр. Тэгвэл саяхнаас Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутаг дэвсгэрт мөн л учир битүүлэг байгууламжууд баригдаж байгаа тухай мэдээлж байна. Алдарт Такламаханы элсэн цөлөөс pooy хойш, Шинжаан Уйгурын өөртөө засах орны нийслэл Өрөмч хот болон Турфаны дунд орших Дабанчен хэмээх газрыг энд онцолж болно.

Би Би Си агентлаг Дабанченд аварга том талбайтай, хорих лагерьтай ихээхэн төс бүхий, том хана хэрмээр хүрээлэгдсэн, хоёр км тутамд нэг буюу нийт 16 харуулын цамхаг маягийн барилгатай байгууламж баригдсаныг мэдээлсэн. Хэдэн жилийн өмнөөс баригдаж, сансраас авсан зураг дээр өөрчлөгдөж ирсэн энэ байгууламж баригдаж дууссан бололтой сүүлийн үед өөрчлөгдөхөө больсон аж. Үүнийг Би Би Си-гийн сэтгүүлчид Шинжаан Уйгурын уйгур иргэдэд дахин боловсрол олгох томоохон лагерь хэмээн үзэж байгаа гэнэ. Ер нь сайн ажиглавал иймэрхүү хорих лагерьтай төс бүхий учир битүүлэг байгууламжууд, томоохон хөлбөмбөгийн талбайд барьж байгуулсан байгууламжууд Шинжаанд их гэнэ.

Учир нь барууны хэвлэлүүд Хятадын Шинжаанд уйгар үндэстнүүдийг бөөнөөр хорин цагдаж байгаа тухай мэдээлж байгаа. Тодруулбал арван сая гаруй уйгур үндэстний барагцаалбал нэг сая орчмыг нь хорьж цагдаж байгаа гэсэн мэдээлэл газар ихэд авч байгаа бөгөөд энэ мэдээлэлд эмзэглэсэн Азийн хамгийн их мусульман шашинт хүн ам бүхий Индонези улс Хятадын Засгийн газрыг хурцаар шүүмжилсэн мэдэгдлийг өнгөрсөн онд хийж байсан бол саяхан Туркийн засгийн газар ч үүнийг давтсан. Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой мэдэгдэлдээ “Нэг сая гаруй түрэг гаралтай уйгар хүмүүсийг шоронд хорьж, тарчилгаж, улс төрийн тархи угаалт хийж байгаа нь нэгэнт нууц биш болжээ” гээд Хятадын Засгийн газрын уйгаруудтай харилцахдаа баримталж буй харгис бодлогыг шүүмжилсэн байна. Мэдэгдэлд бас уйгар үндэстний алдартай яруу найрагч, хөгжимчин Абдурэхим Хэйитийн араас эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ.

“Нэг дууныхаа төлөө найман жил хоригдох ял авсан алдарт яруу найрагч Абдурэхим Хэйит хоёр дахь жил дээрээ шоронд нас барсныг сонсоод бид ихэд эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгдэлд бичсэн байна. Хэйит шоронгийн хүнд хэцүү нөхцлийг даалгүй 55 насандаа бие барсныг өмнөх өдөр нь Туркийн Ени Сафак сонин мэдээлжээ.

Тэгвэл хариуд нь Хятадын тал Хэйитийг амьд байгааг баталсан дүрс бичлэгийг тараасан. Мөн Анкара дахь Хятадын Элчин сайдын яам хариу мэдэгдэлдээ Туркийн засгийн газрыг “бодит баримтыг ноцтой гуйвууллаа” хэмээн шүүмжилж, Шинжаанд явуулж буй бодлого нь терроризмтай тэмцэхэд зайлшгүй шаардлагатай гэж тайлбарлажээ.

Терроризмтай тэмцэхийн тулд Хятадууд Шинжаан Уйгурт эрчимтэй арга хэмжээ авч байгааг Оросын хэвлэлүүд баталдаг. Тухайлбал Ирак, Сирид шахагдаж дарагдаж байгаа "Исламын улс" бүлэглэлийн олон мянган гишүүд Афганистан, Пакистан, Азербайжан, Казакстан, Туркменстан руу тарж байгаа бөгөөд ОХУ-д ч ихээхэн хэмжээгээр хүрч очсон гэх мэдээлэл байгаа. Үүнтэй төстэйгөөр Шинжаан Уйгурт ч мөн исламын хэт даврагчид олноороо нэвтэрч байгаа тул Хятадын эрхтнүүд шийдвэртэй арга хэмжээ авч байгаа тухай оросууд бичдэг юм.

Шинжаан Уйгур нь 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог өөртөө засах орон юм. Газар нутаг-1,6 сая км.кв ба Шинжаан-Уйгурт 21 сая гаруй хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгурт байдаг.

Шинжааны хүн амын дунд эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт орно. Уйгурууд хүн амын 45 хувийг, хятадууд 40 хувийг, казахууд зургаан хувийг эзлэх ба үлдсэн есөн хувийг бусад үндэстнүүд эзэлдэг аж. Тэд нь дунган, Монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг үндэстэн болно. Нийслэл нь Өрөмчи хот. Баруун хойд, хойд, зүүн хойд талаараа Киргизстан, Казахстан, Афганистан, Энэтхэгийн ба Пакистаны хяналтын Жамму-Кашмир, Ладакх муж, ОХУ, Монгол улстай, дотооддоо Төвдийн автономит нутаг, Ганьсу, Хөхнуур мужтай хиллэнэ.

Сонирхуулахад Шинжаан дахь Хятадын армийнхан бүтээн байгуулалтын ажил зогсоо зайгүй эрхэлж зам гүүр тавьж, олон зуун мянган га талбайд усан үзмийн тариалан эрхэлж, цөл дундуур 4500 км урт нефтийн хоолой татаж, өндөр байшингуудыг барьж байгаа. Бүр Мексикийн зах зээлд ихээхэн нэрд гарч, Хятадын төрийн өндөрлөгүүд хүртэх дуртай болсон гэдэг “Sunshine” хэмээх сайхан дарс нэрж экспортлоод эхэлсэн ба Хятадын цэргийнхэн дарсны компаниа иргэний компани болгон хөрөнгийн биржид бүртгүүлсэнд хувьцаа их өсөж байсан түүхтэй.

Г.Ванчиг

Эх сурвалж: https://www.bbc.co.uk/news/resources/idt-sh/China_hidden_camps

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 21. 10:42
РАВДАН

2007 оноос хойш израйлчууд Газын зурвас хэмээх 40 км урт, 5-7 км өргөн нутагт 1 200 000 араб иргэдийг дэлхийгээс бүрэн тусгаарлаад байгаа шүү . одоо бүр тэнгисийн эргээс 500 метрээр том далан барьж 2022 онд бүрэн дуусгана.
израйлчууд тус бүсэд гар хийцийн зэвсгийн үйлдвэр ажилуулахгүйн тулд өдөрт зөвхөн өөр өөр цагт 2 цаг л цахилгаанаар хангадаг. мөн цэвэр усны хангамжийг бүрэн хянадаг . аргаа барсан арабууд хөрш египет руу газар доогуур хонгил ухаж хүнсний зүйлээ зөөдөг.
энэ асуудлыг жилд НҮБ д хэлэлцүүлэхээр жилд 2 удаа ханддаг ч АНУ тэргүүтэй улсууд одоо хүртэл татгалзан хэлэлцэх асуудалд оруулах , буруушаасан тогтоол одоо хүртэл гаргаагүй л байна . хугацаагүй хоригдсон арабууд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]