Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сугар гаригийг судлах уралдаанУншсан5,455

“Үдшийн гялаан”, “Үүрийн цолмон” хэмээн бидний нэрлэдэг энэ эрхсийг судлах явц аль XVII зуунаас эхтэй бөгөөд Галилей өөрийн хийсэн телескопоор тус гаригийг харж, ажиглаж байсан бол Ломоносов нь Сугар гариг нь агаар мандалтай, агаар мандалд нь үүл манан байна гэдгийг тогтоож байжээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

“Үдшийн гялаан”, “Үүрийн цолмон” хэмээн бидний нэрлэдэг энэ эрхсийг судлах явц аль XVII зуунаас эхтэй бөгөөд Галилей өөрийн хийсэн телескопоор тус гаригийг харж, ажиглаж байсан бол Ломоносов Сугар гариг нь агаар мандалтай, агаар мандалд нь үүл манан байна гэдгийг тогтоож байжээ. XX зуунаас эхлэн Сугар гаригийг судлах явц шинэ шатанд гарч ЗХУ,  АНУ зэрэг улсууд хөрөнгө хүч хаяж эхэллээ.

Тухайн үед энэ гаригийн тухай эрдэмтэд тун ч болхи ойлголттой байсан ба Сугар дээр далай бий, хуурай газарт нь өвс ургамал ургаж, ан амьтан ч байж болно хэмээн төсөөлж байв. Ингээд ЗХУ уг гаригт хүрэхээр хиймэл дагуул илгээсэн нь Венера-1 байлаа. Далайн усанд хөвөх зориулалт бүхий, олон тооны эрдэм шинжилгээний багажтай энэ станц зорьсон газраа хүрч чадалгүй холбоо тасарч сансрын уудамд алга болсон гэдэг.

1962 онд америкчууд Маринер-2 станцыг илгээж, уг гаригт 34000 км ойртож чадсан ба энэ станц олон чухал мэдээлэл өгчээ. Үүнд Сугар дээр маш халуун, амьд бие организм байхын аргагүй температурын өөрчлөлттэй зэрэг мэдээллүүд байсан юм.

Америкийн энэ амжилтын дараа Зөвлөлтийн сансар судлаачид зөвхөн Сугар гаригт дөхөх биш бүр дээр нь буух (очиж мөргөх) хөлөг бүтээж 1965 онд хөөргөсөн нь Венера-2, Венера-3 станцууд байлаа. Хоёр станц Сугарын агаар мандалд хүрч чадсан боловч хэт халууны улмаас электрон эд ангиуд гэмтэж, хүлээж байсан мэдээллийг өгч чадсангүй. Гэхдээ Венера-3 нь харь гариг эрхэст хүрч чадсан, хүний гараар бүтээсэн анхны аппарат болон түүхэнд үлдсэн юм. Венера-2-ын хувьд Сугар гаригаас 24000 км-ийн зайтай цааш нисэж, нарны тойрог замд орон алга болжээ.

Одоо эрдэмтдийн хувьд шинэ зорилт тулгарсан нь Сугар гариг дээр зөөлөн буулт хийж, цаг агаар, хөрс шорооны тухай мэдээлэл авах явдал. Энэ ажилд олон станц хөөргөж (Венера-62А, Венера-63А, Венера-64А г.м), ихэнхдээ бүтэлгүйтэж, тун ч багахан амжилтад хүрч байсан ба Сугар гаригийн тухай мэдээллийг чимх чимхээр цуглуулсаар. Тухайн үед эрдэмтэд Сугар дээрх агаарын даралтын талаар дэндүү зөрүүтэй ойлголттой байсан учраас уг гаригийг судлах станцыг ямар байдлаар хийх талаар нэгдсэн ойлголт үгүй байсан гэдэг. Зарим нэг нь Сугар дахь агаарын даралт дэлхийнхээс арай бага гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хэдэн зуу дахин их гэнэ. Мөн агаарын найрлага, агаар мандлын талаар бас л зөрнө. Тэдний хувьд ямар ч үнээр хамаагүй станцыг зөөлөн буулгаж уг гариг дээр хамгийн энгийн болхи ч гэсэн амьд бие организм байгаа эсэхийг мэдэх гэж тэсэн ядаж байсан юм.

Олон ч математик загварчлал гаргаж харьцуулсны дараа Сугар гариг дээрх агаарын даралт нь дэлхийнхээс 15 дахин их байна гэж үзээд үүнд таарсан хөлөг хийн хөөргөсөн нь Венера-4 байлаа.

Венера-4 Сугарын агаар мандалд амжилттай орлоо гэсэн мэдээлэл ирсний дараа станцын багаж хэрэгслүүд ажиллаж эхэлсэн ба 26 км-ийн өндрөөс агаар мандал эхэлж байна гэсэн тооцоолол гарч ирсний дараа хөлөгтэй холбоо тасарчээ. Эрдэмтэд энэ хөлгийг Сугар гариг дээр буухдаа б я ц   ү с э р л э э гэж тооцож байсан ба энэ нь бас нэг бүтэлгүйтэл боловч нөгөө талаар маш том ялалт гэж үзэж байсан юм. Гэсэн ч болоогүй л байлаа. Удалгүй ирсэн мэдээллүүдийг боловсруулахад Венера-4 нь 26 км биш 60 км-ийн өндөрт байхдаа мэдээллээ явуулж эхэлсэн ба 28 км-ийн өндөрт агаарын даралтад б я ц а р ч г э м т с э н гэдэг нь тодорхой болжээ. 28 км.

 Дахиад 28 км газрыг туулахын тулд асар их ажиллах, дахиад олон саяар тоологдох хөрөнгө хүч зарах ёстой нь ойлгомжтой. Ямар ч байсан Сугарын агаарын даралтын тухай ихээхэн чухал мэдээлэл олж чадсан ба тэнд агаарын даралт тооцож байснаас 6 дахин их буюу 92 атмосфер хүрч байжээ. Сугарын хөрс дээр энэ даралт хэд хүрэх бол? Мөн Сугарын агаар мандлын 90 хувь нь нүүрсхүчлийн хий бол хүчилтөрөгч болон усны уур зэрэг зүйл бараг байсангүй. Нэг ёсондоо тэнд амьдрал байхгүй нь ойлгомжтой боллоо. Гэсэн ч эрдэмтэд зогсох биш.

Энэ үед америкчууд арай өөр аргаар ажиллаж байсан ба тэд оросууд шиг хэт том зорилго тавилгүйгээр алсаас тандан судлах буюу Сугарын тойрог замд орохыг л чухалчилж байв. 1965 онд хөөргөсөн Маринер-5 нь Сугарт 3990 км ойртож, уг гаригийн соронзон орон, агаар мандлын тухай олон чухал мэдээлэл олсон байна.   

Эдгээр болон бусад мэдээллийг нягталж үзсэн Зөвлөлтийн эрдэмтэд Сугар гариг дээр шууд станц буулгахаа хойшлуулж, үлдэж байгаа 28 км-ийн тухай мэдээлэл авахад анхааран Венера-5, Венера-6 хөлгүүд бүтээж хөөргөсөн бөгөөд эдгээр нь Сугарын агаар мандалд орж хэрэгтэй мэдээллүүдийг өгсний дараа л ахин зөөлөн газардах ажилдаа эргэн оржээ. Энэ удаа зөөлөн буух зондод тавих гол шаардлага нь маш бат бөх байх ёстой гэсэн зүйл байв. Үүнээс болж зөөгч пуужингийн авч явж чадах хэмжээнээс давсан жинтэй болох бэрхшээл тулгарч, шинжлэх ухааны олон чухал багаж хэрэгслийг хасахаас өөр аргагүй болсон байна. Эцэст нь станцаа угсарч дууссан ба энэ нь 150 атмосферийн даралтыг тэсвэрлэх, Цельсийн 540 хэмд ажиллах чадвартай байжээ.

Венера-7

1970 оны 8-р сарын 17-нд Венера-7 хөөрч 120 хоногийн дараа Сугар гаригт хүрэн, агаар мандалд орлоо. Тооцоолсон үед шүхэр дэлгэгдэн буусаар, харанхуй хэсэгт (шөнө) зөөлөн газардаж, 20 минутын турш ажилласан нь эрдэмтдийн удаан хүлээсэн тэр цаг мөч байсан төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх бас нэг том ололт болсон юм. Дараагийн станц Венера-8 нь Сугар гариг дээр 50 минутын турш ажилласан бол Венера-9 нь Сугар гаригийн анхны фото зургийг авч илгээсэн билээ.

Венера-9. Сугар гаригийн анхны зураг

Үүнээс хойш Зөвлөлтийн, Америкийн, Японы, Олон улсын хамтарсан олон станцууд Сугар гаригийн тойрог замд ажиллаж байгаад аажмаар энэ бүх ажил ерөнхийдөө зогссон нь Улаан нүдэн гаригтай холбоотой юм.

P.S

Алсын сансар судлал гэдэг дэндүү их хүч хөдөлмөр, оюун ухаан, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил гэдэг нь ойлгомжтой ба Сугар гаригийг шинжлэн судалсан түүх үүний баталгаа. Харь гариг эрхсийн тухай ядаж 1 kb мэдээлэл олж авахын төлөө эрдэмтэд маань хэдэн арван сар, жилээр  ажилладаг бөгөөд тэдний олж авсан хамгийн өчүүхэн мэдээлэл ч хүн төрөлхтний цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой гэдэг.

Саяхан хятадууд Ангараг гариг дээр станц зөөлөн буулгаж бас нэг шуугиан тарьсан бөгөөд барууны зарим хэвлэл мэдээлэл “Улаан нүдэн гариг дээр буусан хоёр дахь улс БНХАУ боллоо” хэмээн бичсэнийг манай мөн ч олон хэвлэл мэдээлэл тэр чигээр нь нь хуулан хүргэж байсан билээ. АНУ, БНХАУ хоёр л гэнэ.

Гэтэл 1971 оны 12-р сарын 2-нд Зөвлөлтийн Марс-3 станц Ангараг дээр зөөлөн газардаж, 1,5 секундын дараа сэргэн, 14,5 секундын турш ажилласан түүх бий. Барууны зарим улс орнуудын улс төрийн үзэл баримтлалаас үүдэн энэ түүхэн үйл явдлыг болоогүй мэт чимээгүй өнгөрөөдөг байдлыг ямар нэг хэмжээгээр ойлгож болох ч манай хэвлэл мэдээллүүд тэдний үг бүрийг ямар ч бодлогогүй хуулан тавьж байгаа нь нэг л хачин. Тэр тусмаа Ангараг дээр зөөлөн газардсан анхны аппарат нь чухам Марс-3 байсан билээ.

Сансар огторгуйн тухай сонирхож явдаг хүний хувьд дараагийн удаа Ангараг гаригийг судалсан тухай, Америкийн станцууд болох Opportunity, Curiosity зэрэг сансар судлалын гайхамшиг болсон агуу техникийн тухай, шинэхэн Perseverance, Хятадын Чужун станцын тухай сонирхуулах санаа бий.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]