Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Галав юүлсэн ньУншсан29,378

Гэнэт хөх тэнгэр нь цасан цагаан болох шиг болсноо нэлсхийн улайсч хавь ойрын хамаг амьтны нүдийг сохлон цэлсхийснээ удалгүй тэнгэр нурж байна гэмээр аймшигт дуу гарсан нь чухам өнөөх галав юүлэх гээч нь эхэлж байсан хэрэг...

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Бид бүхний сайн мэдэх Юрийн галав дуусаж, Цэрдийн галавын он жилүүд үргэлжилсээр байсан тэр үед буюу 66 сая 40 мянган жилийн өмнө энэ явдал болжээ. Яахав ялих шалихгүй 10 000 жилийн наана цаана бол байх.

Ингээд Юкатаны хойгт 66 сая жилийн тэртээ, “Пүрэв гариг”, “өглөөний 9 цагийн үед” далайн эргээс 300 км зайтай газар нэгэн залуухан үлэг гүрвэл хэвтэж байлаа. Саяхан идсэн хачин амьтнаа тайван гээч нь шингээн, жаргаж байх тэр цагт тэнгэрт хойд зүгээс нэгэн жижиг  гэрэл гарч иржээ. Өглөөний наранд дөнгөж ялгагдан харагдах төдий байсан энэ гэрэл цаг өнгөрөх тусам томорсоор, гэрэл нь улам хүчтэй болж, үүнийг сонирхон харж байсан динозавр маань хурц гэрлээс нь нүүр буруулан нөгөө тийш харсан боловч гэрэл улам тодорсоор байсан учир нүдээ аниад газарт толгой шаан хэвтэхээс өөр аргагүй боллоо.

Ингээд ч  нэмэр болсонгүй. Удалгүй хурц туяа нь бүх биеийг нь нэвт гэрэлтэх мэт болж, эргэн тойронд тэсэлгүй халуун, хэвтэж байхын аргагүй төөнөж эхэлсэн учир айж сандарсан үлэг гүрвэл маань чадлаараа зугтаж явахдаа зузаан арьс нь түлэгдэн зулгарч, орчны өвс ургамал шатаж байгааг харж чадахгүй ч мэдэрч байлаа. Ашгүй өнөө аймшигт гэрэл нь уулын цаагуур далд орж алга болсны дараа эргэн тойрон чив чимээгүй болон, залуу үлэг гүрвэл маань ч амьсгаадан зогсож байхдаа муухан харж байгаа нүдээрээ төрсөн нутаг ус нь тэр чигээрээ шатаж байгааг харав. Энэ юу гээч нь болов оо...

Гэнэт хөх тэнгэр нь цасан цагаан болох шиг болсноо нэлсхийн улайсч хавь ойрын хамаг амьтны нүдийг сохлон цэлсхийснээ удалгүй тэнгэр нурж байна гэмээр аймшигт дуу гарсан нь чухам өнөөх галав юүлэх гээч нь эхэлж байсан хэрэг...

Хэдэн их наяд тонн-оор хэмжигдэх жинтэй, 20 км/сек хурдтай аварга том солир манай дэлхий дээр 66 сая жилийн өмнө унасан явдлын тухай ядмагхан төсөөллөө түр орхиж эрдэмтдийн тооцоог сонирхъё.

Энэ явдлаас өмнө, хойно нь олон зуун мянга, саяар тоологдох солир дэлхийн агаар мандалд орж ирэн шатаж дуусдаг, зарим нь шатаж амжилгүй газарт унаж байсан боловч бидний ярьж буй энэ солир нь хэтэрхий том эд байжээ.

Уг солир нь агаар мандалд асар хурдтай орж ирэхдээ их хэмжээний агаарыг нягтруулан шахан  нисэж байснаас (асар их хурднаас болж агаар зайлж амжилгүй хураагдан, шахагдан,  нягтарч байсан ба үүнээс ямар их энерги ялгарч байсныг тооцох боломжгүй байх) шалтгаалан, нисэж явсан газрын ойр орчим болох ойрын 1000 гаруй км нутагт түймэр тавьж, эх дэлхийг маань сүйдлэж эхэлсэн бололтой. Газар унахаасаа өмнө шүү гэдгийг дахиад хэлье.

Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байлаа.

Агуу Эвересттэй харьцуулах хэмжээний том энэ сансрын биет нь дэлхий дээр маань унахдаа 20 км хэртэй гүн шааж орсноор 10^24 жоуль энерги ялгарсан бололтой гэж эрдэмтэд тооцдог байна. Дэлбэрэлтийн хэмжээг илэрхийлсэн энэ тоо нь хэр их юм бол?

Тэгвэл Хиросимад тэслэсэн цөмийн бөмбөгийг... бишээ...50 бөмбөгийг дэлхийн 1км2 болгонд, бүх дэлхий даяар зэрэг тэсэлнэ гээд төсөөлдөө. 50 бөмбөг - 1км2!

Ийм аймшигтай дэлбэрэлтийн дараа 15 их наяд тонн газрын хөрс агаарт шидэгдэн, тэдний багагүй хэсэг нь сансрын 1-р хурдаар сансарт гарсан бол үлдсэн нь газарт эргэн унах нь ойлгомжтой. Тэсрэлтээс хойш хэдхэн цагийн дотор энэ их шороо тоос, хад чулуу дэлхийг тэр чигээр нь бүрхсэн ба гурван өдрийн турш тэнгэрээс шатаж байгаа чулуу унаж байсан гэнэ. Энэ нь дахиад л түймэр гэсэн үг. Дээр нь хэдэн тэрбумаар тооцогдох хэмжээний тонн үнс тоос тэнгэрт гарч нарны тусгал нэвтрэхгүй боллоо.

Харин өнөө муу үлэг гүрвэл маань яасан бол?

Солир газар унаснаас хойш хагас минутын дараа газар хөдөлж сүйд хийлээ. Газар хөдлөлтийн хүч нь 11-12 магнитут. Ийм хэмжээний газар хөдлөлт нь дэлхийг тэр чигээр нь хамарч, цаашаа таран одохдоо замд таарах галт уул болгоныг тэслэн оргилуулах ба энэ нь дахиад л үнс, гал дэлхийг хучна гэсэн үг. Зэрэгцээд дэлбэрэлтийн долгион гээч замд таарсан юм болгоныг тас татан хаях гамшгийн ээлж. Энэ дэлбэрэлтийн долгион нь дэлхийг 10 гаран удаа тойрсон байх магадлалтай ба хөөрхий үлэг гүрвэл маань газар хөдлөл, гал түймэрт ямар нэг гайхамшгаар амьд үлдэж чадсан байлаа ч гэсэн дэлбэрэлтийн долгионыг даван үлдэх ямар ч боломж байсангүй.

Ингээд дууссангүй ээ. Одоо цунамигийн ээлж. Харин аварга солир нь Мексикийн булангийн гүехэн усанд унасан учраас  ердөө л 100-хан метрийн өндөртэй их давлагаа үүссэн гэдэг бөгөөд хэрвээ жаахан цаашилж,  номхон далайд унасан бол 1 км-ийн өндөртэй давлагаа үүсэх байсан юм гэж эрдэмтэд тооцож. Энэ их ус хуурай газар луу хэдэн зуун км гүн нэвтэрч орохдоо ямар их сүйтгэл авчирсан бол? 2011 онд Японд болсон цунами нь яалаа...тэнд хамгийн ихдээ 10 метрийн давлагаа үүссэн юм гэсэн шүү.

Хамаг юмыг эвдэн сүйтгэсэн дэлбэрэлтийн гай, гал, усны зовлон дууссан ч амьд амьтан ургамал,  биосферийг жинхэнэ аймшиг хүлээж байлаа. Тэнгэрт гарсан үнс нурам тоосноос болж нар сар харагдахгүй болон харанхуйлж, агаарын хэм ч аажуухан буурч эхэлнэ. Ийм байдлаар 1,5 жил үргэлжилж, энэ хооронд байнга шахам хүчлийн бороо орж байжээ. Дараа нь “цөмийн” өвөл. Зарим судлаачид энэ үед дэлхий маань тэр чигээрээ цасанд хучигдсан байсан гэж үздэг бөгөөд ямар ч байсан бараг бүх төрлийн ургамал, ан амьтад үхэж үрэгдэх нь мэдээж гэмээр.

Гэхдээ эх дэлхий маань тэсэн үлдсэн юм. Хэдийгээр нийт ан амьтан, өвс ургамлынхаа 99%-ийг алдаж, бүх л экосистем нь тэр чигээрээ сүйрсэн ч дараа дараагийн сая сая жилүүдэд аажим аажмаар эргэн сэргэсээр өнөөгийн цаг үед хүрэн ирсэн нь энэ билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]