Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

LET IT BE - “Болтугай!”Уншсан2,618

...Тийм ч учраас хоёр жилийн өмнө алдарт дуучин, гитарчин, дууны шүлэгч Боб Дилан англи хэлт яруу найргийг хөгжүүлсний төлөө Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн байж таарна аа. Түүний шүлгүүд агуу агуу.

МУСГЗ Я.Ганбаатар бичиж байна.

Гүн социализмын он жилүүдэд оюутан байлаа. Өнөөдөр эргээд харахад тэр цаг үе, өнөө үе хоёрыг харьцуулшгүй. Нэг үгээр хэлэхэд хар цагаан ба өнгөт гэрэл зураг шиг. Өнөөгийн хүүхэд залууст ярихад тэр чигээрээ үнэмшилгүй санагдах биз. Үзэж харах, зугаацаж цэнгэх юм бага. Ердөө л ном унших, зурагт үзэх, хөгжим сонсох. Тийм ээ, гэхдээ л бид барууны урлагийг сонирхож, барууны хөгжмийг сонсдог л байсан юм даа. Харин ч нэг хамаг эд эсээрээ мэдэрч, жинхэнэ кайф авах шиг болж, бүр нэг бах тав ханах шиг болж сонсдог байжээ. Одоо хүн дэндүү их юмны хүрээлэлд ороод тэгж аль нэгийг нь мэргэжлийн түвшинд хүртэл сонирхдог, мэддэг нь ховор болж дээ.

Арван жилд байхад хүүхдүүд хичээл тараад л орцонд өнжинө. Буу халж, гитар тоглож, бас барууны дуу хөгжим ярьж, нэгнийдээ орж тэдний дууг тавин сонсоцгооно. Арван жил гэхээр одооны хүүхдүүд ойлгохгүй байж магадгүй. Дунд сургуулийг хэлж байгаа юм л даа. Тэр үед барууны дуу хөгжим тэр болгон олдохгүй. Ёстой эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд шиг л байдагсан. Гадагшаа явсан аав ээж, гадаадад сурдаг ах эгч нар авчирна. Одоо бол интернэтээр дүүрэн. Тэгэхлээр бараг үнэ цэнэгүй зүйл болчихож байгаа юм.

1977 онд би Их сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид элссэн юм. Тэр үед Монголд ганцхан Их сургууль байсан учраас МУИС гэхгүй, Их сургууль л гэдэг байсан. Дараа жил нь Намын төв хорооны шийдвэрээр байгуулагдсан Хятад судлалын ангид шилжин суралцаж, мөрөөс болсон англи юм уу, япон хэлний ангид орох гэсэн маань талаар болж, өөр хэл үзэж эхэлсэн ч, дунд сургуульд байхын сонирхсон англи хэлээ оюутны оройн курсээр үзлээ. Оюутнуудын зарим нь шүлэгч, зохиолч болох гээд, зарим нь урлаг, спорт хөөцгөөж, бүгд л нэг нэг юм оролдоно. Харин би Монгол судлал, түүх, гадаад хэлэнд шимтэн татагддаг байлаа. Тэр үеийн англи хэлний томчуул бүгд хичээл заана. Нацагдорж, Дамдин, Сумьяа, Эрдэнэцэцэг, тэр байтугай Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас орос мэргэжилтэн багш хүртэл ирж хичээл заадаг байв.

Нацагаа багш бол Монголын Бурхны шашны төв Гандан хийдийн хамба лам, Азийн Буддистуудын Бага хурлын Ерөнхийлөгч Гомбожав хамбыг олон улсын хурал зөвлөгөөнд дагалдан явж орчуулга хийдэг мундаг багш байлаа. Дамдин, Сумьяа багш нар ч бас олон улсын хурал зөвлөгөөнд байнга явна. Ирээд хаанахын ямар улсад хэрхэн явсан тухайгаа нүдэнд харагдтал ярина. Гэхдээ бас учиртай, барууныг ил тод сурталчилж болохгүй болохоор ерөнхий, тойруу байдлаар ярьсан ярианаас нь өчнөөн юм ойлгогдоно. Эйфелийн цамхаг, Биг Бен, Эрх чөлөөний хөшөө, Таж Махал, Токиогийн тэнгэр баганадсан Шинжюку хороолол, гээд өчнөөн гайхамшгуудын тухай үл итгэм юмс ярихад оюутан бид аманд нь орчих шахан чих тавин сонсож, дор дороо санаа алдан суудагсан.

3 дугаар курст ордог жил Гарри Мотрам гэдэг англи багш хичээл заахаар ирсэн юм. Өмнө нь Жон Найжел Брусс гэж яг л Битлз хамтлагийн ахлагч, хэдийн амьд домог болсон Жон Леннонтой жигтэйхэн адилхан багш ирж 2 жил ажиллаад буцсан билээ. Брусс багштай гадаа гудамжинд, сургууль дотор таарах бүртээ нүдэндээ үл итгэн “Битлсийн Жон Леннон биш үү?” хэмээн дотроо эрхгүй дуу алддаг байж билээ. Их өндөр, дугуй нүдний шилтэй, урт үстэй, шонхор хамартай тэрээр Леннонтой үнэхээр усны дусал шиг адилхан байсан юм.

Тэгээд бас үргэлж гитар барьж явна. Өвөл бол ууттай гитараа бариад сургууль руу орж явааг нь харахад яг аа яг. Хичээл дээр барууны янз бүрийн гоё дуунуудаас дуулж оюутнуудад заадаг байж билээ. 1980 оны 12 дугаар сард Жонн Ленноныг алагдсан тухай мэдээ сонсоод яагаад ч юм, завсарлагаанаар үй зайгүй найз, бас барууны хөгжмийн хорхойтон Золоо, Энэрэл хоёртоо дуулгахад өнөөх англи багш маань л нүдэнд харагдаад байж билээ.

Мань хоёр найз маань мундаг мэдлэгтэй, түүз залуучууд. Энэрэл Хөгжим бүжгийн дунд сургуулийн нэг охинтой үерхэнэ. Золоог бол хэлэлтгүй, охид араас нь хуйлрана. Хөгжим бүжгийн охидууд Энэрэлийг “Сайхан залуу”, Золоог “Хөөрхөн залуу”, намайг “Ганган залуу” гэдэг байсан гэхээр ойлгомжтой биз ээ. Аав маань спортын эмч болохоор байн байн тамирчдын хамт гадаад явж ирэхээрээ жийнс, пүүз, пянз, кассет авчирна. Тэр үед жийнс өмссөн хүн “юм” өмссөн юм шиг харагддаг байсан үе дээ.

Энэрэл дөчин мянгатынх. 24 дүгээр сургууль төгссөн. Аав нь мэдээж, дарга. Золоо 120 мянгатынх. 52 дугаар сургуулийг төгссөн. Уг нь бас дөчин мянгатынх байсан гэж байгаа. “Манайх нүүгээгүй бол би өдийд өөр л явах байсан даа” гэж бүр хожим ерээд оны үед халамцуухан ярьж билээ. “Яагаад?” гэвэл “-Тэгэлгүй яахав. Найз нөхөд ч өөр байх шүү дээ...” гэж билээ. Гэхдээ түүнд танихгүй хүн байхгүй. Тэр үеийн Улаанбаатарын нэртэй, сортоотой бүгдийг танина. Атаманууд, бацаан Зоригоо, Зундарь, энэ тэр гээд олонтой нь найз. Тэдний тухай үлгэр шиг л юм ярьна. Манайх Микрт гэхэд л бас олныг танина. Тэр үед Сансар хорооллыг Микр гэдэг байсан юм. Би 33 дугаар сургуулийнх. Сургуулийнхаа тухай өмнө нь бичсэн дээ.  

Бид гурав гурвуулаа Монгол хэлний ангийнх. Золоо хөлбөмбөг хөөж, Энэрэл франц хэл үзнэ. Золоо хачин гоё дуулна. Бид түүнийг “Демис Русос” гэдэг байж билээ. Тийм гоё хоолойтой. Гоё ч гитардана. Оюутны намрын ажлаар хөдөө ажиллаж байхад майханд оюутнууд түүнийг тойрч суугаад л гитардахыг нь даган хоолой нийлүүлэн дуулалддаг байж билээ. Мань хүн бас хөлбөмбөгийн тамирчин байсан юм. Царай зүсээрээ яг Марадона. Дошных нь хүүхдүүд болох 120 мянгатынхан мань хүнийг “Манай Марадона” гэдэг байсан юм даа. Монгол хэлний ангид сурдаг шүлэгч, найрагч оюутнууд ийм шүлэг хүртэл биччихсэн байж билээ: 

Галаа, Золоо, Энэрэл гурав

Гарсан ч, орсон ч хамтдаа

Ангид ч хамт, завсарлагаанаар ч хамт

Аягүй бол гэртээ ч хамт,

Арай бас охидыг дагаад ч хамтдаа...

Брусс багшийн дараа ирсэн Гарри Мотрамм түүн шиг гитардаж дуулахгүй ч, харин өөрөөр, бас л дуу зааж англи хэл заадаг аж. Дуу хураагчаар барууны дуунуудаас тавьж, оюутнуудтай хамт ахин дахин сонсоцгоож самбарт мөр мөрөөр нь бичиж утгыг нь тайлбарлан заана. Ийм маягаар бидэнд хэчнээн олон дуу заасныг тоочихын аргагүй. Битлз, Бий Жийз, Саймон-Гарфанкель, Демис Русос, Жон Денвер, Ийглз, Род Стюарт гээд барууны алдартай олон дуучин, хамтлагийн гоё гоё дуунууд олныг заасан даа.

Битлзийн “Let It Be”, “Yesterday“, “Ob la di, Ob la da”, “Mister Postman”, Бий Жийзийн “Christmas Tree”, “New York Mining disaster”, “Massachusets”, Саймон-Гарфанкель хоёрын “El Condor Pasa”, “Bridge over Troubled Water”, “Sound of Silence”, Жон Денверийн “Country Road”, Род Стюартын “Sailing”, Ийглзийн “Hotel California” гээд дурдаад байвал ихээ урт жагсаалт болох тэр үедээ дэлхийг байлдан дагуулсан олон сайхан дуунуудыг дурдах болно. Тэр дуунууд ангиас халин гарч гадаа хонгилд цуурайтан уянгалахад ангийн хаалга үе үе онгойн өөр ангийн оюутнууд “Энд юу болж байгаа юм бол?” гэсэн янзтай гайхан, бас атаархан хардаг байлаа.

Нээрээ л, бид хичээлд сууж байгаагаа бүр мартаж орхиод, зүрх сэтгэлээрээ тэр гайхамшигт дуунуудын ертөнцөд дүүлэн хүрээд Андын нуруун дээгүүр тас шувуу болон халин нисч, гунигт автсан хоромд гэгээн Мариа дүрээрээ тодрон үзэгдэж тайтгаруулах шиг, эс бөгөөс үнэнч анд нөхөр ширүүн урсгалт голын дээрх гүүр болон зогсох шиг санагддаг байлаа. Тийм ээ, барууны урлаг социалист үзэл сурталд нийцдэггүй хориотой байсан тэр л он жилүүдэд тэгж бид тэдгээр дууны үг шүлгийг үзэн англи хэл сурч байхдаа тэдгээр дууны үгс ямархан яруу тансаг, гүн утга философитой болохыг мэдэж мэдэрч, социализм капитализм хоёр яагаад бие биенээ үзэж чаддаггүйг гайхан халаглаж суудаг байсаан.

Дунд сургуульд байхдаа, оюутан болсон хойноо ч, хүүхэд бид хамтдаа барууны дуу хөгжим сонсон, тэр үедээ л хөөрхөн нийлж наргидаг байсан агаад сонсож байгаа дууныхаа тухай, дуучид, хамтлагуудын тухай элдвийг хөөрөлдөнө. Дандаа л  ах эгч нараас сонссон үнэн худал нь мэдэгдэхгүй домог шиг, гэхдээ хачин гоё гэгээлэг юмс ярилцацгаана. “Том Жоунс эхнэрээ хардаж алчихаад дараа нь худлаа болохыг нь мэдээд асар их харамсаж гашуудахдаа “Лайла” дуугаа зохиосон гэдэг” гэж ярихад охид дуу алдацгааж, хэн нэг нь “Хөөх тийм үү? Бас Бага Жоунс гэж байдаг уу?” хэмээн нэг нь асуухад бид нирхийтэл инээлдэнэ.

Сүүлд тийнхүү дуутай хичээл ордог болсонд би “үнэд” орж, ийм үед гол дүрд тоглодог болж билээ. “Энэ дуу ийм утгатай юм аа, энэ дуунд ингэж дуулдаг юм аа” гэж ирээд л үг нэг бүрчлэн, мөр, бадгаар нь тайлбарлаж өгнө. Хичээлийг тэгж сонирхолтой бас “үнэ цэнэтэй” заахаар оюутнууд хичээл таслахаа больчихно. Тэр гоё дуунуудыг алдчихгүй гэж тэр. Би нэг хичээлд суулгүй тасалчихаад хоёр өдрийн дараа хичээлдээ суухад багш “Mister Postman” дууг сонсгоод өнгөрөв. “Яасан бэ? Яагаад үгийг нь заахгүй байна?” гэтэл бусад маань “Өмнөх хичээлээр заачихсаан” гэж билээ. Халаглаж барах юм биш. Тэрнээс хойш хичээлээ таслахаа бүр больчихож байгаа юм.

“Хэл заа, хэлний тухай битгий заа!” гэсэн гадаад хэл заах аргазүйн зарчим байдаг. Социализмын үед орос хэлний ихэнх багш хэлний тухай л заагаад байдаг, орж ирээд л дүрэм, грамматик л заасаар, самбар дээр тийн ялгал бичсээр, дүрэм цээжлүүлсээр байгаад дуусдагсан. Үр өгөөж байхгүй. Тэгвэл англи багшийн энэ заах арга хэчнээн үр дүнтэй гээч. Зөвхөн дуу зааж байгаа юм биш. Тухайн хэлний орчинг бүрдүүлж, шинэ үг үзэж, бүхэн бүтэн хэллэг, өгүүлбэр, өвөрмөц хэлц, зүйр үгс зааж байгаа. Чих онгойлгож, сонсгол сайжруулж, бусдыг ойлгодог болгож, бас хэлүүлж, дуудлага засч, ярьж сургаж байгаа юм. 

Тэр дуунуудыг би тэмдэглэлийн дэвтэрт цэвэрхэн хуулан бичиж авч биедээ байнга авч явдаг болсон бөгөөд ялангуяа хөдөө зун, намрын ажлаар явахдаа оюутнууд үгийг нь харж гитардан дуулалдаж, хуулж авдаг байлаа. Барууны дуунуудыг сонсголоор сонсож, буруу хазгай дуулалддаг байсан тэр цагт миний дууны дэвтэр ёстой л үнэт эрдэнэ мэт байсан даа.

Өнөөдөр ч тэр дэвтэр надад бий. Хааяа дэвтрээ гаргаж хуудас хуудсаар нь эргүүлэн мөнөөх дуунуудын үгийг харж амандаа аялан суухад эгээ л тэртээх оюутан насны он жилүүддээ эргэж очих шиг хачин сайхан, зүүд зэрэглээн дунд умбан дүүлэх шиг болдог юм аа. Одоо заримаас нь уншигчиддаа хүргэж хамт дуулцгаая. Алдарт ”Yesterday”-д ингэж дуулдаг:

Yesterday, love was such an easy game to play,

Now I need a place to hide away,

Oh, I believe in Yesterday

Why she had to go I don’t know she would’nt say                                                                                        

I said something wrong now I long for Yesterday…

Өчигдөр хайр сэтгэл хөнгөхөн тоглоом байсаан.                                                                                          

Харин одоо би нуугдмаар байна.                                                                                                                    

Ээ, өчигдөрт л би итгэнэм.                                                                                                                                       

Тэр яагаад явчихсныг мэдэхгүй, надад юу ч хэлээгүй.                                                                               

Би буруу юм хэлжээ, өчигдрийн төлөө одоо халагланам...

Тэгвэл “El Condor Pasa”-д ингэж дуулдаг:

I'd rather be a sparrow than a snail                                                                                                                          

Yes I would, if I could, I surely would, hm-m                                                                                               

I'd rather be a hammer than a nail

Yes I would, if I could, I surely would, hm-m

Хэрвээ би болдогсон бол эмгэн хумс биш, болжмор болмоор байна.                              

Тийм ээ, хэрвээ би чадахсан бол тэгэх л байна

Хэрвээ би болдогсон бол хадаас биш, алх болмоор байна

Тийм ээ, хэрвээ би чадахсан бол тэгэх л байна...          

Сурагч байхдаа энэ дууны үгийг олж авсан юм. Эхэндээ нэр нь юу гэж байгааг ойлгодоггүй байлаа. Гарри багш бидэнд заасан тэр үед л дууны нэрийг сая ойлгож “Тасын халиа” гэж нэр оноосон юм. Халил гэвэл элгэн хадыг хэлнэ, халиа гэвэл элин халих утгыг заана. Хаа холын Латин Америкийн индианчуудын гайхамшигт энэ дууг дэлхийд хүргэсэн Саймон-Гарфанкель хоёрт талархууштай. Орцонд хүүхэд бид энэ дууг аялаад л гонгинож суудагсан. Хожим нь Берлин, Париж, Тайбэйд явж байхад гудамжинд лимбийн уянгалаг аялгуу чихнээ дуурьсан сэтгэл гижигдэхэд очиж харвал сүрлэг гоё өд сөдтэй малгай өмссөн индиан дуучид бөөн хүмүүс тойруулчихсан энэ дуугаа уянгалуулж зогсдогсон. 

Харин багш бид олон дахин сонссон ч, snail гэдэг үгийг snake гэж ойлгоод өнгөрч, тэгээд би хөдөөнийхний ярианаас могой, болжмор хоёрын тухай сонссонтойгоо зүйрлэн боддог байж билээ. Хөдөө могой өвсөн дундаас дээгүүр нисч яваа болжморыг сорж байхтай тааралдсан хүн ташуураараа дундуур нь нэг хий эргүүлэхэд л болжмор нисээд явчихдаг гэдэг. Гайхалтай байгаа биз. Могой доороос нь тэгж хүчтэй ховсдон сорж байдаг хэрэг л дээ. Тэгээд могойн соролт агшин төдийд тасалдахад л болжмор чөлөөлөгддөг аж. Энэ дуунд тэр тухай дуулж байна гэж ойлгодог байж дээ.

Хадаас болсноос алх байх нь дээр... Үүний цаана асар их гүн ухаан оршиж байна бус уу. Дууны үгэнд ийм гайхалтай мөрүүд олон байдаг юм. Тэгвэл “Sound of Silence”-ийн үг ийм:

Hello darkness my old friend                                                                                                                                     

I’ve come to talk with you again

Because a vision softly creeping

Left its seeds while I was sleeping

And the vision that was planted in my brain                                                                                                         

Still remains within the the sound of silence…

Хуучин анд Харанхуй минь сайн байна уу,

Чамтай хуучлахаар би дахин ирлээ.                                                                                                                     

Нэг юм над руу нэвчээд ирсэн,

Нойрон дунд минь дүрээ үлдээсэн.                                                                                                                          

Тархин дотор минь одоо ч хадагдаад                                                                                                                 

Аниргүйн чимээн дунд оршсоор л байна...

Тийм ээ, гүн ухаан, философи. Гүн ухаанаар ч төсөөлшгүй. Америкийн кантри дуучин Жон Денверийн “Country Road” дууны үг хачин гоё:

Almost Heaven West Virginia                                                                                                                                     

Blue Ridge Mountain Shenandoah River

Life is old there

Older than the trees                                                                                                                                               

Younger than the Mountains                                                                                                                                     

Growing like a breeze                                                                                   

Country Roads take me home

To the place I belong                                                                                                                                     

West Virginia Mountain Mamma

Take me home Country Road…

Тэнгэрт орших Уэст Виржиниа                                                                                                                                

Цэнхэр уулс, Шэнандоа гол                                                                                                                                      

Амьдрал тэнд буурал настай

Моддоос хөгшин,         

Уулсаас залуухан.                         

Нутгийн зам намайг хөтлөөч,                                                                                                                                  

Нялх багын минь тэр зүг,                                                           

Уэст Виржиниа - Ээж уул руу минь,                                                                                                                      

Нутгийн зам намайг дагуулаач...                                           

Английн дуучин, хөлбөмбөгчин Род Стюарт Золоогийн шүтээн. Төв шуудангийн киоскд гадаадын сонин сэтгүүл зарна. Нэг удаа Унгарын сэтгүүлээс Род Стюартын том зураг авч өрөөнийхөө хананд наасныг минь Золоо харчихаад шалсаар байгаад авч санаа нь амарсан юм. “Энэ чинь бас хөлбөмбөг тоглодог юм байна шдээ” гэж намайг нэг их нээлт хийсэн юм шиг хэлэхэд өөдөөс “Хүүш, чи одоо мэдэж байгаа юм уу? Мань эр чинь Английн, Ливерпулийн шигшээд тоглодог лут амьтан байхгүй юу” хэмээн ам таглаж билээ. Би ч мөчөөгөө өгөлгүй “Би ямар хөлбөмбөг үзэх биш. Харин мань хүн саяхан зочид буудалд байрлаж байхад нь нэг ойтой нялх хүү нь цонхоор уначихсан гэнэ. Ёстой хайран...” хэмээхэд Золоо эмгэнэлт мэдээ сонссон юм шиг болж билээ. Род Стюартын “Sailing” ийм үгтэй:

I am flying                                                                                                                                                          

I am flying

Like a bird cross the sky  

I am flying passing high clouds

To be with you 

To be free.                                         

Can you hear me                                             

Can you hear me                                                             

Through the dark night far away                                                                                                                               

I am dying                                                                                                                          

Forever crying                                                                                                                                  

To be with you

Who can say?...

Би нисч явна                                                                                                                                    

Би дүүлэн нисч байна                                                                                                                                  

Жигүүртэй шувуу шиг тэнгэрийг туулан                                                                                                              

Өндөр үүлсийг даван би нисч явна,                                                                                                                    

Чамтай учрахаар,                                          

Чамайг чөлөөлөхөөр.

Намайг сонсч байна уу,                                              

Харанхуй шөнийг нэвтлэн холоос                                                                                                                         

Дууг минь сонсч чадна уу?                                                                                                                                       

Үүрд ингэж уйлан хайлсаар                                                                                                                                      

Би үхэж байна,

Чамтай л хамт байх гэсийм

Хэн ойлгох юм бэ?...

Хорин настай оюутан байхдаа энэ дууг сурч байлаа. Тэгсэн чинь хорин жилийн дараа 1998 онд Берлинд амьдарч байхад тавдугаар ангид сурдаг хүүд минь энэ дууг заасныг хараад амьдрал, хувь заяа гэгч давтагддаг л юм байна хэмээн сэтгэл хангалуун бодож билээ.

Ийглзийн “Hotel California” дуу тэр үед дэлхийг байлдан дагуулж байлаа. Тэр соло гитарын гоцлол нь гайхалтай. Гитарыг ингэж тоглож болдог байх нь ээ гэж дуу алдацгаана. Болно л доо. Ийглзээс өмнө ч мундагууд ингэж тоглосон шүү дээ гэж чанга дуугармаар. Гэвч даруухан байх ёстой. Социализм биднийг даруухан байлгаж хүмүүжүүлсэн юм. Жимми Хэндрикс, Ричи Блэкмор, Жорж Харрисон, Боб Дилан, Сантана гээд олон аваргууд гитар яаж тоглодгийг жинхэнэ үзүүлдэг байлаа. Гитарыг ёстой уйлуулдаг гэсэн үг.

On a dark desert highway cool wind in my hair                                                                                                   

Warm smell of colitas rising up through the air                                                                                                   

Up ahead in the distance I saw a shimmering light                                                                                     

My head grew heavy and my sight grew dim                                                                                                            

I had to stop for the night

There she stood in the doorway                                                                                                                               

I heard the mission bell

And I was thinking to myself                                                                                                                                      

This could be Heaven or this could be Hell                                                                                                            

Then she lit up a candle and she showed me the way                                                                                              

There were voices down the corridor

I thought I heard them say                          

Welcome to the Hotel California

Such a lovely place

Such a lovely face

Such a lovely face...

Харанхуй, хээрийн замд сэрүүн салхи үсээр наадна,                                                                  

Өвсний бүлээн үнэр агаар дамжин ханхална.                                                                                 

Тэртээ өмнө бүдэг гэрэл сүүмэлзэнэ,                                                                                                                       

Тархи хүндэрч, хараа бүрэлзэнэ.                                                                                                                          

Хоног төөрүүлэхээр тэнд саатлаа.                                                                                                                    

Хаалган дэргэд зогсох хүүхэн                                                                                                                               

Хонх жингэнүүлэн урина.                                                                                                                  

Дотор сэтгэлд минь бодол эргэлдэнэ:                                                                                                                

Энэ чинь диваажин уу, эсвэл там уу?                                                                                                                   

Хүүхэн дэн асаан зам заана,                                                                                                                                  

Хонгилд хүмүүсийн яриа дуулдана.                                                                                                                      

Хүүрнэлдэх яриа нь чих дэлсэх шиг:     

Калифорни зочид буудалд тавтай морил!                                                                                                        

Ийм сайхан газар                                                                                                            

Ийм сайхан царай                                                                                                                         

Ийм л сайхан царай!...

Үзэл суртал гэж айхтар юм байсаан, тэр үед. Барууны юм бүхнийг шүүмжилнэ, муулна. Барууны нийгэм мөхөж байгаа, барууны нийгэм үеэ өнгөрөөсөн. Капитализм б у л ш л а г д а ж байна... энэ тэр гээд л. Энэ үзэл сурталд энэ дуу ч өртсөн юм. Зөвлөлтийн залуучуудад зориулсан “Ровесник” гэж сэтгүүлд барууны урлаг, дуу хөгжмийн тухай бичнэ. Мэдээж, үзэл сурталтайгаар. Нэг дугаарт Ийглз хамтлагийн тухай, “Калифорни зочид буудал” дууны тухай бичсэн байж билээ. “Энэ дууны төгсгөлийн бадгийг үзэцгээ. Энэ зочид буудалд та хэзээ ч бууж болно. Харин хэзээ ч буцаж гарахгүй... Тийм ээ, энэ бол барууны ертөнц, энэ бол барууны амьдрал, мухардал, баруун маягийн ү х э л м ө х ө л...

Relax said the night man                                                                                                                             

We are programmed to receive                                                                                                                               

You can check out any time you like                                                                                                                 

But you can never leave...

“Алжаалаа тайл!” хэмээн жижүүр хэлэв:                                                                                                         

Манайх зөвхөн зочин хүлээж авдаг,

Та хэзээ ч захиалга өгч болно,

Харин хэзээ ч гарч чадахгүй ээ...       

Дэндүү их нуршиж байж магадгүй. Ингээд бичээд байвал бичээд л байна. Одоо сүүлийн дууны тухай өгүүлье. Энэ дууг алгасаж боломгүй. Энэ бол нөхөрлөл, андлал, үнэнч, дотно анд нөхдийн тухай дуу юм. Гэхдээ энэ утгыг өвөрмөц хэлбэрээр, яруу сайхнаар, мэдээж бас асар их философитойгоор сэтгэсэн байдаг. 

“Bridge over Troubled Water”

When you’re weary, feeling small, when tears are in your eyes,

I will dry them all,  

I’m on your side.      

Oh, when times get rough and friends just can’t be found,

like a bridge over troubled water                             

I will lay me down.                                                                         

Like a bridge over troubled water                                                             

I will lay me down!...

Цөхөрч туйлдаад аргаа барах үед чинь,                                             

Цурхиран уйлж нулимс урсгахад чинь                                                                                

Би нулимсыг чинь арчиж өгнө,                                                                                               

Би дэргэд чинь байна.                                                                                                                       

Бэрх цаг тулгарахад чинь,                                                                                                         

Биенээ гэх анд нөхөд үгүйлэгдэхэд чинь                                                                           

Ширүүн урсгалт голын дээрх гүүр шиг                                                                                 

Би чамд гүүр болж өгнө өө.                                                                                                              

Ширүүн урсгалт голыг давах гүүр шиг                                                                 

Биеэрээн би гүүр болж тусална аа...     

Энэ дуунуудыг та яг одоо сонсож байгаа гэж итгэнэм. Дууны үг буюу дууны шүлэг ийм яруу тансаг байдаг ажээ. Тийм ч учраас хоёр жилийн өмнө алдарт дуучин, гитарчин, дууны шүлэгч Боб Дилан англи хэлт яруу найргийг хөгжүүлсний төлөө Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн байж таарна аа. Түүний шүлгүүд агуу агуу.

Гарри багш хорин тавтай залуухан багш байсан. Тиймээс оюутнууд бидэнтэй ойр байсан юм. Заримдаа хичээл тараад Баянгол ресторанд хооллон ярьж сууцгаана. Өвөл хааяа Хандгайтад очиж тэшүүрээр гулгана. Зайсан толгой дээр гарч хотыг халиана. Тэр бүрт л хичээл явагдаж байгаа хэрэг шүү дээ. Мань хүн бидэнд, бидэнд төдийгүй Монголд хоёр юм анх оруулж ирсэн юм. Нэгдэх нь бадминтон буюу өдөн бөмбөг. Өвлийн амралтаар тэрээр Бээжин явж ирэхдээ бадминтоны баахан цохиур, бөмбөг авчирч манай курсийн арван хэдэн оюутанд тараан өгч, Их сургуулийн гуравдугаар байрны спорт зааланд цаг авч хичээллэх болсон нь их сонирхолтой, гоё спорт байлаа. Долоо хоногт хоёр гурван удаа тэгж хичээллэх нь урамтай.

Хоёрдахь нь оюутны сонин байсан юм. Одоо ч нөхөд маань үүнийг санаж байгаа байх. Сониныхоо нэрийг харин мартчихаж. Миний бичиг цаасан дотор ганц нэг дугаар нь байж магадгүй. Их сургуулийн Гадаад хэлний тэнхим хувилагч машинтай. Одоо бодоход хуучны л эд байсан. Бичгийн цаасны хэмжээтэй хэд гурван хуудастай сонинцороо Гарри багш тэнхимийн лаборантаар хэвлүүлж бидэнд тараадагсан. Түүнийг нь бид унших их дуртай.

Хэл сурахтай холбоотой олон чухал материал гардаг байсны нэгийг дурдахад: “Англи хэлний ямар дөрвөн үсгээс хулгач нар айдаг вэ, мэдэх үү?” гээд хариулт нь “O I C U“ гэсэн байх жишээтэй. Английн тухай, барууны тухай янз бүрийн мэдээ, материалтай, бас бидэнд заадаг дуунуудын үгтэй тэр сонин цөөн хэдэн дугаар гараад хаагдсан юм. Хөрөнгөтний үзэл суртал тарааж байна гэсэн шалтгаанаар НАХЯ-наас хаасан нь мэдээж...

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол энэ болон өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.

Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар,

2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 9 сар 11. 19:17
Зочинтайж

Сайхан нийтлэл уншлаа.Хүүхэд байх үеийн дурсамж сэргэлээ.Bruce spreengsteen,billy Joel гээд олон дуучдын дуугаар амьсгалдаг байж билээ

2021, 8 сар 7. 12:46
ЗочинТанхай шавь нь

Багшийн бичсэн болгоныг олж унших сонирхолтой болждээ, бодвол тохь сууж, ухаарч эхэлснийх боловуу даа.Орь залуу оюунтан болох гэж байсан үедээ Ганбаа багшдаа яагаадыг бүү мэд дургүй талдаа байсныг минь бурхан өршөөг.хэхэ

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 8 сар 2. 7:40
Зочин

Гоё дурсамж бна.Ахиад бичээрэй

2021, 8 сар 2. 7:29
Зочин

ГАЛАА ГЭДЭГ НЬ Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. ХАРИН ЗОЛОО, ЭНЭРЭЛ ХОЁРЫНХ НЬ БҮТЭН НЭР НЬ ХЭН ЮМ БОЛ? ТЭГВЭЛ МЭДЭХ Л УЧИРТАЙ ДАА.

2021, 10 сар 6. 15:28
Зочин

Uneheer saihan dursamj bichjee sots niigmiin ued hedii chinee haaj horino yaj iigeed baruunii hamtlag duuchdiin pyanz bichlegiig olood sonsood jinhene medremjiig awdag baijee. Ugtaa bol SOTS niigem tiim ch muu niigem bgagui yum shu hun chanar huwi hunii tolowshliig sain suulgaj ogdog. Negniihee toloo niit n sanaa tawidag bodoj sanah yumgui stress ene ter bhgui shan l bsan da. Uzel surtliin bas huwi hunii erh choloonii huwid haagdmal bsan n uneen. Gehde uuwal uugaad duulwal duulaad toglowol toglood ajlaa hiigeed yawahad odonii ene niigmees heden huwi iluu bsan da.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]