Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халх голын тэнгэрт: Наймдугаар сарын 20-21-ний тэнгэртУншсан2,570

1938 оны 8-р сарын 20. Энэ өдөр бол Халх голын дайны хамгийн чухал өдрийн нэг билээ. Удаан хугацаагаар бэлдсэн Зөвлөлт Монголын шийдвэрлэх давшилт эхэлсэн тэр өдөр.

Халх голын тэнгэрт болсон тулалдааны тухай та юу мэдэх вэ? Агаарын тулааны талаар Зөвлөлтийн баримт болон Оросын судлаачдаас ямар дүн мэдээ, Японы судлаачдаас ямар дүн мэдээ, баримт тус тус гаргадаг вэ. Нийтлэлч "Чалчаа саарал"-ын тухайн үеийн нөхцөл байдал дундаас урган гарсан баримт, мэдээллүүд хэрхэн зөрдөг, агаарын тулааны өрнөл зэргийг олон талаас нь өгүүлсэн цуврал нийтлэлийн тав дахь хэсгийг хүргэж байна. Өмнөх нь:

Нэг. Халх голын тэнгэрт: Монголын нисэх хүчин ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

Хоёр. Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ

Гурав. Халх голын тэнгэрт: Оросууд арга хэмжээ авч эхэллээ

Дөрөв. Халх голын тэнгэрт: Агаарт ноёрхохын төлөө

Тав. Халх голын тэнгэрт: Долдугаар сарын эхээр

Зургаа. Халх голын тэнгэрт: Тооны зөрүү ба анхны "Таран"

Долоо. Халх голын тэнгэрт: Япончууд тэнгэрийн ноёрхлоо бүрэн алдлаа

Найм. Халх голын тэнгэрт: Японы ас нисгэгчид цөөрөв

Нисэх буудал дээрээ байгаа Ки-27. Энэ зургийг Араи юм уу Ганжуур сүмийн ойролцоох нисэх буудал дээр авсан зураг гэж үздэг.

 

Ес. Халх голын тэнгэрт: Наймдугаар сарын 20-21-ний тэнгэрт

 

1938 оны 8-р сарын 20. Энэ өдөр бол Халх голын дайны хамгийн чухал өдрийн нэг билээ. Удаан хугацаагаар бэлдсэн Зөвлөлт Монголын шийдвэрлэх давшилт эхэлсэн тэр өдөр.

Өглөө үүрээр Зөвлөлтийн 150 бөмбөгдөгч 144 сөнөөгчийн хамгаалалт дор агаарт гарч дайсныг бөмбөгдөж эхэлсэн бөгөөд тэнгэрт ганц ч Японы сөнөөгч гарч амжаагүй, Зөвлөлтийн халхлалтын групп болох дайрагч нар Японы зенитийн байрлалыг галаар сайн хааж байсан учир бөмбөгдөлт маш үр дүнтэй болсон байна.

Энэ бөмбөгдөлт дууссаны дараахан залгаад артиллерийн асар хүчтэй цохилт эхэлсэн бөгөөд бараг 3 цаг үргэлжилсэн энэ галын бэлтгэл дуусаагүй шахам байхад дараагийн бөмбөгдөгч онгоцнууд агаарт хөөрсөн байна. Нийт 52 бөмбөгдөгч 162 сөнөөгчийн хамгаалалт дор Японы бэхлэлтийг бөмбөгдөж эхлэх үед Японы сөнөөгч нар дайрч 3 онгоц гэмтээсэн боловч тэд бүгд буудалдаа эсэн мэнд буужээ. Харин Зөвлөлтийн сөнөөгч нар Японы хоёр Ки-27 унагасан гэж мэдээлсэн байдаг. Энэ удаагийн бөмбөгдөлтийн үр дүн хэр байсан талаар мэдээ үгүй бөгөөд япончууд Зөвлөлтийн сөнөөгчийн хамгаалалтыг нэвтэлж цөөхөн ч гэсэн бөмбөгдөгчийг нь гэмтээж амжсаныг бодоход Японы сөнөөгч нар бөмбөгдөлт таслах үүргээ ямар нэг хэмжээгээр биелүүлж чадсан бололтой.

Өглөөний 6 цагт хийсэн агаарын цохилт, дараа нь залган үргэлжилсэн 3 цагийн артиллерийн цохилт, түүний төгсгөлд хийсэн агаарын хоёр дахь цохилтын дараа Зөвлөлт Монголын армийн давшилт эхэллээ. Газарт суурилуулсан асар хүчтэй дуу өсгөгч, мөн тийм өсгөгч бүхий машинуудын цацах "Интернациональ" дууны дор эхэлсэн танк, явган цэргийн давшилт их л сүртэй байсан болов уу. Энэ тухай “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кинон дээр гардаг билээ.

Үдээс хойш Зөвлөлтийн РС-82  хэмээх тийрэлтэт пуужин бүхий  И-16-нууд тулалдаанд оролцож Японы хоёр Ки-27-г энэ сумаараа унагасан гэх боловч энэ нь огт батлагддаггүй байна.

Орой нар жаргахаас өмнөхөн Зөвлөлтийн сөнөөгч дайрагч нар дахин Араи баазыг дайрч 5 сөнөөгч, нэг тээврийн онгоцыг шатааж 9 сөнөөгчийг их бага хэмжээгээр гэмтээсэн бөгөөд хэдэн өдөр дараалан дайруулсан энэ баазад маш их хохирол учирсан, цаашид байлдааны үүрэг гүйцэтгэх боломж нь тун тааруу болсон зэргээс үлдсэн онгоцнуудаа Ганжуурын нисэх буудал руу татсан нь байлдааны бүс дэх Японы нисэх хүчний идэвхийг бүр ч сулруулжээ.

Энэ өдөр Зөвлөлтийн бөмбөгдөгч нар дайсныхаа толгой дээр 166 тонн бөмбөг хаясан гэсэн тооцоо бий.

8-р сарын 21 буюу их давшилтын хоёр дахь өдөр Зөвлөлт Монголын арми япончуудыг бүслэн авахаар дайрч байх үед япончууд “Оросуудын” агаарын хүчирхэг цохилтыг бага ч болов бууруулахын тулд нисэх буудлуудыг нь бөмбөгдөхөөр хөөрсөн байна. Бөмбөгдөгч, сөнөөгч нийлсэн 130 гаруй онгоц  үүрээр гэнэдүүлэн дайрах гэсэн боловч Зөвлөлтийн сөнөөгч онгоцнууд тэднийг Тамсагбулагийн нисэх буудлаас 15-20 км-ийн наана тосож авсан байна. Японы 88 сөнөөгч, 51 бөмбөгдөгчийн эсрэг Зөвлөлтийн 123 И-16, 51 И-15 агаарт тулсан ба аль аль тал нь агаарын олон ялалт байгуулснаа дараа нь бичих боловч япончуудын гол зорилго болсон нисэх буудлыг бөмбөгдөж, олон онгоцыг устгах, дэд бүтцийг нь устгах ажил бүтэлгүйтэж нисэх буудлын захад зогсож байсан цорын ганц онгоцыг л устгаж чадсан байна. Энэ тулалдааны явцад Зөвлөлтийн 5 онгоц унаж, 2 нисгэгч амь үрэгдсэн бөгөөд харин тэд Японы 13 онгоцыг унагасан гэж үздэг. Удалгүй Японы хоёр дахь агаарын довтолгоо эхэлсэн ба энэ удаа 25 хүртэлх тооны онгоц л довтолгоонд оролцсон байна. Тэдний өөдөөс гарсан 32 И-16 нь дайснаа бүр Халх голын дээр байх үед нь тосож очин 6 онгоц унагаахдаа өөрсдөө ганц ч онгоц алдсангүй.

Үдээс хойш дайсны байрлалыг дайрахаар ниссэн 58 И-16, 11 И-153 нар 15 бөмбөгдөгч, 25 сөнөөгч бүхий 3 дахь цохилтын бүлэгтэй таарч тулалдан дайсныхаа 10 онгоцыг унагасан ба ямар ч хохирол хүлээгээгүй гэж мэдээлж.

Энэ өдрийн хамгийн сүүлийн агаарын тулалдаанд 52 “Илжиг” болон “Цахлай” нар дайсны бүслэгдэж байгаа цэргийн байрлалыг дайрахаар ниссэн боловч бас Японы 60 гаруй онгоцтой тааран агаарын тулалдаан хийж хоёр онгоцыг нь унагаж өөрсдөө нэг онгоцоо алдан нисгэгч нь амь үрэгдсэн байна.

Энэ өдрийн агаарын тулалдааны тухай япончуудын тоо баримт: Нисэх буудлыг дайрах явцад дайсныхаа 18 бөмбөгдөгч, 7 сөнөөгчийг газарт байхад нь устгаж агаарын тулалдаанд 58 сөнөөгч, 1 СБ бөмбөгдөгч устгажээ.

Харин Зөвлөлтийн талын бодит хохирол нь 3 “Цахлай, И-153”, 4 И-16 сөнөөгч, 1 И-16 П дайрагч, 6 СБ бөмбөгдөгч байж. Нийт унасан бөмбөгдөгч онгоцны 5 нь бүгд зенитийн их бууны галд оногдсон нь тухайн өдөр Зөвлөлтийн бөмбөгдөгч нар бөмбөгдөх өндрөө ихээхэн доошлуулж 1500-1800 метр болгосонтой холбоотой гэнэ. Мөн зенитийн галыг дарах үүрэгтэй ниссэн олон онгоц Японы сөнөөгч нартай тулалдаж үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүйтэй бас холбоотой.

8-р сарын 21-ний өдөр болсон агаарын тулалдаанууд нь уг дайны хамгийн том агаарын тулалдаанууд болон үлдсэн бөгөөд одоо хүртэл зарим хүмүүс эдгээр тулалдааныг дэлхийн хамгийн том агаарын тулалдаан болсон мэтээр ярьж бичсээр л байгаа.  Гэвч энэ нь үнэнээс ихээхэн хол зүйл билээ.

8-р сарын 21-нд Зөвлөлтийн нисэх хүчний баазуудыг бөмбөгдөж, алдсан санаачлагаа эргүүлэн авах гэсэн япончуудын сүүлчийн оролдлого талаар болж тэд газарт ч, агаарт ч бут цохиуллаа.

Үргэлжлэлтэй.

Нийтлэлч "Чалчаа саарал"

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]