Орчин цагт далайд сураггүй алга болсон 20 тохиолдол
Зөвхөн эрт дээр үед л судлаачид далайд алга болж байсангүй ээ. Орчин цагт ч далайтай холбоотой айдас төрүүлэм явдлууд тохиолдсоор л байгаа юм. Асар олон хүн газрын зураг, хоол хүнс, аврагдана гэсэн өчүүхэн төдий ч найдлагагүйгээр өргөн уудам далайд наанадаж нэг удаа алга болж үзсэн байх нь ховор бус тохиолдолд тооцогдох болжээ. Золгүй далайчдын арай азтайнууд нь хэдэн сарын турш далайд хөвж явсаар эсэн мэнд аврагддаг бол үлдсэн хэсэг нь олдохдоо хэзээний нас барсан байх юмуу эс бөгөөс хэзээ ч аврагдалгүйгээр задгай далайд тэр чигтээ алга болдог. 2014 онд Хосе Салвадор Алваренгаг бүхэл бүтэн 13 сарын турш бяцхан загасчлалын завиар Номхон далайд хөвөн хөвсөөр амьд гарч чадсан талаар тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллээр нэлээдгүй шуугисныг та бүхэн санаж байгаа байх.
Тэгвэл далайд алга болсон хамгийн алдартай эрхэм ямар хүн байдаг бол? 2007 онд дэлхийн алдарт компьютерийн шинжлэх ухаанч, профессор Жим Грей ээжийнхээ чандрыг Фараллоны далайд өргөхөөр ганцаараа яваад сураггүй алга болсон байдаг. Тэр хэзээ ч эргэж ирээгүй билээ.
Та өөрийгөө зах хязгааргүй далайд цор ганцаараа хэр удаан тэсч чадна гэж бодож байна вэ? Ингээд амьд үлдэхийн төлөө хүн үнэмшихийн аргагүй асар их зориг гаргаж, сэтгэлийн хаттай байж чадсан хүмүүсийн түүхүүдээс өгүүлье.
Алди Новел Адиланг
2018 оны 7-р сарын 14-ний өдөр Алди Новел Адиланг Индонезийн арлаас нэлээдгүй зайд загас агнуурын жижигхэн онгоцоор хөвж явлаа. Ердийн үед олсоор бэхэлдэг тус онгоц хүчтэй салхинд цохигдсоны улмаас Индонезийн өсвөр насны хүү далайн усанд алга болсон хэрэг гарсан юм. Сулавесийн арлаас гаралтай тэрээр 49 хоногийн турш далайн усанд хөвсөөр төрөлх гэрээсээ олон мянган километрийн зайд орших Гуамын ойролцоо хүрч очсоноор хүнд хэцүү аялал нь өндөрлөсөн билээ. Хүүг Панамын завь олж аварсан бөгөөд хүү өөрийнхөө эвдэрч сүйдсэн онгоцноосоо цуулж авсан модоороо загас жараахай барьж идсэний хүчинд амьд үлдсэн юм. Хүү хажуугаараа өнгөрөх усан онгоцнууд руу даллаж дохио өгөхийг хичээж байсан ч хэн ч түүнийг анзаарч хараагүй байна. Эцэст нь хүү MV Arpeggio тээвэрлэгч онгоцыг олж хараад онцгой үед өгдөг радио сигнал илгээснээр Панамын завь түүнийг аварчээ. Тэд хүүг Японд аваачсан ба 9-р сарын 8-нд Адиланг гэртээ харьсан юм. “Хүү минь гэртээ ирлээ. 9-р сарын 30-нд 19 хүрнэ. Төрсөн өдрийг нь тэмдэглэнэ” хэмээн Адилангийн ээж Английн ВВС сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Женнифер Аппел, Таша Фуйаба
Хонолулугийн оршин суугчид болох Женнифер Аппел, Таша Фуйаба нар 2017 оны хавар Тахити арал руу аялалд гарсан боловч 5-р сард завиных нь хөдөлгүүр эвдэрчээ. Замаа бүхэлд нь туулахыг хичээсэн ч хоёр бүсгүй өөрсдийгөө далайд яах ч аргагүй гацсан гэдгээ ухаарч эхэлж. Хашир бүсгүйчүүд хангалттай хэмжээний хоол хүнс бэлдсэн байсан явдал аминд нь оржээ. Аварга загаснууд тэдний хувьд төвөгтэй асуудал байсан ба бусдын анхаарлыг татахын тулд өгч байсан дохионуудын нэг нь ч тэдэнд тус авчраагүй. Бүр 10-р сард л загас агнуурын завь тэднийг аварсан байна. Тухайн үед тэд эрүүл саруул байсан бөгөөд бараг 5 сар гаруй хугацааг далайд өнгөрүүлжээ. Тэдний аяллын адармаатай түүх олон нийтийн анхаарлыг ихээр татсан ч бүсгүйчүүдтэй холбоотой хачин жигтэй зүйлс ил гарч эхэлсэн байдаг. Аппел онцгой үед ашиглах ёстой гэрлэн дохиог ер ашиглаагүй шалтгаанаа “Үхэл амьдралын зааг дээр байгаа нөхцөлд л хэрэглэх ёстой зүйл гэж ойлгож байсан болохоор хэрэглээгүй юм” хэмээн тайлбарласан төдийгүй хүчтэй шуурганд өртөн хамаг багаж хэрэгслээ эвдэрсэн гэж мэдүүлсэн хэдий ч тэдний хэлээд байгаа шуурга хаана ч бүртгэгдээгүй нь хачирхалтай.
АРА Сан Хуан онгоцны багийнхан
2017 оны 11-р сарын 15-ны өдөр багийн 44 гишүүнтэй Аргентины AРА Сан Хуан шумбагч онгоц далайн эргийн ойролцоо алга болсон хэрэг явдал гарсан. Онгоцыг усанд шумбан орсны дараахан дэлбэрэх дуу гарсан бөгөөд түүнээс хойш гишүүдийн хэнийг ч дахин олж хараагүй. Хачирхалтай нь энэ явдлаас хойш хоёр долоо хоногийн дараа Аргентины албаны хүмүүс эрлийн ажиллагаагаа идэвхигүй хэлбэрт шилжүүлсэн ба тэднийг амьд байх боломжгүй гэж үзсэн билээ.
Алслагдмал арал дээр шидэгдсэн гурван залуу
2016 оны 4-р сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хяналтын онгоц хүн огт амьдардаггүй Фанадикийн арал дээр HELP гэсэн бичиг байхыг олж харжээ. Энэ бичгийг үйлдсэн эзэд болох гурван залуу Фанадикын арлаас 6400 километрийн зайд оршдог Микронезийн Холбооны Улсын Пулап арлаас аян замдаа гарч хөдөлсөн боловч далайд гарснаасаа хойш ердөө хэдхэн цагийн дараа завь нь хөмөрч орхижээ. Улмаар арлыг чиглэн бүтэн шөнөжингөө сэлж аврагдана гэсэн итгэл найдвар өвөрлөн гурав хоножээ. Эцэст нь дал мод ашиглан бичсэн “HELP” үгийн тусламжтайгаар аврагдаж чадсан байна.
Остин Степанос, Перри Кохен
14 настай Остин Степанос, Перри Кохен нар өдгөөгөөс 5 жилийн өмнө буюу 2015 онд Флоридагийн эргийн ойролцоогоос сураггүй алга болжээ. Хөвгүүдийг 7 сарын 24-ний өдөр 5.8 метр урттай завиндаа шатахуун авч байхыг хүмүүс харсан бөгөөд тун удалгүй айхтар хүчтэй аянга цахиж хүчтэй салхи гаран эрэг дээр томоохон давалгаа үүссэн байна. Хоёр хоногийн дараа тэдний хөмөрсөн завийг олсон ба хөвгүүд хэзээ ч ээж аавдаа эргэж ирээгүй юм.
Далайчдын гэр бүлд өссөн, усанд гарамгай тэднийг эхэндээ амьд хэмээн найдлага тавьж байсан ч Флоридагаас Өмнөд Каролина хүртэлх зүүн эргийг бүрэн нэгжсэний дараа аврах багийнхан тэдний байршлыг тогтоох боломжгүй хэмээн мэдэгдсэн юм. Эцэст нь хөвгүүдийг эрэн хайх ажиллагааг цуцалсан байдаг.
Стивен Каллахан
1981 онд Америкийн нэртэй зохиолч Стивен Каллахан Атлантын далайг хөндлөн гулд туулахаар зориг шулуудан нэг хүний аялалд гарсан ч далайн шуурганд завь нь усаар дүүрч хийлдэг завиныхаа хүчинд амьд үлджээ. Их хэмжээний эрэл хайгуул болж байж Карибын тэнгисийн Марие Галанте арлаас загасчид түүнийг олж аврахад Каллахан хэдийнэ 76 хоногийг хийлдэг завин дээрээ өнгөрүүлчихсэн байв.
Жим Грей
2007 оны 1-р сард компьютерийн шинжлэх ухаанч, програм хангамж хөгжүүлэгч, аварга том Мicrosoft корпораци, Tandem computers, IBM, DEC корпорациудын хувьцаа эзэмшигч, ажил олгогч хэмээх ихээхэн урт гуншинтай Жим Грей хайрт ээжийнхээ чандрыг далайд өргөхөөр Фараллоны арлуудыг чиглэн ганцаараа гэрээс гарчээ. Гэртээ эргэн ирээгүй болохоор эхнэр нь түүнийг алга болсон хэмээн цагдаад тэмдэглүүлсэн байна. Эрлийн ажлыг зохион байгуулж хайсан хэдий ч Грей болон түүний далбаат онгоцны сургийг гаргаж чадаагүй юм. Түүнийг 2012 оны 5-р сарын 16-нд нас барсан хэмээн албан ёсоор зарласан байна.
Билл Тилмэн
20-р зууны агуу адал явдал хайгч, далайчин Билл Тилмэн 1977 онд Смитийн аралд хүрэх зорилготойгоор Өмнөд Атлантын далай руу аялалд гарсан байдаг ч 80 настай, далайчин, ууланд авирагч түүнийг энэ удаагийн аялал нь мөнхөд авч одсон билээ.
Фило Фило, Самуэл Пелеса, Эдвард Нассау нар
2010 оны 10-р сард Токелау арал дээр оршин суудаг өсвөр насны үеэлүүд хөрш зэргэлдээх арал дээрээ очиж үзэхээр жижиг завьтай гарчээ. Харамсалтай нь Фило Фило, Самуэл Пелеса, Эдвард Нассау нар зорилгодоо хүрч чапсангүй, харин наргил модны самар, загас жараахай, цорын ганц цахлай шувуугаар гол зогоон, борооны усаар хоолойгоо чийглэсээр 50 хоногийг Номхон далайд өнгөрүүлсэн байна. Тэднийг загасны тор тавьдаг завь олж аварчээ. Азтай хүүхдүүд.
Деннис Вайт, Аманда Торнс, Виллие Торнс нар
2010 онд Виллие Торнс (хүү), Аманда Торнс (аав) нар Деннис Вайтын (Виллиегийн найз) хамт Атлантын далайд аялж яваад сураггүй алга болсон хэрэг гарчээ. Виллие усанд унаж нас барсан бол Деннис, Аманда нар 15 өдрийн дараа хүчтэй салхины ачаар аюулгүй газарт хүрч чадсан байна.
Эндрю МакОли
Австралийн адал явдал хайгч Эндрю МакОли 2007 оны 2-р сард уралдааны завиар Тасманы тэнгисийг хөндлөн гулд туулахаар аялалдаа гарсан ч завь нь удалгүй хөмөрчээ. Түүний камерт хадгалагдан үлдсэн мемори картад завь хөмөрч, байдал эвгүйтсэн тэр мөчид түүний юу бодож байсан нь бичигдэн үлдсэн байдаг юм. Тэр эцсийн мөчид Өөрийнхөө чадлаас хэтэрсэн зүйлийг барьж аваагүй гэж найдая даа” хэмээсэн байдаг. Түүнийг эрэн хайсан ч олдоогүй юм.
Ричард Ван Пам
2002 онд Ричард Ван Пам Калифорний эргийн ойролцоох Каталины арлыг зорин Лонг Бийчээс хөдөлжээ. Гэнэтийн салхинд түүний завины шураг гэмтсэнээс болж Ричард 3 сар гаруйн турш далайд амьдарсан байна. Америкийн хар тамхи илрүүлэгч нисэх онгоц түүнийг аяллаа эхлүүлсэн анхны цэгээс 4000 километрийн зайд байхыг нь олж аварсан байдаг.
Ребекка Кориам
2011 онд “Дисней” далайн аяллын багийн гишүүн Ребекка Кориам Мексикийн Номхон далайн эргийн дагуу аялж байсан онгоцтойгоо цуг алга болжээ. Түүний хаана байгаа нь тодорхойгүй хэвээр үлдсэн бөгөөд Ребеккагийн аяллын түүхийг хүмүүс янз янзаар л тайлбарладаг.
Лусио Рендон, Салвадор Ордонез, Есүс Эдуардо Виванд нар
2005 оны 10-р сард Мексикийн Сан Блас Наяритаас загас барихаар аялалд гарсан таван залуу уг нь гурав хоног л аялаад ирнэ шүү хэмээн тохиролцсон байжээ. Тэгтэл тэдэнд харамсалтай зүйл тохиолдож бүхэл бүтэн есөн сарыг далайд өнгөрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Таван залуугийн хоёр нь өлсгөлөнгөөс болж нас барсан бол Лусио Рендон, Салвадор Ордонез, Хосе Видана нар борооны усаар ундаалан, загас, яст мэлхийгээр хооллож Номхон далайгаар 8800 километр хөвсний эцэст Тайваний загас агнуурын жижиг завьтай тааралдан аврагдсан юм.
Ко Ко Оо, Хаунг Хтайк
2009 онд Австралийн Эргийн хамгаалалтын нисэх онгоц аварга загас язганасан далайд усанд ордог онгоцны хэмжээтэй хөлдөөгчин дотор Бирмийн загасчид болох Ко Ко Оо, Хаунг Хтайк нар дайвалзан хөвж явааг олж харжээ. Загасчдын ярьсанаар дөнгөж Тайландаас гараад удаагүй байхад завь нь живж 18 хүн нас барсан гэнэ. Энэхүү түүх дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан даруйдаа олон нийтийн анхааралд орж, тэр хэрээрээ мэргэжилтнүүдийн дунд эргэлзээ тээнэгэлзээг үүсгэж байсан юм.
Пүүн Лим
1942 онд худалдаа хийж амин зуулгаа залгуулдаг байсан завиа алдсаны дараа Хятадын далайчин Пүүн Лим Дэлхийн 2-р дайны үед Өмнөд Атлантын далайд 133 өдрийг цор ганцаараа өнгөрүүлжээ. Амьд үлдэхийн тулд борооны ус, загасаар хооллож байсан түүнийг Бразилийн эргийн ойролцоо амьдардаг загасчид олж аварсан байдаг. Лимд далайд амьд үлдэх дээд амжилт тогтоосон гэдгийг нь хэлэхэд тэрээр “Ийм дээд амжилтыг ахиж хэн ч битгий эвдээсэй” хэмээн хариулжээ.
Тоакай Тейтой
Кирибатигаас хоёрхон цаг яваад л гэртээ харих аялал нь буруугаар эргэсэн Тоакай Тейтой 15 долоо хоногийн турш далайд амьдарчээ. Гэсэн ч түүнд бурхан аз хайрласан юм. Унтаж байсан Тоакайгийн усан онгоцны их биеийг аварга загас ирж мөргөхөд Тоакай нойрноосоо сэрсэн байна. Хүү аварга загасны ачаар сэрж дэргэдүүрээ явж байсан усан онгоцыг олж харан аврагдаж чадсан билээ.
Луйс Жордан
2015 оны 1-р сард Луйс Жордан нэг шурагтай далбаат завиа хөлөглөн Хойд Каролинагийн эргийн гүнийг чиглэн явж байлаа. 66 хоногийн дараа Германы тээвэрлэгч хөлөг онгоц Жорданыг өөрийнхөө хөвөрсөн завин дээр хөвж явахыг олж хараад аварчээ. Жордан бусад амьд үлдэгсдийн нэгэн адилаар загас болон борооны усаар гол зогоож амь гарсан байна.
Эбби Сандерлэнд
Эбби Сандерлэнд 16-хан насандаа дэлхийг далайгаар тойрсон хамгийн залуу далайчин болох зорилт тавин 2010 оны эхээр Калифорниос аяллаа эхлүүлсэн боловч аялал эхэлснээс хойш 4 сарын дараа Сандерлэндыг Энэтхэгийн далайд аялж явахад хүчтэй салхи гарч шураг нь эвдэрсэн байна. Эрэг дээр шидэгдсэн бас дээр нь хиймэл дагуул барьдаг утасгүй байсан ч гэсэн Сандерлэнд Хувийн байршил тогтоогчоо идэвхижүүлсэний хүчинд 2 өдрийн дараа аврагдаж чадсан юм.
Хосе Салвадор Алваренга
36 настай Салвадор Алваренга, 22–той Эзекүел Корд нар 2012 онд загасчлахаар явсан боловч тоогүй зүйлтэй таарч аймшигтай шуурганд өртөн яст мэлхийний цус, шээс, загас, шувуудаар гол зогоох дээрээ тулжээ. Кордоба аялж явах явцдаа насан эцэслэсэн бөгөөд нас барахдаа өөрийн цогцсоо аав ээждээ өгөхийг захисан байна. Гэвч өмхийрсөн цогцостой хамт хэдэн өдөр явсны дараа Алваренга найзынхаа цогцсыг ус руу хаясан бөгөөд аяллаа эхэлсэнээс 348 хоногийн дараа Номхон далайд хөвж яваад аврагдсан юм. Кордобагийн гэр бүлийнхэн Алваренгаг амьд үлдэхийн тулд хүүг нь идсэн гэж үзэн шүүхэд зарга үүсгээд байгаа бол Алваренга болон түүний өмгөөлөгч хүний махаар хоолосон зүйл байхгүй хэмээн зүтгэсээр байгаа ажээ. Гэсэн хэдий ч Кордобагийн гэр бүлийнхэн 1 сая долларын төлөө шүүхдэлцсээр л байна.
Бэлтгэсэн Б.Нямдолгор