Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Зөвлөлтийн ачаар сурчихаад мууллаа гэж үзэх янзгүй хүн олон шүү"Уншсан6,950

Аль том төслийг нь гацаагаад байх юм” гэцгээхэд би “Юу л бол доо” гэж гайхдаг л байсан. Манайд ч “Эрдэнэт”-ээс өөр том төсөл ч ямар байсан ч биш дээ.


Цэндийн Доржготов: Нохойн хөшөө барилаа гээд эхийн
эндэгдэл буурч, гэмт хэрэг багасах уу даа...

 

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө. Москва хотын Хэвлэлийн дээд сургууль дүүргэж, “Тоншуул” сонинд ажиллан уран бүтээлээ туурвихдаа тэрээр “Улаан орхимжны давалгаа”, “Шим мандал”, “Цагийн өнгө”, “Үзэсгэлэн гоо мөнх бус”, “Тэнгэр дуугарахын өмнө”, “90 хоногийн оргодол”, “Бурханы ходоод лонх биш”, “Нөгөө нэг явдал” зэрэг роман тууж, ёс суртахууны сэдэвт олон өгүүллэг, хошин зохиолууд болон хоржоонтой уран егөөдөл бүхий нийтлэл, хэдэн зуун шог зургаараа олны танил болсон уран бүтээлч билээ.

-Наяад оны сүүлээр дөрвөн сарын нэгэн болохоор “Азтай бадарчин” энэ тэр болоод их сайхан байсан санагддаг. Тэр үед та ч зохиол бүтээлээрээ их оролцдог байв уу?

-“Азтай бадарчин” сайхан болдог байсан нь хоёр гурван шалтгаантай байх. Дөрвөн сарын нэгэн болоход шог зохиолчид уулзалт зохион байгуулна. Тэр үед одоог бодоход үзэж харах зүйл ч ховор байсан. Дуурь, драмын театрууд, улсын циркэд болсон ийм уулзалтуудад цонх үүдийг нь хагалаад нэлээд хохирол гаргаж л байж. Д.Даржаа гуай тэргүүлээд Жаргалын Барамсай, Шагдайн Цэнд-Аюуш бид хэд оролцоно. Бидний уран бүтээл хүний дурыг булааж байсан нь юу л бол. Яахав сонсъё гэсэн гайгүй юмнууд байсан л байх. Ер нь тэр үед Улаанбаатарын иргэд юм үзэж чаддаггүй байж. “Элдэв-Очир”, “Ард” кино театруудад орос кино л гарна. Одоо цагт өдөр болгон, долоо хоног бүр л хошин шогийн шинэ тоглолттой байх юм, зурагтаар гарч буй сурталчилгааг харахад.

-Таны бие лагшин тунгалаг уу. Хавар болж байна, гадуур дотуур явах юм уу?

-Жил ирэх тусам л хөл хумигдаад байна. Ноднин овоо байсан, энэ жил тэрэндээ хүрэхгүй. Уржнан бол одоо бодоход би залуу хүн шиг давхиж байж. Тэгээд одоо яахав, хорвоогийн жам хойно гэртээ сууж байна. Монгол сайхан эх орондоо төрөөд хар нялхаасаа ажил хийгээд, сургуульд сураад бусдын адил яваад байсан хүн. Дээшээ нэг их цойлсонгүй, доошоо ч нэг их унасангүй. Хөгшин бид хоёр насны тэтгэвэртээ, дулаан байранд, хүүхдүүд тойроод байж байна. Сайхан л өтөллөө. Тэгтлээ их үглээд дуулаад байх юм надад алга. Энэнээс илүү яахав. Яагаад би ийм өөдрөг сэтгэлтэй байна вэ гэвэл нэгдлийн мал насаараа малласан аав ээж хоёр минь тэтгэвэр гэдэг юмыг үзэлгүй үхсэн юм байгаа юм. Би амралтаараа аав ээж хоёр дээрээ их очимхой хүүхэд байсан. Очоод хэд хоноход тэр хоёр минь малын хойноос сөхөрч унатлаа явж байсныг өөрийнхөө дулаан байранд тарвалзаж буйтай харьцуулаад бодохоор тэнгэр газар шиг ялгаатай, би их азтай байна.

-Та ч нийгмийг өөрийн өнцгөөс хардаг, сэтгэгч-шүүмжлэгч хүн дээ. Зурагтаас өнөөгийн байдлыг харж анзаарч л суугаа биз?

-Энэ капиталист нийгэм гэдгийг чинь бүх өмч өөрийнх болоод, төрийн тогтолцоо нь олон намтай болоод зөвхөн хуулин дор л ямар ч хүн амьдарна гэсэн нэг үг байдаг шүү дээ. Би энэ ардчилал, зах зээлийг чинь ийм зам гэж ойлгосон юм. Гэтэл энэ нийгэмд хууль үйлчлэхгүй байна. Яасан ч олон телевизүүдтэй юм. Нэг нь юм ярихад нөгөөх нь тэс хөндлөн юм гаргаад л, эмхрэхгүй бол ч нэг л биш ээ. Яваандаа эмхрэх биз. Жараад оноос л сургаар Япон тэгдэг гэнэ, Америк, Баруун Герман тийм гэнэ гэж хааяа тийш явсан хүнээс дуулаад ардчилал, зах зээл гэдэг юмны талаар төсөөлөлтэй болсон хүн. Зөвлөлтөд жараад онд намайг сурахаар очиход сэхээтнүүд нь ардчилсан үзэлтэй “Өөрөөр сэтгэгчид” гээд намын хараанд өртчихсөн үе байсан юм. Аав ээж малаа нийгэмчлэлд булаалгаж дээрэмдүүлээд дотроо юмтай очсон намайг Оросын тэр залуучууд ухааруулж, санаа бодлыг минь дэлгэрүүлж өгсөн. Хүмүүс намайг “Москвад төгссөн юм чинь улаан коммунист” гэж боддог байх. Би тэр оросын уран бүтээлч нөхдийн нөлөөгөөр объективный байдлаар аливааг дүгнэх санаатай шүү явсан юм бол уу даа. Нийгмийг шүүмжилдэг “Тоншуул” сонинд ажиллах болсон би ч азтай хүн. Би худлаа магтаж үнэндээ чадахгүй. Үнэн сайхан юмыг магтах бол бахархалтай шүү дээ. “Тийм биш ээ” гэсэн юмаа магтах чинь зовлонтой ёо доо. Одоо ч та нарт ийм зовлон тохиолддог л байх даа. Мөнгө төгрөг өгдөг авдаг гээд ярих юм. Тийм юм ч цаанаасаа муухай шүү.

-Үнэн сайхан юмыг магтах сайхан гэлээ. Танд юу үнэн сайхан санагддаг вэ?

-Хүний нэг сайхан мөн чанар байдаг даа. Хамгийн дээдийн сайхан нь ээжийн сэтгэл юм даа. Энийг чинь хүн яаж шүүмжлэх вэ дээ. Үнэн, худал мэдэгдэхгүй ч гэсэн Буддагийн зөв амьдрах тухай сургаалийг уншихад сайхан юм байна гэж санагддаг. Гэхдээ хүний хувь тавилан өөрөөс нь шалтгаална. Өөрөө бурханы зааснаар зөв амьдрах нь зөвхөн өөрөөс л шалтгаална. Үндсэндээ Бурханы шашны мөрөөр насан турш зөв замнасан хүн цөөхөн байдаг. Тэвчээр алдарна, эдэд шунана, хүнээс чинь янз бүрийн муу араншингууд гарч ирдэг байхгүй юу. Надаас ч ялгаагүй л муу араншин гарна. Тэрийгээ гагцхүү Буддагийн зөв амьдрах сургаалтай харьцуулаад “Ингэхэд болохгүй, тэгвэл болно” гэдгийг ялгаж байх учиртай. Бурханы сургаал надад хэрэг болсон. Бурхан байж ч мэднэ, байхгүй ч байж болно. Хамгийн гол нь сургаальд заасанчлан чи нүгэлгүй орлогоор амьдар. Өөрөөр хэлбэл чи хээл хахууль авч болохгүй нь ээ дээ. Хөлсөө цутган хөдөлмөрлөж, оюунаа шавхан байж олсон мөнгөөрөө амьдар гэсэн гайхамшигтай сургаал байна шүү дээ.

-Таны саяхан гаргасан номд “Гашууны голын хүү”, “Ерэн хоногийн оргодол” гэсэн бүтээлүүд чинь орсон байсан. Тэнд гарч байгаа аав нь шоронд орж байгаа, битүүний шөнө тэмээгээр ирж байгаа зэрэг явдлууд таны амьдралд тохиож байв уу?

-Яг бодит явдал ч биш юм аа. Уран зохиолыг арай ч тэгж амьдралыг хуулж бичихгүй шүү дээ. Ерөнхий ноён нуруу нь бол тэр. Тэр рааманд би уран сайхан оруулаад хүний нэр усыг нь өөрчлөөд явчихсан юм. “90 хоногийн оргодол” туужид дотуур байрны хүүхэд өлсөж цангаж байгаа, хонь мал төллүүлж, ээж нь их ядарч байгаа, аав нь шоронд явж буй энэ тэр бүгд л Монгол түмний туулсан амьдрал. Ганц манай аав хэрэгт татагдаж байгаа юм биш шүү дээ. Овоо малтай айлуудад мундаг ногдол оноогоод, тэд нь гүйцэхээ байгаад шоронд явчихдаг. Үнээнийхээ сүүг өөрөө ууж чадахгүй, тугал нь ч хагас хугас хөхнө. Тийм айхтар татвартай байлаа. Айраг овоо гайгүй байснаа сүүлдээ айраг хуу хамдаг болсон. Малын ашиг шимийг яагаад тэгж их хэрэглэх болсон нь ойлгомжгүй л байдаг юм. Орос руу малыг хөлөөр нь их гаргасан шүү дээ. Энэ тухай ярихаар “Зөвлөлтийн ачаар сурчихаад мууллаа” гэж үзэх янзгүй хүн олон шүү. Намайг оюутан байхад Оросын сэхээтэн, уран бүтээлч нөхөд “Оросууд хөрш орноо хөгжүүлэхгүй юм. Аль том төслийг нь гацаагаад байх юм” гэцгээхэд би “Юу л бол доо” гэж гайхдаг л байсан. Манайд ч “Эрдэнэт”-ээс өөр том төсөл ч ямар байсан ч биш дээ. Ялангуяа Киевээс ирсэн хэдэн оюутан надад их ярьдаг байсан. Одоо харж байхад үнэн л байж. Украйнчууд бол Монголчууд биш шүү дээ. Оросуудтай хэрэлдвэл хэрэлдэнэ, зодолдвол зодолдоно, маргавал маргана. Би нэг муу Монгол хажуугаас нь харж байхад украйнчууд “Та нар дарлаад байна. Бид тусдаа байх хэрэгтэй. Тэгээд найрамдалтай ах дүү хөрш байвал сайхан явна” гэдэг байсан. Оросууд бол дээрэлхүү юм билээ. Тэрэндээ ч импер нь задарсан. Хоёр импер задрахыг бид үзлээ.

-Нэг импер нь ЗХУ байсан. Харин нөгөөх нь?

-Чин гүрний импер 1911 онд нураад ойчсон. Англи, Америк, Япон, Орос тал талаас нь дайраад орсон. Энэ тодорхой түүх учраас би нэг их яриад юу хийхэв дээ. Тэгэхэд Манжийн хараат түшмэг улс шүү явсан Монголчууд овсгоотой загнаж Чин гүрнийг бут үсрүүт шалавхан хуралдаж, тусгаар тогтнолоо зарлаад л Богд хааны тамгатай бичгийг хоёр сарын дараа тусгаар болсон Хятадын Засгийн газарт илгээсэн байгаа юм. Ийм том гүрнүүд задарлаа. Хүнд ч гэсэн уруудах, дээрдэх, дордох үе байдаг шүү дээ.

-Манай урд, хойд хоёр хөрш Монголыг хөгжүүлэхгүй “хадны завсар хавчуулсан халиуны зулзага” болгоод байна гэцгээх юм. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Би энэ тухай нэлээд бичдэг. Улсууд ч нэлээд хараадаг. Төр засгийн жолоодогч сайд улс чинь хамаагүй ярьж болдоггүй юм байна лээ, хөөрхий. Намайг ч гэсэн сайдаар тавьчихвал би одооных шигээ шүүмжлэлтэй ярихгүй. Яагаад гэвэл тэр том албанд очихоор улсын, төрийн хүн болчихно шүү дээ. Яагаад улс орны энэ байдлыг зохиолчид, сэтгүүлчид зоригтой хэлээд байна вэ гэдгийг чи бод доо. Би удирдагч, сайд нараас хамаагүй үнэн хэлдэг. Том зохиолчид дандаа л үнэн ярьдаг. Энэ бол төрийн өмнөөс биш Доржготов өөрийнхөө өмнөөс ярьж байгаа учраас тэр юм. Оросын шог зохиолчид биднийг их муу хэлдэг. Би тэрэнд нь жигтэйхэн уур хүрдэг байлаа. Одоо чукчаг орхичихоод “Тэнэг Монгол тэгдэг гэнэ ээ” гээд ярьдаг болсон шүү дээ. Улстөрч хүн бол болгоомжтой ярихаас аргагүй. Тэд чинь үнэн худлыг мэдэж л байгаа. Улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор хэлэхгүй байх нь ч зөв. Зохиолчид, сэтгүүлчид бид тэдний хэлээгүй, яриагүйг хэлж бичиж байх ёстой. Гэхдээ муулсан болгон дийлдэггүй юм. Үнэнээр нь, юмыг нотолгоотой, (хамгийн гол нь үнэн гэдэг үг шалдан болчихоод байгаа юм) баримттай л хэлэх үүрэгтэй. Геометр, алгебрийн томьёо шиг үнэн баримттай, нотолгоотой бичих хэрэгтэй. Залуучууд та нараас тэрийг л хүсэж байна.

-Зохиолч, яруу найрагчид, уран бүтээлчид нийгмийн баялгийг бүтээгчид биш гэсэн хандлага нийгэмд бий болоод байх шиг...

-За яахав, тэд тэгвэл тэгж л байг. Бүхэл бүтэн гурван сая гаруй хүн байна. Хятад гэхэд 1.4 миллиард хүнтэй. Бүгдээрээ баялаг бүтээгчид гээд шавар зуураад барилга бариад байхгүй шүү дээ. Оюун санаа чинь маш их үнэ цэнтэй зүйл. Төр нь зөв бодлого явуулаад, иргэд нь гадны нөлөөнд хууртагдахгүй, үнэнийг ойлгочихвол авьяас гэдэг чинь үнэлж баршгүй баялаг. Яруу найрагчид, сайхан хоолойтой дуучид чинь энэ их олон хүн амын хэдхээн хувь нь юм. Энэ хэдхэн хувь хүмүүс массаа байлдан дагуулж араасаа шууруулах хэрэгтэй. Тийм хэмжээнд хүрэх эсэх нь уран бүтээлчдийн авьяас юм. Улс оронд уран бүтээлчид зайлшгүй байх хэрэгтэй. Шог зохиолчийг аваад үзье л дээ. Дээр үед “Бадарчны үлгэр” гэж яригддаг байсан биз дээ. Одоо ч гэсэн шог зохиолчийн энэ үүрэг байж л байгаа.

-Танай шог зохиолчдоос сүүлийн үед гайгүй уран бүтээл хийж байгаа хэн гээч авьяастан байна?

-“Тоншуул” сэтгүүл гарахгүй болохоор би сайн мэдэхгүй юм. Амарсайхан гээд залуу бичээд, зураад байгаа л сурагтай байх юм. Бас Дагвын Жаргалсайхан гээд залуу бий. С.Цогтбаяр “Тоншуул”-д татаад хэдэн сар ажиллуулж үзсэн байх. “Тоншуул”-аа гаргадаг чадалтай бол эд чинь улам л хөгжөөд, туурвиад л байна л даа. Намайг Нацагдоржийн шагнал авахад Жамцын Шагдарын “Монголд ирдэг хошин шогийн олон шувуудын нэг цөөрөм байдаг. Тэр нь “Тоншуул” гэсэн нэг үг байдаг юм. Уг нь сэтгүүлээ гаргачихвал хошин шогт дөртэй, дуртай эд маань нэг доор цуглачих л юм л даа.

-Өнөөгийн нийгэмд инээдэмтэй бас эмгэнэлтэй юм юу байх шиг байна?

-Амьдрал гэдэг юм чинь барагдашгүй, таагдашгүй. Хүн ч гэсэн таагдашгүй. Хүнийг бүрэн танина гэж байхгүй байх. Хүн таних байтугай би өөрийгөө ч ямархуу этгээд вэ гэдгээ таниагүй л явна. Тэрэнтэй адил ямар ч хөгжилтэй нийгэмд тайлагдахгүй юм нь хүн төрөлхтнийг зовоогоод л явах байх. Энэ оньсогыг тайлах гэсээр хүний оюун ухаан цэцэглэж хөгжиж байгаа юм. Ямар ч асуудалгүй болчихвол хүний нийгэм их хачин болчихно шүү дээ. Шог хошин зохиолоороо жишээ авахад л аливаа юм бүхэн тэнэгрээд байна. Тэнэгэрч байгаад нь би их харамсаж байгаа. Улс төрд сонголт хийж байгаа нь, талцаад хэрэлдэж байгаа нь, хамгийн аймаар нь төрийн том түшээ нь хүртэл ярьж хэлж байгаа нь дэндүү тэнэгэрч байгаагаа илэрхийлэх болсон. Хэн ч гэнэ вэ нэг гишүүн Баянзүрх дүүрэгт нэг чулуун нохойны хөшөө барьчихсан байгаа юм. Тэрийгээ сонин дээр “Энэ хөшөөг барьснаар хүүхдийн эндэгдэл эрс буурч, хулгай гэмт хэрэг багаслаа” гээд гаргачихсан байгаа юм. Тэр чулуун нохойны ачаар тийм юм болно гэж байх уу. Тэгж хэлэхээр л би урам хугараад байгаа юм. Гишүүнээс нохойны хөшөөний талаар биш одооны эдийн засгийн менежмент, хоёр хөрштэйгөө яаж зохицож, яаж гуравдахь хөрштэйгөө харьцах вэ гэх мэтийн өөр юм сонсмоор байна шүү дээ. Ийм тэнэгэрэл их байна аа. Тэнэгэрэл хүнийг ичихгүй болгочихдог байхгүй юу. УИХ-д хачин хачин юм яриад байгаа гишүүд байна аа даа. Эд чинь тэнэгэрээд ичих мэдрэмж нь ажиллахаа больчихсон байна шүү. Шог зохиолч энэ тэнэгэрлийг эдгээж, инээдийг өгдөөж, тэр муухай өвчнийг багасгах ёстой юм.

-Манай хошин шогийн хамтлагууд хятад болж худлаа шушмаатаж шулганах юм уу, хөдөөний эмгэд өвгөдийг л доромжилсон үзүүлбэрүүд тоглох юм. Нарны зайгаар зурагт үздэг болчихсон өнөө цагт тэгтлээ буйдарчихсан ухаантай эмгэд өвгөд ч нүдний гэм л болсон санагдаад байдаг юм даа?

-Тусгүй юм байгаа юм. Муудаа эрэлхэж байгаа юм. “Муу нь муудаа, муна нь гадсандаа дээрэлхүү” гэдэг байх аа. Тэрэн шиг л юм болж байгаа юм. Хүн үнэн юманд дургүйцдэг. Тэр дургүйцэл нийгэмд их багасч байна. “Өө, надад хамаатай биш, яасан ч яахав. Тэр тэгж хулгай хийгээд хилийн цаана луйвар хийжээ гэж ярихад л надад л хамаагүй байвал барав” гэдэг болж. Харин өөрсдөө авилга өгч, алхам тутамдаа хууль зөрчих эвгүй нөхцлийг бий болгоод байна шүү дээ. Үр хүүхдийнхээ ирээдүйг ч баллаж байна. Тэгээд нэг том хулгайчийн нөмөрт очиж байна. Нөмөрт байх нь яахав гэхэд тэр хулгайч нь дандаа хулгай хийхийг албадна. Нөгөө муу чинь сүүлдээ шоронд ороод том нь үлдчихээд байгаа баримт жишээ зөндөө байх юм. Энэ бол харамсалтай. Тааруухан, оюуных нь төвшин доогуур байгаа ард түмнээс муу дарга л сонгогдоно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]