Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аргамаг морьд индианчуудын амьдралыг өөрчилсөн ньУншсан5,456

Аргамаг хүлэг унан довтолгох уугуул Америкийн индианчууд анхандаа морь гэдэг амьтныг мэддэггүй байсан гэвэл та гайхах уу.

Б.Нямдолгор

Аргамаг хүлэг унан довтолгох уугуул Америкийн индианчууд анхандаа морь гэдэг амьтныг мэддэггүй байсан гэвэл та гайхах уу. Тийм ээ энэ бол үнэн түүх. Одос үхэр агнадаг уугуул индианчуудын сэтгэлийг хурд, аргамаг морьд тэр дороо л  татсан байдаг. 

Берингийн хоолойгоор дамжсан нүүдлээс хойш хамгийн багадаа 10000 жилийн дараа л морьд энэ тивд  үзэгдсэн. Хэдэн мянган жилийн турш уугуул омгийнхон аялах, ан ав хийхдээ явган явж, харин ачаа бараа зөөх зэрэг бусад ажлыг хийхдээ одос үхэр, нохдыг ашигладаг байжээ. 1493 онд Кристофер Колумб 20 андалуз үүлдрийн морьд авчран Хойд Америкт морийг дахин танилцуулах үед уугуул америкчууд хурдан, үнэнч морьд тэдний амьдралд ямар их өөрчлөлт авчрахыг төсөөлөө ч үгүй байсан юм.

Морь Уугуул Америкчуудын Соёлд хэрхэн нэвтэрсэн бэ?

"Колумбыг очиход Карибын тэнгисийн уугуул иргэд болох тайночууд хагас хүн, хагас адгуус төрхтэй нэгэн амьтаныг хараад айцгаажээ. Тайночууд хүн ийм амьтны нуруун дээр гарчихсан явахыг хэзээ ч олж харж байгаагүй юм” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Он цагийн уртад уугуул омгуудын мориноос айх айдас морины хурд, хүчийг бахархан бишрэх сэтгэлээр солигдсон юм. Амьтдаас нохойтой хамгийн ойр дотно харилцаатай индианчууд шинэхэн танилцсан энэ үлгэр домгийн амьтнаа “Хандгай нохой”, “Тэнгэрийн нохой”, “Ариун нохой” гэх мэтээр нэрлэж байсан байдаг. Одос үхрийг агнахдаа үхрээ хадан хавцал руу хөөж байгаад нисгэдэг байсан индианчууд морьтой болсноор ан ав хийх арга барилаа эрс өөрчилжээ. Тэд морины хурдаар дахиж одос үхрийг хөөж агнах явцдаа өөрсдөө ч чадварлаг морьтнууд болон хувирцгаасан юм.

Колумб ирснээс хойш 200-гаад жилийн дараа буюу 1680 оны индианчуудын томоохон бослогын үеэр индианчууд морийг гарамгай эзэмшиж сурсан байсныг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. 1700 он гэхэд Хойд, Өмнөд Америк даяар морьд тархаж, шинэ шинэ үүлдэр гарч эхлэв.

Отог омгууд хурд, хүч сайтай морьдынхоо ачаар их хэмжээний амт чанар сайтай идэшний мах бэлдэх болж, урц, хувцас, хайрцаг зэргийг хийх арьс ширээр тасрахаа болилоо. Дээрээс нь чирч болдог модон чаргыг хөллөгөөнд оруулснаар тосгон даяараа мориор ийш тийш давхилдан, эд зүйлсээ нааш цааш зөөдөг болжээ. Морьд тэдний өдөр тутмын амьдралын хэрэглээнд орж ирснээр амьдардаг урцных нь хэмжээ томроод зогссонгүй эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажил үүрэг ч хөнгөрч, морины түүхий эдийг ашиглан гар урлалын бүтээл хийх илүү их цаг завтай болсон юм.

Олон сайн хүлэг морьдтой омгууд ан ав хийдэг газар нутгаа тэлж, өөрийн омогтоо илүү их хэмжээний эд хөрөнгийг авчрах болов. Сөргөлдөгч тал руугаа довтолж, тэдний морьдыг өөрийн болгож булаах нь омог хоорондын дайны “түлхүүр” тактик болж байсан залуу дайчид өрсөлдөгчийнхөө отог руу алхаж хүрээд хамгийн сайн, аргамаг хүлгийг нь хулгайлдаг байлаа. Нохдод нь мэдэгдэлгүйгээр индианчуудын тосгон руу гэтэж орно гэдэг хүндхэн сорилт байдаг байжээ. Зарим эзэд аргамаг хөлгөө хулгайд алдчих вий гэж санаа зовохдоо шөнө унтахаараа олсныхоо нэг үзүүрийг мориндоо, нөгөө үзүүрийг бугуйнаасаа уячихаад үе үе олсоо татаж үзэн морио байгаа эсэхийг нь шалгадаг байсан гэсэн яриа ч байдаг юм. Хүлэг морьдтой болсон үеийн индианчуудын тухай өгүүлэхэд ийм ажгуу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]