Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цагаан сарын барилдааны түүхээсУншсан1,571

Эзэн богд Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн сар шинийн баярын бөхийн барилдаанаар тухайн жилийнхээ наадмын барилдааны өнгийг шинждэг уламжлалтай.

Эзэн богд Чингис хааны үеэс тэмдэглэж ирсэн сар шинийн баярын бөхийн барилдаанаар тухайн жилийнхээ наадмын барилдааны өнгийг шинждэг уламжлалтай. Бөх сонирхогч олон цагаан сарын барилдаанд өндөр амжилт гаргасан бөхийг улсын наадамд түрүүлж үзүүрлэх, их шөвөгт үлдэх нь баараггүй хэмээн таавар дэвшүүлэх нь элбэг. Ингээд Сар шинийн барилдааны түүхээс, сонирхолтой баримтуудыг та бүхэндээ сонордуулж байна.

  • Цагаан сарын барилдаан анх 1963 онд “Нэгдэлчдийн өдөр”, “Малчдын сайн өдөр” хэмээх тодотголтой баярын өдрийг тохиолдуулан Мэдээлэл, Радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохион байгуулж байв.
  • Цагаан сарын тодотголтой анхны барилдаанд 64 бөх барилдсанаас Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбат 22 насандаа зургаа даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн алдарт гурван аваргын нэг болох Чойжилын Бээжин үзүүрлэсэн түүхтэй. Их шөвгийн дөрөвт Төв аймгийн хүчит хоёр арслан Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам нар шалгарчээ.
  • Ж.Мөнхбат аварга тухайн үед улсын заан цолтой байв. Анх түрүүлсэн наадмынхаа тухай “Хаях би яараагүй байхад” номондоо тодорхой өгүүлсэн байдаг. Алдарт “Хоёр Мөнх” 1963 оны сар шинийн баярт анх удаа учраа таарсан гэдэг. Мөнхбат аварга сар шинийн барилдаанд түрүүлсэн жилээ улсын наадамд давхар түрүүлсэн. 
  • Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар нар сар шинийн барилдаанд анх түрүүлэхдээ заан цолтой байв.
  • 1963 онд 64 бөх барилдаж байгаад 1971 оноос 128 бөх, 1991 оноос 256 бөх барилсан нь үндэсний бөхийн барилдаануудаас нэр хүндээрээ наадмын дараа орох барилдаан гэдгийг илтгэнэ. Зарим жилүүдэд бөхийн тоо өөрчлөгдөж байжээ. Тухайлбал 1970 оны нохой жил 120 бөх, 1973 оны үхэр жил 104 бөх, 1976 оны луу жил 160 бөх барилдсан байна.
  • 1991 оноос сар шинийн барилдаанд анх удаа 256 бөх зодоглосон.
  • Сар шинийн барилдааныг 1968 оноос радио, телевизээр анх удаа шууд цацсан.
  • 1968-1990 оны барилдааныг Хөдөө аж ахуйн яамны Нэгдлийн холбооны дээд зөвлөл, Монголын радио, телевизийн улсын хорооны нэрэмжит, 1991 оноос Цагаан сарын шинийн нэгэн буюу сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэртэй болжээ.
  • 1963-1998 онд Спортын төв ордонд, 1999 оноос Монгол бөхийн өргөөнд болж ирсэн.
  • Сар шинийн барилдаанд хамгийн олон түрүүлсэн нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр 13 удаа түрүүлжээ. 1988-1998 оны хугацаанд завсаргүй 11 түрүүлсэн бөгөөд улсын баяр наадамд бас 12 түрүүлсэн билээ. Түүний 11 жил завсаргүй түрүүлсэн амжилтыг 1999 онд дархан аварга А.Сүхбат зогсоосон түүхтэй.
     
  • Найм түрүүлсэн Х.Баянмөнх, зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат нар удаах байранд жагсдаг. Дархан аварга Х.Баянмөнх найман удаа түрүүлж дөрөв үзүүрлэсэн бол Дархан аварга Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлж дөрвөн удаа үзүүрлэсэн.
  • 1963 оноос хойш болсон барилдаанд дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, даян аварга С.Цэрэн, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нарын 14 аварга цолтой бөх түрүүлжээ.
  • 1963, 1967, 1988, 2008, 2011 оны сар шинийн барилдааны их шөвөгт Аварга цолтой бөх шалгарч байгаагүй аж.
  • Цагаан сарын барилдаанд дархан аварга Х.Баянмөнх хамгийн олон буюу 18 удаа их шөвөгт үлдсэн байна. Араас нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөгт шалгарсан. Сонирхуулахад, дээр дурдсан дөрвөн бөхөөс өөр цагаан сарын барилдаанд 10-аас олон удаа их шөвөгт үлдсэн хүчтэн байхгүй. 
  • Сар шинийн барилдаанд Аварга цолонд хүрээгүй долоон бөх түрүүлсэн түүхтэй. Тодруулбал, улсын харцага, ардын багш Ч.Өвгөнхүү, арслан Б.Ганбат, гарьд И.Доржсамбуу, харцага Ш.Мөнгөнбаатар, гарьд Д.Рагчаа, арслан Ц.Содномдорж нарын долоон бөх аварга цолонд хүрээгүй байхдаа сар шинийн барилдаанд түрүүлжээ.
  • Аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх бий. Тэр нь улсын арслан Б.Ганбат, улсын заан Ц.Магалжав, харцага О.Хангай нар юм.
  • Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо хоёр удаа үзүүрлэсэн ганцхан бөх байдаг нь Улсын харцага О.Хангай. Тэрбээр 2014, 2017 онуудад сар шинийн барилдаанд үзүүрлэсэн.
  • Аймгийн цолтойдоо их шөвөгт шалгарсан анхны бөх нь улсын начин Д.Нэмэхбаяр.
  • Цагаан сарын барилдаанаар өндөр амжилт гаргасан бөхчүүд наадмаар сайн барилддаг гэдэг. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа тохиолджээ. 1963 оноос хойш цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхчүүдээс дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, даян аварга С.Цэрэн, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба зэрэг 14 аварга цолтой бөх түрүү байрыг эзэлсэн байна. Мөн улсын арслан Л.Сосорбарам, Б.Ганбат, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ч.Өвгөнхүү, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар нар сар шинийн барилдаанд түрүүлжээ.
  • Сар шинийн барилдаанд дархан аварга Д.Цэрэнтогтох таван удаа үзүүрлэжээ. Түүний араас улсын аварга Д.Сумъяабазар дөрвөн удаа үзүүрлэснээрээ орох бөгөөд тэрбээр гурван удаа дараалан үзүүрлэсэн нь шинэ амжилтыг тогтоожээ.
  • 1998 онд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын заан Б.Ганбат аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж цагаан сарын бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн билээ. Улсын цолгүй бөх түрүү үзүүрт шалгарсан тохиолдол 1998 он хүртэлх хугацаанд байгаагүй юм. Бат-Эрдэнэ аварга тэр жил арван нэг дэхээ түрүүлсэн.
  • 2010 оны цагаан сарын барилдааныг хүртэл улсын цолгүй бөх түрүүлж байгаагүй билээ. Түрүүлсэн бөхчүүд дунд хамгийн доод цолтон нь улсын начин Ч.Өвгөнхүү, О.Балжинням байсан бол 2010 оны сар шинийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын уугуул, цэргийн хурц арслан Чимэдрэгзэнгийн Санжаадамба түрүүлсэн нь улсын цолгүй бөх түрүүлсэн анхны тохиолдол. Түүний дараа жил аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж залуу үе гарч ирсэний дохио болсон юм. Тэрбээр мөн 2015 онд заан цолтойдоо, 2017 онд аварга цолтойдоо дахин сар шинийн барилдаанд түрүүлсэн байна. Түүний дараа 2011 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн.
  • Сар шинийн барилдаантай холбоотойгоор бөхчүүд хариуцлага тооцож байсан тохиолдол ховор. Харин 2014 оны сар шинийн барилдааны дараа МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж, зарим бөхийн гаргасан дэг журмын асуудлыг хэлэлцэн, хариуцлага тооцож байсан юм. Тодруулбал, тухайн үед харцага цолтой байсан Ц.Содномдорж арсланг сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын гарьд Б.Гончигдамбатай барилдахдаа барилдааны төгсгөлд өрсөлдөгч бөхийнхөө зүүн гарыг мөр, тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж, хоёр үйлдлээр буруутган, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хасах шийдвэр гаргаж байжээ.
  • 1963 оноос хойш 56 жил тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн Сар шинийн уламжлалт барилдаан дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2020 онд анх удаа зохион байгуулахгүйгээр өнжсөн юм. Энэ жил мөн өнжиж байна.
  • 1966 оны цагаан сарын барилдааныг Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга өнгөлж байв. Уг барилдаанд таван аваргаас бус харин заануудаас буюу залуу заан Х.Баянмөнх анх удаагаа түрүүлсэн түүхтэй.
  • 1967 онд Х.Баянмөнх аварга хоёр дахь удаагаа түрүүлж, Ч.Бээжин аварга үзүүрлэжээ. Тэр жилийн наадамд Мөнхбат, Баянмөнх нар улсын наадамд мөн түрүү үзүүрт шалгаран 2 цаг 48 минут барилдасны эцэст Ж.Мөнхбат түрүүлсэн түүхтэй. Наадмын комисс удаан барилдан ард түмнийг залхаасан хэмээгээд хэн хэнд нь цол чимэг өгөөгүй гэдэг.
  • 1968 онд Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ч.Бээжин, Х.Баянмөнх нарын аваргууд их шөвөгт шалгарснаас Ж.Мөнхбат аварга гурав дахиа түрүүлсэн. Тэр жилийнхээ наадмын түрүү үзүүрт Х.Баянмөнх аваргад өвдөглөснөөр төрийн наадамд анх удаа үзүүрлэсэн аж.
  • 1969 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, улсын харцага Ч.Өвгөнхүү Д.Долгорсүрэн заанаар дөрөв, С.Цэрэн аваргаар тав, Ч.Бээжин аваргаар зургаа давж түрүүлсэн.
  • 1978 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох аварга анх удаагаа түрүүлж, Ж.Мөнхбат аварга үзүүрлэсэн бол их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Долгорсүрэн заан нар шалгарсан байна. Д.Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд мөн л анх удаагаа түрүүлэн Улсын арслан цол хүртжээ.
  • 1980 онд Дагвацэрэнгийн Хадбаатар аварга манлайлж, Д.Долгорсүрэн заан үзүүрлэжээ. Д.Хадбаатар аварга 1980 онд улсын харцага Д.Долгорсүрэн, 1984 онд улсын заан Ё.Ишгэн, 1985 онд дархан аварга Д.Цэрэнтогтохыг давж сар шинийн барилдаанд 3 удаа түрүүлсэн. Сонирхолтой нь бүгдэд нь Өвөрхангайн бөхийг давж түрүүлсэн. Түүний хувьд бүх түрүүгээ арслан цолтойдоо авсан байна.
  • 1988 онд Б.Бат-Эрдэнэ аварга анх удаа түрүүлснээр Монгол бө­хийн түүхэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн үе эхэлж байгаа юм.
  • 2019 оны барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв. Энэ нь Сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ. Улсын арслан Р.Пүрэвдагва долоогийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давж, наймын даваанд буюу үзүүр түрүүний барилдаанд улсын арслан Ц.Содномдоржийг давснаар сар шинийн барилдаанд анх удаа түрүүлсэн байна. 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]