Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дуунаас хурдан онгоц өөрийгөө буудсан ньУншсан9,289

Тэгвэл энэ агуу физикчийн бичсэн зүйлтэй төстэй гэх үү, эсвэл бүр түүнээс ч давсан ер бусын явдал бодит түүхэнд тохиолдож байсан юм.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Орчин цагийн суут физикч, математикч Яков Перельманы “Сонирхолтой физик” хэмээх хүүхэд залуучуудад зориулсан сонирхолтой ном бий. Тэр номонд байдаг нэгэн хэсгийг сонирхуулъя.

("Чалчаа саарал" миний бие будилж Яков Перельманыг орчин цагийн Григорий Перельмантай хольж хутгасан байна. Энэ дэмийрлийг маань олж засч өгсөн уншигчдадаа талархаж байгаагийн хамт уучлал гуйж байгаа юм шүү. Ингээд Григорийн Перельман гэснийг Яков Перельман болгон өөрчиллөө)

Империалист дайны үеэр Францын нэгэн нисгэгчид их хачирхалтай явдал тохиолдсон тухай сонинууд шуугиж байжээ. Тэр нисгэгч ойролцоогоор 2 км-ийн өндөрт нисэж явах үед нүүрнийх нь ойролцоо ямар нэг жижиг амьтан нисэх шиг болсон байна. Ялаа гэж бодон шүүрч аван хартал ... германы байлдааны сум байлаа.

Алдарт барон Мюнхгаузены (Мянгуужин) их бууны сумыг гараараа барьж авдаг шиг сонсогдохгүй байна гэж үү! Гэтэл тэрхүү нисгэгч сум барьж авсанд үнэндээ гайхаад байх зүйл үгүй гэнэ.

Сум бууны амнаас гарсан 800-900 м/с хурдаа тогтмол барьж чадахгүй нь ойлгомжтой. Агаарын эсэргүүцлээс болж аажуухан хурд нь буурах ба сум унахын үед хурд нь дөнгөж 40 м/с болно. Харин онгоц ийм хурдтай нисэж бүрэн болох билээ. Тэгэхээр сум болон онгоц адилхан хурдтай байх боломж маш их байна гэсэн үг бөгөөд ийм үед нисгэгчтэй харьцуулахад сум нь огт хөдөлгөөнгүй юм уу дөнгөж хөдөлж байгаа мэт байх болно. Ийм юмыг бариад авахад төвөггүй, дээр нь нисгэгч бээлийтэй учир агаарын эсэргүүцэлд халсан сумны халуун дулаан гарт огт мэдрэгдэхгүй байна.”

Хүүхэд байхдаа үүнийг уншиж байсан хүмүүс олон байх.

Тэгвэл энэ агуу физикчийн бичсэн зүйлтэй төстэй гэх үү, эсвэл бүр түүнээс ч давсан ер бусын явдал бодит түүхэнд тохиолдож байсан юм.

Хүйтэн дайны эхэн үеэр ЗХУ Миг-15 хэмээх сөнөөгч онгоц бүтээсэн нь америкчуудыг хэцүүхэн байдалд оруулсан учир түүнтэй өрсөлдөхүйц сөнөөгч бүтээх ажилд ханцуй шамлан орлоо. Олон янзын онгоц бүтээж туршиж байсны нэг нь F11-F Tiger байв. 6,5 тонн жинтэй энэ машин форсажийн (дээд хурд гаргах) үед 1170 км/ц (11000 метрийн өндөрт) хурд гаргаж чадаж байсан нь Миг-ээс 100 км/ц-аар илүү байсан бөгөөд 4 ширхэг 20 мм-ийн их буутай, буу болгон 125 сумтай гэх мэтийн үзүүлэлттэй байв. Зүгээр ч үгүй Америкийн тэнгисийн цэргийн хоёр дахь дуунаас хурдан онгоц гэж нэрлэгдэж байсан гэдэг. (1170 км/цаг-дуунаас хурдан юм биз дээ хөөрхий...)

 1956 оны 9-р сарын 21-нд Grumman компанийн туршин нисгэгч Томас Эттриж BuNo 138620 дугаартай дээрх онгоцоор нисэн их бууны туршилт хийх ёстой байлаа.

Эргээс нэлээд холдож далай дээр гарсан хойноо Эттриж 6 км-ийн өндрөөс аажим доошлон 4 км-ийн өндөрт онгоцны 20 мм-ийн их буугаар 4 секундын турш урт ээлжээр буудаж 70 гаруй сум гаргасан бөгөөд үүнийхээ дараа форсаж хийн (дээд хурд) огцом шумбалт хийн доошилсоор 2 км-ийн орчимд дахин хэдэн сум гаргажээ. Яг энэ үед түүний онгоцыг ямар нэг юм хүчтэй мөргөсөн бөгөөд онгоцны нисгэгчийн бүхээг гэмтэн цуурч удахгүй бут үсрэх аюул бий боллоо. Онгоц нь шувуутай мөргөлдсөн гэж ойлгосон Эттриж онгоцны хурдыг хасаж юу болсон тухай мэдээлэл дамжуулаад Нью-Йорк муж дахь Калвертон хотын ойролцоох Grumman-ны баазын нисэх буудлын талбай руу эргэсэн байна. Гэтэл энэ үед моторын хүч огцом муудсан байснаас бааз хүртэл нисэж чадахгүй нь тодорхой болсон ба хүч нэмэх гэх оролдлого бүрт онгоц салганан чичирч агаарт бут үсэрчих аюултай байв. Ийм үед онгоцоо орхихоос өөр арга үгүй мэт боловч Эттриж зүтгэсээр байгаад буудлаасаа ганцхан км-ийн дутуу газар элэглэн буусан бөгөөд 100 гаруй метр газар гулсан явсан онгоц аажмаар шатан задарсан байна. Хөлөө хугалж, нуруугаа гэмтээсэн Эттриж унасан онгоцоо шатахаас өмнө амжиж зайлж чаджээ. (Хаа газрын туршин нисгэгч нар гэж аргагүй л эрийн шийр заасан нөхдүүд байх юм даа)

Хэрэг явдлын дараа утга учрыг нь олох гэж олон янзын шалгалт явж таараа. Гэтэл энэ бүх шалгалтын дүн нэг л зүйлийг зааж байсан нь хүний санаанд багтамгүй хэрэг байсан бөгөөд нэг үгээр хэлбэл Эттриж өөрийнхөө онгоцыг өөрөө буудсан явдал байж. 4км-ийн өндөрт байхдаа ээлж өгөөд доош форсажаар шумбан дараа нь онгоцоо тэгшлэхдээ анх буудсан сумныхаа траекторт орсон байна. Нэг ёсондоо өөрийгөө буудсан гэхээсээ илүү унаж яваа сумны доогуур орсон гэх нь илүү зөв байх.

Онгоц гурван суманд оногдсоны нэг нь нисгэгчийн бүхээгт, нөгөөх нь чиглүүлэгч эд ангийг онож агаар сорогчтой цуг гэмтээсэн бол үлдсэн нэг нь онгоцны хамар хэсгийн агаар зүсэгчийг гэмтээжээ. Аз болоход эдгээр сум нь задарч тэсрэх сум биш байсан учраас онгоц агаарт бут үсэрчихээгүй бололтой.

Энэ явдлаас хойш АНУ-ын флотын удирдагч нар нисгэгчдэд зориулсан тусгай заавар гаргасан ба онгоцны их буугаар буудсаны дараа шумбах өнцөг аль болох бага байх, эсвэл буудалтын дараа хажуу тийш зайлах гэх мэтийн үйлдэл хийх ёстой зэрэг зүйлүүд байжээ.

Өөрөө өөрийгөө буудсан Эттриж удалгүй туршин нисгэгчийн ажилдаа эргэн орсон бөгөөд дараа нь бүр Аполло програмд ажиллаж байсан гэнэ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]