Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богд Жавзандамбыг багын анд нь мэс өргөж шархдуулсан тухай түүхУншсан25,403

Шавийн шорон гэж тусгай шорон одоогийн зэвсгийн байшингаас өмнө 12 байшин байсан юм. Бэх бат, хатуу шорон байжээ.

XX зууны соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч хатагин Цэндийн Дамдинсүрэнгийн 1969 онд хэвлүүлсэн "Түүвэр зохиол"-д "Өвгөн Жамбалын яриа" орсон ба үүнийхээ оршилд Ц.Дамдинсүрэн гуай “Миний бие Монголын соёлын түүхийн нэг салбар болох уран зохиолын түүхийг судалж байх учраас энэ тухай элдэв сонин мэдээ зэргийг ном дэвтрээс үзэхээр зогсохгүй өвгөд настан хүмүүсээс үргэлж сураглан асууж тэдний ярьсан зүйлийг тэмдэглэн бичсээр байдаг билээ. Тэдний ярьсан зүйлийн дотор манай соёл ба нийт түүхэнд чухал хэрэглэгдэхүүн болох юм тоймгүй байна” хэмээн өгүүлжээ.

Ер нь Ц.Дамдинсүрэн гуай хууч яриаг ихэд сонирхож "ойрмог шиг болсон явдалд оролцсон буюу үзсэн хүмүүсийн дурсамж яриаг ардууд хууч хөөрөх гэдэг бөгөөд үүнд бид анхаарлаа хандуулж сурвалжлах, цуглуулах, бичиж авах, тэмдэглэх хэрэгтэй байна" хэмээн онцолж энэ чиглэлд шижир алтнаас үнэтэй олон ардын яриаг сурвалжлан тэмдэглэж үлдээсний нэгээхэн хэсэн нь "Өвгөн Жамбалын яриа" билээ.

Жамбал нь 1882 онд төрсөн, Ц.Дамдинсүрэн гуайд хууч хөөрч дурсамжаа ярихдаа 1958 онд 77 настай байжээ. Наймдугаар Богд Жавзандамбын дэргэд олон жил үйлчилж, Бадма Ёга дацангийн дуганч буюу зарлагын чанартай алба эрхэлж, олон жил хашсаны учраас 1922 онд 40 настайдаа шавийн даншиг наадамд Богдоос "Билэгт" цол шагнуулж байсан хүн юм.

"Өвгөн Жамбалын яриа"-нд түүхийн гэрч болох олон мэдээ байх бөгөөд үүний нэг болох "Мөрлэгцэг сойвон"-гийн тухай хэрхэн өгүүлснийг уншигчдадаа хүргэе.

Мөрлэгцэг хэмээх сойвон лам нь Богдтой насан багаас тоглож наадан хамт өссөн бөгөөд Түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан бээр VIII Богд Жавзандамбын тухай өгүүлэлдээ "Далай ламын санхүүч чинээлэг түшмэл Гончигцэрэнгийн гэpт төpсөн Жавзандамбыг таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдод багаас нь төвд, Монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншлыг түүнд сургасан байна. Тэрбээр Монгол хүүхдүүдтэй тоглож, яг л Монгол хүүхэд шиг Монгол нутагт идээшин дасаж өсчээ. Богд хүүхэд ахуйдаа Монгол айлд хонож өнжин хүүхдүүдтэй нь тоглох дуртай байсан гэдэг. Түүний багадаа унаж байсан ямааны эмээл нь эдүгээ Богд хааны музейд хадгалагдсаар буй. Тэрбээр Зоогойн аймгийн Мөрлэгцэгтэй үерхэж, түүний ядуу амьдралд тус дэм үзүүлж байжээ. Мөрлэгцэг ээжтэйгээ хоёул аж төрдөг ядмаг амьдралтай байсан тул тэдний гэрийг өвөл давхарлуулан дулаан болгож, Ганданд байшин бариулж өгч байсан гэдэг. Хэдийгээр эрийн цээнд хүрсэн ч гэсэн Богд тэр залуу найзыгаа өөд нь татахыг бодож, бүхий л талаар дэмжлэг үзүүлж байсан боловч тэр нь тусыг усаар хариулах гээч болж байсан гэдэг билээ" хэмээн өгүүлсэн нь өвгөн Жамбалын ярианд хэрхэн тэмдэглэгдсэнийг цугаар  дор үзэцгээе.

Мөрлэгцэг сэмбэн буюу сойвон

Мөрлэгцэг сэмбэн бол Богдоос арай дүүмэд хүн бөгөөд Богдын үсийг авдаг байсан. Тэр Богдын дэргэд Богд болсон, дээлээ сольж өмсдөг, чиний миний үгүй болсон хүн байлаа. Нэг өдөр Богд Лэгцэг хоёр ижил дээл, ижил морьтой давхиад Лэгцэгийн гэрт очиход Лэгцэгиийн эх "Богд минь Лэгцэгийн чинь гэр дан бүрээстэй байна шүү. Давхарлах бүрээс хэрэгтэй байна” гэхэд Богд гэр өгсөн юм байжээ.

Сүүлдээ Богдтой өвөрт нь орж унтдаг болсон Лэгцэг их цэвэрхэн лам байсан. Богд Гандан дээр Лэгцэгт сайхан байшин бариулж өгчээ. Тэр байшинг мялааж, их найр болоход олон лам нар цугларсан юм гэнэ. Энэ бол зун болсон хэрэг. Тэгээд цугларсан лам нарт айраг энэ тэр өгч, айргаар их шахсан юм байх. Нэг ядуу лам “Би ууж чадахгүй шүү” гэхэд Лэгцэг “Чи ууж чадахгүй юм бол яах гэж ирсэн юм бэ” гэж тас алгадсан юм гэдэг. Лэгцэг тун их шартай эр байжээ. “Хөөрхий энэ хүн Богдын хишиг удаан хүртэж чадах болов уу даа" гэж лам нар ярилцдаг байсан. Тэгээд Лэгцэг "Намайг орхиж лам нараар хэслээ" гэж Богдыг зодож үүдэн шүдийг нь хуга шаасан юм. Түүнээс хойш Богдын үүдэн шүд хугархай байсан.

Бадруулт төрийн хорин хэдэн онд болов уу, намрын сүүл сарын нэг өдөр Богд, хоёр хүн дагуулж тойн Шанзавынд ирж баахан ярилцаж байжээ. Тэгээд шөнө дундаас хойш Шанзав, өөрийн хаалгач хочтой Наваанцэрэнг дуудаж "Одоо бушуу яваад лам зайсан, хар зайсан хоёрыг дуудаад ир" гэжээ. (Үүнийг Наваанцэрэн өөрөө надад ярьж байсан юм). Ингээд Наваанцэрэн морьтой давхиад хоёр зайсанг дуудаж, Шанзавт мэдэгдсэнд Богд тэнд байж гэнэ. Шанзав гарч ирээд "Та гурав явж Лэгцэг сойвонг барьж шоронд хий" гэж тушаажээ. Тэр гурван хүн үүр тэмдэг орох шахаж байх үед Лэгцэгийн хашааны үүдэнд очиж, хаалгыг цохижээ. Гарч ирэхгүй болохоор Наваанцэрэн нь "Лэгцээг гараад ир" гэж дуудсанд Лэгцэг Богд ирж байгаа юм болов уу гэж бодоод улаан торгон дээл нөмрөөд гарч ирэн "Хэн вэ?" гэхэд "Би байна, хаалгаа тайл" гэж зандарсанд хаалгыг тайлсанд Наваанцэрэн, Лэгцэгийг тэвэрч бариад гарыг нь хүлээд шоронд аваачихаар зүүн Сэлбэ тийш явж байтал Лэгцэг асуужээ. "Богдын лагшин сайн болов уу?" гэхэд "Хэн мэддэг юм бэ, чи мэддэг болохоос биш би мэддэггүй" гэж хэлээд, гав тушаа хийгээд шоронд хийжээ.

Шавийн шорон гэж тусгай шорон одоогийн зэвсгийн байшингаас өмнө 12 байшин байсан юм. Бэх бат, хатуу шорон байжээ. Лэгцэгийг шоронд нэг хоёр сар болоод Хөлөнбуйрын До вангийнд цөлжээ. Лэгцэг ямар ч чимээгүй, юу болж байгаа бол гэж Богд сураглаж байтал цөлөгдсөний хойд жил нь До ван (Доржпалам)-гийн бага хатантай ханилж, До вангаас илүү жаргалтай сайн сууж байна гэж дуулджээ.

Тэгээд Богдоос тусгай элч мордуулж хатуу бичиг явуулж, өөр нэг бага хошуунд цөлжээ. Тэр хошууны ноён Лэгцэгийг элсэнд булж алаад “Лэгцэг тэр сарын тэдний өдөр нас барав” гэж Богдод бичиг ирүүлжээ. Үүнийг Богд дуулаад Хүрээ гучин аймаг, арван дацангиин лам нарыг цогчинд нийлүүлж ерөөл хуруулан их пог зэд тавьж, буян үйлдүүлж гэнэ.

Богд энэ тухай тусгай сургаал гаргаж олон лам нарт зарласан юм. Түүн дотор нь "Түмэн хоньтой хүн хамуутай төлгийг хэрэггүй гэж хаядаггүй, мал болгож авах гэж боддог. Тэрчлэн Лэгцэг бол шажин төрд хортой хүн учраас цөлсөн юм. Үүний хойтохыг дээш татаж буян үйлдсэн" гэж бичсэн байв.

Лэгцэгийн тухай сургаал, тусгай бичсэн зүйл нэг айлд бий байгаа гэж бодож байна. Лэгцэгийн өнгөрсний дараа Богд нэг дөрвөлжин хайрцагтай юмыг битүүмжилж, мутрын тийз дараад, Дамбадаржаа хийдийн тэндэх олон Богд нарын хуучин навс зэргийг хийсэн сувраганд аваачиж тавиулжээ.

Бүр хойно, Богд хаан ширээнд суугаад хоёр гурван жил болсны дараа "Дамбадаржаагийн сувраганд тийм янзын хайрцагтай юм бий, аваад ир" гэжээ. Тэр хайрцагтай юмыг авчруулаад дэргэдийн бараа бологчдыг цөмийг тугдамд цуглуулаад, тэр хайрцгийг задалж үзэхэд дотроос нь цустай, нөжтэй шархны даавуу, эмтэй хөвөн зэрэг элдвийн юм гарчээ. Тэгээд Богд хэлсэн нь "Лэгцэг, миний зузаан гуяыг хутгалж шархдуулсан юм. Үүнийг хамба шанзав, амбас үзвэл манай Халх сүйд болох юм. Тэр тухай хэлэхгүй дуугүй орхиж би өөрөө шархыг боож эдгэрүүлсэн юм. Та нар Лэгцэгтэй сайн сайхан байж байгаад өстөн болж, захын хошуунд цөлүүлж аллаа гэж боддог байх. Тэр хор хийхээр барахгүй, цааш нь шажин төрд их хөнөөл учруулж болох хүн байсан юм. Үүнийг би та нарт үзүүлэх гэсэн юм. Үүнийг би хийх газар олдохгүй болоод сувраганд хийлгэсэн юм. Одоо бид Манжийн гараас гарлаа. Үүнийг та нарт үзүүлж, үгүй хийх гэж авчирсан юм. Үүнийг түлж үгүй хийх хэрэгтэй" гэж түүнийг түлүүлсэн юм гэдэг.

Лэгцэг бол баруун Туулд нутагтай, Зоогой аймгийн лам байсан юм.

Анзаарахуй дор

Өвгөн Жамбал Богдын амьдралд тохиосон сонирхолтой үйл явдлыг ийн өгүүлж, Ц.Дамдинсүрэн гуай тэмдэглэн үлдээжээ. Ухаж үзвээс Богдын хар багаас нөхөрлөсөн дотны найз нь өөрийн энэ байдалдаа ихэд омогшин аархаж, бусдад гар хүрч, эдэд шунаж, бор дарсанд орсон төдийгүй хутагтад гар хүрээд зогсохгүй мэс өргөж гэмтээсэн аж. Чухам Лэгцэг сойвон өөрийн уурын мунхгаар Богдыг шархдуулав уу, эсхүл тэдний дунд үүссэн маргааныг ашиглан хэн нэгэн этгээдийн түлхээс байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Ямартай ч өөрийн шархадсанаа Манжийн эрхшээлд байсан үедээ Богд нуун дарагдуулж, өөрийгөө эмчилж эдгээсэн ба Лэгцэг сойвон баригдаж шоронд орохдоо Богдын биеийг асууж байгаа, өчиггүй цаазын ялд унах гэмтнийг өршөөж хязгаарын хошуунд цөллөгт явуулсан зэрэг олон таамаг дагуулсан асуудал энд бий. Чингээд Монголчууд Манжийн эрхшээлээс салж, Богд төр шашны эрхийг хослуулан баригч хаан болсныхоо дараа олны амнаас болгоомжилж учрыг тайлж өгүүлж байгааг анзаарна уу.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 19. 11:50
Зочин

ЛЭГЦЭГ гэгч "АЛТАН ЗАГАСНЫ ЭМГЭН" мэт зантай даварсан зэрлэг ааштай хүн байжээ, Богдыг дагуулж Хүрээгээр тэнэж буруу замаар оруулах шахсан байна. Богд бол их хүлээцтэй хашир хүн байжээ, улс орноо бодож элдэв хов живнээс болж манжийн дарлалд нэрвэгдсэн хүн ард, эрхтэн дархтан нь эвдрэлцэж үймээн самуун үүсэх вий гэж болгоомжилж байжээ.

1 сар 15. 16:00
Зочин

энэ - 2 банди явалддаг байсан нь илт байна Тэгээд Богдыгоо хардаж байсан тухай бичжээ ,Ийм гүнзгий харьцаа үүссэн тул цөлсөн байна

1 сар 11. 20:34
Зочин

Богд орныхоо цонхоор хаялага гэж ард түмэнд хишиг түгээдэг байсан гэж. Энэ хаялагыг нь анх Ямаан Чимэдийнхэн гэдэг ядуу айлыхан авч таарсан. Үүнээс хойш голдуу хаялага хишигийг нь энэ Ямаан Чимэдийхэн таарч авдаг болсон, үүнийг зориуд эднийхэнд таарахаар хаядаг болсон байж магадгүй гэж. Энэ ямаан Чимэдийн хүү нь дараа нь Богдтой их шадарлаж байгаад дээрх үйлдлийг хийсэн гэж Ц. Дамдинсүрэн гуайн "Өвгөн Жамбалын яриа"гэсэн тэмдэглэл номноос бага байхдаа уншиж байсан санагдах юм. Би андуу санаж байж мэднэ

1 сар 11. 16:13
До ван

Лэгцэг гэгч жинхэнэ монгол хүн байжээ.

1 сар 11. 10:48
Очироо

Банди шуумар нь байсан юм бишүү

1 сар 16. 7:35
Зочин

Тийм банди нь бгаад хардаж чи намайг орхиж лам эргүүллээ гэж хутгалсан гэлэг.бас тэр ямаан цээд гэгчийн хүү царайлаг залуу байсан тул хаялга хаях нэрээр урхидаж бас өөд нь татсан гэдэг

1 сар 14. 9:01
Зочин

chi muu gomo sda chn ogshood bnuuguyu

2 сар 3. 17:15
Зочин

манжын дарангуйллын үед дондогдулам хатны үнэт зүүлтийг хятдад зарахаар монголчуудыг тэжээх хэмжээний үнэд хүрдэг байсан гэж байгаа юм

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]