Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Япон цэргүүдийн матартай тулгарсан явдалУншсан35,336

Англичууд намгийн ойр хавийн өндөрлөг газрыг эзэлж аваад харахад Япончууд шингэж байгаа нарны туяан дор намаг руу цуваагаар орсоор.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайн удахгүй дуусах нь тодорхой болж байсан 1945 оны 1-р сард Их Британийн Энэтхэгийн корпус Зүүн Өмнөд Азийн төлөөх тулалдаанд оролцож эхэлжээ. Бирмийн төлөөх тулалдаанд британичуудад сайн түшиц газар хэрэгтэй байсан ба үүнд нь Рамри хэмээх арал хамгийн сайн тохирч байлаа. Нисэх бааз, цэргийн хангамж, сургалт хийх болон бусад ажилд яг л зориулагдсан гэмээр энэ аралд ганцхан дутагдал байсан нь япончууд тэнд хүчирхэг хамгаалалт байгуулсан явдал байв.

Арлын эрэг орчимд олон тооны их буу байрлуулж, өндөрлөг болгон дээр хяналтын цэг байгуулсан, суурин газрыг нь хэд хэдэн давхар хамгаалалтын шугам хүрээлсэн зэргээс харахад япончуудын хувьд энэ арал мөн л их чухал газар байсан бололтой.

1945 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр британичууд артиллерийн хүчирхэг галын бэлтгэл хийж хэдэн цагийн турш арлыг бөмбөгдсөний дараа десант буулгалаа. Япончууд маш ширүүн эсэргүүцэж, хохирол үл харгалзан тэмцэлдэж байсан учраас харьцангуй жижигхэн энэ арлыг британичууд хоёрдугаар сарын дундуур л нэг юм эзэлж авч чадсан байна. Гэхдээ л Японы хамгийн сайн бэлтгэгдсэн, хорлон сүйтгэх 121-р корпус байлдах чадвартайгаа байлаа. Энэ корпуст 1000 гаран цэрэг байсан бөгөөд тэд британичуудад бүслэгдэхгүйн тулд арлын төв рүү ухарч эхэлсэн байна. Британичууд ч мөр даран хөөж байхдаа япончуудыг удахгүй намагт тулан зогсох үед хаашаа ч гаргахгүй хашиж байгаад агаараас бөмбөгдөн зүйл дуусгахаар төлөвлөж байв. Гэсэн ч “самурайнууд” намагт тулаад зогссонгүй, цааш үргэлжлүүлэн ухарсаар. Британичуудын хувьд намагтай газраар явах, тийм орчинд дайтах хэрэгсэл огт байхгүй учир хараад хоцрохоос өөр яахав. 16 км үргэлжлэх энэ намгийг туулах ёстой япончуудыг цаад талд нь угтах ганц л арга үлдсэн бололтой.

Англичууд намгийн ойр хавийн өндөрлөг газрыг эзэлж аваад харахад япончууд шингэж байгаа нарны туяан дор намаг руу цуваагаар орсоор.

Тун удалгүй япончуудын цуваа харагдахгүй болсон газрын орчмоос бөөн буун дуу сонсогдож, хүмүүсийн амь тавин хашхирах, айж сүрдэн солиорч байгаа дуу чимээ хадаж эхэлсэн байна. Британичууд тэнд юу болоод байгааг үнэндээ ойлгосонгүй. Америк, Австралийн өөр нэг анги нэгтгэл япончуудтай гэнэт тулаад гардан тулалдаан хийж байгаа юм болов уу гэж бодох ч тэндээс гарах аймшигт хашгираанууд дан ганц япончуудын хараал байлаа.

Маргааш өглөө нь намгийг тойрч гарсан Британийн цэргүүд Японы 20 гаран цэргийг олзолж авсан боловч тэд ямар ч юм хэлж чадахгүй болтлоо айж шоконд орсон хүмүүс байсан гэдэг. 1000 гаруй цэрэг байсан тэд хаачив? Шөнө намаг дотор юу болов?

Рамри арлын намагт давст усны матар (Crocodylus porosus)  ихээр нутагладаг байж. Энэ матар нь хуурай газар, эрэг орчмын хамгийн том араатан бөгөөд бие гүйцсэн зарим эр матар нь 7 метр урттай, байгальд өөртэй нь өрсөлдөх араатан гэж байдаггүй, айхыг мэддэггүй тийм амьтан юм байж. Мөн энэ матрын хазах хүч нь дэлхий дээрх бусад ямар ч араатныхаас илүү юм гэнэ.

Шөнө болж британичуудаас зугтан намагт орсон цувааны энд тэндээс гэв гэнэт хүмүүс хашхиран намаг руу чирэгдэн орж эхэллээ. Ойрхон байсан бусад нь нэгэндээ туслах гэж араас нь ороод мөн л орилж чарлан алга болно. Юу болоод байгааг ойлгохоо байсан япон цэргүүд өөрийн гар чийдэнгээ асаахад ойр орчмын намаг нь тэр чигээрээ аварга том матраар буцалж байв. Сандарсан цэргүүд матрыг буудаж эхлэхэд тэд айж зугтах биш харин ч замбараа цадиггүй дайрсаар.

“1945 оны 2-р сарын 19-ний шөнө цэрэг хүний хувьд төсөөлж ч чадамгүй аймшигт явдал болсон юм. Энд тэнд буудах винтовын дуу нь ү х э ж, т а с ч у у л ж байгаа япон цэргүүдийн о р и л о о н д дарагдаж, тэднийг аварга том матрууд хэсэгчлэн залгиж байгаа нь яг л там гэж ийм л юм байдаг болов уу гэж бодогдож байлаа. Өглөө болоход улай сэгээр хооллодог шувууд намаг дээр битүү буусан байж билээ. Рамри арлын намаг руу орсон 1000 гаруй япон цэргээс ердөө хориодхон цэрэг л амьд мэнд гарч чадсан юм”. Үйл явдлыг биеэр туулсан гэрч ингэж өгүүлжээ.

Ийнхүү Рамри арлын матрууд Британийн цэргүүдэд тус болсон түүхтэй бөгөөд энэ явдал нь хамгийн олон матар хүмүүс рүү дайрсан, хамгийн олон хүнийг х ө н ө ө с ө н гэдгээрээ түүхэнд бичигдэж үлдсэн билээ. 

Рамри арлын намагт Японы цэргүүд матарт идүүлж бөөн бөөнөөрөө алга болсон баримт материал байдаг боловч үүнд эргэлздэг цөөнгүй түүхчид бий. Тэднийхээр бол давст усны матар нь ихээхэн амиа хичээсэн амьтан учир ганц нэгээрээ л байх ба нэг дор тэгж хэдэн зуугаараа, мянгаараа цуглана гэж байхгүй гэнэ. Байлаа гэхэд тэд япончуудыг ирэхээс өмнө юугаар хооллож, яаж тэр намагт багтаж байсан хэрэг вэ... Магадгүй 5-10 япон цэргийг матар идсэн нь үнэн ба харин үлдсэн цэргүүд нь айж сандарсандаа хамаа намаагүй нэг нэгнээ б у у д с а н, дээрээс нь намагт байх олон төрлийн хорт могой, шумуул зэрэг цус сорогчдоос болж амиа алдсан байж болох юм гэнэ.  Магадгүй л юм. Гэхдээ британичууд арлыг зад бөмбөгдөж байх үед хамгийн аюулгүй газар нь чухам энэхүү намаг л байсан бөгөөд тэнд арлын хамаг ан амьтан цуглачихсан байсан учраас энэ явдал болсон гэж хариулах хүн ч бас байдаг юм гэнэ.

P.S

Гиннесийн номонд энэ явдлыг “Матартай холбоотой хамгийн аймшигт явдал“ гэж тэмдэглэсэн байдаг юм гэсэн.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 18. 8:52
Зочин

Goe goe medeelel oruuldagt vrgelj bayrtai baidag snv

2021, 12 сар 17. 20:04
Зочин

Матар арай ч бүгдийг нь идчихээгүй л байх. Харин ихэнх нь матар дайрснаас болж сандарч паникт орж хөлгүй намагруу зугтаж живэх зэргээр үхэцгээсэн биз.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]