Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Обрушански: Шинэ үеийн эрдэмтэд Хүннү гүрний түүхийг улам их сонирхож, монгол хэл сурч байнаУншсан7,598

Манай өвөг дээдэс Төв Азийн энэ улстай холбоотой байсан гэдэгт итгэлтэй байсан учраас би Монгол Улсыг зорьсон юм.

Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайд, монголч эрдэмтэн хатагтай Борбала Обрушанскитэй ярилцлаа.

- Та бол монголч эрдэмтэн, ялангуяа таны хүннү судлалд туурвиж буй эрдэм шинжилгээний ном, өгүүллүүд бидний сонирхлыг татаж байдаг. Анх 90-ээд оны дундуур та алс холын Унгараас Төв Азийн Монголд ирж суралцсан. Ямар учраас Монгол судлалыг сонгосон бэ?

-Би багаасаа түүх сонирхдог байсан бөгөөд унгарчуудын өвөг дээдэс хүннү нарын тухай эртний Унгарын домгуудаас уншаад Монголд очихыг хүсдэг байсан. Манай Дорно дахины судлаачдын замын тэмдэглэлийг би маш их уншсан бөгөөд тэндээс л Хүннү нар одоогийн Монголын нутаг дэвсгэрт амьдарч байсныг мэдэж авсан юм. Манай өвөг дээдэс Төв Азийн энэ улстай холбоотой байсан гэдэгт итгэлтэй байсан учраас би Монгол Улсыг зорьсон юм.

- Монгол судлалд гаргасан Унгар эрдэмтдийн эрдмийн зам мөр баларшгүй их. Көхалми Каталин, Кара Дьөрдь бую Хар Дорж гуай, Рона-Таш Андрашаар эхлүүлээд Агнеш Бирталан багш болон таны үе хүртэл Унгарын монголч эрдэмтэд төрөн гарсаар байгаа нь үнэхээр сайхан хэрэг.

-Анхны монголч эрдэмтэн Габор Балинт 1870-аад онд унгар, монгол хэлний ижил төстэй байдлыг судлахын тулд монгол хэл сурсан байна. 1200 төстэй үг болон хэлзүйн тохирол олж, хоёр ард түмэн хүннү хэлийг хадгалан үлдээж чадна гэдгийг олж мэдсэн. XX зуунд Монгол судлалын хүрээ өргөжиж, олон судлаачид бурхан шашин, угсаатны зүй рүү сонирхож хандах болсны гол шалтгаан нь дээрх судлаачид угсаатны зүй, хэл шинжлэл, Буддын шашны асуудлыг анхлан авч үзсэнтэй холбоотой. Дээр дурдсан судлаачдын хэн нь ч түүхийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалаагүй байсан тул Хүннү нартай холбоотой асуудлуудыг судлаагүй. Хүннүгийн түүхийн судалгааг XX зууны хоёрдугаар хагасаас буюу 1961-1989 онд миний багш Иштван Эрдэлий тэргүүтэй археологичид голчлон хийж байсан юм. Монголд малтлага хийсэн. Би түүнээс их зүйл сурсан юм. Эртний зохиол, сурвалж дээр тулгуурлан багшийнхаа удирдлага дор энэ том сэдэвтэй танилцаж эхэлсэн. Өнөөгийн шинэ үеийн эрдэмтэд Хүннү гүрний түүхийг улам их сонирхож, зарим нь энэ сэдвийг гүнзгийрүүлэхийн тулд монгол хэл өргөнөөр сурч байгаа.

-Аттила хааны амьдрал, үйл ажиллагааг та судалдаг, эрдмийн зохиол бүтээл гаргасан. Аттила хааны хүннүчүүдийг Европын түүхэнд гарч ирсэн шигээ гэнэтийн байдлаар алга болсон гэж судлаачид бичих юм. Үүнтэй та санал нийлдэг үү. Аттилагийн хүннүчүүд хожмын хувь тавилан юу болсон бол?

-“Үндэсний үхлийн” тухай төсөөлөл нь XIX зууны романтик төсөөллийн нэг байсан бөгөөд энэ нь шинжлэх ухааны санаа биш юм. Би өөрөө түүхч хүний ​​хувьд ард түмэн гэнэт ор мөргүй алга болно гэсэн үзлийг хүлээн зөвшөөрөхгүй, ийм үйл явдал байхгүй. Жишээлвэл Азийн Хүннү нарын түүх дээрх таамаглалтай зөрчилдөж байна. МЭӨ 55 оны орчимд Хан гүрэнд орсон хүннү нар олон үндэстний дунд ч гэсэн хэдэн зууны турш, V зуун хүртэл өөрсдийн онцлог шинж чанараа хадгалж чадсан. Өнөөдрийг хүртэл Хятадад өөрсдийгөө Хүннүгийн удам гэж үздэг угсаатнууд байсаар байна. Европын Хүннү нарын түүхийг үзэхэд ийм тохиолдол гараагүй, Карпатын сав газарт, Европ дахь эртний Хүннүгийн эзэнт гүрний төвд агуу их хаан Аттила нас барсны дараа шинэ хүчирхэг эзэнт гүрэн үүссэнгүй бөгөөд уг газарт Хүннү нар мөхөж алга болох шалтгаан ч байсангүй. Нэг талаас, Дунай мөрний зүүн хэсэгт орших эзэнт гүрний хэсэг нь харийн эзлэн түрэмгийлэлд ороогүй тул хүннү нар тэнд оршин тогтнох боломжтой хэвээр байсан бол нөгөө талаас Дунай мөрний сав газар Готуудын захиргаанд хориодхон жил л орсон нь багахан хугацаа юм. Ийм бага хугацаанд үндэстэн угсаатан бүрмөсөн алга болохгүй. Хүннү нарын алга болсон тухай ямар нэгэн мэдээлэл түүхийн сурвалжид (Ёордан, Прокопийн бүтээлүүд) байхгүй, харин ч эсрэгээрээ Хүннү нар байнга дурдагддаг. Ийнхүү Аттилаг нас барсны дараа буюу 453 оноос хойш Хүннү нар Европт алга болсон, ямар ч үүрэг гүйцэтгэсэнгүй гэсэн мэдэгдлийг батлах боломжгүй юм. Бүр VI зуунд тэдний бүс нутагт үзүүлэх үүрэг нөлөө ч нэмэгдсэн. Византийн эзэн хаан I Юстиниан (527-565) хүннү цэргүүдийн тусламжтайгаар хуучин Ромын эзэнт гүрний эв нэгдлийг сэргээж чадсан гэдгийг Прокопийн дүрслэлээс бид мэднэ. Византийн эзэн хаан хүннү нарыг их дэмжиж байв. Нийслэл Константинопольд нь ч циркийн бүлэг нь хүннү хувцас өмсдөг байв. Удалгүй 568 онд Төв Азиас гаралтай Уар хүннүүд буюу аварууд Карпатын сав газрыг эзэлсэн тул Арпад хан ирэх хүртэл энэ нутагт Хүннүгийн соёл үргэлжилсээр л байв.

-Европт нэр алдар нь түгсэн гуннууд манай Монголын хүннүчүүд мөн гэдгийг баттай нотлох түүхэн эх сурвалж, археологийн олдворууд хэр арвин байдаг бол?

-Дундад зууны үеийн хааны ордонд бичигдсэн Унгарын шастируудад (Anonymus: Gesta Hungarorum, Зурагт шастир, Кезаи: Gesta Hungarorum гэх мэт) бүгд хааны удмынхаа анхны хаанаар Аттила нэрийг тэмдэглэж түүнээс Арпадынхан удам болж салбарласан гэж бичсэн байдаг. Зурагт шастир нь Аттилагийн эх бичгийг хадгалсан бөгөөд нэрсийн жагсаалтад байсан нэг нэрийг (Бекцур) Германы хятадч эрдэмтэн Фридрих Хирт сонирхолтойгоор тодорхойлсон бөгөөд түүнийг Азийн агуу Модун, Хүннүгийн хаанаас өөр хэн ч биш гэж тодорхойлсон байдаг.

1358 онд бүтээгдсэн Chronicon Pictum-д Аттила хааныг дүрсэлсэн нь

Унгарын ястан болох Секей бичиг баримтад XVI зуунд нутгийн иргэд уг нутгийг Аттилагийн хүү Аладарт хандив болгон өргөж байжээ. Тэр үед латинаар бичигдсэн Унгарын шастир олны хүртээл бололгүй, жирийн хүмүүст ойлгогдохгүй байсан тул тэндээс Хүннү ноёны тухай олж мэдэх боломжгүй байсан. Зөвхөн нутгийн уламжлал л түүний дурсамжийг хадгалж үлддэг. Археологийн маш олон баримт бий. Малтлагын явцад Хүннү гүрний хэсэгчилсэн морьт оршуулга, монголоор зүлд тахилга нь зөвхөн монгол, унгаруудад л байдаг нь тогтоогджээ. Миклош Эрди Ази ба Европын Хүннү нарын хооронд найман ч археологийн холбоо олсны гурав нь Азийн хүннү болон унгарчуудын хооронд байсан. Одоогийн байдлаар археогенетикийн эрдэмтэн Арпадын ордны Ази Хүннүгийн харилцааг судалж байгаа бөгөөд одоогоор хоёр булшнаас ДНК дээж олоод байна.

- Унгар үндэстний үүсэл гарлын талаар та манай уншигчдад ярьж өгөөч?

-Унгарын хааны ордонд эмхэтгэсэн шастируудад Унгарын түүхийг судлахад үнэний туйл гэж юу бичсэн байдгийг товчхон дурдмаар байна. Азовын тэнгисийн зүүн сав газраас унгарчуудын өвөг дээдэс гаралтай. Энэ газрыг эртний болон дундад зууны үед Скифүүдийн нутаг гэж нэрлэдэг байв. Дэлхийн анхны хаан Нимрод нь (Библийн дагуу Нимрод нь Адамын удам, Ноагийн ач хүү) унгарчуудын өвөг дээдэс гэж дурдагддаг бөгөөд тэдний хөвгүүд нь Хүннү, Унгарууд байсан, одоогийн Гүржийн нутаг дэвсгэрт амьдарч байсан гэдэг.

Азовын тэнгисийн зүүн эрэг нь хүрэл зэвсгийн үеэс хойш соёл иргэншлийн чухал төв болж, улмаар Скиф, Хүннү хааны төв газар, Хар тэнгисийн худалдааны төв байв. Хүннү нар Дундад Азиас энд ирж суурьшсан бөгөөд орон нутгийн Алануудын хаадын охидыг эхнэр болгон авч, тэдэнтэй нийлж улмаар хүн ам нь олширчээ. Археологийн хувьд Сергей Боталов Унгарын шастирт дурдагдсан мэдээ үнэн болохыг баталсан байдаг. Археологийн олдворуудаас харахад хүннү нар МЭ II зууны эхэн ба дунд үе хүртэл Каспийн болон Хар тэнгисийн сав газарт хүрсэн байна. 370-аад онд энэ нутагт идээшиж, өсөж үржсэн Хүннү нар эндээс гарч одоогийн Унгарын нутаг дэвсгэрийг эзлэн авчээ. Аттила хааны нас барснаас хойш энэ газарт VII-VIII зууны үед Хунгариа нэртэй хаант улс байсан нь тодорхой. Арпад ханы хувьд өвөг дээдэс Аттила хааны улсыг эргүүлэн авсан л гэж үздэг. Түүний үйл ажиллагааны цар хүрээний талаар санал бодол хоёр хуваагдсан ба өнөөгийн Молдав руу гүнзгий тархсан байж магадгүй юм. Эртний дурсгалт газруудад хайгуул хийх нь одоогоор археологичид, архео генетикийн үүрэг юм. Унгарын ардын уламжлал, дундад зууны үеийн эх сурвалжуудад унгарууд өөрсдийгөө Скиф, Хүннү нараас гаралтай бөгөөд эрт дээр үед скифчүүд гэж нэрлэгддэг байсан гэжээ. Зургийн шастир (Chronicon Pictum)-ын дагуу Аттила хаан нас барсны дараа отгон хүү Чаба (Эртний шастирт Ирнек нэрээр гардаг) өвөг дээдсийнхээ нутаг, Азовын тэнгисийн эрэгт ирээд, хөвгүүддээ Унгарт буцаж очин Аттилагийн улсыг эргүүлэн авахыг гэрээсэлсэн байдаг. Эхлээд Уар Хүннү (Авар) тэргүүтэй Унгарууд, дараа нь Арпад хунтайж Карпатын сав газрыг эзэлж, тэнд эрх мэдлийн төвөө байгуулжээ.

- Унгарчуудын гарал үүсэл Уралын нуруу орчмоос гэдэг таамаглалын талаар?

-Унгарын түүхийн эхэн үеийг шинжлэх ухааны үүднээс дахин үнэлж, нүүдлийн замыг тодорхой болгох, унгарууд болон тэдний өмнөх хүмүүсийн амьдарч байсан газар нутгийг тодорхойлох зорилт тавин ажиллаж байна. Уралын нуруу нь ашигт малтмал болон бусад байгалийн баялаг ихтэй газар нутаг тул зүүнээс баруун тийш нүүж ирсэн тал хээрийн хүмүүс тэнд нутаглаж байжээ. Хүрэл зэвсгийн үеэс морьтон ард түмний хамгийн чухал нутаг болсон Уралын нурууны өмнөд хэсэгт Скиф, Сармат, Хүннү нар суурьшсан тухай археологийн тодорхой баримтууд бий. XIX зууны хоёрдугаар хагас хүртэл зарим хэл шинжлэлийн эрдэмтэд унгарууд тэндээс ирсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн боловч түүнээс хойш өөр ямар ч шинжлэх ухаан үүнийг дэмжээгүй тул энэ онол эргэлзээтэй байна. Уралын нурууны өмнөд хэсгээр нутаглаж байсан овог аймгуудын зарим нь мөн тэнд нүүдэллэн ирж буй морьтон ард түмэнтэй нэгдэж, эсвэл зарим хээрийн овог аймгууд Уралын нурууны бэлд суурьшиж байсан нь археологийн олдворууд болон соёл иргэншилт ард түмэнд уламжлагдан ирсэн эх сурвалжаар нотлогддог.

-Унгарын түүхэнд Арпад ванг Унгар улсыг үндэслэн байгуулсан гэж үздэг үү? Энэ хүний үед унгарчууд Аттила хааны үеийг санагдуулж Европыг айлгаж байсан гэж түүхэнд бичсэн байна?

-Аттила бол Унгарын түүхэн дэх Унгарын анхны хаан юм. Арпад хан түүний гэр бүлээс гаралтай. 2021 онд монгол хэлээр мөн гарсан Anonymus-ийн бүтээлээс үндэслэн Арпадын гавьяа нь өвөг дээдсийнхээ нутгийг эргүүлэн авсан явдал гэж үзсэн. Энэхүү эрх баригч гүрнийг Дундад зууны үед Турул удам гэж нэрлэдэг байсан бөгөөд хожим нь Арпадын удам гэж нэрлэсэн. Европт X зууны эхний хагаст унгарчуудаас ихээхэн айж эмээж байсан бөгөөд ихэнхдээ Баруун Европын ноёдтой дайтаж тулалддаг байв. Мөн "Тэнгэр минь Унгарын сумнаас авраач!" гэсэн гуйлт хүртэл гарсан байсан. Орчин үеийн ихэнх эх сурвалжууд Хүннү болон Унгаруудыг нэг гэж үздэг бөгөөд хоёулаа Европт “Бурханы ташуур” гэж нэршиж үлдсэн.

-Унгарын нэгэн том язгууртны булшийг олж илрүүлээд Аттилагийн удамтай холбоотой юу гэдгийг судалж шинжилж байгаа гэж сонссон. Та энэ тухай сонирхуулаач?

-Унгарын хойд хэсэгт орших агуу Аба овог нь Атиллагийн отгон хүү Ирнек (унгараар Чаба)-ээс гаралтай бөгөөд Арпадтай холбоотой болохыг Венийн зургийн шастир (Vienna Illuminated Chronicle)-аас мэддэг. Магадгүй ийм учраас тэд Дундад зууны үед Арпадын удмын сүлд тэмдэг ашиглаж чадсан байх. Энэ овог нь Абашарт оршуулсан Аба Шамуэлийн (1041-1044) үед Унгарыг бүхэлд нь захирч байсан. Дараа нь Аба овгийн хэд хэдэн тэргүүлэх улстөрчид гарч ирсэн. Дундад зууны үед томоохон сүм хийд байсан сууринд 2020 онд малтлага хийсэн. Аба Шамуэлийн булш өөрөө олдоогүй бололтой, харин тэнд өөр нэг Абаг оршуулсан нь тодорхой болсон бөгөөд булшны чулуун дээр тод харагдах сүлд нь үүний нотолгоо юм. Унгарын судлаачид тэндээс олдсон яснуудаас генетикийн дээж авах замаар Арпадтай харилцаа тогтоох боломжтой эсэхийг судалж байна.

- Унгарын түүхийн сэдэв рүү орсных нэлээн сүүл үеийн холбогдолтой сэдвийг хөндөе. Дэлхийн нэгдүгээр дайнаар задарсан Австри-Унгарын эзэнт улс гэж том гүрэн байлаа. Энэ улсын тухай манай уншигчдад ярьж өгөөч?

-Австри-Унгарын хаант улс 1867 онд байгуулагдсан бөгөөд Төв Европ дахь хамгийн хүчирхэг эзэнт гүрэн байв. Энэ нь Австри, Унгар гэсэн улс төрийн зонхилох хоёр үндэстнээс бүрдэж байв. Дэлхийн Нэгдүгээр дайны өмнө 676,443 км.кв газар нутагтайгаараа Оросын дараа хоёрдугаарт, 51 сая 390,000 хүн амтайгаар Орос, Германы дараа гуравдугаарт ордог улс байсан. Хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүн эгнээнд явж ирсэн. Хүнс, машин үйлдвэрлэлийн дэвшилтэт салбартай, дэд бүтцийн асар их хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд төмөр зам баригдаж, олон хотууд шинэ барилгуудаар өргөжин тэлж, Будапешт (Буда, Пешт, Обуда гурван хотыг нэгтгэснээр) үүссэн. Европын хамгийн алдартай хотуудын нэг болсон. Унгарын нийслэлээс гадна бусад олон хотод олон арван барилга баригдаж дуусчээ. Адриатын тэнгисийн эрэг дээрх үзэсгэлэнт хотууд ч тэр үед баригдсан. Хаант засгийн гадаад бодлого нь дундад зууны Унгарын хаадын тэлэх чиглэлийг баримталж зүүн ба зүүн өмнөд Балкан руу чиглэсэн байв. Гэхдээ энэ нь колоничлолын орон биш бөгөөд 1878 онд Босниг өөртөө нэгтгэсэн, 1901 онд боксёрын бослогын дараа Хятадын Тяньжин боомт хотод 0,61 км.кв газар нутгийг л бусдаас эзэмшсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Гэвч энэ бүхэн Дэлхийн Нэгдүгээр дайнаар төгсгөл болсон бөгөөд хаант засаг задарч, их гүрнүүдийн шийдвэрээр Унгар улс газар нутгийнхаа нэлээд хэсгийг алдсан юм.

History.mn, Zaag Media Content-ийн редакцид бэлтгэв.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]